Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд 1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид 2022 оны мөн үеийнхээс 1191.6 (8.9 дахин) мянгаар өссөн байна.
Мөн 2024 оны эхний улиралд 667.8 мянган зорчигчид хилээр орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 556.9 (83.4%) мянга нь Монгол Улсын иргэд, 110.9 (16.6%) мянга нь гадаад улсын иргэд байна.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 55.8 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 39.7 хувь нь Европ, 2.1 хувь нь Америк, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 0.8 хувь нь Өмнөд Ази, 0.4 хувь нь Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 37.1 хувийг БНХАУ-ын, 35.1 хувийг ОХУ-ын, 10.2 хувийг БНСУ-ын, 2.5 хувийг Казахстан Улсын, 2.0 хувийг Япон иргэд, үлдсэн 13.1 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.
Хилээр орсон жуулчдын тоо 2024 оны эхний улиралд 86.2 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.2 (10.5%) мянгаар өссөн байна.
Манай улсын 570.0 мянган (давхардсан тоогоор) иргэн 2024 оны эхний улиралд гадаадад зорчсоноос 443.9 (77.9%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 226.1 (2.0 дахин) мянгаар өссөн бол 126.1 (22.1%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 (4.2%) мянгаар буурчээ.
Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 361.8 (63.5%) мянга нь эрэгтэйчүүд, 208.2 (36.5%) мянга нь эмэгтэйчүүд байна.Тэдний 39.6 (7.0%) мянга нь хүүхэд байна. Хугацаагаар авч үзвэл, 549.1 (96.3%) мянга нь 30 хүртэл хоног, 4.4 (0.8%) мянга нь 31-ээс 90 хүртэл хоног, 16.5 (2.9%) мянга нь 90-с дээш хоногийн хугацаагаар явсан байна.
ҮСХ