2024/11/06. Лхагва гараг Дугаар: #3184

ТОД ТУСГАЛ

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

Япон улсын хөгжлийн нууц нь ерөөсөө л “ХҮЧТЭЙ” ахлах сургуулиуд


МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ж.ГАЛБАДРАХ: Би боловсролын салбарт олон жил чанагдаж, чамлахааргүй туршлага хуримтуулсан хүн. Япон улсын боловсролыг монголын хөрсөнд монгол багш нарын арга зүйгээр нутагшуулах гэж зүтгэсэн 18 жилийн хугацаанд нэлээн сайн ноу хау, тэргүүн туршлага бий болсон байсан. Ийм үр дүн надад 60 насанд минь дахин итгэл өгсөн. Миний энэ туршлагад суурилсан сургуулийн менежмент, тэргүүн туршлагууд буюу Шинэ монгол сургуулийн “ноу хау”-г төрийн сургуулиуд руу нэвтрүүлээд үзье гэж бодсон. Богино хугацаанд өөрчлөгдөж чадах юм шиг итгэл үнэмшил хүлээлттэйгээр... Ингэхдээ нийгмийн өмнө хүлээсэн миний үүрэг гэж энэ санаачилгаа бодож байгаа учраас үнэ төлбөргүйгээр зүтгүүлж байгаа. Япончууд хэлдэг л дээ. Хэрэв чи жинхэнэ амжилтын эзэн бол тэр амжилтаа бусадтай хуваалцах ёстой гэж.

Ингээд, 2020-2022 оны хооронд хотын төвийн хоёр, захын хоёр, аймгийн төвийн хоёр, сумын төвийн хоёр нийт найман сургуулийг сонгож ажилласан. Тус бүрд нь тохирсон, бүр сумын, аймгийн төвийн буюу засаг захиргааны бүсэд нь тохируулж менежмент хэрэгжлүүлэхээр зорьсон. Мөн хүний нөөц, багш нарынх нь ур чадвар, сургалтын орчин, сургуулийн хүчин чадал нь өөр өөр учраас түүнд нь тохируулах шаардлагатай гэж бодоод загварыг нь гаргасан. Энэ ажлын үр дүн надад маш их сургамж өгч, амжилтууд ч гарч тэдгээр найман сургууль аймаг, бүс нутагтаа манлайлаад, үлгэр жишээ болоод эхэлсэн. Ингэж эхлүүлж, суралцсан бүхнээ  хоёрдугаар шатны буюу дараагийн 60 сургуульдаа хэрэгжүүлэх гээд явж байна даа. Нийтдээ төрийн 68 сургуульд Ж.Галбадрах гэж багшийн санаачилгаар түүний амжилттай үүсгэн байгуулсан “Шинэ монгол” сургуулийн ноу хау нэвтэрч байна гэж ойлгож болно.

Та хот хөдөөгийн 60 сургуульд "Шинэ монгол" сургуулийнхаа ноу хауг нэвтрүүлэхээр 21 аймгаар явсан сэтгэгдлээ хуваалцаач. Ямар дүр зурагтай байж, ирээдүйг нь та хэрхэн харав. Боловсролын ялгаа үүсгэдэг нөхцөл байдал эсвэл бүр давуу талууд нь таны харснаар юу байв? 

Сэтгэгдэл гэхээс илүү үр дүн, бодит байдлыг харсан. Төслийн нэгдүгээр үе шат хэрэгжүүлсэн үр дүнгээ бариад, 2023 оны хавар бүх аймгаар явж мэдээллээ өгсөн. Бид нээлттэйгээр өөрсдийнхөө туршлагыг та бүхэнд хуваалцана. Уг туршлагаа 36 долоо хоногийн туршид та бүхнийг дагуулж сургаад, зөвлөнө тусална. Үүний үр дүнд, "Шинэ Монгол Харүмафүжи" сургууль шиг болно гэдгийг хэлсэн. Хувь хувьсгал хамаарахгүй, төсөв мөнгөний айхтар шаардлагагүйгээр дотроосоо өөрийн хүчээр өөрчлөгдөж болох зүйлийг үзүүлсэн. Тэгээд хамтарч ажиллахыг хүссэн 180-аад сургуулиас 60-ыг нь сонгосон. Тэр дунд 31 сумын сургууль, аймгийн төвийн 27 сургууль, нийслэлээс мөн байна. 31 сум дээр би одоо очоод явж байна. Төсөл маань 2023 оны 9 дүгээр сараас эхэлсэн. Эдгээр сургуулиуд эхлээд “Шинэ Монгол” сургууль дээр ирж үзэж танилцаж байгаа. Айчлал хийгээд,  хүмүүсдээ үзүүлсэн. Одоо зүүн урд зүгээс төслөө эхлээд явж байна. Очоод үзэхэд бүгд өөрчлөгдөхийг хүсэж байна лээ. Хамгийн сайн зүйл нь бүх сургууль ассан. Тэд юунаас эхлэхээ мэдэхгүй байсан. Сургуулийн менежмент гэж юу яриад байгааг тодорхойлох нь дутмаг байв. Гол нь менежментээ өөрчилье, суралцъя, энгийн зүйлээс эхэлдэг юм байна гэдгийг ойлгосон байгаа нь ассанг харуулж буй юм. 1-р ангийн сурагчдаа хүндэтгэн хүлээн авахаас эхлээд бүх загвараа хэлсэн. Уламжлалт хичээлийн жилийн нээлтийн хэв маягаа өөрчлөхөөс эхэлж байгаа юм, өөрчлөлт ч гарч байна, итгэл төрж байна. Гэхдээ яах аргагүй дэмжлэг, ажиллах урам зоригийг бодлогоор татах зохицуулалт шаардлагатай байгаа. Би бол мөнгөний бодлого хийж яваагүй. Сумандаа аз жаргалтай, сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг л төрүүлэх нь чухал байгаа юм. Үүн дээр нэмээд хуулийн шинэчлэлүүд, цалин хангамж, нийгэмд эзлэх байр суурийг нь өргөж өгөх гээд ажлуудыг мөн хийх хэрэгтэй. Суманд нөөц бий. Сургуулийн хөгжлөөс сумын хөгжил хамаарна гэж би боддог. Тиймээс итгэл үнэмшил төрүүлэх зүйлийг л хийх хэрэгтэй.

Сумын багш урам зориггүй ажиллаж байгаагийн үр нөлөө зөвхөн багшийн амьдралаар хэмжигдэхгүй юм гэдгийг таны ярианаас ойлгож байна. Хүртээмжгүй, тэгш бус боловсролын тогтолцооноос үүдэн гарч буй хор уршгийг юугаар хэмжих вэ?Би 2000 онд "Шинэ Монгол" ахлах сургуулийг байгуулсан. Тэр үедээ Японд доктрантурт суралцаж байлаа. Японы хөгжлийн нууц юу болохыг анзаарч мэдэхийг хүсэж, магистрт сурсан юм. Дараа нь докторт сурахдаа ч бодож явсан зүйл маань энэ л байсан. Гэтэл японы хөгжлийн нууц нь ерөөсөө л “хүчтэй” ахлах сургуулиуд байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Тухайн үед дөрвөн охин, эхнэртэйгээ японд амьдрахын хажуугаар сурдаг, том охин маань ахлах сургуульд орсноор өнөөх нууц нь тод харагдсан гэж болно. Ингээд японы ахлах сургуулийг загвар болгож монголдоо сургууль байгуулна гэсэн мөрөөдөлдөө автаж эхэлсэн. Тал талын судалгаануудыг ч хийсэн. Тэгээд зөвхөн 9, 10-р ангитай ахлах сургууль, дээрээс нь анхны 11-р ангитай гурван жилийн ахлах сургууль, тэр нь олон улсын жишигт нийцсэн байна гэдгийг сэдэвтээ тусгасан дипломын ажил хийж байлаа. Энэ загварыг гаргахдаа Японоос сайн хуулсан. Монголдоо 10 гаруй жил төрийн сургуулиудад ажилласан туршлага надад байсан. Үүн дээр докторын ажлаа тулгуурлаж “Шинэ Монгол” ахлах сургуулийг анх байгуулж байсан түүхтэй. Тэр маань цаашаа бүрэн дунд сургууль болоод өргөжсөн. Инженерүүд хэрэгтэй гэж үзээд технологийн дээд сургууль, коллежийг мөн байгууллаа. Ингэж явж байгаад 2018 онд Их аварга, Харүмафүжи Д.Бямбадоржтой хамтарч “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг байгуулсан юм. Энэ сургуулийн хөтөлбөр, менежмент бүх зүйлийг "Шинэ Монгол" сургуулийнхаа франчайзинг маягаар оруулсан. Танихгүй захирал, танихгүй менежер, нийгмийн ажилтан, шинэ багш нар сонгож авсан. Тэнд өөрийнхөө бодож байсан бүх хөтөлбөрүүдээ оруулсан. Одоо тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Миний бодож байснаас ч богино хугацаанд "Шинэ Монгол" сургуулиас ялгагдахгүй амжилтад хүрсэн.

Галбадрах захирлын үүсгэн байгуулсан Шинэ монгол, Шинэ монгол Харүмафүжи сургуулиуд нийслэлийн бүрэн дунд сургуулиудын чансааг өнгөлсөөр байна. Жил бүр эдгээр сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүсэлтэй 700 орчим хүүхэд шалгалт өгдөг бол төгсөгчдийн 70 хувь нь Япон зэрэг олон улсын их дээд сургуулиудад элсэн ордог. “Баавгай болохсон” кино сүүлийн хэдэн жил байгаагүйгээр Монголыг урлагаар дамжуулан дэлхийд сурталчилж байна. Энэ киноны найруулагч нь  Шинэ Монгол сургуулийн төгсөгч П.Золжаргал юм.  

Миний түгээхийг хүссэн үнэ цэн, сэтгэлийн боловсрол миний хүүхдүүдэд, шавь нарт минь очиж байгаа нь л хамгийн чухал. Үүнийг л сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч гэж хэлдэг байх. Тод жишээ нь Золжаргал байна. Золжаргал маань маш их мөрөөдөлтэй хүүхэд. Тэр мөрөөдлөө яг над шиг чанга зарлаж, хэлж явдаг.

Ямар зан чанартай охин байсан бэ?  Та санадаг уу? 

Саналгүй яахав. Төгсөлтийн баяр дээр их гоё үг хэлж багш нараа баяруулж байсан. Тэр үгийг нь ч би мартаагүй. Би чинь төгсөгчдийнхөө нэр ус, аав ээжийг нь нэгд нэгэнгүй мэддэг. Ямар нөхцөлөөс яаж тэмцээд, хичээлээ хэр хийдэг байсныг нь мэддэг захирал байсан. Манай Золоо их хөнгөхөн. Юмыг нээг их хүндээр тусгаж аваад байдаггүй. Буруутай бол буруугаа хэлчихдэг. Нэг юмандаа махруу. Бас жүжиг тоголдог байлаа. Манайд драмын дугуйлан гэж байсан. Тэнд явдаг. Нэг орой би ажил дээрээ сууж байхад хүүхдүүд бөөндөө орж ирээд, сурагчдын дунд болдог жүжгийн уралдаанд орохоор болоод эмэгтэй дүр нь болно гэв. Тэгээд Обирин сургуулиас яг шалгалт авах гээд хүүхдүүдээ япон хэл дээр бэлдэж байсан чинь багш нар нь найруулагчийн ангид орох гэж байгаа бол тусгай ур чадвар хэрэгтэй. Кино хийх хэрэгтэй гэсэн шаардлага тавиад 4,5 хоногийн л хугацаа өгсөн байх. Тэгэхэд Золоо маань шууд л “Гутал” гэдэг гарчиг өгөөд, баахан хүний гутлын талаар зохиол биччихсэн. Тоостой тоосгүй, шинэ хуучин гээд л. Бас алхалтыг нь оруулаад ая дэвсээд, хүний амьдралыг гуталтай зүйрлэн харуулсан. Тэрийг нь шалгагч багш нар үзээд авьяастай хүүхэд байна гэж байв. Ийм л хүүхэд. Эцэг эхийн хурал дээр нь өвөө, эмээ хоёр нь байнга ирдэг. Сая киноных нь нээлт дээр өвөө, эмээтэй нь таараад жаал юм ярьж уйлж, инээх шив. Өвөө нь их цоглог.  Одоо Золоо маань тэмцэгч болсон. Тэмцэж байж өөрчлөлтийг бий болгоно. Ямартай ч уран бүтээлч болчихлоо. Яг л замаа олчихсон явна. Англи хэл, япон хэл мундаг эзэмшсэн. Яг л өөрийнхөөрөө, энгийн, бууж өгдөггүй зан чанартай. Ийм л байгаасай гэж би хүсдэг. Хайртай шавь минь.

Япон улсын хөгжлийн нууцыг хүн бүхэн сонирхдог, шимтдэг. Чанартай ахлах сургууль нь хөгжлийн нууц нь гэж та хэллээ. Тэгвэл чанартай ахлах сургууль, чанартай сурагч, төгсөгчид, улмаар чанартай дунд боловсрол гэж таныхаар юу вэ?

 Та монгол улсын боловсролын салбарт гайхалтай мөр гаргасан хүн. Одоо ч үргэлжилж байна.  Манайханд 60 хүрчихээд “би одоо ийм үүрэгтэй” гэж ярих нь элбэг тохиолддог бодол биш санагддаг. Яагаад та заавал үүрэг гүйцэтгэх ёстой юм бэ?

Японд харин элбэг шүү. Би японд сурч байхдаа сайхан найзуудтай болсон. Тэд маань дандаа настайвтар хүмүүс. Тэд “Би дөнгөж л 80-тай шүү дээ” гэж ярина. Тэднээс “Чиний эцсийн зогсоол Монгол Улсынхаа хөгжлийн төлөө зүтгэх шүү” гэдгийг олсон. Өөрөө амьдраад явахдаа ч ойлгосон. Монголын хөгжил Япон шиг болсон байсан бол би сууж болох юм гэж бодно. Гэхдээ яагаад ч эрт суух надад таатай биш. Би ажил хиймээр байна. Би залуу байна. Одоохондоо монголд ховор байж болох юм. Гэхдээ Монголчуудын маань дундаж наслалт харьцангуй өндөр болж байна, сэтгэлээрээ хөгшрөөгүй байна, өөрөө мөрөөдөлтэй байвал залуу хэвээрээ л байна гэсэн үг. Залуу байж чадна. 

Хүний мөрөөдөл замхарч, би ч хийдгээ хийчихлээ гэж тайвшрах тэр агшнаас хөгширч эхэлнэ. Би хөгшрөхийг хүсэхгүй байна. Энэ бол нийгмийн өмнө хүлээж буй миний үүрэг. Нийгмийн төлөө хүн бүр үүрэг хүлээдэг байгаасай гэж хүсдэг. Тийм хүмүүс олон болж байж улс хөгжинө. Би улсынхаа буянаар, Монгол хүн болж төрснийхөө золоор өнөөдрийн амжилтад хүрсэн гэж бодож байгаа. Ганц би мундаг сайндаа хийсэн зүйл биш. Тиймээс би өртэй. Тэр өрөө хариулах цаг нь одоо. Үүндээ үүрэг хүлээж байгаа. Чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгэнэ. Би бүгдийг хийнэ гэхгүй. Хүмүүс нийлээд нэгдээд хамтарч байж л юманд хүрнэ гэж боддог. 

Шинэ Монгол сургуулийн ноу хауг улсын 60 сургуульд нэвтрүүлж байгаадаа баяртай байна


Боловсролыг та юу гэж тодорхойлдог вэ?  Боловсрол боловсрол, боловсрол чухал л гээд байдаг. Эцэстээ хүртээмжтэй, хүртээмжгүй, чанартай чанаргүй гээд л байна. Бүгд боловсролын төлөө зүтгээд байгаа юм шиг хэрнээ яг юу руу зүтгээд байгаагаа бид тогтож анзаардаг болов уу?

Япон улсын "хүчтэй" ахлах сургуулийн чанартай боловсролыг нутагшуулахад монгол багш нар, сурагчид, хүүхдүүдийн онцлог давуу болон сул тал юу байсан бэ? Мөн манай аав ээжүүдийн оролцоо хандлага хэрхэн нөлөөлж байв?

Би генийн шинжлэх ухааныг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ Монгол хүний ген ярих дуртай. Бид малчин удамтай, нүүдэлчин соёлтой. Байгаль эхтэйгээ харьцаж ирсэн болохоор хүчтэй хүмүүс төрдөг юм уу даа гэж боддог. Цэцэрлэг, бага сургуулийн насны хүүхдүүдийн тэр нүдний цог золбоо, байж байгаа байдал нь хүчтэй. Японы цэцэрлэг, бага, дунд ангийн сургалт үнэхээр супер. Маш хүчтэй. Ирээдүйн япон иргэдээ төрүүлнэ гэдэг үндсэн дээрээс сайн сургалттай. Манай сургууль, цэцэрлэгийн хөтөлбөр, тогтолцоо, сургалтын чанараас л монгол, япон хүүхдүүд өөр болчихоод байгаа юм. Тэгэхээр хүнээс хамаарахгүй системийн нь л асуудал байгаа. Тэрнээс Монгол хүүхдүүдийг япон системээр сургахад хүүхдүүд маш хурдтай өснө. Япон, монгол хүндээ биш. Эсэргээрээ японы сургалтын системийг нэвтрүүлээд хэрэгжүүлбэл манай хүүхдүүд япон хүүхдүүдээс дутахгүй мундаг. Үүнд би маш итгэлтэй байдаг.

Шинэ Монгол сургууль 23 жил болж байна. 2400 гаруй төгсөгчтэй. Үүнээс 1080 хүүхэд нь гадаадын их дээд сургууль, тэрнээс 550 нь Японд сурч байна. Японы их дээд сургуульд сурч байхдаа шилдэг төгсөгч болж байна, сурлагаараа сайн байна. Манай ивээн тэтгэгчид тэтгэлэг өгдөг. Монголын хүүхдүүд өөр байна шүү л гэж ярьдаг.

Манай сургууль юугаараа өөр юм бэ гэхээр япон системийг л оруулсан гэдгээр. Тэр системээр нь сургаад гаргахад Монгол, Япон хүүхдийн хэн нь илүү вэ гэдэг харьцуулахад огт дутахгүй харагддаг. Энэ нь монгол хүүхдүүдэд нөөц боломж байгааг харуулж байна. Багш нарын тухайд гэвэл Монгол багш нар маань мундаг. Харамсалтай нь энэ хүмүүст ажиллах урам зориг, ажилдаа бүх сэтгэлээ зориулахад нөлөөлөхүйц ажиллах нөхцөл боломж, цалин хангамжаас эхлээд санаа зовох юм их байна. Хичээлээ заагаад явах гэхэд ажиллах байр, ажлын нөхцөл байдал, сурагчид, эцэг эхийн хандлага гээд энэ бүхэн алдагдчихсан болохоор л болохгүй байна. Тэгээд л багшийн мэргэжлээс халширдаг, халгадаг. Манай сургуульд ирсэн багш нар маш урам зоригтой ажиллаж, амжилтууд гаргаж байна. Тэгэхээр ерөөсөө л менежмент, системийн л асуудал юм. Үүнийг л би дахин дахин хэлээд байгаа. Япон менежментийг суулгах гэж 18 жил зүтгэсэн байна. Энэ хугацаанд хийсэн зүйлсээ хоёр дахь сургууль болох Шинэ Монгол Харүмафүжид хэрэгжүүлсэн. Манай сургуулийн багш ингэж ажиллана, ажилдаа ирж өөрийгөө хөгжүүлнэ, ийм хөтөлбөртэй, үүнд ингэж оролцоно, хүүхдийнхээ төлөө ингэж ажиллана гэдэг системийг сайн хэлж өгдөг. Ингэхэд л монгол багш нар түүртэхгүй амархан сураад сураад дадчихдаг. Тиймээс төрийн сургуулиудад ч манай арга барил нэвтэрч болно. Гол нь багшийг урам зоригтой ажиллах нөхцөлийг бодлогоор зохицуулж, дэмжих нь чухал. Наад зах нь төрийн сургуулийн 100  багшийн 20-30 нь л тусдаа  сандал ширээтэй, нийтээрээ суудаг нөхцөлтэй. Манай сургуульд багш бүр ширээ, сандал, компьютертай. Хажуудаа зайтай, хүүхдээ оруулж ирээд асуучихдаг. Багшийн ажил өдөрт 3-4 цаг самбарын өмнө хичээл заадаг. Үлдсэн цагт нь маргаашийн хичээлдээ бэлдэх, өнөөдөр заасан хичээл, шалгалтаа засна, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд эцэг эхчүүдтэй ажиллах гэх мэт маш завгүй өнгөрдөг. 3 цаг хичээл заахын тулд ангийхаа 30, 40 хүүхдийг бодно. Хоцроод байгаа хүүхэдтэйгээ яаж ажиллах уу гэж бодно, тэгж байж чанартай болно. Энэ цаг хугацааг олгох ёстой.

Хүнтэй ажиллах л хамгийн хэцүү гэж маш олон удаа сонссон юм байна. Гэтэл боловсрол олгох салбар, систем тэр чигтээ бүх насны олон төрлийн хүмүүстэй нэгэн зэрэг нэлээдгүй урт хугацаанд ажиллаж буй процесс юм байна?  

Хүнээр хүн хийнэ гэж ярьдаг. Энэ бол аль ч шатны боловсролын байгууллагад хамаатай. Хүнээр хүн хийх гэдэг маш хэцүү ажил. Эвийг нь олж хийдэг хүн чинь багш. Би багш нартаа “Та зөвхөн нэг судлагдахууны багш биш шүү. Та хүний багш шүү” гэж байнга хэлдэг. 

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ж.ГАЛБАДРАХ: Хүний багш байхын долоон шинж байнаа гээд ярьдаг. Заадаг биш сургадаг багш байна шүү. Энд сууж байгаа хүүхдэд л сургах ёстой. Самбар дээр гоё заагаад байна уу эсвэл хүүхдүүдийнхээ дундуур яваад хоцрогдож байна уу, хөгжиж байна уу гэдгийн ялгааг гаргаад түвшин түвшинд нь ажиллаад хоцрогдолгүй сургаж чадаж байна уу. Сайхан арга яриад байна. Та хийж байна уу. Та судлаач байж чадаж байна уу. Өөрийгөө хөгжүүлж, ном уншиж байна уу. Судалсан зүйлээрээ хүүхдэд тохирсон хураамж гаргаж чадаж байна уу. Та сэтгэл зүйч байж чадаж байна уу. Та үлгэрлэгч бай. Таны хэлж буй бүхэн сургуулийн соёлыг бий болгоно. Ангид гар утсаар ярихгүй гэсэн атлаа өөрөө яриад байгаа юм биш биз. Цаг барь гэж хэлчихээд өөрөө хоцорч очиж байна уу гэдгээс эхлээд үлгэрлэгч байгаарай. Та бас хамтрагч байна. Гэх зэрэг шинжүүдийг хэлээд, шинж бүрийг нь задалж багш нартаа ярьдаг. Нэг бодлын маш хэцүү. Энэ ажилд дурлахгүй л бол хэцүү. Тиймээс багшид энэ бүхнийг эхнээс нь яаж бэлдэх үү, хүүхдийн талаар аль мэдээллээс эхлэх үү, ээж аавд юу гэж хэлэх үү, уур амсьгалыг хэрхэн бүрдүүлэх үү гэдгийг заадаг. Хүүхдүүдээрээ хүрээлүүлээд хайр татаад ирэхээр багш хүн маш аз жаргалтай ажилладаг.

Сургуулиа төгсөөд явахыг нь харах, эргэж ирээд “багш аа” гээд уулзах нь бүр их аз жаргал. Тэндээс багш хүн урам авдаг. Тиймээс багш болж байгаа хүмүүс мэргэжилдээ дуртай, бахархдаг, аз жаргалыг нь мэддэг байх нь л эрхэм. Нөгөөтээгүүр энэ нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Бас эцэг эх нь ард нь байгаа шүү гэдгийг бодож эцэг эхтэй нь хамт сургахыг хичээдэг. Эцэг эхийн хандлага өөрчлөгдөх хэрэгтэй байна. Тиймээс хичээл дээр нь ирүүлээд суулгадаг. Танай хүүхдийн хичээл энэ шүү, ингэж ордог шүү гэж харуулна. Өдрийн хоолыг нь яг хүүхдийнх нь порцоор хийж өгнө. Хүүхэд нь ямар нөхцөлд яаж сурч байгааг өөрсдөд нь мэдрүүлснээр эцэг эхчүүд гэртээ хүүхдийнхээ хичээлийг хийлгэхэд нь түлхэц болдог. Эцэг эхчүүд хүүхдээ зөв болгон төлөвшүүлэх, сургахын тулд багш, сургуультай нь хамтрах сэтгэлгээтэй болгох нь чухал байдаг. Янз бүрийн хүнтэй ажиллана. Гэхдээ дасаад ирвэл тийм хүнд ажил биш юм шүү дээ угтаа.

Бид уг нь философилог ард түмэн гэж өөрсдийгөө боддог. Хэлц үг, зүйр үг нь нээрээ тийм гэж ухааруулахуйц. Таны хэлж буйгаар эрүүл чийрэг бие бялдартай, зүрх сэтгэлийн боловсролтой, амьдрах ухаантай хүнийг боловсролтой хүн гэж дүгнэх нь. Орчин үед бага насны хүүхдийг хүн болгоход яг юу хамгийн чухал байна вэ? 

Лхагвадулам багш маань “Хүн болох багаасаа” гэж ном хүртэл гаргасан байдаг. Бага ангийн хүүхдэд зориулсан. Хичээлийг анги танхимд заагаад байдаг нь мэдлэг олгохоос цаашгүй. Хүн болохын тулд сургуулийн бусад үйл ажиллагаа, наанадаж гэрийн даалгавраас эхэлнэ. Жишээ нь, гэрийн даалгаварт оймсоо угаах байж болно. Гэртээ гурил элдэх гэх мэтээр гэр орны ажил хийх зүйлсийг насанд нь тохирсон байдлаар хийлгэдэг. Амралтын өдөр аав ээжтэйгээ хамт ойд очоод, ойн чимээ, шувуудын жиргээг сонсож, навчис унахыг хараад зураг авах даалгавар байх жишээтэй. Тэндээс мэдэрсэн зүйлээ сэтгэгдэл бичих маягаар. Зуны амралтаар гэхэд ямаа сааж үзэх, сүүгээ хөөрүүлж буцалгаад, өрөм аваад, гашилгаад ээдэм авах, тараг зуурах технологийг нь биччихсэн, тэрийг хүүхэд хараад гэртээ хийх байдлаар хүн болох хичээлийг сургуулиар дамжуулан олгох юм. Үүнийг эцэг эхчүүд төдийлөн өөрсдөө санаачлаад хийхгүй. Харин гэрийн даалгаварт өгчихөд хийдэг л байхгүй юу. Тэгэхээр ийм зүйлд оролцдог нөхцөлийг бага ангийн хүүхдийн гэрийн даалгаврын концепц боловсруулан гаргаж ирсэн. Үүнээс гадна амьдрах ухааны хөтөлбөр ч байна. Зохиолч зэрэг мундаг хүмүүстэй уулзуулах гэдэг ч юм уу, нэг үйл ажиллагаанд явуулаад, сэтгэгдэлийг нь бичүүлэхэд маш сайхан өөрийгөө илэрхийлсэн хүүхэд байвал чангаар уншуулдаг. Хүүхэд хүүхдээсээ маш сайн сурдаг. Яг нэг зүйлийг үзээд ирсэн миний найз ингэж бодсон байна, би яагаад ингэж бодоогүй юм бол гэж хүүхэд маш их хурцлагддаг. Тэгэхээр бид хүүхдийг хүүхдээр нь, хүн болоход хэрэгтэй зүйлийг нь үйлдэл хийж, сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргаж ирж, бусадтайгаа хуваалцах энэ арга зүйг нэвтрүүлэх хэрэгтэй. Илүү дутуу юу ч шаардлагагүй энгийн л юм. Үүнийгээ тогтмол хийх нь л чухал.

Амжилтад хүрч чадвал хуваалцах хэрэгтэй гэдэг юм


"Шинэ Монгол" гэдэг нэрийг би их бодсон. Шинэ Монгол болох ёстой гэж үзсэн юм болов уу. Яагаад Шинэ Монгол гэдэг нэрийг өгсөн юм бол гэж?

Монголоо шинэчилж, шинэ улс болж хөгжиж явна гэдгийн л бэлгэ тэмдэг. Монгол улсыг дандаа шинэчилж явах хүмүүс манай төгсөгчдөөс гарах юм гэж бэлгэшээж өгсөн. Монгол орныг хөгжүүлэх, ирээдүйд Монголоо нуруундаа үүрч явах хүмүүс, манлайлагчдыг төрүүлнэ гэсэн итгэл үнэмшилтэй явдаг. Төгсөгчдөөсөө би яг л ирээдүйн монгол орны төлөө зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүс гаргах юмсан гэж хүсдэг. Тийм ч учраас төгсөгчид маань намайг харж байгаа. Багш маань 60 хүрээд зүгээр суухна уу гэж. 60 хүрээд нийтийн боловсролын төлөө, улсын сургууль руу би орж ажиллаж байгаа.  Нөгөө талаасаа “шинэ” гэдэг үг Японы “шинэ” гэдэг үгтэй таардаг. “Атараши” гэж уншина. Гэхдээ тэмдэг нэрэнд ханзаар нь “шинэ” гэдэг ханз оруулж ирээд “монгур” гэхээр японоор “Шинэ Монгур” гэж дууддаг. Японтой дуудлага ижил юм.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ж.ГАЛБАДРАХ: Эргээд харахад миний хийж буй зүйлс, бас нэг хүсэл  “багш маань ийм насандаа ингээд явж байсан шүү” гэж бодох зүйлийг тэдэнд бодогдуулах. Хүн амжилтад хүрээд эцсийн зогсоол нь улсынхаа хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулах ёстой гэдгийг ойлгох. Миний Шинэ Монгол улсыг бүтээнэ гэдэг хүслийн маань жигүүр бол улсын сургуульдаа ноу хауг нэвтрүүлэх ажил юм. Манай төгсөгч хүүхдүүд, Шинэ Монгол нэрэн дор байгаа бүх хүн "торгон цэргүүд" шүү гэдгийг л хэлдэг. Миний бас нэг хийдэг ажил энэ. Төгсөгчидтэйгөө тулж ажиллах.

Танай сургуулийн уриан дээр “Бусдад туслах сайн сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаж....” гээд цааш үргэлжилдэг. Үүрэг чухлаас гадна бусдад туслах сайхан сэтгэл гэдэг зүйл танай сургалтын бас нэг тулгуур мэт яваад байна гэж боддог. Сайхан сэтгэл гэж юу вэ таныхаар? Урам зоригийг хүнд яаж өгдөг вэ? Уучлаарай олон асуулт нэг дор асуучихлаа.

Манай сургуулийн үзэл санаа “Бусдад туслах талархах сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаж, өрөөлд аз жаргал бэлэглэн өөрийн аз жаргалыг дархалж явсуу” гэсэн байдаг. Бүх юмны үнэ цэн талархах сэтгэл юм.Эхлэл нь гэвэл, Би тэтгэлгийн клубд очоод мөрөөдлөө ярьсан. Тэгэхэд “чи их гоё мөрөөдөлтэй. Ямар шантрашгүй их гал эрмэлзэлтэй хүүхэд вэ” гэж байсан. Эхлээд нэг жилийн тэтгэлэг авсан. Нэг удаа намайг клубынхан уриад “чиний мөрөөдөл хэвээрээ юу?” гэж асуусан. Би ч хэвээрээ байлгүй яахав, өдөр шөнөгүй л сургуулиа бодож байгаа гэсэн. Сургууль байгуулах зорилгоо докторынхоо ажлаар би судална, тэгээд хийнэ гэхэд тэд “доктор тийм амархан хамгаалахгүй. Дор хаяж гурав дөрвөн жил болно. Нэлээн удах нь. Тэгээд алга болох нь” гэв. Тэд бас намайг яаруулаад. Тэгээд би 1-р курсынхээ амралтаар Монголд ирээд хувийн сургууль байгуулах хүмүүст газар худалдах дуудлага худалдаанд орно гэдгээ эгчдээ хэлсэн. Эгч маань хөөцөлдөж яваад аавын нэр дээр газар авсан. Тэгээд би Япондоо буцаж очоод клубтээ хүсэлт тавьсан. Та нарт дуулгах гоё мэдээ байна. Та нар маань надад хугацаа өгсөн. Тиймээс би оюутан байхдаа ч байгуулж чадна гэдгээ батлах гээд, газраа аваад ирлээ гээд гэрчилгээгээ харуулсан. Тэд маань шооконд ороод, санаа нь зовоод, “за зургаа зуруул” гэв.

Тэгээд би А блокын барилгын жижигхэн зураг зураад тооцоог нь гаргаад өгсөн. Тэд гайхсан. Халуун орны хямд өртөг, амархнаар бодсон байсан. Манайх гэтэл 64-ийн ханатай, дулаантай гээд нэлээн өндөр туссан юм шиг байгаа юм. /инээв/ Яасан үнэтэй юм л гэж байна. Тэр үед 300 мянган доллар яригдаж байсан. Нөгөө хэд маань "Арай дийлэхгүй юм байна. Гэхдээ хөдөлгөөн өрнүүлье" гэсэн. "Баганын холбоо" гэж байгуулаад нэг хүн нэг баганын хэмжээтэй буюу жилд 100 доллар, 3 жилийн хугацаанд 300 доллар өгье гээд. Энэ холбоонд маань 300 гаруй хүн цугларсан нь хандив цуглуулах эхлэл байсан. Би чинь эгч, аав руугаа яриад “холбоо байгуулаад, хөдөлгөөн өрнүүлээд сургууль байгуулах хандив цуглуулж байгаа шүү” гээд л бөөн баяр. Холбооны цуглуулсан мөнгөөр суурь тавиад, 2 давхар карказ босгоод дуусчихсан. Тэгээд зээл авах асуудлууд эхлэв ээ. Зээл, хөрөнгө оруулалтын гэрээг бүгдийг Японоос авсан. Нэг дотнын япон хүн маань “Чи яасан гэнэн юм. Хандив цуглуулж сургууль байгуулна гэж боддог. Тийм юм байхгүй шүү дээ” гэв. Би ч бодсон. Гэнэн ч үнэн л дээ. Зүгээр тэнэг зоригтой л байхгүй юу. Тэр хүн маань санхүүгийн хүн байсан, надад их тусалсан. Аав шиг минь. Намайг дүүгээ гэж ханддаг. Ийм л хүмүүстэй, ийм процесс явсан. Тэгээд л дандаа мөнгө бодоод, зээл гээд л хэцүү үеүдээ туулсан. Яах гэж сургууль байгуулав гэж уйлаад л. Үүний хажуугаар азтай азтай тохиолдлууд байсан учраас сургуулиа байгуулж чадсан. 

2000 оны 10 дугаар сарын 05-нд нэг сар хоцорч сургуулиа нээсэн. Маргаашнаас нь ахиад л уйлсан./инээв/ Нөгөө зээлүүд нь нэхэгдээд. Цалин тавих ямар ч мөнгөгүй. Юу хийчихэв би гэж бодоод л. Тэгэхдээ элсэж орсон төгсөгчдөө хараад л баярласан. Уйгагүй ил тод хийж хэрэгжүүлж, хэлсэн амандаа хүрэх гэж зүтгэсээр 10 жил явсан. Маш хүнд байсан. Оюутан байхдаа 4,5 цаг унтдаг байсан хүн чинь сургуулийн захирал болоод ер нь унтаагүй. Энэ бүхнийг даван туулаад гарсан нь намайг хүчтэй хүн болгосон гэж боддог. Хүн зовж үзэх хэрэгтэй. Бодоод төсөөлөөд зүтгэхэд болдог юм байна. Би тэр хүнд нөхцөлөөс яаж гарчихав гээд одоо бодоход “хүчтэй төсөөлсний л үр дүн”.  Ингээд л үйл явдал цаашаа үргэлжилсэн дээ.  

Дүгнээд хэлэхэд би ер нь тэнэг зоригтой л юм билээ. Тэгэхээр жаахан тэнэг зориг хүнд байх хэрэгтэй. Боловсрол өндөр болох тусам хашир суух гээд эрсдэлийг тооцоод байдаг. Тэр үедээ зориг хэрэгтэй шүү гэдгийг санаарай. 

Таны амьдралд амлалт, талархал маш хүчтэй байж, эргэлт авчирсан ч юм шиг. Амлалтдаа хүрэх гэж хичээсэн энэ он жилүүд, амжилтад хүргэжээ. Хүмүүст наад захын хэлсэндээ хүрэхгүй хандлага зөндөө л байдаг. Түгжрэлд буруугаа чихээд л хоцорчихлоо гэх мэтээр. Тэгэхээр амлалт гэдэг зүйл, амлалтын хүч, яагаад чухал талаар хэлж өгөөч?

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ж.ГАЛБАДРАХ: Түрүүн би талархах сэтгэлээс бүх зүйл үүссэн гэж хэлсэн. Дараагийн надад чухлаар нөлөөлсөн, өдий зэрэгт амжилттай явахад минь “амлалт” тулах багана, хөдөлгөх хүч байсан. Би муу гэх нь ч юу юм нэг “зуршил”-тай болчихсон. Хүний өмнө “хүчтэй амлах ёстой” гэдэг. Сургуулиа байгуулна, та нарын ачийг хариулна гэж Ротри Имагата хойд клубыхандаа амлаж байсан. Үүнийгээ биелүүлсний дараа надад бодогдсон юм нь энэ.  Хүсэж буй зүйлээ хүчтэй амлая гэдэг зуршилтай болсон доо. Дараагийн том амлалт маань дээд сургууль, коллеж байгуулах байсан. Тэгээд “миний 50 насны мөрөөдөл энэ” гэж амласан. 49 настайдаа Шинэ Монголын төгсөгч нартайгаа Японд уулзалт хийхдээ “Багш нь ирэх жил 50 нас хүрнэ. Та нар 50 насыг гарцаагүй дайрна. Тэр үедээ багш минь мөрөөдөлтэй байсан шүү гэж бодоод, та нар ч бас 50 насандаа мөрөөдөлтэй байна шүү. Багшийнх нь 50 насны мөрөөдөл бол технологийн дээд сургууль, коллеж байгуулах” гэдгээ чанга хэлсэн. Коллеж байгуулах тухай яриа тэгэж явагдсан ч биелэхгүй болчихдог зүйлс бас байдаг. Биелэхгүй нь дээ гээд орхиж ч болох л байсан. Тиймээс л мөрөөдлөө орхихгүйн тулд энэ тухайгаа хүмүүст, бүр төгсөгчдөдөө амласан шүү дээ гэж бодсоны хүчинд ханцуй шамлан ороод биелүүлж чадсан. Одоо би багш нартаа, хүмүүст бас нэг шинэ амлалт өгсөн. "Монголын  бүх сургуулийг арван жилийн дотор Шинэ Монгол Харүмафүжи сургууль шиг болгоно" гэдгээ хүчтэй амласан. Соёлыг дэлгэрүүлэгч, хүн бүтээгч, багш нь сурагчдынхаа төлөө, сурагчид нь сурахыг эрхэмлэсэн тийм нэг сэтгэлгээтэй болгохын төлөө би өөрийгөө зориулна. Энэ жаахан урт хугацааны амлалт л даа. Амласан учраас хүн зүгээр суудаггүй юм билээ. Амлаагүй бол шантрах үедээ “би хэнд ч яриагүй юм чинь” гээд буугаад өгчихөж болох л. Амлана гэдэг ийм л хүчтэй. Мэдээж амлалтаа биелүүлэхийн тулд маш их зовно, саад бэрхшээлтэй тулгарна. Би сургууль байгуулах гэж явахдаа “яах гэж ингэв дээ” гэсэн мухарт олон удаа тулж байсан. Одоо ч гараа өргөөд бууж өгье дөө гэх тэр агшинд хүмүүс гарч ирж тусалдаг, дэмждэг. 

Сургуулиа байгуулсны дараа дэмжиж тусалж байсан хүмүүсийнхээ өмнө нэг юм амлаж байсан. “Би дараагийн ээлжинд төгсөгчийгөө Японд сургана” гэж. Тэр үед япончууд хэцүү шүү л гэж байсан. Тэгээд би амлалтаа биелүүлэхийн тулд маш их бодсон, зүтгэж явсаар анхны зургаан төгсөгчөө явуулж байсан нь одоо 500 гаруй болсон байна.  60 нас хүрчихээд Монголын бүх сургуулийг Шинэ Монгол шиг болгоно гэсэн амлалтыг маань хүмүүс сонсоод гайхдаг л юм. Багш нээрээ арай л дэндүү амлалт хэлж байна даа гээд. /инээв/ Энэ хэцүү. Амлалт өгөхөд эхэндээ бүгд л “худлаа байх аа” гэдэг. Гэхдээ л биелүүлчихсэн. Бүтэшгүй зүйлийг амлаад уйлтлаа л явдаг.

Мөрөөдлийг биелүүлэх хөшүүрэг нь амлалт юм шиг санагдлаа. 60 насандаа та шинэ мөрөөдлөө эхлүүлчихээд явж байгаа нь сайхан санагдаж байна? 

Яг үнэн. Эхлээд мөрөөдлөө олно. Мөрөөдлөө хэлээд, түүнийгээ эргэлт буцалтгүйгээр биелүүлэхийн төлөө “амлалт” өгөх хэрэгтэй. 60 насны амлалт, 60 сургуулийг өөрчлөх цаашлаад 600 сургууль болгох гэж зүтгэнэ. Улсын хэмжээнд 600 сургууль байгаа. Энэ зорилтыг биелүүлэх урт замын аялалд хамтарч ажиллах нь сургуулиудын сонголт юм шүү. Би амлалтаа биелүүлнэ гэдэгтээ итгэдэг. Автдаг. Хүчтэй төсөөлдөг. Зүгээр л хүсээд явах биш, гардаж хийгээд, гол цөм дээр нь өөрөө зогсож байгаад хүмүүсийг уриалж, манлайлах ёстой гэж бодоод явж байна даа. Миний бас нэг хэлэх дуртай япон үг “Төсөөлж чадсан зүйлээ хүн бүтээж чаддаг”. Хүчтэй төсөөлөөд л ирэхээр мөнгө төгрөг, гаднын хүчин зүйл чухал биш болдог. Тиймээс монголын бүх сургууль Шинэ монгол сургууль шиг менежменттэй болоод, багш нар нь ажилдаа урам зоригтой ажилладаг, сурагчид нь хүсэл тэмүүлэлтэй сурдаг болчихвол Монгол Улс маань гарцаагүй хөгжинө. 

Ингэж асууж байгаад уучлаарай. Та өөрийн мөнгөөр улсын сургуулиудад менежментээ хуваалцах ажлыг хийж байна. Үүний оронд та сургууль байгуулахыг хүссэн мөнгөтэй хүмүүстэй толгой амар хамтраад л явахаас яагаад татгалздаг вэ? Ярилцсанд баярлалаа танд. Мөрөөдөл, амлалтаа биелүүлэх үйлсэд тань амжилт хүсье. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Хүний гавьяат эмч А.Оюунчимэг: Хүн чанар ямар үнэтэй юм, хязгааргүй байхгүй юу...

Энэ хүнийг хэн бэ гэвэл ХҮНИЙ ДЭЭД гэж би хэлнэ. Мэдлэг мэргэжил, харилцаа хандлага, хүн чанар нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ЭМЧ ХАТАГТАЙ.Би 37 настай. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 19

Санал болгох

Оюутан та ЭМД-т хамрагдсанаар тусламж үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

ЭМД-ын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдахаар тусгасан. Ингэхдээ 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсаас хариуцан төлдөг бол 19 наснаас эхлэн иргэн бүр ЭМД-аа өөрөө хариуцан төлдөг. Хэрэв... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч, Star Alliance-ийн гишүүн Эйр Чайна ХК-тай хамтын түншлэлээ өргөжүүлэн Аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа. Хамтын ажиллагаа нь Монгол Улс,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө