2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ТОД ТУСГАЛ

Хүний гавьяат эмч А.Оюунчимэг: Хүн чанар ямар үнэтэй юм, хязгааргүй байхгүй юу...

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 19

Энэ хүнийг хэн бэ гэвэл ХҮНИЙ ДЭЭД гэж би хэлнэ. Мэдлэг мэргэжил, харилцаа хандлага, хүн чанар нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ЭМЧ ХАТАГТАЙ.

Би 37 настай. Оюунчимэг эмч харин намайг төрөхөөс нэг жилийн өмнө буюу 38 жилийн өмнө Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн түүхтэй юм билээ. Энэ насных нь ажил амьдралын зорилго нь “хамгийн хүндээр өвдсөн хүүхдүүдийг сэхээх” байжээ. Хэлэхэд л халгам, бахархам. Түргэний тэрэгний яарсан дохионд л сэтгэл төвдөн тавгүйтдэг над шиг олон хүмүүс түүний ажлын талбар, алдаа оноо, амжилт аз жаргал, хэцүү хөтүү, хийсэн бүтээсэнг төсөөлөхөд бэрх. Их л “чанга” хүн хүүхдийн сэхээн амьдруулахаар ажилладаг юм болов уу гэж би төсөөлөх авч Оюунаа эмчийн байгаа байдал түүнийг эрс няцаана. Тэр эгэлгүй даруу, энэрэнгүй зөөлөн, өрөвч нандин... Юу ч гэмээр юм бэ дээ, түүнтэй уулзахад төрдөг тэр дулаан мэдрэмжийг уншигчдад хүргэх үг минь дутаж эсвэл илүүдэх гээд байх шиг. Монголын төр, эрүүл мэндийн салбар энэ хүнийг мэддэг, таньдаг. Тиймдээ ч А.Оюунчимэг эмчийг Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Түүнтэй ярилцсан минь нэр төрийг хэрэг байлаа...

Эмч, эмнэлгийн ажилтнууд харилцааны гайхам ур чадвар, эх лугаа сэтгэлтэй байх ёстой

Эмч болсон түүхээ та хуваалцаач? 

Би 1985 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эмчилгээний факультет төгссөн. Хүүхдийн эмч нь тусдаа бэлтгэгддэг байсан үе. Би хүний их эмчийн анги төгсөөд 1985 онд Говь-Алтай аймагт хуваарилагдаж очиход Бямбаа дарга намайг хүүхдийн тасагт шууд оруулчихсан. Би хүүхдийн эмчээр төгсөөгүй, гэж хэлтэл “тэр хамаагүй ээ намын даалгавар” гэж хэлж байсан юм. Ингээд жил ажилласны дараа хүүхдийн эмч мэргэжлээр нарийн суралцаад Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт зургаан жил ажиллаад 1991 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирээд одоог хүртэл хүүхдийн эмчээрээ ажиллаж байна. Өнгөрсөн 38 жилийнхээ 7,8 сарыг л хүүхдийн тасагт ажиллаад тэрнээс бусдад нь тасралтгүй хүүхдийн эрчимт эмчилгээний чиглэлээр ажиллаж байна.

Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт тасралтгүй 38 жил ажиллана гэдэг үнэхээр бахархалтай бас  төсөөлшгүй санагдах юм?  

1985 оныг сайн санадаг юм. 11 сарын 7-нд анх Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт гурван эмч ээлжээр ажилладаг байсны нэг нь болж байв. 1991 онд хотод шилжиж ирэхэд тэр үеийн манай эмнэлгийн дарга, одоо бол Ардын эмч Д.Малчинхүү багш намайг  “Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг”-т орж мэргэжлээрээ ажилла гэсэн дээ. Айхтар бахархаж сүрдээд байх зүйл биш ээ, жирийн л эмч ажлаа хийгээд өнөөг хүрсэн гэж болно.  

Гэхдээ хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт сэтгэлийн их хаттай хүн л ажилладаг гэдгийг онцолмоор байна. Б.Энхтайван эмч 1992 онд ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгч эмчээр ирээд 31 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Бас одоо тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаа Р.Батсолонго эмч 1996 оноос хойш ажиллаж байгаа. Хоёулаа 30 жил ажиллаж байна. Мөн хүүхдийн сэхээний тасагт эмчийн баруун гар бол сувилагч. Манайд таван сувилагч насаараа л ажиллаж байгаа. 1993 оноос одоог хүртэл. Ингэж ажиллаж байгаа сувилагч гэдэг хүндэлмээр. Сэхээнд олон жил ажилласан хүмүүсээр бахархдаг. Эрдэнэчимэг эмч 1984 онд Анагаахын дээд сургуулийг төгсөөд 30 гаруй жил ажиллаад саяхан тэтгэвэртээ гарсан. Ингэж ажилласан хүн маш цөөхөн. Сэтгэлийн маш хаттай хүмүүс. Эрүүл мэндийн хувьд бас энэ ажлын байрандаа тэнцэх хэрэгтэй байдаг. Даралт нь  200 хүрээд байдаг бол ачааллаа дийлэхгүй. 

Манай тасагт цөөнгүй эмч ирдэг ч дунджаар таван жил ажиллаад л гарчихдаг. Эмэгтэйчүүд нь жирэмсэн болоод буцаж ирэхгүй байх тохиолдол их бол зарим нь мэргэжлээ солихыг ч харсан. Үлдсэн нь хувийн эмнэлэгт шилжиж ажиллах зэргээр их хөдөлгөөнтэй байжээ.

Ажил мэргэжилдээ эзэн байх гэдэг ойлголтын эзэд юм даа гэсэн бодол төрж байна? 

Ажилдаа дуртай байхыг л хэлнэ. Үнэн сэтгэлээсээ дуртай хүн өөр. Ингэж ч сэхээний эмч хийх гэж дээ, иймхэн цалинтай, тийм хэцүү ажлыг хийж байна даа гэж үгэлж хийдэг эмч байсан. Тэгээд л сэхээний эмч хийж чадалгүй өөр мэргэжил эзэмшээд явсан. Тэгэхээр үнэхээр ажилдаа дуртай байх ёстой. Хүчээр ажиллах юм бол угаасаа явахгүй. 

Ажил мэргэжилдээ дуртай байхын үндсэн шинж бол тэр ажилдаа тууштай байхыг л хэлнэ. 

Сэхээний эмчээр 30 жил, дурангийн эмчээрээ тэдэн жил ажиллах гэх мэт. Тэр хугацаанд нь олон л асуудал бэрхшээл тулгарна. Иргэдээс гомдол санал ирнэ, оношийн асуудал гарна. Тэр бүхнийг л даван туулах нь чухал. Ингэхдээ хичээлээ маш сайн бодох. Би яг бүх юмаа зөв хийсэн үү. Юу дутуу орхив гээд. Үүнийг байнга бодох ёстой. Миний багш нар хэлдэг байв. Их тооны хуулиар сайн эмч болдог оо гэж. Олон жил ажиллаж, их л олон зүйл үзэж байж гарт ордог ажил. Ажилдаа бүрэн эзэн болоод, бүх чадвар гарт орчихоор өөр салбар, мэргэжилд урвах нь ховор болов уу. Дунд нь солиод л, өөр өөр тийшээ үсчээд байхыг хүмүүсийн зарим нь нийгэмтэйгээ зохицож байгаа явдал гэж тайлбарлах нь бий бий. Тэднийг бас үгүйсгэж болохгүй байх аа.  Тасралтгүй суралцдаг гэлээ. Та жишээ нь өөрийгөө одоо хөгжүүлж байна уу? Залуу эмч нарт таны үг үнэтэй байдгийн бас нэг шалтгаан нь та сурч суралцсаар байгаад байдаг байх аа? 

Англи, орос хэлтэй хөөрхий минь. Орос хэл дээр Анагаахын дээдийн ихэнх хичээл орос хэл дээр ордог байсан. Надад бол оросоор хичээл унших нь илүү амархан. Сүүлд ЭМЯ, ОХУ-ын хоорондын хэлэлцээрээр “5 хүртэлх насны хүүхдийн яаралтай тусламж” гэж сургалтад 2015, 2020 онд явж байсан. Орос багш нар хичээл заана, чих рүү шууд л орно, гоё. Орчин үед эмч хүн англи хэл сурахгүй бол бүтэхгүй угаасаа. Англи хэл дээр л хамгийн сүүлийн үеийн судалгаа, эмчилгээний материалаа олж авна. Тиймээс Англи хэлийг бас сурсан, сурсан. /инээв/ Хэл устай байж тогтмол уншиж, шинэ мэдээлэлтэй зэрэгцэж, мэргэших нь зүйн хэрэг. Түүнээс гадна, ХАРИЛЦАА. Харилцаа гэдэг зүйл дээр маш олон зүйл тогтож байгааг хүмүүс анзаарсан байх. Манай салбарт тун чухал байр суурь эзэлж байгааг залуус соргогоор хүлээж аваад алдаа байвал засаад өөртөө, өрөөлд сайн сайхнаар асуудалд хандаад сурчих хэрэгтэй юм.

Танай салбар чадамжтай, эмч нар нь чадвартай байхаас гадна ард иргэдийн хандлага чухал гэдгийг та дурдлаа. Манайхны эрүүл мэндийн боловсролын түвшин ямар байна вэ? Та дүн тавибал хэдэн оноо өгөх вэ? 

Ерөнхийдөө хүүхдийн эмч мэргэжлийнхээ дагуу ярих юм бол, Хүүхдийн эндэгдэл манай улсад буурч байна. Ямар ч байсан манайх бол эхийн эндэгдэл өндөр түвшинтэй орон байснаас дунд түвшин рүү орж бууруулж чадсан.Тэгэхээр ер нь бодоод байхад хүнийг багаас нь л эрүүл мэндийн боловсролд сургах хэрэгтэй юм. Нэгдүгээр ангийн хүүхдэд ариун цэврээ хэрхэн  сахих, гараа яаж угаах, хумсны завсар орсон цагаан хорхойн авгалдай гэж юу болох гэх мэт эрүүл мэндийн хичээлийг маш сайн ордог байх ёстой. Ингэхдээ энэ хичээлийг багш заах биш, яг л мэргэжлийн хүн нь зааж хэлэх ёстой. Ямар нэгэн эмч ч юм уу.

Одоо бол хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол хэлэхэд хэцүү. Өглөө өлөн явж байна. Цөс хөдлөхгүй. Тэгээд л цөсний чулуу үүсчихлээ. Ходоод нь шархлаатай. 12 хуруу гэдэс, нарийн гэдэсний дээд хэсэг шархлаатай бол хүүхдийн идсэн уусан хоолны B –ийн төрлийн бүх витамин цусанд очиж чадахгүй шүү дээ. Энэ мэтчилэн эрүүл мэндийн боловсролыг сайн олгох хэрэгтэй.

Эмчийг загнах, зарим тохиолдолд биед нь гар хүрэх гэх мэт үйлдлүүд сүүлийн үед сонстох болсон. Мэдээж эмнэлэгт өвдөөд очихдоо сайхан ааштай байх хэцүү ч байж боломгүй үйлдлүүд юм шиг санагддаг. Эмчилгээ авах, эмчилгээ үзүүлэх нь харилцаанаас л эхэлдэг гэдгийг та дурдаж байна.

Хүүхдийн “дов тойрсон долоон нүхийг нь сайн анзаарч эрүүл байлгах нь зүйтэй” гэж багш маань заадаг байлаа

Зарим хүмүүс ярьдаг болсон байна л даа. Би ээж аав шигээ сайхан хөгширч чадахгүй байх аа гэх мэтчилэн өөрийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сэтгэл дундуур хандлага элбэг сонстох юм. Ер нь анх таныг эмч болж байхад хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдал өнөөгийнхтэй харьцуулахад ямар байсан санагддаг вэ? Ялгаа байдаг уу? 

Монгол улс ямар хэмжээнд явааг бид нар статистикээр харна. Хүүхдийн эндэгдэл,1985 онд томуу гарахад л нас баралт их байдаг байв. Одоо бол хүүхдийн нас баралт сайн буурсан. Орчин үед бол хүүхдийн эндэгдлийн хамгийн гол шалтгаан, хүчин зүйл нь ерөөсөө л нярай. Нярай дотроо дутуу нярайн эндэгдэл байна. Дутуу нярай яагаад төрөөд байна гэхээр эхийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Ер нь хүүхдийн чанар сайн байжээ. Одоо муу болжээ гэж шууд хэлэх нь хэцүү. Одоо юу сайхан бэ гэвэл бүх юм ДЭМБ-ын зааварчилгаагаар, Хүүхдийн өвчлөлийн цогц менежментийг Монгол Улсад хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байна. Өрхийн эмч юу хийх вэ, ээж нь юу хийх вэ гээд бүгд тодорхой. Одоо “Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежмент” гээд 2015 оноос явж байгаа. Эдгээр нь шууд ашиглах боломжтой бэлэн заавар, мэдлэг юм шүү дээ. Үүнийг сайн дагаад явбал ер нь хүүхдийг маш хүнд өвчнөөр л алдчихгүй бол бусдаар алдахааргүй болсон байхгүй юу. 

Хэлэхэд хэцүү зүйл нь юу байна гэвэл төрөлхийн хөгжлийн гажиг байна. Төрөлхийн хөгжлийн гажгийг эхийн умайд байхад оношилно, 5 сартай жирэмсэнг тэгж харна, 3 сартайд тийм шинжилгээ өгнө гэдэг. Энэ бол бүрэлдэн бий болж байх үеийн асуудал. Бүрэлдэн бий болж байгаа хүүхэд яах вэ гэдэг нь ээжтэй шууд холбоотой. Ярьж байгаад асуудлаа шийддэг. 

Дараагийн асуудал нь хавдар. Хавдраар өвдөж байгаа тохиолдол тэр дундаа хүүхдийн хавдрыг хэлэхэд хэцүү. Урьдчилан сэргийлэх боломжгүй. Том хүний хавдар, элэг байлаа гэхэд хатуурлаа тэр нь цаашаа хавдар болно гээд тодорхой. Харин хүүхдийн хавдар тийм боломжгүй.Хүүхэд тээж төрүүлэх нь соёлтой оронд маш өндөр халамж анхаарал дунд болдог. Солонгост нэг ээж төрөхөд тэр эмэгтэй эрүүл мэнд болон нийгмийн ямар ч дарамтгүй. Төрснийх нь дараа нэг сар хүүхдийг нь хүртэл хараад өгчихдөг гэж би сонсож байсан. Би монгол эмэгтэйчүүдээ арай өөрөөр хардаг. Олон удаа төрж байна. Тэр болгондоо маш их тэвчээр гаргадаг гэж боддог. Харин та ЭХЭМҮТ-д 38  жил ажиллахдаа монгол эмэгтэйчүүд, эхчүүдээ хэрхэн дүгнэж харсан бэ? 

Монгол эмэгтэйчүүд их зоригтой. Маш тэвчээртэй. Ер нь л ээжүүд тэвчээртэй дээ. Өөрийнхөө төлөө, өөрийгөө анхаарах нь сул. Гэр бүлээ л илүүтэй боддог, анхаардаг. Өөрийгөө жаахан хаяад яваад байдаг юм шиг санагддаг. Гэхдээ бас бүгд биш. Нийгмийн давхарга, ялгаа ч нөлөөлж байгаа нэг талаараа. Амьдралын боломжтой эмэгтэйчүүд өөртөө анхаарч чаддаг.

Жирэмслэлтийн тухай асуудлыг харахаар, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар, өрхийн эмэгтэйчүүдийн эмч нар их зүйл мэдэж байгаа, хэлэх ч байх. Яг бидэнд зааснаар, практикт ч тэр ээжийн төрөлт хоорондын зай 2 жил байвал зүгээр. Хэтэрхий ойрхон төрөх, ялангуяа кесар хагалгаагаар хоёр төрдөг байдаг байсан бол одоо 3, 4, 5 удаа төрж байна. Ялангуяа 4 дэх кесар маш их хийлгэж байна.

Ерөнхийдөө жирэмслэлтийг төлөвлөх тухай асуудал соёлтой оронд маш сайн хэрэгждэг. Энэ нь манайд ч ороод ирсэн. Жирэмслэлтээ төлөвлөөд ороод ирэхээр ээжийн эрүүл мэндийн тухай асуудал эвтэйхэн яригдаж эхэлнэ. Манайхны эрүүл мэндийн боловсролын тухай асуудлыг энд ярих нь зүйтэй. Хүний эрүүл мэнд өөрийнх нь л гарт байгаа. Өвдлөө гэхэд 20 хувь нь эмч, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой байдаг бол 80 хувь нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэх судалгаа ч бий. Өөрөө л эрүүл байх хэрэгтэй.

Тухайлбал, жирэмслэхэд хавагнаад л ирвэл эмч чинь ир гэсэн хугацаанаас өмнө түрүүлж ирээд л бага дээр нь үзүүлэх ёстой. Эхийн эрүүл мэндийн байдлаас гадна эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг хангалттай хийж байгаа. Тэрийг харин хэр анхаардаг юм гэдэг л байгаа юм. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэнд рүү анхаарах нь бодлогоор яригдаж байгаа. Нийгмийн эрүүл мэнд маш чухал. Энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх л юм. Өвчтэй болчихоод түүнийгээ эмчлүүлэх гээд явж байхын оронд эрүүл байснаар өвчин тусахгүй шүү дээ. 

Хүүхдийн амь нас, эрүүл мэнд сайн сайхан байх нь зөвхөн ээжийн чармайлт биш байх. Аавуудын оролцоо хэр байна вэ? Хэр байх ёстой вэ? Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэж ярьдаг байсан. Одоо бол эрүүл ээж, ааваас эрүүл хүүхэд төрнө гэдэг болсон. Үүнд бие махбодиос гадна сэтгэл зүй гээд бүгд л хамаарна. 

Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя, эрүүл саруул хүн болгож өсгөе гэвэл эцэг эхчүүд бид яг яах ёстой вэ? Ээж аав хамт байх ёстой юм байна, эрүүл мэндийн боловсрол олгохыг хичээх хэрэгтэй юм байна, өөр? 

Бас сульдаа байж болохгүй. Рахит. Нэг үеэ бодоход витамин Д-ийн талаар хүмүүс мэддэг болсон учраас хүүхдэдээ тогтмол өгч одоо бол сульдаагүй хүүхэд орж ирдэг болсон байна. Цээжний ясны хэлбэр амьдралын 7,8,9 сард хавчийгаад ирдэг. Яг цээж хэдэн сард өсдөг, толгой хэдэн сард өсдөг гэдгээ харах хэрэгтэй. 

Цээжний хэлбэр хавчийгаад л ирвэл нарны гэрэл дутаж байна, рахиттай болж байна гэж бодох хэрэгтэй. 

Цээж жижигрээд ирэхээр цээжин дотор байгаа уушгины амьдралын багтаамж жижгэрнэ. Амьсгалах ёстой талбайгаараа амьсгалж чадахгүй байгаа уушгин дээр хатгаа тусвал хүндрэх нь ойлгомжтой. Тэр бүү хэл 3 настай хүүхэд 60 настай хүний зүрх шиг болчихсон, уушги нь ачаалаад, байнга уушгийг жижигхэн болсон цээжинд багтахгүй ядсаар зүрхний баруун тал томордог. Ингээд зүрхний дутагдлын асуудал үүснэ. Ковидын үед витамин Д уухын ач холбогдлыг хүмүүс илүү мэдсэн, мэдэрсэн болов уу. Энэ дархлааны том элементийг 2015 оноос хойш 3 нас тогтмол хүртэл өгч байгаа нь маш зөв болсон. Үүний үр дүнд хүүхдүүд сульдаагүй /рахит/ болж байна.

Дөрөв дэх өвчин нь хүүхдүүд тарган байна. Илүүдэл жингийн асуудал. Хэтэрхий тарган хүүхдүүд байна. Хүүхдийг суурь өвчингүй байлгах нь чухал. Хэцүү биш. Амархан. Төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлж болно. Гэтэл яагаад нэг, хоёрхон төмөртэй байгаа юм. Цусан дахь төмрийн хэмжээ бага байвал тархинд очих цусны хэмжээ тэр хэмжээгээр буурна. Хүчилтөрөгчийн хэмжээ дутуу л яваад байна гэсэн үг. Ингээд дахиад хатгаа тусвал хүндрэх эрсдэл өндөр байна. Тиймээс хүүхдийг суурь өвчингүй байлгах ёстой.Хөдөө эрүүл цэвэр агаарт хүүхэд тэгтлээ хүндэрч, биеийн эсэргүүцэл нь сулраад байхгүй. Эрүүл агаар эм гэдэг. Хөдөөний орчинд цэвэр агаарт байлгах нь сайн. Нарны гэрлийг арьсандаа авна. Сүүлийн үед хэтэрхий наранд байлгахгүй арьсны хавдар үүсэж байна гээд л яриад байгаа. Гэхдээ хүүхдийн хувьд витамин Д нэг номер. Ганц дан цамцтай гүйлгэхэд зүгээр.

Улаанбаатар хотод зуны улиралд хүүхдүүдээ байрандаа, байшиндаа зуныг өнгөрүүлж байгаа айл олон байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Ямар амьдралын боломж нөхцөл байна түүнийгээ ашиглаад зун хөдөө ах дүү хамаатан дээр ядаж нэг сар цэвэр агаарт гаргах хэрэгтэй.

Багш нар ч их хэлдэг байсан. Гэр бол агаарын солиолцоог 5 минут тутамд цэвэрлэж эргэж байдаг цэвэр агаартай гэж. Эргэж буй агаар доторх тоосноос нян судлалын шинжилгээгээр юу ч гарахгүй. Хөдөлж байх нь сайн. Гэтэл байшинд цэв цэвэрхэн хаалттай цонхтой газарт 30 минутанд агаар нэг л эргэдэг. Бүр цонхоо ч онгойлгохгүй хөдөлгөөнгүй агаартай байвал тэнд ханиад хүрэхэд асар хурдан тарна. Тиймээс хүүхдүүдээ агаарт л гаргахыг хичээ. Байргүй, зуслангүй бол ядаж ганц сар түрээслээд ч хамаагүй гар. Хүүхдийнхээ эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Хөл нүцгэн сайхан явуул. Харшилтай хүүхдүүдэд бол болгоомжтой ханд. 

Ерөөсөө л зуны улирлыг маш сайхан агаарт л өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй.

Тухайлбал, ээж нь жирэмсэн байхдаа умай нь байн байн базлаад л, магни уугаад л, хэвтрийн дэглэм сахиад л тэгэж тэгэж төрдөг. Ингэж төрсөн хүүхдийн толгой нь архаг хүчилтөрөгчийн дутагдалтай явж байгаа. Тийм хүүхдийг ерөөсөө л агаарт гарга. Болж өгвөл 24 цаг гадаа байлга. 24 цаг гадаа байлгадаг амьдрал бол Монгол гэрт. Улаанбаатараас гарж зуныг хөдөө агаарт өнгөрүүл.

“Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал” гэж бид ярьцгаадаг. Таны яриа энэ үгийг эрхгүй бодогдуулж байна? 

Тийм. Өвчингүй бол жаргал. Монгол ардын зүйр цэцэн үгнүүд бүгд үнэн. Өвчтэй бол маш их зүйл бодож төлөвлөөд, их мөнгөтэй байлаа ч юу ч хийж чадахгүй. Тэр дундаа хүүхэд өвдөхөд бол тэр айл нурдаг. Хүүхэд эдгэхгүй өвчин тусаж болно. Ямар оноштой, өвчтэйг нь хэлэх үед ээж нар сонсоод шууд л сэтгэлээр унадаг. Харахад үнэхээр хэцүү. Яана аа гээд л шууд ном, өвчний тавилан, эмчилгээний үр дүнгээ бодно. Манайх яриад л байгаа. Бодлогын түвшинд. Уушгины хатгалгаа, суулгалт, менингит гэх мэт сэргийлж болох өвчин, аваар осол, золгүй тохиолдлоор хүүхдийг эндүүлэхгүй байх нь чухал гэдэг лоозонтой. Сэргийлж болохгүй өвчнийг болж өгвөл насыг нь уртасгах. Ийм л бодлого баримтлан ажилладаг. ДЭМБ ч ярьж байна. Бид үүнийг уриагаа болгоод сэргийлж болох өвчнөөр нэг ч хүүхдийг эндүүлэхгүй байхын төлөө ажилладаг.

Хүн чанар ямар үнэтэй юм, хязгааргүй байхгүй юу.......

Та хүн чанарын талаар ярилцлагын эхэнд хэлж байсан, “Хүн чанарыг мөнгөөр хэмжих боломжгүй” гэж. Миний сонсож байсан сайхан үгсийн эхэнд тавих үг байлаа. Хүн чанар, хүний мөсний талаар тээж явдаг таны бодол их сайхан байх? 

Жаахан ч гэсэн хохирч амьдраач. Бүх юманд дандаа хонжиж амьдраад яах юм. 

Ер нь хүүхдийн сэхээний эмч жишээ нь ар гэрээ хаядаг. Ар тал, нөхөр нь ажлыг маш сайн ойлгодог хүн л байдаг. Тэгж байж ажлаа сайн хийнэ шүү дээ. Ойлгохгүй харддаг, уурладаг, оройтлоо, ажил чинь дуусахгүй юм гээд байвал ажлаа хийж чадахгүй. Нөхөр маань “чи л сур, ажилла, чи л сайн бай, ямар сургалтад явмаар байна яв яв” гэдэг хүн байсан. Гэхдээ хүн нэг зүйлээ золиосолж байж нэг зүйл нь амжилтад хүрдэг гэдэг шиг л. Энэ бүхнээс хүн чанар л тунах ёстой. Эмч нар л гэхэд олдог багахан мөнгөөрөө жижиг амьдраад сурчихсан л байхгүй юу.

Та “хүүхдийн харц маш их зүйлийг хэлдэг” гэсэн. Энэ талаараа яриач. 

Хүүхэд их хөөрхөн. Өвчтэй байгаа нь андашгүй, харц нь доошилчихсон, царай нь цонхийчихсон. Хүнд байна даа гээд мэдэгддэг. Хүүхэд чинь бас хурдан сэхдэг. Маш хүнд шоконд орчихсон, даралт нь уначихсан, одоо яах вэ аппаратанд оруулах уу гэж байтал эмчилгээ нь таараад дорхноо сайжирдаг. Ээж нь болохоор хүүхдээ маш хүнд байна гэж бодтол өмнөөс нь хараад инээдэг. Ер нь бол хүүхэд үнэнч. Худлаа өвдөхгүй, худлаа инээхгүй. Нэг ийм үг байдаг. Таваас доош насны хүүхэдтэй харьцаад байвал сайхан, баяр баясгалантай, 70-аас дээш насны хүнтэй харьцаад байвал үнэтэй сургааль сонсоод бас сайхан гэдэг. Хүүхэд томчуудыг хүмүүжлүүлдэг ч гэж болно.  Хүүхдэд үзлэг хийгээд байж байхдаа, “чи хэлээ гарга” гээд. Тэр зуураа “хэдэн настай вэ?” гэж асуухад хэлээ гаргачихсан хэвээрээ “дөлвөн” настай гэж байгаа. Аргагүй шүү дээ эмч нь хэлээ далд хий гэж хэлээгүй юм чинь.  Одоо би “хэлээ гарга” гэж хэлчихээд үзлэг дуусаад “хэлээ далд хий” гэхээр яг л хийдэг. Том хүн бол хэлээ гаргасан хэвэндээ асуултанд хариулахгүй. Хүүхэд ийм үнэнч.

Өөрөөр хэлбэл, хүүхэд үзэж байхдаа хүүхдээсээ маш их зүйл сурдаг. Яг сайжирч байгаа нь, муудаж байгаа нь шууд харагдана. Бүр муудаж байгаа нь ч шууд харагдана. Тэр тохиолдолд маш хэцүү. 

Олон олон хэцүү тохиолдолтой тулгарч байв. Тэр дундаас хамгийн их сэтгэл өвтгөдөг зүйл бол аав ээж нь салчихсан хүүхэд байдаг. 

Олон жил хүүхэд эмчилж, хүүхдүүд дунд амьдарсны эцэст гэр бүлийн салалтын эсрэг хатуу байр суурьтай болсон.Та хувь тавилан, бурхан тэнгэр байдаг гэдэгт итгэдэг үү? Хоёр ертөнцийн зааг дээр ажиллаж 38 жилийг өнгөрөөсөн эмчээс асуух нь зөв байх гэж бодлоо? 

Харсан тэнгэр байдаг, байдаггүй гэж янз бүрээр ярьдаг. Ер нь хийж байгаа үйлдэл бүхэн хүний төлөө, маш зөв байх ёстой. 

Жишээлбэл, тогонд цохиулсан хүүхэд орж ирнэ. Мөлхөж очоод тогонд цохиулчихсан. Үхэх дээрээ тулбал хүүхэд бүү хэл том хүн ч нас бардаг. Гараар ороод гараар гардаг тог цохилт нас барах магадлал өндөр. Гараар ороод толгойгоор гараад явчихдаг тог цохилт байна. Төвийг дайрч өнгөрдөг учраас амьсгал, зүрх зогсох магадлал маш өндөр. Гараар гараад хөлөөр гарсан тохиолдолд амьд үлдэх боломжтой. Тэгэхээр харсан тэнгэр байсан ч юм уу үгүй ч юм уу тэ. Тэр өдөр тогонд цохиулахад яахыг хэн ч мэдэхгүй. Цэвэр аз. Хүний гишгэсэн газар, гишгэх газар хоёрын хооронд тэр зурвасхан зай хугацаа л хүний амь насыг шийдэж болно. Тогонд цохиулсан хүүхэд орж ирэхэд “өө гайгүй харъя” гэдэг зүйл хэзээ ч байхгүй. Хамгийн муугаар бодно. Зүрх нь цохилох уу гэж л ярьдаг. Ер нь ажил үйлсийг зөв л хийж байх хэрэгтэй. Ийм золгүй тохиолдол дээр үнэхээр амьд явах хувь тавилан, харсан тэнгэр байсан уу гэдэг асуудал бидний сэхээний эмч, ажилчдад бодогддог. Зарим хүүхэд орноос уналаа. Дагзаараа унахад тархинд цус харваад л эндэнэ. Гэтэл урагшаа харж унах уу, тархиараа унах уу гэдэг чинь л хувь заяа. Гэлээ гээд хувь заяа гээд хаяж болохгүй. Ийм эрсдэл гаргахгүй байхын тулд л урьдчилан сэргийлж тэр айл аюулгүй орчин бүрдүүлэх ёстой юм. Разетикнүүд тагтай байхаас эхлээд л эрүүл мэндийн боловсрол, мэдлэг чухал юм. Золгүй тохиолдол маш хэцүү шүү.

Хүний сэтгэл, итгэл хэр хүчтэй байдаг бол? Эмч нар хэлээд байдаг шүү дээ, жишээ нь эмчилгээний үед сэтгэлээр өөдрөг, тайван бай гэж. Бодит байдал дээр та мэдэрч байсан уу? Ид шидийн юм шиг ч гэдэг юм уу, таны санаанаас гардаггүй эмчилгээ, нөхцөл байдлын жишээ байдаг л байх даа эмчээ. Одоог хүртэл ямар учиртай байсан юм бол гэж боддог түүх, тохиолдол байвал хуваалцаж болох уу? 

Энэ жишээнүүдийг битгий давтагдаасай гэж боддог. Хувийн амьдралдаа хүмүүс маш сайн бодож байх хэрэгтэй. Гадаад орчны нөхцөл бас их аюултай байна. Үер болно. Үерийн дараа айлын жорлон руу ус ороод, ус нь газарт гарч урсаад тэр усан дээр гишгэж гэртээ ороод л айхтар халдвар. Энэ бүх эрсдэлд өртсөн хүнд тохиолдлууд манайд л ирнэ. Ингээд харахаар ЭХЭМҮТ сургалтын их бааз юм. Онол, практик тэнд уулзана. 

ЭХЭМҮТ-д өдөр тутам суралцдаг. Анх ажилд орж ирж байгаа хүнээс яагаад ЭХЭМҮТ-д орж байна вэ гэж асуухад “Юм сурах гэж орж ирсэн” гэвэл би сайн гэж хэлдэг.

Эх хүүхдийн эрүүл мэнд, амь нас амьдралыг аврах хамгаалах, урьдчилан сэргийлэх манай улсын бодлогыг та юу гэж хардаг вэ? 

Манай ЭХЭМҮТ 90 жилийн ойгоо хийгээд 3 жил болжээ. Ийм их түүхтэй. Анх 15 ортой байгуулагдаж байсан бол одоо 680 гаруй ортой, 1200 гаруй ажилтантай. Том байгууллага. Энэ том байгууллагад хүүхдийн эмч нар ажиллахдаа Засгийн газрын ордонд ажиллаж байна л гэж ойлгоно.

Ер нь манай улсын бодлого ДЭМБ-ын чиг баримжаагаар явж байна. Намайг залуу байхад энийг ингэж эмчилнэ гэдгийг өөрөө олж уншиж мэддэг байсан. Одоо бол олон улсын программ руу орчихсон. Бүх эмчилгээ заавар нь бэлэн. Тэгэхээр манай эрүүл мэндийн бодлого зөв явж байна гэж боддог.Редакцын урилгыг хүлээж авсан тань бидний хувьд нэр төрийн хэрэг, маш их баярлалаа. Таны амьдралд сайн сайхныг хүсье. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   22 цагийн өмнө

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   22 цагийн өмнө

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө