ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...
Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Энэ баярын утга учрыг та юу гэж хардаг вэ. Хэр үнэ цэнтэй баяр вэ?
Эмч гэдэг эрхэм сайхан мэргэжил. Эмч хүмүүс бусад мэргэжлээс өвөрмөц зарчимтай. Тэр зарчим нь
“Энэрэнгүй ёсонд суурилсан, үргэлж хүний төлөө ажиллах ёстой, хэн байсан ч ялгаагүй аврал, тусламж хүсээд ирсэн бүгдэд үйлчлэх ёстой. Нандин мэргэжил”.
Тиймээс хүн бүр аль ч цаг үед, аль ч нийгэмд эмч хүнийг хүндэлж хайрлаж явдаг. Энэ баярыг "эмч нарын баярын өдөр" гэж анх АНУ-д тэмдэглэж улмаар олон улсад тэмдэглэдэг болсон түүхтэй. Зөвхөн эмч нар гэлтгүй асар олон хүний баяр гэж би ойлгодог. Эмчтэй уулзаж, эмчээс тусламж авч, амьдралын зам нь уртсаж, чанартай амьдарч байгаа, үхлээс мултарсан тэр бүх хүний баярын өдөр хэмээн боддог. Тиймдээ ч үнэ цэнтэй.
Би их сэтгэл хөдлөл өндөртэй хүн л дээ. Энэ талаараа, би эмч байсан бол гэж бодоход л боломжгүй санагддаг. Эмч хүний баярлах, гуниглах давтамж эмчилгээнийх нь үр дүнтэй холбоотойгоор олон байдаг юм шиг энгийн бидэнд санагддаг ч тэгж харагддаггүй?
Эмч хүн тогтвортой сэтгэл зүйтэй байхаас аргагүй мэргэжил. Босоод л унаад л байвал энэ мэргэжил дээр тогтож чадахгүй.
Эмчийн мэргэжилд гадны нөлөөлөл их. Эмнэлгийн тусламж хайгаад ирж байгаа хүмүүс боловсролтой, боловсролгүй, сайхан муухай ааштай, ойлгодог, ойлгодоггүй гээд янз бүрийн араншинтай. Тэр байтугай хулгайч дээрэмчин, бусдыг гэмтээж хохироосон хүн ч байна. Гэвч эмч хүн хэнийг ч ялгах ёсгүй, эмчилж анагаах энэрэнгүй зарчимтай. Саяхны жишээ гэхэд, Манай төвд үзүүлж, эмчийн талаар гомдол хэлж байсан нэг хүн эмчийн компьютерийг хулгайлаад аваад гарсан нь камерт бичигдсэн. Иймэрхүү асуудлууд олон гарна. Гэхдээ эмч нарын гол чанар нь энэ бүхэнд унаж болохгүй, тогтвортой байх ёстой. Үгүй бол ажлаа зөв хийж хүндээ тусалж чадахгүй. Өнөөдөр эмч нар маань баярлах гэж байна. Эмнэлгийн ажилтан, эмч нар маань өдөр бүхэн баярлаж чаддаггүй учраас ийм онцгой, тодорхой өдөр байх хэрэгтэй. Баярлах эрхтэй ч маш олон шуурганд өртдөг. Гэвч тэд маань эмч мэргэжлээрээ бахархдаг, хүнд тусалсандаа баярлаж, тусалж чадаагүйдээ гонсойж дотроо харамсаж явдаг энэрэнгүй сэтгэлтэй хүмүүс.
“Бадарчин” гэдэг үгийг та юу гэж тусгаж авсан бэ?
“Хавдар-2” эмнэлэг барих санхүүжилтийн асуудал дээр тусалж болох уу гэдгийг ярианы завсартаа хэлж байсан юм. Гэхдээ тэр хүмүүсийн үзэл бодол хандлага өөр байсан. Мэдээж үзэл бодлыг нь хүндэтгэнэ л дээ.
Эмч хүний үзэл бодол тэс өөр юм байна лээ. Хүмүүст илүү туслах юмсан, өөртөө авахаасаа илүүтэй өгөх хандлагатай. Өөрсдийгөө хүртэл умартан, үр хүүхдээ гэртээ орхиод бусдын эрүүл мэндийн төлөө ажилладаг. Саяхан нэг эмч маань хэлж байсан юм. “Өлгий, үнэг хоёрт хүүхдээ даатгачихаад хүний амь аврах гээд гараад гүйж байсан” би гэж. Тийм л хүмүүс. Бидэнд алдаж онох сайн муу олон зүйл тохиолддог. Олны дунд сайн муу хүмүүс ч байгаа. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг жижиг алдаа гарахад бүгд баалуулдаг. Энэ буруу биш л дээ. Гэхдээ аварч, тусалсан нь түүнээсээ олон гэдгийг хүмүүс боддог байгаасай гэж хүсдэг. Энэ салбарт ард түмний хүлээлт өндөр байдаг учраас түүнийг нь эвдэхгүйн тулд бид хичээх ёстой. Өөрсдийгөө хөгжүүлж боловсруулж, хариуцлага хандлагаа сайжруулахын хичээж байгаа. Шууд л өргөс авсан мэт бий болчихгүй ээ. Явц дундаа засарч сайжирна.
Танай салбарын залуу эмч нараар маш их бахархах болсон. Хүчтэй хүнлэг, харилцаа хандлага нь сайхан, итгэл төрөхүйц эмч нар төрж байгаа юм шиг санагддаг. Та тэдний талаар сэтгэгдлээ илэрхийлээч?
Тантай санал нэг байна. Надад ч бас ингэж боддог. Ахмадууд маань маш хүнд үед хийдгээ хийсэн. Эмчээрээ үлдэх нь үлдээ, тэр дунд амьдрах гэж, салбарын хөгжлөө бий болгох гэж маш их хичээсэнг хэлэх нь зүйтэй. Тэд нартаа баярлах ёстой. Залуу хүн эрч хүчтэй, арай өөрийг харж, өөр шаардлага тавьж байна. Бидний үргэлжлэл болсон залуус маш тэмүүлэл дүүрэн орж ирж байна. Харьцаа хандлагын хувьд сүүлийн үеийн залуучууд өөр болж байгаа нь үнэн. Харин тэднийг байгаагаас нь муу болгохгүйн тулд тогтолцоо, эмнэлэг, эрүүл мэндийн менежмент, манлайлал байх ёстой. Эмнэлгийн үйлчлэгчээс мэс засалч, удирдах ажилтууд гээд бүгд нэг баг бөгөөд тэдний үйл ажиллагааг үр дүнтэй байлгах нь тогтолцоо, менежментийн асуудал мөн. Хэдий тийм ч гэсэн тогтолцоог хүн бүтээдэг гэдгийг мартах учиргүй.
Сүүлийн үед би нэг зүйлийг ойлгосон. Эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагын хүн байна гэдэг нь тухайн хувь хүний ааш араншин, хариуцлага, харилцаа, хандлага, мэдлэг боловсрол, чадвараас ихээхэн шалтгаалдаг гэдгийг. Тогтолцоо, менежмент тухайн хүнийг багт байх хүн мөн эсэхийг зохих байдлаар шигшээд байгаа юм. Эрүүл мэндийн салбар ийм тогтолцоо руу явж байгаа. Улам л тогтолцоогоо сайжруулахын тулд хурдтай ажиллаж байна. Улмаар эргээд тогтолцоо, менежмент нь удирдлагуудыг хурдтай, мэдрэмжтэй, ухаалаг ажиллахыг шаардана.
ХСҮТ-д мундаг чадварлаг эрдэм мэдлэгтэй эмч нар олон байна. Гэсэн ч эмчлэхэд хэцүү зүйл бас байна. Залуусаа дэмжих хөшүүрэг нь санхүүжилт үү?
Зөвхөн санхүүг шийдэхэд болно гэж хэлэхгүй. Хэчнээн ядуу хэцүү байсан ч эмч хүн мөнгө бодож болохгүй. Эмч гэсэн мэргэжлийг сонгосон бол орж ирж байгаа хүний төлөө л байх ёстой.
Сайхан сэтгэл, хүнийг хайрлах сэтгэл гэдэг эмч хүний өгөгдөл. Энэ нь төрмөл эсвэл олдмол байж болно.
Анагаахын боловсролд зөвхөн хичээл заахгүй. Хандлагатай, өвчтөнтэй яаж харьцах, ойлгуулах чанарыг далд хөтөлбөрөөр сургадаг байх ёстой юм. Эмнэлэгт ажилд ороход цалин мөнгөнд санаа зовохгүй ажиллах тэр орчин бүрдчихсэн л байх ёстой. Мөнгө, үр хүүхдийнхээ сургуулийн төлбөр, оройн хоолны мөнгө бодохгүйгээр ажиллах ёстой. Үүнд нь санхүү, цалин харин туслах ёстой. Тэрнээс санхүү асуудалгүй сайн байвал эмч болно гэж бодвол буруу. Сайхан сэтгэл эмч хүнд заавал байх ёстой. Энэ чанар байхгүйгээр эмч болохгүй. Мөнгөнөөс хамааралтай байх ёсгүй.
Цалин бага учраас хүнд муухай хандлаа, цалин бага учраас хүнээс мөнгө авсан гэж өөрийгөө зөвтгөж байвал эмч байх ёсгүй. Өөр чаддаг зүйлээ хийх хэрэгтэй.
Эмчийн мэргэжил тийм амар биш. Хэчнээн зовлонтой байсан ч өөрийн зовлонг нууж бусдыг эмчлэх чадварыг шаарддаг. Хатуу л даа хатуу. Тийм ч учраас эмч хүн гэдэг ховор, хүн бүхэн хайрладаг мэргэжил юм даа.
Бас эмч хүн үргэлж суралцах ёстой. Эмчээ хийхийн хажуугаар өгүүлэл, эрдмийн зэрэг, судалгаа хийж байх ёстой. Өдөр бүхэн судалгаа хийнэ. Ингэж эмчилж байхад яагаад ийм хүндрэл гарав гэдгийг судлаад, уншаад, алдаагаа засаад явах ёстой. Хөгжихгүй бол бас л эмч байх хэрэггүй.
Манайхны нэг алдааг өнгөрсөн хугацаанд харахад, Талбар дээр гараад ажиллахдаа өмнөх хүнээсээ суралцдаг. Ном унших нь бага. Тэр хүнээсээ сурахдаа 60-70 хувийг нь л авна. Нөгөөх нь дараагийн хүндээ мөн сургадаг. Түвшин бүрдээ өөрийгөө “аугаа” бодчихдог. Гэтэл дэлхий яаж өөрчлөгдөж, дэлхийн хүмүүс хэрхэн суралцаж байгааг хараарай. Жишээ нь, Химийн эмийг яаж хийдгийг бүх эмч мэдэхгүй. Зүгээр нэг эм өгч байгаа гэж ойлгохоо больсон шүү. Молекул, генетикийн шинжилгээ хийж, мутацийг нь тодорхойлж байна. Энэ бүхнийг уншихгүй бол, биохими, генетик, эмийн харилцан үйлчлэлийг уншиж мэдэхгүй бол, дааврын өөрчлөлтийг хавдартай хольж уншиж судлахгүй бол явахгүй. Эмч нар салбарынхаа тэргүүн эгнээнд суралцаж, ийм байдаг гэдгийг хамгийн түрүүнд хэлээд, батлаад зогсож байх ёстой. Мэргэжилдээ атаман байх хэрэгтэй.
“Баярлалаа” гээд эмчид мөнгө өгөх нь хууль дүрмээр яаравчлан зохицуулаад байх шаардлагагүй л зүйл, Монгол хүний саруул ухаанд итгэж байна аа...
Өвдчихсөн хүн эмнэлэгт тийм ч сайхан ааштай очдоггүй нь үнэн л дээ. Гэхдээ хэрхэн зөрчилгүй харилцах боломж бүрдэх бол. Эмч үйлчлүүлэгч хоёрын дунд эмчилгээний чанарын гэхээс илүү харилцаа, хандлагын маргаан гарах гээд байдаг тал бий?
Зарим эмч нарыг ууртай, буруу харьцлаа гэдэг. Гэхдээ эмч ч гэсэн хүн гэдгийг иргэд бас ойлгох ёстой. Та өвдчихсөн яваа шиг тэр эмчийн хайртай хүн нь өвдчихсөн ч байж болно. Гэлээ ч таныг үзэх гээд, эмчлэх гээд ирсэн, тэгэхдээ хэчнээн их хичээж байх уу? Гэр бүлийн асуудлууд зөндөө. Гэтэл орж ирсэн үйлчлүүлэгч дайрч давшилсан, сөрөг хандлагаар хандахад тэр бүхнийг порлон шиг өөртөө шингээж тэсэхгүй үе гарч болно. Мэдээж ийм нөхцөл байдлаас аль болох сэргийлж ажлын цагийн менежмент хийж зохицуулахыг хичээдэг. Өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг нь эмч ажилчдаа үздэг, тэдэнд тусалдаг, байгууллагын сэтгэл зүйн удирдлага бодлогын хэмжээнд байгаагүй. "Ажлаа л хий. Гомдол битгий гарга. Гомдол гаргавал өөрсдөд чинь л гайтай шүү. Хариуцлага тооцно шүү" гэх хүнд таалагдах гэсэн дээд удирдлагын менежменттэй байж ирсэн. Үүнийгээ жинлэх ёстой. Цаг нь ирсэн. Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайлна, амьдралын ачаа үүрч яваа, гэр бүлд нь юу ч тохиолдож болно, амьдралын хэцүү нөхцөл байдалтай ажил дээрээ ирж болно. Үүнийг нь бид маш сайн ойлгох ёстой. Нөгөөтээгүүр эмч гэдэг бусад мэргэжлээс нэг ялгаатай нь хүний амьтай харьцаж байгаа. Эмч ирэх ёстой өдрөө ирэхгүй ажлаа таслахад маш олон хүнд нөлөөлнө. Тиймээс ямар ч байсан ирдэг л хүмүүс. Асар их сэтгэлийн хаттай хүмүүс шүү. Өвчтөнөө тэд хайрладаг шиг тэднийг ч бас хайрлан, хүндлэх хэрэгтэй.
“Баярлалаа” гээд эмчид өгсөн мөнгө төгрөг хэл ам дагуулах нь бий. Хагалгаанд орсны дараа талархсандаа өвчтөний ар гэрийнхэн эсвэл өөрөө өгдөг нь нууц биш. Үүнийг халахыг орчин үед хэсэг хүмүүс дэмжих болж. Энэ талаар таны бодол болон танай эмнэлгийн дүрэм журмыг сонсъё?
Танил талын асуудал бас яригддаг. “Танилгүй бол улсын эмнэлгээр явахгүй нь. Танилгүй бол үхэх юм байна” гэдэг үгийн учрыг та тайлбарлаж чадах уу?
Ийм зүйл байгаа нь ойлгомжтой. Улсын эмнэлэгт тусламж үйлчилгээний хүртээмж хүрэлцэхгүй байгаа л гэсэн үг. Улсын эмнэлэг багтаамж нь хүрэлцэхгүй байна, мөнгөгүй байна, оочер ихтэй байна. Үнэхээр хүрэлцээтэй байсан бол танил, хамаатан садан гэж явахгүй. Жишээлбэл, ХСҮТ 1982 онд баригдсан байшиндаа л одоог хүртэл байна. Ор, өрөө сав нь хязгаартай. Анх 10 мянган хүнд үйлчлэх зориулалтаар баригдсан. Өнөөдөр 150 мянган хүн үйлчлүүлэх нөхцөл байдал үүссэн. Ингээд багтахаа больж байна.
Бүх хүн ХСҮТ-д ирж байна. Ирэх нь ч зөв. ХСҮТ-д олон жилийн туршлагатай, мэргэшсэн хүмүүс нь байна. Дөнгөж хавдрын тусламж үзүүлж эхэлж байгаа эмчийн харах өнцөг, олон жил ажиллаад туршлагажсан, өвчин зовлон үзсэн, дээрээс нь олон улсын туршлага судлаад дотооддоо нэвтрүүлэх гээд явж байгаа хүмүүсийн харах өнцөг өөр. Ийм ялгаа нь манай төвийн ачаалал нэмэгдэх нэг том шалтгаан.
Гол нь тэр олон тусламж үйлчилгээний аль нь хөдөө орон нутагт, аль нь дүүргийн эмнэлэг, юу юу нь бусад төв эмнэлгүүдэд байх ёстой вэ гэдэг нь чухал. Тухайлбал, хими эмчилгээ, зарим төрлийн мэс засал, эмэгтэйчүүдийн хоргүй хавдрууд гэх мэт тусламж үйлчилгээ бусад эмнэлэгт байх ёстой.
Харин Хавдар судлалын үндэсний төв гэдэг утгаараа бусад газар үнэхээр хийж чадахгүй байгаа шинэ технологиудыг нэвтрүүлж байна. Жишээлбэл, цээжний хагалгаа. Цээжний хагалгааг бусад шатлалын эмнэлэгт тараах боломжгүй. Харин элэгний хагалгааг зарим газар хийдэг байх ёстой. Цээжний хагалгааг хийхийн тулд туршлага хуримтлагдах ёстой. 3.5 сая хүн амд нэг л төв байх ёстой стандарт бий. Дор хаяж жилдээ зуугаас дээш удаа цээжний хагалгаа хийдэг байх ёстой. Тэгж байж аюулгүй болно. Гэтэл зуун хагалгаа хийгээгүй, туршлагагүй эмнэлэг шаардлага хангахгүй. Тэнд бүрэн баг ажиллана. Маш олон шалгууртай. Тэдгээрийг хангаж байж эрхээ авдаг. Энэ бүх соёл монголд нэвтрэх хараахан болоогүй л байна. Тиймээс үйлчлүүлэгчдийн ачаалал, танил талын асуудлыг өргөс авсан мэт арилгах нь өнөөдрийн нөхцөлөөр хэцүү. Ул сууриар нь арилгая гэвэл Монгол Улс хүний өмнө нүүр бардам харуулах эрүүл мэндийн тогтолцоотой, хөрөнгө оруулалтыг шийдэмгий хийдэг, эмнэлгүүд нь чадавхтай, орчин үеийн стандартад нийцсэн, ажилтнууд нь ямар нэгэн асуудалд сатаарахгүйгээр авсан цалиндаа сэтгэл хангалуун ажиллах тийм л орчин бүрдэх ёстой. Үүнийг бий болгох боломж бий. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулдаг, ойлгодог, засаг төр л хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд тийм төр байсангүй.
Эрүүл мэндийн салбар хүчтэй байхад яг юу хэрэгтэй вэ?
Яг одоо бол санхүүжилт л хэрэгтэй.
Амьдрал сайхан. Тиймээс хүмүүс амьдралд үргэлж шунаж, амьдрах итгэл нь эцсийн мөч хүртэл нь зогсдоггүй...
ХСҮТ -ийн чадамж, чансаа дэлхийн хаана яваа бол. Тоног төхөөрөмж, эмч нарын чадвар, гүйцэтгэл, эмчилгээний үр дүнг базаад хэлбэл?
ХСҮТ-д цаг авах гэхэд сарын дараа гэлээ, сар хүлээж байхдаа үхэх юм байна гэдэг асуудал яригдаад байдаг. Тусламж үйлчилгээний нэр хүнд унахад нөлөөлж байгаа байх. Ачааллыг ойлголоо ойлголоо гэхэд хүн эрүүл мэнд, амь амьдралаараа ойлгоно гэдэг хэцүү. Хэн хэнийх нь буруу биш энэ байдал байгаад л байна. Яах вэ?
Би хэлсэн шүү дээ. Амбулаторийн 28 өрөө байсныг булан тохой өрөө нэмээд нэмээд 32 болгосон. Тэглээ ч ачаалал нь дийлдэхгүй байна. Харин хагалгааны ачаалал тийм олон хоног биш. 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. Тэр хугацаанд бүх шинжилгээгээ хийлгээд, эмч нартаа үзүүлээд ороход яг тохирч байгаа. Гэтэл амбулаторийн цаг авахад толгой хүзүү, туяа, хөхний тасагт хамгийн их оочертой байна. Бусад тасагт оочергүй. Бид 7 хоног бүр хүлээлгээ үздэг. Хамгийн эхэнд толгой хүзүү, хөхний үзлэг байна.
Манайх “Хөхний төв” байгуулсан. Тийм их өвчтөн ирнэ гэж тооцоолоогүй байсан. Хоёр өрөө гаргаад, төв байгуулаад үзтэл хөхний асуудалтай маш их хүн хандсан. Тэр хүмүүс ХСҮТ-д л үзүүлнэ гэдэг. Үүний нэг асуудал нь тогтолцоо. Миний ойлгож байгаагаар, манайд хандаж буй энэ урсгалын 60 хувь нь дүүрэг, нэгдсэн эмнэлэгтээ асуудлаа шийдүүлчих боломжтой байдаг. Гол асуудал нь дүүрэг, бусад эмнэлэгт чадамжтай боловсон хүчин нь байна уу гэвэл сул. Бас 13А маягт шаардахаа больсон учраас хүмүүс дуртай эмнэлэгтээ үзүүлэх гэж ирж байна. Энэ нь оочер бий болгож буй. Үүнийг шийдье гэхэд өрөөгөө нэмэх, эмчийн орон тоогоо нэмэгдүүлэх асуудал үүснэ. Тиймээс дүүрэг болон хувийн эмнэлгүүдийг чадамжийг сайжруулах шаардлагатай.
Хавдраас хүмүүс айдаг. Хүнд өвчин гэж хүлээж авдаг. Энэ өвчний эмчилгээ, оношилгоо дэлхийд хэрхэн хөгжиж байна вэ. Өвдсөн битгий хэл өвдөөгүй хүмүүс ч хавдрын төгс эмчилгээ гараасай гэж хүсдэг. Хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдал судалгааг та хэлж өгнө үү?
"Хавдрыг эмчлэх арга замыг нээсэн хүнд алтан хөшөө босгоно" гэдэг үг байдаг. Одоогоор хавдрыг бүрэн төгс эмчлэх боломжгүй. Тийм ч учраас эмчилгээний маш олон аргууд гарсаар байна. Бүх хавдрыг эмчилж чадахгүй ч гэсэн янз бүрийн судалгаа, туршилт, аргууд нэмэгдсээр байгаа. Маш олон зүйлтэй хамааралтай учраас хавдартай хүн бүр 100 хувь эдгэрдэггүй. Дэлхий дээр нийт хавдраар оношлогдсон хүмүүсийн 65 хувь нь 5-аас дээш жил амьдардаг. Үүний дотор эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хавдрын 90-ээс дээш хувь нь амьдрах чадвартай. Бусад хавдрууд үүнээс буураад явдаг. Хамгийн амьдрах чавдар муутай нь түрүү булчирхай, нойр булчирхай, уушгины хавдар байна.
Эмчилгээний хувьд дэлхийн стандартын эмчилгээг манайх хийж байгаа. Харин төрөл, технологиуд орж ирэх нь удаан байна. Дархлаа эмчилгээг бид одоо л оруулж ирэх гэж байна. 1995 онд нээгдсэн дархлаа эмчилгээг өнөөдөр л оруулж ирж байна гээд боддоо. 30 жилийн хоцрогдолтойгоор, дархлаа эмчилгээг шинэ технологи гэж оруулж ирж байна. Учир нь санхүүжилт, даатгалын асуудал шийдэгддэггүй.
Монгол хүн амьдрах, чанартай тусламж үйлчилгээ авах эрхтэй шүү дээ.
Мэс засал ийм байх ёстой, ийм багажаар хийх ёстой гэхчлэн суурь тусламж үйлчилгээ бол нэгдсэн нэг стандартад орчихсон. Гэтэл бидэнд цөмийн технологийн эмчилгээнүүд байхгүй. Туяа эмчилгээ тодорхой түвшинд хүрэх гээд явж байна. Хүртээмж нь бага. Ийм л асуудлууд байна. Эсийн эмчилгээ дэлхий дахинд бий болсон ч үр дүн нь эцийн байдлаар батлагдаагүй, туршигдаад явж байна.
Шинэ эмчилгээний хажуугаар бид мөн нийгмийн эрүүл мэндээ сайжруулах хэрэгцээ бий.
Мамхи, архи зэрэг хорт зуршлаас татгалзах гэх мэт. Хотжилт, хоол хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг багасгах, эдгээр олон эрсдэлийг бууруулахын хэрээр хавдрын эрсдэл багасна. Бүгдийг нь зэрэг хөгжүүлэх ёстой.
Монгол эмч хийж чадахгүй, сурч чадахгүйдээ биш, бидэнд хийсэн хөрөнгө оруулалт бага, шинэ технологи орохгүй байгаадаа л дэлхийн түвшний шинэ эмчилгээг хийж чадахгүй байна.
Эмч нар маань тархинд хутга хүргэхгүйгээр тархины гүний хавдрыг эмчлэх боломжтой болсон. Суралцаад мэдчихсэн. Гэтэл аппарат нь байхгүй учраас хийж чадахгүй байна. Гадаадын улс орон руу эмч нараа явуулж сургадаг. Ирээд хийх гэхэд орчин нь байхгүй. Дэлхийн түвшнээс зарим газраа 20, 30 жилээр хоцорч буйн шалтгаан энэ.
Жилд 6 мянган хүн хавдраар оношлогдож, 4-5 мянган хүн хавдраар нас барж байна. Таны хувьд энэ бүхэнтэй ажиллахдаа хамгийн их харамсдаг зүйл нь юу вэ?
Сувилагч нартай ярилцаж байхад нэг үг их мэдрэмж төрүүлж байсан. "Утсан чинээ улаан амь гэдэг ч цагаа тулахаар тасардаггүй амь шүү" гэж хэлсэн байсан. ХСҮТ-ийн захирал байна гэдэг, таны нүдэн дээр хүмүүсийн амьдрал дуусаад, эсвэл үргэлжлэх боломжтой болоод л байна. Амьдрал гэдэг зүйлийн талаар юу бодогдох вэ. Бодолд автах мөчүүд илүү олон байдаг байх?
Олон зүйл бодогдож байна.
Амьдрал сайхан. Тиймээс хүмүүс амьдралд үргэлж шунаж, амьдрах итгэл нь эцсийн мөч хүртэл нь зогсдоггүй.
Хөнгөвчлөх тасагт байгаа, тавилан нь ойлгомжтой болсон ч гэсэн “эмчээ эдгэрнэ биз дээ” гэсэн итгэлийн нүдээр хардаг. Тиймээс хамтдаа хичээдэг. Амьдрал сайхан гэж үзсэн учраас өдөр бүр, 21 хоногийн турш хими эмчилгээ, туяанд орж байгаа хүмүүс байна. Тэд асар том зүрх сэтгэлтэй. Тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой.
Ний нуугүй хэлэхэд, хэчнээн амьдрах сайхан ч гэсэн заавал бид ийм их тэмцэлтэй амьдрах ёсгүй л юм. Хоёр хүүхэдтэй эмэгтэй. Хавдартай гэдгийг нь мэдээд нь нөхөр нь салаад явчихсан. Тэр эмэгтэй хоёр хүүхдээ хичээлд нь зөөж, ажиллахын хажуугаар химийн эмчилгээгээ хийлгэдэг. Хэчнээн их ядарч байгаа бол. Хими эмчилгээ маш хүнд. Дээрээс нь сэтгэлийн зовлонтой, хажуунаас нь түших дэмжих хүнгүй. Гэсэн ч хүүхдүүдээ боловсролтой болгоно, том болгочих юмсан гээд хичээж байна. Дотроо айдастай.
Над руу бас нэг хүн бичиж байсан. Би гурван сарын дараах хяналтдаа орох гэж байна. Айгаад байна гэж. Дахиад нэг юм гараад ирчих вий гэж айжээ. Тэр их айдастай байгаа хүмүүсийг манай улс яагаад ийм хатуу нөхцөлд амьдруулдаг юм бэ гэж заримдаа боддог.
Нийгмийн халамжийн бодлого нь ашигтай ашиггүй янз бүр. Хүнээ олдог байх хэрэгтэй. Хоёр хүүхдээ өсгөж, ажилтай орлоготой байхын хажуугаар хавдрын хими эмчилгээ хийлгэж буй тэр бүсгүйд, группд байгаа ч мөнгө нь хүрэлцэхгүй байгаа тэр хүмүүст туслах ёстой. Дан ганц эмнэлэг үүнийг чадахгүй. Бодлого хэрэгтэй.
Би ер нь ч эмо л доо. Нэг удаа фэйсбүүк дээрээ бичиж л байсан. Заримдаа энэ ажлыг хийхээс залхаж байна гэж. Гэхдээ бид хийхгүй юм бол өөр хүн хийх билээ. Би эмч болсноороо бахархдаг. Сэтгэлийн дуудлагаараа эмч болсон. Эмчийн мэргэжлийг сонгож байгаа хүмүүс “хүнд тус больё, хүнийг эдгээе” гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ хүмүүсийн хүсэл бодол наймаа хийдэг ч юм уу, бизнесмен, улс төрчдөөс ангид. Хүний амийг эцсийн мөч хүртэл аврах гэж хичээх, хайраа түгээж, босгох гэж хичээдэг сэтгэл зүрхний дуудлагатай тийм л хүмүүс эмч, сувилагч болдог. Би тэгж итгэдэг.
Бусад улс орны эмч нартай монгол эмч нарынхаа мэдлэг чадвар, нөхцөл байдал бүгдийг харьцуулаад харахад манай улс эмч нартаа хэр ээлтэй юм бол?
Эмч нараа хамгаалж, эмч нарынхаа өмнөөс хүсэх гурван хүслээ та хэлээч? Зоригтойгоор.
Би үүнээс илүү юм хүсэхгүй.
1-рт. Эмч нарын, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг бодитоор үнэлчих. Өнөөдрийнх шиг хайрцганд хийгээд, шинэ технологи хийх гэхэд нь битгий дараад бай. Даатгалын систем маш зөв болж хөгжсөн. Одоо тэрэн дээрээ жаахан дэмжлэг үзүүлээд өгөөч.
2-рт. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь ажиллахад таатай, орчин үеийн, иргэдэд ээлтэй эмнэлгүүдийг бий болгоод өгөөч.
3-рт. Монгол төрд илүү ухаантай, сэтгэлтэй хүмүүсийг гаргаад өгөөч гэж хүсэх байна. Манай салбарын олон хүн бодлогын түвшинд, төрд гараасай.