Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв.
2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр дундаа 7 дугаар сарын хэт халалтын үеэр Европын өмнөд хэсгийн 41 орчим хувь нь маш хүчтэй, хэт халууны дарамтанд орсон байна. Мөн гамшигт үер, ган гачиг, хүчтэй шуурга, түүхэн дэх хамгийн том ойн түймэрт өртсөн талаар дурдав. Европ нь дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив болоод байгаа бөгөөд өнгөрсөн жил дэлхийн хэт халалт, темпратурын дээд цэгт хүрсэн байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд хэт халалтаас үүдэлтэй нас баралт 30 хувиар нэмэгджээ. 2023 онд халуунаас үүдэлтэй нас баралтын тоог тодорхой зарлаагүй ч, 2022 онд хэт халалтын улмаас 70 мянган хүн нас барсан бөгөөд энэ тоог давсан гэж таамаглаж буй аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цаг уурын эрс тэс үзэгдлүүд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ба 2024 онд өмнөхөөс илүү эрсдэл дагуулж болзошгүйг мөн анхаарууллаа.
46 хэмээс дээш халах үед "халууны стресс"-т өртөж, эрүүл мэндэд сөргөөг нөлөөлөх тул халуунд цохиулахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг зөвлөв. Хүмүүс хэт халууныг үл тоосноос болж хүндрэх, ялангуяа өндөр настай, хүүхэд, өөр бусад өвчтэй хүмүүс илүүтэй өртөж байгаа тул цаг уурын байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагахыг санууллаа.
Эх сурвалж: Guardian, DW