2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

А.Тайванжаргал: Сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүн 4-5 уулзалтын дараа гардаг

— Ч.Баяржаргал   2023 оны 02 сарын 06

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг сэтгэл зүйн байгууллагуудын чанар хүртээмж болон сэтгэл зүйн үр дүнтэй тусламж үйлчилгээг хэрхэн хаанаас авах талаар мэдээлэл хүргэхээр Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай ярилцлаа.

Юуны өмнө та Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар танилцуулаач? 

Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг /MPA/ нь 2021 оноос сэтгэл зүйчдийн мэдлэг ур чадвар, олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн оноос Монгол улсад ЕБС-дад боловсролын мэргэшсэн сэтгэл зүйч ажиллах орон тоо батлагдсантай холбоотойгоор сэтгэл зүйчдийн мэргэшүүлэх сургалтыг Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөл, “Бадамлин” ТББ, НҮБ-ын Хүүхдийн сан, сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, сэтгэл зүйн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирлээ. Энэ ажлын хүрээнд одоогоор 203 боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчдийг Улаанбаатар хот, аймаг орон нутгийн сургуулиудад ажиллуулж эхлээд байна. 

ЕБС-дад боловсролын сэтгэл зүйч ажиллаад хоёр жил өнгөрч байна. Эхний үр дүн гарсан болов уу?

Боловсролын сэтгэл зүйчдийн ажлын үр дүнг үнэлэх, хүүхдүүдийн сэтгэл зүйн ерөнхий онцлог байдал ямар байгаа талаар гарааны судалгааг энэ төслийг анх эхлэхэд хийсэн. Удахгүй барианы судалгаа хийх юм. Ингэснээр сэтгэл зүйчид сургуульдаа ямар үр дүнтэй ажиллаж байна, цаашид юуг сайжруулах шаардлагатай талаар харах боломжтой болно. ЕБС-дад мэргэшсэн сэтгэл зүйчид ажиллаж эхэлсэн эхний хичээлийн жилд манай сэтгэл зүйчид нийт суралцагчдын 20%-д нь хүрч ажилласан байгаа. Энэ бол харьцангуй богино хугацаанд боломжийн үр дүн гэсэн үг юм. 

Хэдийгээр орон тоо нь батлагдсан хэдий ч төсөв санхүүгийн асуудлаас шалтгаалан бүх сургуульд ажиллуулах, мэргэшүүлэн сургах боломж дутмаг байгаа. Нөгөөтэйгүүр сургуулиуд ажлын байр, орон тоогоо яг бодитой бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөний стандарт гэж бий. Боловсролын сэтгэл зүйчид маань бэлтгэгдээд сургуульд очсон ч тогтмол зөвлөгөө өгөх боломж, стандарт нь хангагдахгүй байна.

Өнгөрсөн оны сүүлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй сэтгэл зүйн байгууллагуудын бүртгэл, судалгааг танайхаас хийсэн байсан? 

Бид сэтгэл судлалын  салбарт цаашид хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөндөө тулгуурлан сэтгэл зүйч мэргэжилтнүүдээ бүртгэлжүүлэх, лицензтэй (тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн) ажилладаг болгох, мэргэшүүлэх сургалтуудад хамруулж ур чадварыг нь дээшлүүлэх, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор энэ судалгааг хийсэн юм.

Судалгаагаар 50 гаруй сэтгэл зүйн байгууллага практик үйлчилгээ үзүүлж хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт 250 орчим сэтгэл зүйч ажиллаж байна. 

Ерөнхийдөө Монголд үйл ажиллагаа явуулж буй сэтгэл зүйн байгууллагуудын 85 орчим хувь нь бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд шинээр сэтгэл зүйн байгууллагууд нэлээдгүй нэмэгдэж байна. Сэтгэл зүйчдийг бүртгэлжүүлснээр энэ салбарын хүмүүс нэг зүг чиг рүү харж ажиллах нөхцөл бүрдэхээс гадна мэргэших, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бололцоо нэмэгдэх юм.

Сэтгэл судлалын салбар манай улсад хэр хөгжиж байна вэ? 

Боловсролын сэтгэл зүйчид мэргэшиж эхэлсэн нь Монгол Улс сэтгэл зүйн салбарыг бодлогоор дэмжсэн томоохон алхам болсон. Өөрөөр хэлбэл боловсролын тогтолцоонд урьд өмнө байгаагүй нэгэн шинэ дэд тогтолцоо бий болж хөгжих суурь тавигдаж байна. Түүнээс гадна манай улсын сэтгэл зүйн шинжлэх ухааны хөгжилд томоохон дэвшил гарч хэрэглээний сэтгэл судлалын анхны мэргэшсэн салбар бий боллоо. Ийм байдлаар цаашдаа бүх чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйчид бэлтгэх суурь тавигдаж байгаа юм.

Урьд нь сэтгэл зүйчид Их дээд сургууль, практик сэтгэл зүйн байгууллагад эсвэл хувиараа сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж ажилладаг байсан. Харин одоо улсын байгууллагад сэтгэл зүйчийн орон тоо бий болж тэр хэрээр иргэд сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг мэдэрч эхэлж байна. Мөн байгууллагууд сэтгэл зүйчтэй болж ажилчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг болсон. Цэрэг, цагдаагийн байгууллага, дүүргүүд, эмнэлгийн байгууллагад сэтгэл зүйчид ажиллаж байна. Жил ирэх тусам сэтгэл зүйчдийн ажлын байр, орон тоо нэмэгдэж байгаагаас салбарын хөгжил хэр байгааг харж болох байх.

Сэтгэл зүйчийн мэргэжлийн ёс зүй, туршлага, ур чадвар хэр байгаа гэж дүгнэх вэ? Сэтгэл зүйчид итгэх иргэдийн итгэл үнэмшил тийм ч сайн биш байгаа санагддаг? 

Манайд хууль эрх зүйн орчин, зохицуулалт, дүрэм журам хараахан бий болоогүй байгаа. Монголд ажиллаж буй сэтгэл зүйчид дийлэнх нь АНУ, Канад, Хятад зэрэг улс орнуудын сэтгэл зүйчдийн ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаг. Сэтгэл зүйч мэргэжилтнүүдээ илүү чадавхжуулах, мэргэших хэрэгцээ шаардлагыг нь олж харахад чиглэсэн суурь ажлуудыг нийгэмлэгийн зүгээс хийгээд явж байна.

Салбар чиглэлээр мэргэшин практикт ажиллаж буй сэтгэл зүйчдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Тухайлбал, зөвхөн хосын харилцаа, гэр бүл, хүүхэд, донтолт, сэтгэл гутрал гэх мэт нарийн чиглэлд мэргэших шаардлага бий болсон. Тиймээс мэргэшсэн, туршлагатай, чадвартай сэтгэл зүйчийг сонгож үйлчлүүлэх эрх, сонголт нь иргэнд нээлттэй. 

Манай улсад сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмж ямар байгаа вэ? 

Тухайн улс орны хүн амаас хамаарч өөр өөр байдаг. Зарим газар 2000 хүнд нэг сэтгэл зүйч ногдож байхад, зарим муж дүүрэг ихтэй улсуудад 500-1000 хүнд нэг сэтгэл зүйч ногдож байна. Ер нь дунджаар 1000-2000 хүнд нэг сэтгэл зүйч ногдох хэрэгтэй гэж үздэг.

Тухайлбал, өнгөрсөн оны 6-р сард эхний мэргэшсэн 64 боловсролын сэтгэл зүйчийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгуулахад нэг хичээлийн жилийн хугацаанд 141 мянга гаруй хүүхдэд хүрч ажилласан байсан. Энэ нь 2000 гаруй хүүхдэд нэг сэтгэл зүйч ногдож буй юм.Цаашид боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчийн орон тоо, хүртээмж жил тутам нэмэгдэнэ. 

Өсвөр үеийнхэн дунд сэтгэл зүйн ямар асуудал түгээмэл тохиолдож байна. Ямар асуудлаар сэтгэл зүйчид хандаж байна вэ? 

Өсвөр насны сурагчдын сэтгэл зүйчид хандаж буй дийлэнх шалтгаан нь үе тэнгийн хүүхдүүдтэйгээ яаж харьцахаа мэдэхгүй байх, дээрэлхэлт, гадуурхал, гэр бүлийн асуудал, эцэг эхтэйгээ ойлголцохгүй байх зэрэг шалтгаан байдаг. Зарим тохиолдолд эрсдэлт зан үйл, компьютер тоглоомын хамаарал, сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр гэх мэт асуудлаар ч хандаж байна. 

Дэлхий нийтэд түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэгийн тархалт нэмэгдэж буй талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Манайд энэ чиглэлээр сүүлд ямар судалгаа хийсэн бол? 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Ковид-19 цар тахлын үед хоёр төрлийн судалгаа хийсэн байсан. Нэг судалгаанд нь 4000 гаруй хүн хамрагдсан бөгөөд 23 хувьд нь нойргүйдэл, 28 хувьд нь сэтгэл гутрал, 32 хувьд нь сэтгэл түгшилтийн шинж тэмдгүүд ажиглагдсан талаар танилцуулсан. Дэлхий нийтэд ч эдгээр сэтгэцийн эмгэгүүд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамаарч өсөх хандлагатай байна.

Монголд сэтгэл судлалын салбарт нэн хэрэгцээтэй зүйл нь олон хүнийг хамруулсан суурь судалгаануудыг хийх явдал юм. 

Шинжлэх ухааны үндэслэл сайтай, зөв арга, аргачлалаар улсын хэмжээний төлөөллийг хангасан түүвэр бүхий судалгаа хийж Монгол хүнээ таньж мэдэх шаардлагатай.

Сэтгэл зүйн тусламж үйлчилгээний үнэ тариф, үнэлгээг хэрхэн тогтоодог юм бэ? 

Сэтгэл зүйн байгууллагууд үнэлгээгээ өөрсдөө гаргадаг. Олон улсын жишгээр бол сэтгэл зүйч мэргэжлээрээ ажилласан туршлага, эрдмийн зэрэг цол, аль чиглэлд мэргэшсэн гэдгээр үнэлэмж нь нэмэгддэг.

Манайд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ, үзлэг оношилгооны үнэлгээ олон улстай харьцуулахад харьцангуй бага байдаг. Иргэдийн боломж, эдийн засгийн байдал зэрэг нөхцөл байдлыг сэтгэл зүйч, байгууллагууд харгалзан үзэж үнэлгээгээ гаргадаг.

Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үр дүнтэй болгоход юу нөлөөлөх вэ? Хүмүүс нэг удаа очиж үзсэн, үр дүнгүй гэж ярих нь бий? 

Сэтгэл зүйн боловсрол мэдлэг, зөв ойлголттой байх нь зөв газраа сонгож үйлчлүүлэхэд чухал нөлөөтэй. 

Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн боловсрол олгох суваг, контент олон болсон. Тиймээс эхлээд өөрийн хэмжээнд хайж мэдэж ойлголттой болох хэрэгтэй. Тухайн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж буй байгууллага болон мэргэжилтний талаар нээлттэй асууж мэдэх боломжтой байдаг. Сэтгэл зүйчээ сонгох нь үйлчлүүлэгчийн эрх учраас ямар чиглэлд мэргэшсэн, хэдэн жилийн туршлагатай зэрэг мэдээллийг эхлээд үйлчлүүлэгч аваад дараа нь хаана үйлчлүүлэхээ сонгож болно.

Сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүн 4-5 уулзалтын дараа гардаг гэж үздэг. Асуудлаасаа хамаараад 1-2 бүр 3 жил ч үргэлжлэх тохиолдол бий. Хүмүүс ихэвчлэн аль болох хурдан үйлчилгээ авч хурдан үр дүнд хүрэх хүсэлтэй байдаг. Тухайн хүний өнөөдрийг хүртэлх туулсан амьдралын туршлага өргөн учраас ганц удаагийн уулзалтаар өөрчлөгдөх боломжгүй юм. Тиймээс сэтгэл зүйн зөвлөгөө, засалд хамрагдах гэж байгаа бол давтан уулзалтад хамрагдаж байж үр дүнд хүрнэ. Тухайн сэтгэл зүйч танд хэдэн удаа уулзах хэрэгтэй талаар хэлж ярилцана.

Мөн сэтгэл зүйчээ сонгохдоо анхаарах, мэдэх шаардлагатай хэд хэдэн зүйлс бий. Тухайн сэтгэл зүйч ямар сургууль төгссөн, аль чиглэлд мэргэшсэн, сэтгэл зүйн үйлчилгээг хаана ямар орчинд үзүүлж байна, өөрийгөө болон сэтгэл зүйн үйлчилгээнийхээ талаар танд ямар мэдээлэл өгч танилцуулж байгаа зэргийг асууж тодруулсны үндсэн дээр үйлчилгээ авах нь зүйтэй.

Ярилцсанд баярлалаа. 

Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой 5 баримт

Нас насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой шинж чанар, тулгардаг асуудлуудын талаар сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд юу хэлэв? Аав нь ээжид нь хүндэтгэлтэй харьцдаг гэр бүлд өссөн эмэгтэй хүүхэд өөрийгөө зөв илэрхийлж авч... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 07

А.Солонго: Хөөрөл, гутралын "Хоёр туйлт сэтгэл цочирдох эмгэг" ковидын дараа олноор бүртгэгдэж байна

ДЭМБ-аас 2021-2022 онд хийсэн судалгаагаар дэлхий дахинд "Хоёр туйлт сэтгэцийн эмгэг"- ээр 48 сая хүн оношлогдсон гэх тоог мэдээлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 01

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө