2024/04/30. Мягмар гараг Дугаар: #2994

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн боловсролын сэтгэл зүйч нарыг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ. 

"Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 35 сэтгэл зүйчийг чадавхжуулж, 3000 хүүхэд, 800 эцэг, эхийг хамруулсан сургалт хийнэ

Хөтөлбөрийг нээж "Шинэ Эхлэл" ТББ-ын захирал, Клиник сэтгэл зүйч (Ph.D) Т. Хонгорзул хэлсэн үгэндээ, Бид Сэтгэл зүй, Хүний хөгжлийн Шинэ эхлэл төвийг 2014 онд байгуулж, 10 дахь жилдээ сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг олон нийтэд таниулах, хүргэх, мэргэжлийн сэтгэл зүйч нарыг чадавхжуулах, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "Гэрэл-Эргэлт" цогц хөтөлбөр 2023 оны 11 дүгээр сард нээлтээ хийж, танилцуулж байсан. Тухайн үед хөтөлбөрөө Австралийн сайн дурын хөтөлбөрт танилцуулан, хамтран ажиллах хүсэлтээ өгсөний дагуу Австралийн сэтгэцийн эмч Доктор Жойстой 2024 оноос эхлэн мэргэжлийн сэтгэл зүйч нарыг чадавхжуулан, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх тал дээр хамтарч ажиллахаар болсон юм. 

Австралийн Элчин сайдын яамнаас бидэнд "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрөө өргөжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэн, санхүүжилт олгож хамтран ажиллахаар болсонд маш их талархаж байна. Төслийн зорилго нь сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхжуулж өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, өсвөр насныхан сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч амьдралын хэцүү үеүдийг даван туулах чадварыг олгоно гэдгийг онцлов. 

ЕБС-иудаас шалгарсан 35 сэтгэл зүйчийг чадавхжуулах сургалт хөтөлбөр 2024 оны 4-р сарын 8-аас 12-р сарын 20 хугацаанд үргэлжлэх бөгөөд 24 цагийн сургалт, 28 цагийн супервишинд хамрагдаад зогсохгүй өөрийн сурсан мэдсэн зүйлээ практикт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Хөтөлбөрт хамрагдсан сэтгэл зүйч нар өөрсдийн сургууль дээр өсвөр насны 100 хүүхэд, 50 эцэг эхэд сургалтаар олсон зүйлээ заах юм. Хөтөлбөрийн хүрээнд нийт 3000 хүүхэд хамрагдаж, 800 эцэг эхчүүдэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн анхаарах ойлголт өгөх сургалтыг хийнэ. Цаашлаад төслийг өргөжүүлэн “Хүний Эрхийн Үндэсний Комисс”, ”Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам”-ы хэрэгжүүлэгч агент “Гэр бүл хүүхэд, залуучуудын газар”-тай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэдгээ илэрхийллээ.

"Гэрэлт-Эргэлт" төслийг хэрэгжүүлэхэд Австралийн Засгийн газар, Сайн дурын сангаас 59 мянган австрали долларын санхүүжилт олгов

Австралийн Элчин сайдын яамны төлөөлөгч, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Прэстон: Австралийн сайн дурын ажилтан хөтөлбөрөөр дамжуулан "Шинэ Эхлэл" ТББ нийгэмд маш ач тустай ажил хийснийг бид харсан. Энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, бичил төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2023-2024 оны санхүүгийн жилд Монголд зарласан бичил төсөлд "Гэрэл-Эргэлт" төслийг хамруулсан нь шалгарч 59 мянган австрали долларын санхүүжилт олгосонг Австралийн Засгийн  газрын өмнөөс дуулгаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд амжилт хүсэж, Монголын өсвөр үеийнхэн, залууст ач холбогдолоо өгсөн, эерэг үр дүн авчирсан төсөл болно гэдэгт итгэж байна.

Хэн нэгний амийг аврах, амиа хорлох үйлдлийг болиулах нь маш үнэ цэнтэй, чухал үйл хэрэг. "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрөөр дамжуулан эцэг эхчүүд болон сургуулийн сэтгэл зүйч нарт залуусыг дэмжих, туслах боломжтой болж байгаа нь саашаалтай. Бидний хувьд Австралиас мэргэжлийн сэтгэл зүйчийг Монголд урьж сэтгэл зүйч нарт мэргэжлийн чадавхыг сайжруулах сургалтыг хийж байгаа. Өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн олон асуудал, амиа хорлох бодол төрдөг гэдгийг олон нийтээр ойлгож, нүдээ аниад өнгөрөхгүйгээр хэрхэн шийдэх талаар нээлттэй суралцаж, хуваалцдаг болох нь төслийн ач холбогдол гэж харж байна. Мөн энэ төслийн онцлог нь зөвхөн гадны туршлагыг нэвтрүүлэхээс гадна дотоодын мэргэжилтэн, сэтгэл зүйч нараа чадавхжуулан бэлтгэж байгаа явдал юм. 

 “Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам” -ны төлөөлөгч Rachel Stone: “Гэрэлт-Эргэлт” төсөл маш гайхалтай төсөл гэж бодож байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын талаар нээлттэй ярих боломжтой байна гэдэг нь чухал билээ. Монголд өсвөр насныхны 30 гаруй хувь нь амиа хорлох бодол төрж, оролдлого хийж байсан гэдгийг сонсоод маш их цочирдсон. Магадгүй бодит тоо нь үүнээс илүү ч байж болзошгүй. Хэн нэгнийг сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалтай байгааг гаднаас нь хараад тэр бүр мэдэх боломжгүй. Саяхны НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар, Дэлхийд 1.3 тэрбум өсвөр үеийн залуус сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай, амиа хорлох бодол, оролдлого хийж байгаа гэх тоог дурдсан нь өндөр аюултай үзүүлэлт. Өсвөр насныхны хувьд хүүхэд наснаас том хүн болох шилжилтийн хүнд, эмзэг үеийг даван туулдаг бөгөөд сэтгэл зүйн олон асуудал, хэрэгцээ шаардлага бий болж байдаг. Иймд цаг үеэ олсон төслийг хэрэгжүүлж буй "Шинэ Эхлэл" ТББ, төсөлд оролцож буй бүх хүнд талархаж байна. Австралийн бичил төслийн хөтөлбөр нь Австралийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар санхүүждэг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын нийгэм эдийн засгийн хүрээнд хэрэгжсэн 100 гаруй төслийг Австралийн бичил төслийн хөтөлбөрөөр санхүүжүүлээд байна. "Гэрэлт-Эргэлт" төсөл ч мөн амжилттай хэрэгжиж эерэг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Та бүхэнд ажилт хүсье. 

"Гэрэлт-Эргэлт" төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан

ДЭМБ-ын тайлан мэдээнд дурдсанаар, Амиа хорлолт нь 15-29 насныхны нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт бичигдэж байна. 

Манай улс амиа хорлолтын үзүүлэлтээр бүс нутагтаа гуравдугаарт орж байгаа нь энэ чиглэлд анхаарах зайлшгүй шаардлагатайг харуулж буй.

Клиник сэтгэл зүйч (Ph.D) Т. Хонгорзул: Хүн сэтгэл зүйн хувьд эрүүл, хэвийн үедээ хэзээ ч амиа хорлох талаар боддоггүй. Ийм бодол төрж байна гэдэг нь удаан хугацаанд сэтгэл нь өвдөж явснаар бий болсон гэсэн үг юм.  Сэтгэцийн эрүүл мэндээ анхаарах байдал урьд урьдынхаас илүү сайжирсан хэдий ч нийгэмд тулгарч байгаа олон асуудлаас улбаатай, гэр бүлийн хүчин зүйлийн нөлөөллөөр олон бэрхшээлүүд үүсэж байна. Ялангуяа сургуулийн орчинд өсвөр насныханд туслах сэтгэл зүйчдийг чадавхжуулах нэн шаардлагатай байгаа юм. ЕБС-д сэтгэл зүйн тулгамдсан асуудал, амиа хорлох бодол төрдөг талаараа сургуулийн сэтгэл зүйчид хандаж байгаа тохиолдол нэмэгдсэн байна. Тиймээс боловсролын сэтгэл зүйч  энэ талын ойлголт, мэдлэгтэй болж, хэрэгцээтэй тусламж дэмжлэгийг үзүүлэх чадвартай болох шаардлагтай. "Гэрэл-Эргэлт" төсөл хөтөлбөрийг яг энэ чиглэлд хэрэгжүүлж байгаа. Амиа хорлолт нь сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй холбогддог учир сэтгэцийн эмч, сэтгэл заслаар мэргэшсэн мэргэжилтэнд хандаж тусламж авах шаардлагатай байдаг. Сургуульд ажиллаж байгаа сэтгэл зүйчид сэтгэцийн ийм өөрчлөлтөд орсон хүүхэд хандаж байгаа учраас сэтгэцийн өөрчлөлт ямар үед явагддаг, сэтгэл гутрал, түгшил, бие хүний эмгэгүүдийн тухай ойлголттой болсноор өөрийгөө гэмтээх зан үйлдэл хийсэн, амиа хорлох талаар бодож буй хүүхдэд хэрхэн яаж туслах талаар мэргэжлийн чиг баримжаа, арга зүйтэй болох юм. Ингэснээр хүүхдэд туслах, шаардлагатай тохиолдолд холбон зуучлах, мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч нартай хамтарч ажиллах боломжтой болно. 

Сургуулийн сэтгэл зүйч нарыг чадавхжуулах сургалтын сонгон шалгаруулалт

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх энэхүү цогц хөтөлбөрийг өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэхээр Ерөнхий Боловсролын Сургуулиудад ажиллаж буй сэтгэл зүйчдийн дунд сонгон шалгаруулалт зарласан. Улаанбаатар хотоос 77, орон нутгаас 47, гадаад улсаас нэг мэргэжилтэн, нийт 125 сэтгэл зүйч, мэргэжилтнүүд бүртгүүлж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлжээ. 

Зөвхөн сургуулийн сэтгэл зүйчид төдийгүй сэтгэл зүйн төв, сургалтын төв, эмнэлгийн байгууллага, халамжийн төв, хил хамгаалах байгууллага болон насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагуудаас хүсэлт илгээсэн нь энэхүү хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгаа юм.

Нийт 125 сэтгэл зүйч бүртгүүлснээс анкет, ярилцлагын шатанд 50 сэтгэл зүйч уригдаж, тэдний хүсэл эрмэлзэл, тухайн бүс нутагт /сургуульд/ уг хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага байгаа эсэх болон төсөлд бүрэн хамрагдах боломж зэргийг харгалзан үзэж 35 сэтгэл зүйчийг сонгон шалгаруулж хамтран ажиллахаар болсон. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос 17,  хөдөө орон нутгаас Дархан-Уул, Булган, Ховд, Дундговь, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Сайншанд, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод аймгуудаас 18 сэтгэл зүйч тус тус оролцохоор шалгарчээ. 

Сэтгэл зүйчдийг хөтөлбөрт шалгаруулж оруулахад сургуулийн удирдлагын зүгээс дэмжиж байгаа нь бас нэг шалгуур болжээ. Сургуулийн удирдлага, төлөөлөгч нар энэ чиглэлд хамтарч байгаа нь хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж, сургуулиар дамжуулан тухайн орон нутаг, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

 Урлагийн салбарынхан сэтгэл зүйн боловсролыг түгээхэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэв 

Нийгэмд тулгарч байгаа сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар урлагийнхан дуу, бүжгээр дамжуулан эерэг нөлөөг хүргэж байна. Ковер дуучин Анударь өөрийн зохиосон "Психологи" дуу төрсөн түүх болон сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хэрэгцээ шаардлагын тухай дуугаар илэрхийлсэн бол Контемпрори бүжиг дэглээч Энхтогтох өөрийн дэглэсэн “Гэрэлт- Эргэлт” бүжгээр мэндчилгээ дэвшүүлэв.

ГЭРЭЛТ-ЭРГЭЛТ: Гэрэлт гэдэг үгний Г үсэг л байраа өөрчлөхөд Эргэлт болдог

Төсөл хэрхэн бий болсон талаар "Шинэ Эхлэл" ТББ-ын хамтын ажиллагаа хариуцсан захирал Ч.Гансүх: Хүнийг хайрлах гэдэг бол олон жижиг хэсгүүдийн бүрдэл юм. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгцээ техник, технологийн өсөлт хөгжилт ихсэхийн хэрээр чухалд тавигдаж байна. Ялангуяа залуучуудын дунд сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нэн тэргүүний хэрэгцээ болсон.

Гэрэлт-Эргэлт гэдэг үгний тайлбар:

  • Бусдын амьдралд гэрэл гэгээ болох, бусдын гэрэл гэгээг харж эерэг нөлөөг хүлээн авах
  • Үр дүнд нь эрсдэлт алхамаас бусдыг эргэлт хийхэд нь хүргэх явдал юм.
  • Гэрэлт гэдэг үгний Г үсэг л байраа өөрчилөхөд Эргэлт болдог. Бид Гэрлийг харах үедээ зөв ЭРГЭЛТийг хийж чаддаг.

Бид гол усны үерийн аюулд өртсөн, гал түймрийн аюул, дайн дажин, байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлд өртөж байгаа хүнийг аврах үедээ хүн хүндээ энэрэнгүй байх, хүний жинхэнэ мөн чанарыг ойлгодог. Тэгвэл бусдын сэтгэцийн эрүүл мэндийг ойлгож тэднийг амиа хорлох, егүүтгэх эрсдэлт үйлдэл хийхээс сэргийлэхэд оролцсоноор бид хүн гэдэг мөн чанараа ойлгож чадах юм. Нэг ёсондоо хүний амийг аварч буй гэгээлэг үйлсэд гар бие оролцож байна. 

Бусдын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах гэдэг бол, Тэднийг ойлгох, сонсох, анхаарах, тэдний үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх явдал. Эдгээрийг хийснээр тухайн хүн хайрлагдсан гэх мэдрэмж авч өөртөө итгэлтэй болно. Зөвхөн "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй гэр бүл, эргэн тойрон, найз нөхөд бүхий л хүрээлэлдээ энэ арга замыг хэрэгжүүлснээр олон хүний амьдралд эерэг нөлөө гарах юм. 

Бид жилийн төгсгөлд олон эерэг өөрчлөлт бий болно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн цогц хөтөлбөр боловсруулан сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхжуулахад тусласан Австралийн Сайн Дурынх байгууллага, Жойсе, Мөнхтуул, Цэдэндаваа нар болон Австралийн элчин сайд, Австралийн ард түмэнд гүнээ талархая. Та бүгдгүйгээр энэ хөтөлбөр биелэлээ олох боломжгүй байсан" хэмээв. 

Хөтөлбөрт хамрагдаж буй сэтгэл зүйчдийн СЭТГЭГДЛЭЭС...

Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 1-р сургуулийн сэтгэл зүйч О.Мөнхжаргал: Монголд хэрэглээний сэтгэл зүйн салбар эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжилд томоохон хувь нэмэр оруулж боловсролын сэтгэл зүйч нарыг мэргэшүүлэх чиглэлээр дэмжин ажиллаж буй "Шинэ Эхлэл" ТББ-ын хамт олонд талархаж байна. Орон нутагт мэргэжлийн зөвлөгөө тусламж үзүүлдэг байгууллага цөөхөн, мэргжилтнүүдийн хүрэлцээ бага, иргэд, хүүхэд залуусын сэтгэл зүйн асуудлууд нэлээдгүй хүнд байдаг. Манай аймагт маш хүнд тохиолдол гарч байсан. Улмаар гинжин байдлаар хор уршиг нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа зэрэг нөхцөл байдлаа хэлж, мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Бид энэ сургалтад сууснаар зөвхөн өөрөө чадавхжиж, өөрийн сургууль дээрх асуудлыг л шийдэхээр хязгаарлагдахгүй. Манай аймагт нийт 17 мэргэжлийн сэтгэл зүйч сургуулиудад ажиллаж байгаа. Тэдэнд туршлага мэдлэгээ хуваалцаж, үр шим нь дан байдлаар олон нийтэд хүрэх боломж бий болж, нэг ч гэсэн хүүхдийн зүрхийг гэрэлтүүлж ирээдүйг аврах гэрэлтэй зам нээгдэнэ гэж бодож байна. 

Улаанбаатар хотын ЕБ-ын "Хобби" сургуулийн сэтгэл зүйч Л.Анхзаяа: Энэ төсөлд шалгарч сургалтад хамрагдах болсондоо баяртай байна. "Шинэ Эхлэл" нэртэйгээ адилхан шинэ сургалт, хөтөлбөрийг сэтгэл зүйч нарт олгож буйд баярлаж буйгаа илэрхийлье. Амиа хорлолтын асуудал Монголд анхаарал татсан, эрсдэлийн хэмжээнд хүрсэн. Үүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд сэтгэл зүйч бүр гар бие оролцож, тохиолдлын тоог бууруулж, шаардлагатай сэтгэл зүйн тусламж дэмжлэгийг өгдөг болох зорилго хүсэлтэй. Монголд чанартай сайн сургалтыг авах боломж цөөхөн, өндөр үнэтэй байдаг. Асуудлыг сайн тал руу нь эргүүлэх "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрийн нэг хэсэг болж чадвар, туршлагаа практикт хэрэгжүүлэн эерэг үр дүнг бий болгох боломжтой болсондоо баяртай байна. Хичээн суралцах болно оо. 

Амиа хорлох талаар бодож байсан гэх сурагчид надад олон хандаж байсан. Тэдгээр хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүйтэй болж дэмжлэг үзүүлж чадахаар болсондоо баяртай байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын 5-р сургуулийн сэтгэл зүйч Л.Көгершин: Би тус сургуульд эхний жилдээ ажиллаж байна. Манай сургууль 2486 сурагчтай. Хүүхдүүд нийтлэг 3-4 асуудлаар сэтгэл зүйчид ханддаг. Хамгийн түгээмэл тохиолддог асуудал нь гэр бүл доторх харилцааны асуудал. Ялангуяа "ковид-19" цар тахлын дараа хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ болон үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа муудсан. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тэр бүр ярилцаж, анхаарал тавьж чадахгүй байгаагаас шалтгаалж хүүхэд ганцаардах, сэтгэл зүйн хувьд асуудлууд тулгарч байгаа байдал олон байна. Гэр бүлийн харилцаа хүүхдийн амьдрал, сэтгэл зүйд маш ихээр нөлөөлөх орчин. 

Боловсролын сэтгэл зүйч нар оношилгоо судалгаа, сургалт мэдээллийн ажил, сэтгэл зүйн зөвлөгөө, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлууд зохион байгуулах гэсэн дөрвөн чиглэлээр ажилладаг. Алслагдсан аймаг, сумдад энэ талын ойлголт мэдээлэл маш дутмаг байдаг анзаарагдсан. Тиймээс анги удирдсан багш нар, хүүхдэд сургалт мэдээллийн ажил хийсний дүнд хүүхдүүд асуудлаа ярьж, тусламж дэмжлэг авахаар ханддаг нь нэмэгдсэн. Өдөрт 5-6 хүүхэд өөрийн хүслээр ханддаг. Ганцаарчилсан зөвлөгөө уулзалтын цаг 40-50 минут байдаг бөгөөд заримдаа 2-3 цаг хүртэл ярилцах байдал ч гардаг. Мөн эцэг эхчүүдэд анхаарал татсан, мэдээллэх шаардлагатай тохиолдлуудыг дуудан уулзаж хэлж, мэдээлэл зөвлөгөө өгөх ажлыг ч хийдэг. Манай аймагт амиа хорлолтын түвшин бусад аймагтай харьцуулахад харьцангуй бага боловч хоёр жилийн өмнө ЕБ-ын нэг сургуульд ийм тохиолдол гарч байсан. Миний ажиллаж буй сургуульд ийм тохиолдол гараагүй хэдий ч, амиа хорлох талаар бодож байсан гэх хэд хэдэн хүүхэд хандсан. Тиймээс энэ асуудалд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэхээ "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөөр дамжуулан суралцан мэдэж, тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн ажиллах арга зүй, чиглэл олж авч чадахаар боллоо.

Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "Гэрэлт-Эргэлт" нээлтэд “Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам” төлөөлөгчид болох ноён Dave Preston, хатагтай Rachel Stone, Баяржаргал, “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам”-ын төлөөлөл Баярмаа, Ихтамир,  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарын дарга Чинбат, Ариунчимэг, Мөнхнасан, Хүний эрхийн үндэсний комисын гишүүн Нарантуяа, реферант Янжмаа нар болон Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, тус хөтөлбөрт шалгарсан сургуулийн сэтгэл зүйч нар оролцов.  Мөн “Австралийн сайн дурынхан” байгууллагын Мөнхтуул, Цэдэндаваа нар ирж амжаагүй ч энэхүү төслийг олон талаас дэмжин хамтарсанг төслийн багаас тодотгон дурдлаа.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Гамшгийн үеийн сэтгэл зүйн асуудал сар, жилээр үргэлжилбэл нойрны хямрал, сэтгэл түгшил, гутралд орох эрсдэлтэй

Гамшгийн үеийн сэтгэл зүй, гамшигт өртсөн хүний бие болон сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг хэрхэн даван туулах, гамшгийн үеийн бэлэн байдлын талаар СЭМҮТ-ийн  их эмч (тэргүүлэх зэрэгтэй), Клиникийн профессор Д.Дэжидмаатай... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 04

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26