2024/04/30. Мягмар гараг Дугаар: #2994

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Гамшгийн үеийн сэтгэл зүйн асуудал сар, жилээр үргэлжилбэл нойрны хямрал, сэтгэл түгшил, гутралд орох эрсдэлтэй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 04

Гамшгийн үеийн сэтгэл зүй, гамшигт өртсөн хүний бие болон сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг хэрхэн даван туулах, гамшгийн үеийн бэлэн байдлын талаар СЭМҮТ-ийн  их эмч (тэргүүлэх зэрэгтэй), Клиникийн профессор Д.Дэжидмаатай ярилцлаа. 

Гамшгийн үеийн сэтгэл зүй гэж юу болохыг та тайлбарлаж өгөөч? 

Юуны түрүүн гамшиг гэж юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь амьдрал, үнэт зүйлийг сүйрүүлэх, гарз хохирол учруулах боломжтой, урьдаас мэдэгдээгүй цаг бусын гай гамшгийг “гамшигт үзэгдэл” гэж нэрлэдэг. Гамшгийг байгалийн давташгүй болон хүний үйлдэлтэй гамшигт үзэгдэл гэж хоёр ангилж үздэг.

  • Байгалийн гамшигт үзэгдэлд, Газар хөдлөлт, зуд, цасан болон шороон шуурга, цөлжилт, ган зэрэг орно.
  • Хүнээс үйлдэлтэй гамшигт үзэгдэлд, Осол аваар, галт тэрэг, онгоцны сүйрэл, үйлдвэрлэлийн осол, хордлого, тээврийн аюулгүй байдал алдагдсаны улмаас үүдэлтэй гамшгууд ордог. 

Гамшигт өртсөн хүнд чухам ямар бие, сэтгэл зүйн асуудал тулгардаг вэ?  

Монгол оронд тохиолдож буй гамшигт үзэгдлээр жишээ татвал, Зудад нэрвэгдсэн малчин иргэд тэр хүнд үеийг биеэрээ мэдэрч, харж байгаа. Тухайн гамшгийг мэдэрсэн, өөрийн биеэр өртсөн хүний сэтгэл зүйн өөрчлөлт маш хэцүү бөгөөд сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд гарч ирнэ. Сэтгэл зүйн хувьд хүчтэй стресс, гэмтэл үүсэх нь бий. Ингэж биеэрээ мэдэрсэн хүний сэтгэл зүйн байдал ба тухайн гамшгийг мэдээллийн хэрэгслээр харж сонсож буй хүний сэтгэл зүйн хариу урвал ялгаатай.

Сэтгэл зүйн талаас үүсэж буй тулгамдсан асуудал гэдгийг та тодруулж хэлж өгөөч. Ямар шинж тэмдгээр хэрхэн илэрдэг вэ?

Гамшигт өртсөн хүнд бие махбодын болон сэтгэл зүйн талаас дараах өөрчлөлтүүд гарна. Тодруулбал гамшгийн учруулж байгаа хор хохирлыг нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеэрээ туулж байгаа гамшигт нэрвэгдэгсэд тухайн гамшигт тохирсон сэтгэлийн өвөрмөц хариу урвал үзүүлдэг. Уг хариу урвал хэр хугацаанд илэрч байгаагаас нь шалтгаалж,

  • Богино – Цочмог буюу хэдэн цаг, өдрөөр илрэх
  • Удаан – Хэдэн долоо хоног, сар жилээр
  • Архаг – Нэг сараас илүү буюу хоёр жил, түүнээс урт хугацаанд илрэх гэж гурав ангилдаг.

Цочмог хариу урвалын үед айдастай болох, сандрах, сэтгэл түгшилт, тусламж дэмжлэггүй мэт санагдах шинж тэмдэг илэрч болно. 

Түүнд нь тохирсон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай.

Ерөнхийдөө гамшигт өртсөн үед сэтгэл зүйн талаас, маш их цочромтгой болох, гамшгийн үед болсон үйл явдал нь сэтгэлийн сөрөг мэдрэмжийг хар аяндаа байн байн бий болгож сэтгэлийг зовоох, нойр хямарч хар дарж зүүдлэх, янз бүрийн үйл явдалд оролцохоос зайлсхийж нийтэч бус болох, урьд нь баяр баясал төрүүлдэг байсан зүйлээсээ таашаал авахаа болих, амьдралын идэвх буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Харин биеийн талаас, Амьсгаа давхцах эсвэл амьсгал тасалдах, хүүхэн хараа өргөсөх, хоол боловсруулах системийн өөрчлөлтөд орох, зүрх хүчтэй дэлсэх, даралт ихсэх, хүйтэн хөлс гарах, ам хатах, шээс ойр ойрхон хүрэх, гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрнэ.

Сэтгэл зүйн талаас тулгарч буй дээрх асуудал, шинж тэмдгийг хэрхэн шийдвэрлэх вэ. Архаг явцтай болсон үед ямар хүндрэл үүсэх эрсдэлтэй вэ?

Сэтгэл зүйн асуудал, стрессд орсон хүн тухайн асуудлыг мэргэжлийн хүний тусламжтайгаар зөв шийдвэрлэхгүй удаан хугацаанд явбал, сэтгэлийн айдас түгшүүр, сэтгэл гутрал, нойрны хямрал болон сэтгэцийн бусад хямралд орох эрсдэлтэй.

Мөн төрх үйлийн талаас архи, тамхинд татагдах, ажил сургуулиа хаях, зуд гамшигт нэрвэгдэгсэд мал маллахаасаа дургүйцэж, зарж үрэн нүүн шилжих зэрэг өөрчлөлт бий болдог.

Аливаа асуудал тулгарахад тухайн үйл явдлыг хүндээр тусгаж авдаг ч юм уу. Гамшигт үзэгдлийн үед сэтгэл зүйн талаасаа илүүтэй өртөх эрсдэлтэй нас хүйсийн хүн байх уу?

Гамшиг, эрсдэлт хүчин зүйлийг хүлээж авахад насны онцлог ялгаа байхгүй. Тухайн хүн хэрхэн хүлээж авч, хариу урвал үзүүлж байгаагаас л шалтгаална.

Саяхан шингэрүүлсэн хий дэлбэрсэн асуудал болсон. Үүнд өртөөгүй ч холын зайнаас, ямар нэгэн мэдээллийн хэрэгсэл, цахим орчноос хүлээн авсан хүмүүсийн гаргаж буй хариу үйлдлүүд нь янз бүр байсанг санаж байгаа байх. Тэгэхээр хүн бүр харилцан ялгаатай учраас үзүүлж буй хариу урвалаа ажиглах, түүндээ тохирсон арга хэмжээ авах, өөрийн сэтгэл зүйн байдлаа хянах аргуудыг мэддэг байх нь чухал.

Гамшигт өртсөн иргэдийн хувьд тухайн нөхцөл байдалд өөрсдийн зүгээс хийж хэрэгжүүлэх боломжтой алхам нь юу вэ? Яавал эрсдэл, хохирол багатай даван туулах вэ?

Гамшигт өртчихсөн учраас сэтгэл санааны хямралд өртөх нь тодорхой хариу урвал. Гэлээ гээд тийм байдалтай удаан хугацаанд яваад байж болохгүй.

Нэгдүгээрт, Гэр бүлийн гишүүддээ хандаж, ямар мэдрэмж төрж байна, ямар асуудал тулгараад байна, хамт давахын тулд яах вэ гэдгээ ярилцаж, илэрхийлээрэй. “Надад хэцүү байна, ийм мэдрэмж төрж байна, чи яаж байна” гэж хоорондоо мэдрэмжээ илэрхийлэн ярилцах нь тухайн асуудлыг хохирол багатай даван туулах, үүссэн стрессийг тайлах сэтгэл зүйн хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга юм.

Мөн амьсгалын дасгал хийх, хүнд хэцүү зорилго тавихгүй байх, асуудлаа хуваалцах, архи тамхи хэрэглэхгүй байх, дургүй байсан ч чанартай хоол идэх, сайн унтаж амрах нь гамшгаас үүдэлтэй стрессийг бууруулахад тусална. 

Эсэргээрээ сэтгэл зүйн асуудлаа хэлж ярьж илэрхийлэх боломжгүй явсаар нойрны хямрал гарах, хар дарж зүүдлэх, таагүй үйл явдал нь байнга бодогдох улмаар биеийн талаас асуудал үүсэх буюу зүрх дэлсэх, хоололт өөрчлөгдөж, ходоод гэдэс хямрах зэрэг нөлөө илэрч байвал хамгийн ойр эрүүл мэндийн байгууллага болох сум, өрхийн эмч, нийгмийн ажилтандаа хандах хэрэгтэй. Цаашлаад энэ байдал нь дарагдахгүй байвал манай СЭМҮТ-д хандаж тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой. Бид байршил харгалзахгүй 1800-2000 утсаар мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг 24 цагийн турш мөн өгч байгаа. 

2023-2024 оны өвөлжилт урьдны жилүүдээс илүү хүндэрч, олон аймаг сум зудын эрсдэлтэй нөхцөлд байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээлсэн. Энэ цаг үетэй холбоотой зудад өртсөн иргэдийн сэтгэл зүйн асуудыг шийдвэрлэх, ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгнө үү? 

Монгол оронд сүүлийн үед тохиолдоогүй зудын гамшиг нүүрлээд байна. Зудын гамшигт нэрвэгдсэн иргэд мал буюу өөрийнх нь амьдрал ахуйг залгуулж буй үнэт зүйлсээ алдаж, хохирол амсаж байгаа тул сэтгэл зүйн хувьд гутрах, түгших, айх сэтгэл зүйн хариу урвалууд илэрч байгаа.

Тухайн нөхцөл байдалд хажууд нь байгаа гэр бүлийн гишүүд нэн түрүүн нэгнээ дэмжиж туслах хэрэгтэй. Мөн орон нутгийн өрхийн эмч, нийгмийн сэтгэл зүйч нар анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг үзүүлдэг. 

Манай төвөөс гэхэд сэтгэл заслын эмч нар, түргэн тусламжийн эмч нартай баг болж орон нутагт томилогдон, зудад өртсөн малчин айл өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сэтгэц нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж, заслыг хийж байна. Хэдийгээр алслагдмал орон нутагт байгаа ч үүрэн холбоо, цахим хэрэгслийн харилцаа холбоо хөгжсөн учраас аль болох цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломж харьцангуй бүрдсэн. Нөгөөтээгүүр иргэд маань өөрсдийн хүчээр сэтгэл зүйн хүнд нөхцөл байдлаа даван туулж чадахгүй байвал түүнийгээ хүлээн зөвшөөрч, санаа зоволгүйгээр мэргэжлийн эмч, сэтгэл зүйчээс тусламж авахыг эрмэлзэх нь зүйтэй.

Хэдэн сар жилийн өмнө тийм осол аваар, хүнд нөхцөлд орсон. Тэрнээс хойш айдастай болсон гэж хүмүүс ярьдаг. Ийм үед ямар арга хэмжээ, эмчилгээ шаардлагатай вэ? 

Тухайн үед үүссэн айдас түгшүүрээ яг тэр үедээ аль болох илэрхийлж, мэргэжлийн байгууллага, эмчид хандан тусламж авах хэрэгтэй. Тэр үед мэдэрсэн айдсаа даван туулж шийдвэрлээгүйгээс болж олон жилийн турш бодогдож байгаа нь дунд эсвэл архаг явцтай сэтгэл зүйн асуудал, зовлонт бодол бий болсон гэсэн үг. Энэ тохиолдолд сэтгэл заслын эмчид хандаж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай.

Гамшгийн үеийн нөхцөл байдлыг харсан үзсэн хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөлөөр мэдээллийг түгээдэг нь нийгмийг улам бүр айдас, стресст автуулдаг шиг санагддаг. Иргэд гамшгийн үеийн нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хэрхэн хянаж, бэлдэх хэрэгтэй талаар зөвлөгөө өгөөч? 

Цахим орчин, мэдээллийн сүлжээнд гамшгийн үеийн мэдээллийг иргэд хэт сэтгэл хөдлөлтэйгөөр цацаж илэрхийлж байгаа нь гамшиг гэж юу болох талаар бодит ойлголт дутуу байгаатай л холбоотой.

Гамшиг гэж юу болох, гамшгийн үед үүсэж болох эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар байгууллага бүр багтай, төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг, сургалт явуулдаг, юу юу бэлдсэн байх, бие, сэтгэл зүйн хувьд ямар бэлтгэлтэй байх талаар нэгдсэн ойлголт, журамтай байх ёстой. 

Гамшиг нэг л удаа нэг газар тохиолдоод өнгөрдөг зүйл биш. Гэнэтийн, хэзээ ч хаана ч үүсэх эрсдэлтэй гэдгийг ойлгож аливаа эрсдэлд авах хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах нь тухайн хувь хүн, байгууллагын хувьд маш чухал дадал, соёл юм.

Мөн таны хэлдгээр ямар нэг гамшиг осол болоход хүн бүр өөрсдийн сэтгэл хөдлөлөөр хүлээн авч, цахим орчинд түүнийгээ цензургүй тавиад байж болохгүй. Тэгэж тавьсан бичлэг, зураг дүрсийг харж хүлээн авч буй хүмүүсийн хариу үйлдэл нь янз бүр учраас дэвэргэж хөөргөх, турхирах, сэтгэл хөдлөлийн хариу урвалд суурилсан буруу үйлдэл гаргах, улмаар замбараагүй байдал үүсгэх, сөрөг үр дагавар гарах эрсдэл нэмэгддэг.

Манайд гамшиг эрсдэл тохиолдох нь бага байгаа мэт санагдах боловч орон нутгуудад газар хөдлөлт, үер, шуурга үргэлж л болж байна. Жил ирэх тусам гамшигт үзэгдлийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа талаар мэдээлдэг. Гэвч өөрт тохиолдоогүй юм чинь гэх бодлоор хайнга хандаж, сонсох төдий өнгөрч болохгүй. Нээрээ ийм гамшиг болоход манай гэрт ямар хэрэгсэл байх хэрэгтэй, байгууллага ямар бэлэн байдалтай байх ёстой талаарх ойлголтоо сайжруулж, зохих хэмжээний мэдээлэлтэй, дадлага хийсэн байх нь эрсдэлийг даван туулах чадварыг тэр хэмжээгээр сайжруулна. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26