БЗДХ-аар өвчлөгсдийн 43.5 хувь нь 15-24 насныхан байна
Өсвөр үеийнхэн харьцангуй эрт бэлгийн хавьталд орж байгаа буюу 17-18 насныхны 34.5 хувь нь бэлгийн хавьталд орсон байна. Өсвөр үеийнхний дунд бэлгийн замын халдвар ихсэх хандлагатай байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуучууд байна. Тэр дундаа БЗХӨ-өөр өвчлөгсдийн 30-40 хувийг 15-17 насныхан эзэлж байгаа нь мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагчдийн санааг зовоосоор байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд өсвөр насны хүүхдийн төрөлт, үр хөндөлтийн тоо буурахгүй байгаа бөгөөд 2022 оны байдлаар улсын хэмжээнд нийт 65 мянга гаруй эх амаржсаны 3.6 хувийг 10-19 насны охидын төрөлт эзэлжээ. Тодруулбал, манай улсад жилд дунджаар 3500 өсвөр насны охид ээж болдог бөгөөд дийлэнх нь буюу 74 орчим хувь нь бие даан хүүхдээ өсгөдөг гэсэн статистик мэдээлэл байдаг.
Дээрх тоо судалгаануудыг харахад өвсөр үеийнхэн, залуусын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол мэдлэг дутмаг байгааг харуулж байна. Хэдийгээр цахим хэрэглээ хөгжиж, хүссэн газраасаа мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой болсон ч тэр бүх мэдээллийн урсгал үнэн бодит байж амьдралдаа хэрэгжүүлэхэд нөлөөлж байна уу гэвэл бас үгүй. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсролыг хаанаас, хэрхэн авах вэ?
Бэлгийн боловсрол гэж юу вэ?
Бэлгийн боловсрол гэхээр зөвхөн жирэмслэлтээс хамгаалах тухай ойлголт биш юм. Бэлгэвч хэрхэн зөв хэрэглэх, жирэмслэхгүй байхыг мэддэг байх нь бэлгийн боловсролын талаарх хангалттай мэдлэг болж чадахгүй.
Бэлгийн боловсрол нь хүн аливаа бэлгийн зан үйлээ удирдан зохицуулахад шаардлагатай ур чадварыг эзэмших боловсролыг хэлдэг. Бэлгийн зан үйлээ удирдан зохицуулах гэдэг нь хүн тодорхой хэм хэмжээг баримтлан, төлөвшихөөс эхэлдэг ур чадвар бөгөөд зөвхөн хувь хүн төдийгүй гэр бүл, нийгмийн сайн сайхан байдалд чухлаар нөлөөлдөг. Бие, сэтгэлийн хувьд төлөвшин, бэлгийн зан үйлээ удирдан зохицуулах талаар мэддэг болсноор аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж, зөв шийдвэр гаргаж чаддаг болох юм.
Тэгвэл бэлгийн зан үйлээ удирдан зохицуулах, бие сэтгэл зүйн хувьд төлөвших, зан чанарын хөгжлийн талаар өсвөр үеийнхэнд чиглэсэн "Аюулгүй Сонголт" хөтөлбөр гэж юу болох талаар мэдээлэл хүргэе.
"Аюулгүй Сонголт" зан чанарт суурилсан бэлгийн боловсролын хөтөлбөр
Олон улсад хэрэгждэг "Аюулгүй сонголт" хөтөлбөр нь манайд 2016 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд 2024 оны 3 дугаар сард хөтөлбөрийн шинэчлэгдсэн 3.0 хувилбараа танилцуулсан юм. Уг хөтөлбөрөөр,
- Эрүүл мэндийн боловсрол болох өсвөр үеийнхний төрөлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчний хор нөлөө, урьдчилан сэргийлэлт, өвсөр үеийнхны сэтгэцийн эрүүл мэнд, онцлог, өөрийн үнэлэмж, порнограф- түүний хор уршгийг тайлбарлах,
- Харилцаа, зан чанарын боловсрол болох сайн зан чанаруудыг төлөвшүүлэх, найз нөхөрлөлийн харилцаанд анхаарах, хэрхэн харилцах, харилцаанд тулгардаг асуудлууд, түүнийг даван туулах арга замууд, үе тэнгийн нөлөөллийн талаар цогц боловсрол олгодог.
Хөтөлбөрийн агуулгыг товч танилцуулбал, Аливаа харилцаанд бусдын орон зай, хувийн хил хязгаарыг хүндэтгэж сурах, БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн сөрөг үр дагавар, бэлгэвч, спираль, хуанли, хамгаалах эм бэлдмэл, жирэмслэлтээс хамгаалах аргуудын сөрөг нөлөө, эрсдэлээс хамгаалах хамгийн зөв зам юу болох зэрэг бэлгийн харилцааны талаар мэдвэл зохих ойлголт, мэдээллүүдийг хүргэхийг зорьдог.
Түүнчлэн эрүүл харилцааны талаар ойлголттой болж, ирээдүйд гэр бүл төлөвлөх тал дээр мөн мэдэж авах юм. Үерхлийн харилцаанд бие биенийхээ хил хязгаарыг хүндэтгэн, хувийн орон зайг өгөх, шохоорхол, хайр, хүсэл тачаалын ялгааг ойлгох, хайр, хариуцлага дээр үндэслэн сонголт шийдвэр гаргах, гэр бүлийн эрүүл, бат бэх харилцааг бий болгох арга ухааны талаар өсвөр үеийнхний хэлээр, тэдэнд тохирсон арга хэрэгслээр дамжуулан ойлголт мэдлэг олгодог байна.
Бэлгийн харилцаанд бэлэн эсэхээ шийдэхээс өмнө өөрийн зан чанар, үнэлэмж, харилцааны хил хязгаар, сэтгэл зүйн төлөвшлийн талаар мэддэг болсноор амьдралынхаа туршид зөв алхам, шийдвэр гаргах харилцааны чадвартай болох нь уг хөтөлбөрийн суурь, цөм нь аж.
Хөтөлбөрт хэн хэрхэн яаж хамрагдах боломжтой вэ?
12-20 насны өсвөр үеийн залуучууд хөтөлбөр хамрагдах боломжтой. Сургалт нь онол практик хосолсон оролцооны арга дээр суурилан явагддаг бөгөөд хөгжилтэй тоглоомын аргаар хичээлийн агуулгыг хүргэдэг. Мөн сурагчдад гарын авлага өгч, багшийн заавраар хамтдаа ажиллах, видео бичлэгээр сүүлийн үеийн мэдээ мэдээллийг баримттайгаар хүргэдэг.
Нийт дөрвөн бүлгийн хүрээнд хувь хүний онцлог, өөрийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, зан чанарын тест, сайн зан чанараа хэрхэн бүрдүүлэх, найз нөхөр гэж хэнийг хэлэх, үе тэнгийн дарамт, өөрийгөө үзэх үзэл, үнэлэмж, мэдээллийн хэрэгслийн нөлөө, донтолт, хорт зуршил, тоглоомын талаарх баримт, хязгаарлах хэрэгтэй талаарх мэдлэг, харилцааны хил хязгаар, үе шатууд, хайр ба бэлгийн харилцаа, хүсээгүй болзооноос хэрхэн татгалзах, салалтыг хэрхэн давах гээд олон агуулгыг ойлгож мэдэх боломжтой юм.
Одоогийн байдлаар, Аюулгүй сонголт сургалтыг заах эрх авсан нийт 430 багш байгаа бөгөөд нийт 13.547 хүүхэд хөтөлбөрт хамрагдаад байна.