2024/04/30. Мягмар гараг Дугаар: #2994

ЭМЧИЙН ӨРӨӨ

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Бамбайн эмгэгүүд дундаас зангилаат эмгэг илүү хувьтай тохиолдож байгаа тул энэ эмгэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө хүргэхээр УНТЭ-ийн ДШСДТөв-ийн дотоод шүүрэл булчирхайн эмч (ахлах зэрэгтэй), АУ-ны магистр Б.Золбоотой ярилцлаа. 

Бамбай булчирхайн үйл ажиллагаа, үүрийг та тайлбарлаж өгөөч? 

Бамбай булчирхайг урт, өргөн, зузаан гэсэн гурван хэмжээсээр хэмждэг. Хэвийн үедээ өргөн зузааны хэмжээ 1.5 см, уртын хэмжээ 5.5-6 см, хүзүүвч хэсэг нь 0.2-0.4 см хэмжээтэй байдаг бөгөөд эрвээхэй хэлбэртэй булчирхай юм. 

Бамбай булчирхай нь цэврүү шиг фолликулаас бүтсэн ба тироксин (T4),  триодотиронин (T3) гэсэн дааврууд ялгарч хүний өдөр тутмын бодисын солилцоо болох биеийн жин, арьсны өнгө, зүрхний цохилт, цусны даралт, хоол боловсруулалт, өтгөн шингэний гаралт, эмэгтэйчүүдэд сарын тэмдэг зэргийн хэвийн процессийг хангадаг чухал үүрэгтэй эрхтэн.

Зөвхөн бамбай булчирхай гэлтгүй хүний бүх дотоод шүүрлийн үйл ажиллагааг зохицуулдаг төв нь гифофиз буюу өнчин тархи. Энэ нь 3 грамм жинтэй, урд, өмнөд, хойд гэсэн гурван дольд хуваагдаж тус бүр даавар ялгаруулдаг.

Өнчин тархинаас бамбай булчирхайг сэдээгч даавар TSH ялгарна. TSH ялгарч байж бамбайн  T3, T4  дааврын үйл ажиллагааг зохицуулдаг. Тиймээс бамбайн эмгэгтэй хүмүүст ихэвчлэн энэ гурван дааврын шинжилгээг өгч оношийг тавьдаг. Тухайлбал, Сэдээгч TSH даавар их хэмжээгээр ялгарч байвал бамбайн Т3, Т4 даавраа дарангуйлдаг. TSH даавар нь бага ялгарч байвал бамбайн даавар нь их ялгарах буюу тэнцвэрт байдал нь алдагддаг. Үүнтэй холбоотой бамбайн өвчин үүсдэг гэсэн үг юм.

Бамбайн эмгэгүүдээс түгээмэл тохиолддог өвчин эмгэг аль нь вэ? Ямар нас, хүйсний хүмүүст тохиолдож байна?

Монголд төдийгүй дэлхий дахинд эмэгтэйчүүдэд бамбайн эмгэг түлхүү тохиолддог. 5 эмэгтэй, 1 эрэгтэй гэсэн харьцаатай байдаг. Эрчүүдэд харьцангуй ховор тохиолддог. Хамгийн элбэг тохиолдож байгаа нь бамбай булчирхайн зангилаа.

Манай Дотоод шүүрлийн амбулаториор үзүүлж байгаа бамбайн эмгэгтэй хүмүүсийн 80-85 орчим хувь нь бамбайн зангилаат эмгэгтэй байна.

Ялангуяа, улс орон даяар 2022 оны 5 дугаар сараас эхэлсэн эрт илрүүлэх, үзлэг оношилгоогоор 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болсон.

Бамбайн зангилаат эмгэг яагаад түгээмэл тохиолдож байна. Үүсэх шалтгаан нөхцөл нь юу вэ? 

Аутоиммуны шалтгаантай бамбайн өвчин гэж байдаг. Энэ нь  ихэвчлэн удамшлын шалтгаантай ба бие махбодод өөрийнх нь эсүүдийн эсрэг өвчин үүсгэсэн буюу эсрэг бие үүссэн өвчинг хэлдэг.

Хамгийн түгээмэл тохиолддог нь аутоиммуны тиреодит буюу хашимотогийн өвчин гэдгээр хүмүүс мэднэ. Бамбайн  тиреоцит эсүүдийг амьдралын туршид бага багаар устгаснаар T3, T4 дааврын хэмжээ буурч бамбайн дутагдал үүсдэг.

Эсэргээрээ бамбайн дааврыг их хэмжээтэй ялгаруулдаг аутоиммуны өвчин бас бий. Нүд нь бүлтийж, булчин сулрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд “грейвсийн өвчин” гэж нэрлэдэг. Энэ хоёр өвчин аутоиммуны шалтгаантай буюу өөрийнх нь эсүүд өөрийнхөө эсрэг өвчин үүсгэсэн хэлбэрийг хэлж байгаа юм. 

Бамбай булчирхайн зангилаат эмгэг нь аутоиммуны шалтгаантай.

Аутоиммуны өвчин, зангилааны тухайд насны ялгаа сүүлийн жилүүдэд буурсан. Урьд нь дааврын өөрчлөлт 50-аас дээш насанд, цэвэршилтийн үетэй хавсарч тохиолддог гэдэг байсан бол одоо амбулаториор үзүүлж байгаа бамбайн эмгэгтэй хүмүүсийг харахад насны ялгаа төдийлөн харагдахгүй байна.

Тэгэхээр удамшлын шалтгаанаар үүсдэг. Амьдралын хэв маяг, орчин нөхцөлөөс шалтгаалдаггүй гэсэн үг үү?

Тийм. Амьдралын явцад үүсэхгүй. Хамаатан садан, эмээ, ээж гэх мэт дотны хүмүүс нь бамбайн эмгэгээр өвдөж байсан бол энэ эмгэгээр өвчлөх эрсдэлтэй гэж үзэх бөгөөд эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж тодруулах шаардлагатай.

Бамбайн зангилаатай үед ямар нэг зовуурь, шинж тэмдэг өгөх үү?

Зовуурь, шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй. Харин даавар их ялгараад, хордлого өгч байвал илүүдлийн шинж тэмдэг буюу хөлрөх, шингэнээ алдах, турах, зүрх дэлсэх, нойргүйдэх, булчин сулрах зэрэг зовуурь илэрч болно. Бамбай дутагдалтай үед жин нэмэгдэх, нозоорох, өтгөн хатах, ойлгоц удаашрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Бамбайн зангилааг хэрхэн оношилдог вэ? 

Хэт авиан шинжилгээгээр оношилдог. Бамбайн зангилаа нь даавар ялгаруулж хордлого өгдөг болон хордлого өгдөггүй хэлбэрийн байж болно.

  • Хордлого өгдөг зангилаа нь дээр хэлсэн гурван эсрэг биеийг (TSH, T3, T4) үзэхээр хэвийн байдаг боловч бамбай дээр олон тооны зангилаа байдаг. Зангилаа нь өөрөөсөө T3, T4 дааврыг ялгаруулдаг тул зангилаат хордлоготой бахуу гэдэг.
  • Зангилаа үүссэн боловч зангилаа нь T3, T4 дааврыг ялгаруулахгүйгээр, хордлого өгдөггүй байж бас болно. Үүнийг хордлогогүй зангилаат бамбай гэнэ.

Зангилаа нь хавдарт шилжих үү? Хэр хоруу чанартай вэ? 

Бамбай булчирхайн зангилаа нь дотроо хоргүй, хортой хавдар гэж задардаг.

Хортой зангилааг хэт авиа буюу ЭХО шинжилгээгээр оношилдог. Ингэхдээ үүссэн зангилааг 6 янзын үнэлгээгээр үнэлдэг. Үүнд,

  1. Бамбайн зангилааны чиглэл. Эрвээхэй хэлбэртэй бамбай булчирхайн дагуу буюу хөндлөн байрлалтай зангилаа байвал харьцангуй хортой хавдар байх магадлал бага. Ташуу эсвэл бамбайн дэлбэн дээр босоо байрлалтай, зангилаа нь бамбай булчирхайнаасаа дээшээ түрж ургасан эсэхийг нь харж хортой гэж сэжиглэдэг.
  2. Бамбайн булчирхайн зангилааны зах эрмэг. Ихэвчлэн хоргүй зангилааны зах эрмэг тодорхой, бөөрөнхий, ЭХО-д эрмэг нь жигд хэмжигддэг. Хортой хавдрын сэжигтэй тохиолдолд эрмэг нь хаана байгаа нь гүйцэт ялгарч харагддаггүй. Тодорхой бус буюу зангилаа эрмэг нь жигд биш, хөрөөний ир шиг далий муруй, хэлбэр нь зөв биш байдаг.
  3. Бамбай булчирхайн зангилааны доторх агууламж. Эдэрхэг зангилаа эсвэл устай зангилаа буюу уйланхайлаг зангилаа байж болно. Эсвэл энэ хоёрын холимог зангилаа байж ч болно. Тухайн зангилааны доор шохойжилтыг үздэг. Хэт авиан шинжилгээгээр маш тод илэрдэг. Шохойжилт зангилааг мөн микро, макро гэж ангилдаг. Зангилаанд шохойжилт голомт аукустик сүүдэр их байх тусам хортой гэж үздэг.
  4. Зангилааны судасжилтын асуудал. Бамбай булчирхай бусад эрхтнүүдтэй харьцуулахад хамгийн их судасжилттай. Тиймээс тухайн зангилаа дотор цусан хангамж их байгаа эсэхийг үздэг. Ингэхдээ ЭХО-оор цусны урсгалыг дэлбэн дээрх эрүүл хэсэг болон зангилаа дээр байгаатай харьцуулж хардаг.
  5. Эргэн тойрон, хүзүү дагасан тунгалгын булчирхайнууд хэр их томорсон гэдгээс хамаарч хавдрыг сэжиглэдэг.
  6. Зангилаа эдэрхэг байвал бамбайн эдтэй харьцуулж харна. Бараан, цайвар дүрстэй байгаа эсэхээс хамаарч хортой хавдрын сэжгийг үнэлдэг.

Эдгээр зургаан шинжээс 3 ба түүнээс дээш хортой хавдрын сэжиг гарвал бамбай булчирхайн нарийн зүүний шинжилгээ буюу биопси шинжилгээ хийж үздэг.

Ингэхдээ зангилаа нь шохойжилт голомттой бол шохойжсон голомтоос, зах эрмэг өөрчлөлттэй бол тэр эрмэгээс нь гэхчлэн сэжигтэй гэж үнэлсэн хэсэг бүрээс нарийн зүүгээр шинжилгээ авч үнэлдэг.

Биопси шинжилгээгээр бамбайн зангилааны хортой хавдрын эцсийн оношийг тавьдаг гэсэн үг үү? 

Энэ шинжилгээ нь 60-70 хувийн магадлалтай илрүүлдэг. Мөн 6 янзын дүгнэлт гардаг.

  • Эхнийх нь эс дотор бамбайн эсүүд гарч ирээгүй бол 1 гэсэн үнэлгээ,
  • Хоргүй өөрийнх нь бамбайн эсүүд (тиреоцит) харагдаж байвал 2,  
  • Бамбайн эс дотроо зарим нэг хэв шинж нь тодорхой бус эсүүд харагдаж байвал 3,
  • Хэв шинж тодорхой бус эсүүд нь эрүүл эсээсээ олон байвал 4 гэж үнэлээд хавдарт сэжиглэж эхэлнэ.
  • 5 гэсэн үнэлгээтэй байвал бамбайн хавдар,
  • 6 гэсэн үнэлгээтэй бол хавдар үсэрхийлсэн гэж үздэг.

Эсийн шинжилгээгээр 4,5,6 гэсэн ангилал гарвал хавдрын мэс засал эмчилгээ зөвлөдөг.

Мэс засалд орсны дараа эцсийн онош тавигдана. Бамбай булчирхайн зангилаатай хэсгийг бүгдийг нь аваад дахин нарийн шинжилгээ хийхэд ямар төрлийн эсийн хавдар байгаа нь гардаг.

Бамбайн өөрийн эсийн гаралтай хавдар нийт бамбайн хавдрын 85 орчим хувийг эзэлдэг. Харин фолликур эсийн хавдар 15 орчим хувийг, медулиарны хавдар ховор тохиолддог буюу 3-5 хувийг эзэлдэг. Медулиарны хавдар дотоод шүүрлийн өөр бусад хавдруудтай хавсарч тохиолддог.

Бамбайн зангилааны хортой хавдар буюу 4-6 үнэлгээтэй үед мэс засал эмчилгээ хэрхэн хийгддэг вэ?  

Ерөнхийдөө зангилаа нь хортой байвал мэс засал эмчилгээ хийдэг. Мэс заслын дараа ямар төрлийн эсийн хавдар гарснаас хамаарч иод-131 эмчилгээ хийдэг. Нэг төрлийн туяа эмчилгээ бөгөөд өндөр идэвхтэй иодын бодисыг уулгаж, үсэрхийлсэн газарт нь иод шингээж хатингаршуулаад даавар ялгаруулахгүй болгодог эмчилгээ юм. Хэдэн удаа хийх нь тухайн өвчтөний хавдрын байдлаас хамаарна.

Хортой зангилааг мэс засал эмчилгээгээр авлаа гэхэд бүрэн эдгэрэх үү? Бусад эрхтэнд үсэрхийлэх магадлалтай юу? 

Хортой  хавдрын зангилаа уушги, тархи, хөх рүү үсэрхийлдэг. 

Бусад хавдруудыг бодвол бүрэн эмчлэгдэх боломжтой. Амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх, явцын хүндрэл бага гэж хэлж болно.

Тухайн хавдрын эсийг бусад эрхтэнд үсэрхийлэх эрсдэлтэй эсэхийг молекул биологийн шинжилгээгээр тодруулах боломжтой байдаг. Манайд одоогийн байдлаар молекул биологийн шинжилгээ хязгаарлагдмал учраас мэс заслын эмчилгээ, иод уулгаснаас хойш генийн түвшинд ямар мутаци илэрсэнг оношлох боломжгүй байгаа.

Япон, Солонгос, өндөр хөгжилтэй орнуудад бамбайн хавдрыг авсны дараа молекул биологийн шинжилгээгээр генийн мутацийг нь тодорхойлдог. Жишээлбэл, Энэ төрлийн мутаци байгаа учраас энэ хүн бамбайн хавдраар өвдөх юм байна, өвдөхдөө уушги руу үсэрхийлэх магадлалтай юм байна, 3-5 жилийн дотор уушги руу үсэрхийлж болзошгүй юм байна гээд илрүүлчихдэг. Тэгээд  уушги руу үсэрхийлэхээс сэргийлдэг химийн эм өгч эмчилнэ. Зарим хүнд  генийн мутаци нь 2-5 янз ч гарч болно. Тэр үед химийн эмийн  сонголт нь мөн нэмэгддэг.

Манайд бол хавдрын эхний оношилгоо, эмчилгээнүүдийг хийж байгаа. Энэ эмчилгээ бүрэн нэвтэрч чадвал монголчууд маань өөр улс руу бамбайн хавдрыг өндөр өртгөөр эмчлүүлэх шаардлагагүй болно. Шинэ технологи нэвтрэхэд цаг хугацааны асуудал байна.

Зангилааг авсны дараа анхаарах зүйлс юу байдаг вэ? 

Бамбай булчирхайн баруун зүүн хоёр дэлбэн дээр зангилаатай байвал хоёуланг нь авах уу эвсэл зангилааг ухаж өөлж авах уу гэдгийг тухайн мэс засалч эмч шийддэг.

Бамбай булчирхайг бүрэн авах мэс засал эсвэл зангилааг авах буюу бамбай булчирхайн 50-70 хувийг авсан тохиолдолд даавруудын дутагдалд орох учраас насан туршдаа даавар орлуулах эмээ ууна.

Магадгүй бамбай булчирхайн зөвхөн зүүн эсвэл баруун талдаа зангилаатай байвал зөвхөн тэр зангилаатай дэлбэнг аваад, зангилаагүй дэлбэн, хүзүүвч хэсгийг үлдээсэн тохиолдолд дааврын хэрэгцээ үүсэхгүй байх боломжтой. Тухайн хүний нөхцөл байдал, мэс заслаас хамаарч дотоод шүүрлийн эмчдээ хянуулаад явна.

Дээрх шинжилгээний үнэлгээгээр хоргүй зангилаатай бол ямар эмчилгээ хийгдэх вэ? 

Хоргүй хавдар бол хянаад явна. 2020 оноос хойш  манай улсад RFA буюу өндөр идэвхт туяагаар зангилаа түлэх эмчилгээ хийгдэж эхэлсэн. 1.5 см-ээс дээш хэмжээтэй зангилааг эсийн шинжилгээ хийж үзээд хоргүй гарвал түлэх эмчилгээ хийдэг. Нэг удаад дээд тал нь 4 хүртэлх зангилааг түлж болно.

Зангилааг түллээ гээд бүрэн алга болохгүй. Түлэх эмчилгээний дараа зангилаан хэмжээ 50-70 хувь жижгэрдэг. 

Эмчилгээ хийгдсэн эхний 1,3,6 сарын дараагаар үр дүн нь гарна.

Түлэх эмчилгээг заавал хийх заалт байдаг уу? Хоргүй зангилааг түлэхгүйгээр хянаад явах боломжтой юу?  

Болно. 1,2 ширхэг зангилаатай, хоргүй, харагдах байдал гоо сайхан талаасаа том, зовиуртай байгаа тохиолдолд өвчтөн өөрийн хүсэл сонголтоор түлэх эмчилгээ хийлгэж болдог. Заавал хийлгэ гэж зөвлөдөггүй.

Түлэх эмчилгээ хийлгэсэн бол 1,3,6 сарын хугацаанд ЭХО, дааврын шинжилгээ үзүүлж, эмчийн хяналтад явдаг.

Тэгэхээр түлэх эмчилгээнд орсон ч, ороогүй ч хоргүй зангилааг насан туршдаа хянуулах уу? 

Эрүүл үед бамбай булчирхайд ямар ч зангилаа үүсэхгүй шүү дээ. Гэхдээ бамбайн зангилааны 90-95 хувь нь хоргүй байдаг.

Хоргүй зангилаатай, даавар ялгаруулахгүй, эсийн шинжилгээгээр хоргүй гарсан бол тухайн зангилаа байж л байна. Заавал оролдох шаардлагагүй.

Зангилаан хэмжээ томроход нөлөөлдөг хүчин зүйлс нь юу вэ? 

Хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь тамхи. Тамхинд агуулагдах никотин нь бамбайн эсүүдийг хамгийн ихээр гэмтээдэг.

Зангилаа байна гэдэг нь хүний биед үүсгэвэр байгаа гэсэн үг. Байх ёсгүй зүйл ургачихаад байна шүү дээ. Энэ тохиолдолд В-ийн төрлийн бүх витаминыг хэрэглэж болохгүй. Эсрэг заалттай.

Зангилаа томрох бас нэг нөлөөлөх хүчин зүйл нь жирэмслэлт. Төрөх насны эмэгтэйчүүд жирэмслэх үед магадгүй 0.3-0.5 см хэмжээтэй байсан зангилаа нь томорч болно. Энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой. Бамбай булчирхай жирэмсэн үед хэмжээгээр томордог. Энэ үед зангилаа нь дагаад томордог. Зангилаагүй эрүүл бамбай булчирхайтай бол жирэмсний үед томорсон ч, төрсний дараа буцаад хэвийн хэмжээндээ ордог. Харин зангилаа бол хэвийн хэмжээнд орохгүй том хэвээр үлддэг. Тиймээс хэмжээг нь хянаад явна.

Энд нэг зүйлийг хэлэхэд, эмнэлэгт хандаж, орон нутгаас ирж байгаа иргэдийн ихэнх нь буюу 70-аас дээш хувь нь ямар ч ач холбогдолгүй шалтгаанаар ханддаг. 

Жишээлбэл, Бамбайн зангилаа нь 1 см хүрэхгүй байвал эсийн шинжилгээ авах заалтгүй. 

Дээр хэлсэн 6 үнэлгээгээр үнэлээд, хэмжээ нь 1 см-ээс дээш байвал эсийн шинжилгээ авдаг. Гэтэл 0.3, 0.5 см зангилаатай хүмүүс алслагдсан аймгуудаас эсийн шинжилгээ хийлгэх гэж маш их ирдэг. Ингэх шаардлагагүй. Аймаг бүрд дотоод шүүрлийн эмч байгаа. Зангилааны хэмжээ, үнэлгээг нь хийгээд, зөвлөгөө өгдөг. Тэгэхээр эмчийнхээ зөвлөгөөг дагаад, үзүүлээд, хэзээ эсийн шинжилгээ өгөх шаардлагатай тэр үедээ хандах хэрэгтэй.

Бамбайн зангилаатай эмэгтэй жирэмслэхэд урагт ямар нэг нөлөө үзүүлэх үү? Зангилаа томорсон үед ямар арга хэмжээ авах вэ?

Жирэмсний эхний 3 сар болон дунд 3 сард бамбайн даавар өөрчлөгдөж, хэмжээгээрээ томордог. Сүүлий 3 сар дааврын өөрчлөлт тогтворждог.

Тиймээс жирэмсний үед эмийн эмчилгээ хийх эсэх нь учир дутагдалтай. Гурван эсрэг биеийг үзэхэд зүгээр байвал яаран эм өгөхгүй, хянадаг. Харин энэ гурав өөрчлөлттэй байгаад даавар өөрчлөгдөх юм бол жирэмсний хэдэн сартайгаас үл хамаараад эмийн эмчилгээг эхлэх заалттай. Тиймээс маш сайн ялган оношлох ёстой.

Бамбайн өөрчлөлттэй болохоор жин нэмээд байна, эсвэл стрессдээд байна гэж ярьдаг. Зангилаатай үед сэтгэл зүйд ямар нэгэн өөрчлөлт гарах уу?

Сэтгэл зүйн талаас ямар ч өөрчлөлт, стресс илрэхгүй. Тэр бол хүмүүсийн буруу ойлголт. Бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр стресстсэн байгаагаа бамбайтай холбон ойлгож болохгүй.

Бие махбод талаасаа гэвэл, бамбайн зангилаа нь дэлбэнгээ хамарсан том хэмжээтэй биш л бол боож бачуурах янз бүрийн зовуурьгүй. 

Зарим хүмүүсийн зангилаа 4-өөс дээш 8 см хүртэл томорсон байдаг. Энэ тохиолдолд улаан хоолойг шахах зовуурь илэрч болно.

Зангилаатай олон жил болж байгаа хүмүүс байна. Иргэдийн буруу ойлголт, хандлагын талаар та анхааруулж хэлж өгөөч? 

Даавар ялгарахгүй, хортой хавдаргүй байвал хэчнээн жил ч зангилаатай явж болно. Ямар ч асуудалгүй.

Бамбайн эмгэгийн үед үндсэн хоёр төрлийн л эм хэрэглэдэг. Илүүдэлтэй байвал даавар дарангуйлах, дутагдалтай байвал дааврыг гаднаас бүрэн орлуулах эм хэрэглэдэг. Нэг эм нь ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон. Энэ хоёр эмнээс өөр эмчилгээ зөвлөдөггүй. Эмийн тухайд гаж нөлөө илрэх нь бага. Иргэдийн хувьд удаан хугацаанд эм уухаас цааргалах тохиолдол бол гардаг.

Эм тасалдсан тохиолдолд эмийн эмчилгээний үргэлжлэх хугацаа уртасна. Бамбайн хордлого оношлогдсон бол бүрэн эмчлэгдэх хугацаа 1.6-2 жил байдаг. Гэтэл хүмүүс эмээ хугацаанд нь уухгүй, 3 сар уугаад зовуурьгүй болоод ирэхээр уухаа больчихдог. Тэгээд хордлогын зовуурь нь дахиад илэрдэг. Ингээд 2 жил үргэлжлэх ёстой эмчилгээ 3, 5, 10 жил үргэлжлэх тохиолдол ч гарч байсан. Хувь хүний хариуцлага, эмээ уугаад эдгэрнэ гэх итгэл үнэмшил чухал.

Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? 

Төрөх насны эмэгтэйчүүд 3 жилдээ нэг удаа, 50-аас дээш насныхан 2 жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж ЭХО-д харуулаад, дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа танд. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26