2024/07/24. Лхагва гараг Дугаар: #3079

ЭМЧИЙН ӨРӨӨ

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 29

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Тухайлбал, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт жилд 300-400 орчим хүн эрүүний үений архаг байнгын өвдөлттэй хэмээн хандаж байна. Хэрэв шөнө унтахдаа шүдээ хавирдаг, хурхирдаг, шүд буруу зуулттай, нойрон дунд амьсгал тасалддаг, эрүүний үеэр өвдөх зовуурь илэрдэг бол та дараах ярилцлага, мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

УНТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн их эмч (ахлах зэрэгтэй), АУ-ны магистр Г.Баярмөнхтэй “ Эрүүний үений эмгэг” сэдвээр ярилцлаа. 

Эрүүний үений эмгэг гэж юуг хэлэх вэ? 

Эрүүний үе гэдэг нь эрүүг гавлын ястой холбодог үеийг хэлдэг. Эдгээр үеүүд нь хэд хэдэн булчингийн хамт эрүүг дээш доош, хажуу тийш, урагш хойш хөдөлгөх боломжийг олгодог.   

Анатомийн бүтэц талаасаа үений толгой, үений хонхор, үе хоорондын диск эдгээрийн хооронд явагдаж байгаа процессийг "эрүүний үений эмгэг" (Temporomandibular disorders - TMD)  гэх бөгөөд эрүүний булчин, эрүүний үе, нүүрний архаг өвдөлттэй холбоотой мэдрэлийн эмгэг юм. Гэмтэл, халдварын гаралтай гэх мэт олон шалтгааны улмаас эрүүний үенд бүтцийн өөрчлөлт гарч үений эмгэг үүсэж болно.

Эрүүний үений эмгэг (TMD) үүсэх шалтгаан, хүчин зүйлсийг та тодруулан хэлж өгөөч? 

Ихэнх тохиолдолд энэ эмгэгийн жинхэнэ шалтгаан тодорхойгүй байдаг. Олон хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ шалтгааныг нь төв мэдэрлийн тогтолцооны ба булчингийн гаралтай гэж ерөнхийд нь хуваадаг. Тухайлбал, 

Эрүүний үе, зажлах, залгих, хэл яриаг удирддаг булчинд хэт их ачаалал өгсөнөөс үүсч болдог. 

Мөн,

  • Шүдээ хавирах эмгэг (bruxism) үр дагавар бас байж болно.
  • Эрүү, толгой, хүзүүний гэмтэл
  • Артрит, эрүүний үений дискний шилжилт нь эрүүний үений эмгэгийн өвдөлтийг үүсгэдэг.

Түүнчлэн эрүүний үений эмгэгийг хурц, архаг болон өвчний явцаас нь хамаарч гурав хуваадаг.

  • Эхнийх нь Myofacial өвдөлт буюу нүүр, толгой хүзүүнд байрлалтай, ам ангайхад оролцож буй бүх булчингууд өвдөлт өгдөг. Байнгын өвдөлттэй байх, нүүр хүзүүний булчин өвдөнө.
  • Дараагийнх нь дегенератив. Ерөнхий биеийн байдалтай остеоартрит юм уу ревматизмын өвчин буюу бүх үе мөчийг хамарсныг хэлдэг.
  • Гурав дахь нь стрессийн шалтгаантай буюу амьдралын хэв маягтай холбоотой гэж ангилна.

Зөвхөн манай УНТЭ-ийн Эрүү нүүрний тасагт жилд дунджаар 10 мянган хүн үзүүлдгээс 300-400 тохиолдол нь эрүүний үений архаг байнгын өвдөлттэй хүмүүс байдаг.  

Эрүүний үений архаг өвдөлт дотроо булчингийн гаралтай өвдөлт нь илүүтэй тохиолдож байна.

Шүд, гавлын яс судлалын үндэсний хүрээлэнгээс саяхан хийсэн судалгаагаар, Архаг эрүүний үений эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байхад сэтгэл зүй, мэдрэхүй, генетик, мэдрэлийн тогтолцооны хүчин зүйлс нөлөөлдөг гэж тодорхойлсон байдаг.

Эрүүний үений архаг өвдөлтийнх нь шалтгаан нь юу вэ? Яагаад архаг өвдөлт давамгайлаад байна. Нэг ёсондоо тэсэж болохоор өвдөлттэй учраас арга хэмжээ авахгүй даамжруулаад байна гэсэн үг үү? 

Зуулт буруу, согогийн гажигтай эсвэл байрлалын гажигтай, шүд дутуу, эрт шүдээ авхуулсан, хэлний хөвч богино, эрүү хойшоо байрласан зэрэг шалтгааны улмаас эрүүний үений булчингийн гаралтай эмгэг үүсдэг. 

Эндээс зуулт, эрт шүдээ авхуулах зэрэг олдмол шалтгааны улмаас үүсэх нь илүүтэй. Жишээ нь, хэлний хөвч богинохон, хэл арагшаа байрлалтай байвал амьсгалын дээд замд саад учруулдаг. Тэгээд шөнө унтахдаа шүдээ хавирах, амаа ангайж унтах, зөв амьсгалж чадахгүй байсаар амьсгалын зам нь нарийсаж, байнгын хүчирлтөрөгчийн дутагдалтай болох, толгой хүзүүнд байрлалтай булчингуудад гаж хөгжил үүсэх, мөр, нүүр далийх, гар нь урт богино болох зэргээр олон эрсдэл бий болдог.

Үүнийгээ булчингийн архаг өвдөлт гэж мэдэхгүй хэсэгчилж биеэ үзүүлэх буюу уушгины эмчид уушгиа,  толгой өвдөхөөр мэдрэлд, зүрхэнд ачаалал өгөхөөр зүрхний эмчид үзүүлэх зэргээр зөв оношлуулахгүй хугацаа их алддаг. Аажимдаа өвдөлт нь нэмэгдсээр архаг хэлбэрт шилжинэ.

Архаг хэлбэрийн үед маш их өвдөлт мэдэрч, уур уцаартай, стресстэй болох зэргээр өдөр тутмын харилцаа, ажлын бүтээмж гээд бүхий л зүйлд сөргөөр нөлөөлж улмаар амьдралын чанарыг нь асар ихээр муутгадаг. 

Судалгаагаар, дэлхий дахинд хоёр хүн тутмын нэг нь эрүүний үений архаг өвдөлттэй байна гэж үздэг. Гэр бүлд байгаа хоёр хүний нэг нь эрүүний үений булчингийн архаг өвдөлттэй байхаар гэрт харилцааны асуудал, хэрүүл маргаан тасрахгүй.

Булчингийн архаг өвдөлтийн эмгэгийг эрт үед нь илрүүлэх боломж байдаг уу? 

Хүүхэд дөнгөж төрсөн цагаас эхлээд насанд хүрэгчид гээд аль ч насны хүнд тохиолдож болдгоороо онцлогтой л доо. 

Бага насны хүүхдэд тухайлбал, хэлний хөвч нь богино байх, хэлний булчин арагш байрлаж амьсгалын дээд зам дарангуйлагдаад ирэхээр булчин буруу хөгжиж, түүнээс болж эрүүний үений эмгэг үүсдэг. 

Хүүхэд дөнгөж төрөх үед нь бүх биеийн оношилгоогоор хэлний хөвч богино гэдгийг нь хэлээд өгдөг. Ирээдүйд ийм эрсдэл үүсэж болно гэдгийг уг нь хүмүүс мэдэхгүй биш мэддэг.

Насанд хүрэгчдэд эрт шүдээ авхуулах, шүдний согог гажиг, гэмтлийн улмаас үүснэ. 

Бүрэн 28 шүдтэй, зөв зуулттай хүн хоногт 20-25 мянган удаа шүлсээ залгидаг. Залгихын тулд хазалт авдаг учраас шүд дутуу байвал буруу хазалттай болох, гажиг үүсэх, эрүүний үений өвдөлт, эмгэгтэй болоход нөлөөлдөг гэсэн үг.

Тэгвэл хэлний хөвч богино байхаас гадна ямар шинж тэмдэг илэрбэл эрүүний үений эмгэг гэж үзэх вэ? 

Эхний шинж нь хатуу юм идэх, бохь зажлах үед эрүүний үеэр дугарч эхэлдэг.

Мөн шөнө унтахдаа шүдээ хавирах, хурхирах, шөнө унтаж чадахгүй амьсгал тасалдах асуудал байвал нүүр хүзүүний булчингийн гаж хөгжил явагдсан буюу эрүүний үений эмгэгтэй гэж үзнэ. Амьсгал тасалдах шинж тэмдэг нь төвийн эсвэл үнэхээр булчингийн гаралтай байгаа эсэхийг нь ялган оношлох шаардлагатай.

Мөн эрүүний таагүй байдал эсвэл өвдөлт мэдрэгдэх (өглөө эсвэл үдээс хойш ихэвчлэн тохиолддог), толгой өвдөх, нүдний ард, нүүр, мөр, хүзүү эсвэл нурууны өвдөлт, чих өвдөх, чих шуугих, эрүү түгжигдэх, амны хөдөлгөөн хязгаарлагдах, толгой эргэх, шүд эрүүл хэрнээ мэдрэмтгий байх, хуруунд мэдээ алдах эсвэл хорссон мэдрэмж төрөх, дээд болон доод шүдний хоршилтын өөрчлөлт зэрэг түгээмэл шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдээс илэрч байвал оношийг тодруулахын тулд эрүү нүүр, шүдний нарийн  мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой.

Өвдөлт цочмог байдлаар илэрч болох уу? 

Хурц болон архаг байдлаар илэрнэ. Хурц өвдөлтийн үед эмийн эмчилгээгээр дарж болно.

Харин архаг, удаан өвдөлттэй яваад байдаг хүмүүс нэг ёсондоо өвдөлтдөө дассан байдаг болохоор илүү хүнд явц руугаа орсон, эмчлэхэд маш хэцүү. Тиймээс магадгүй та болон таны эргэн тойрны, гэр бүлийн хэн нэгэн шөнө шүдээ хавирдаг, хурхирдаг бол булчингийн гаралтай эрүүний үений эмгэг үүсээд эхэлсэн байх тул нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаарай.

Эрүүл хэвийн хүн хурхирах уу. Ядарсан үедээ эсвэл заримдаа хурхирдаг гэж хүмүүс ярьдаг? 

Эрүүл хүн огт хурхирахгүй. Хурхирч байвал амьсгалын зам саадтай байна л гэсэн үг. Үүний нэг төрөлд нь эрүүний үений эмгэг орж байгаа. Тиймээс анхаарч үзүүлэх ёстой.

Эрүүний үений эмгэгээс өөр шалтгаанаар шөнө унтахдаа шүдээ хавирдаг байж болох уу?

Шүд хавирах үндсэн шалтгаан нь булчингаас болдог. 

Булчингийн гаралтай эрүүний үений эмгэгтэй хүн унтаж байхдаа нэг цагийн хугацаанд 10-15 секунд амьсгал нь тасалддаг гэж үздэг. 

Тэгэхээр тэр тасалдаж байгаа үйл явцыг бие махбод биеэрээ эсэргүүцэж байгаа байдал нь шүдээ хавирах, хурхирах юм.

Эрүүний үений эмгэгийг ямар оношилгооны аргаар хэрхэн оношилдог вэ? 

Монголд эрүүний үений стрессийн шалтгаантай дискний үрэвсэл эсвэл булчингийн гаралтай эмгэг түгээмэл тохиолддог. Эдгээрийг эхлээд асуумжаар бодит үзлэг хийж, дээрх бүх шинж тэмдэг илэрч байгаа эсэхээс шалтгаалан ялган оношилгоо хийдэг.

Сүүлийн үед хуруунд нь зориулалтын бөгж зүүлгэж унтуулаад бөх унтаж байна уу, булчин эсвэл мэдрэлийн гаралтай үйл явц, асуудал байгаа эсэхийг оношилдог болсон. Гэх мэт оношилгооны олон арга бий. Монголд одоо л энэ төрлийн нарийн оношилгоо нээгдэж эхэлж байна.

Оношлогдож байгаа хүмүүс ямар шатандаа хандаж байна вэ? 

УНТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасаг нь улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц тасаг нь. 16-аас дээш насны манайд үзүүлж буй хүмүүсийг харахад ихэнх нь эрт шүдээ авхуулсан, эсвэл гэмтлийн гаралтай эрүүний үений өвдөлттэй хүмүүс байдаг.

Хэрэв эрүүний үеэр дугарах, эрүүгээр хүчтэй өвдөх, цөөн тооны шүдтэй бол манай тасагт ирж үзүүлээд оношлуулаад том хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Эрүүний үений эмгэгтэй гэж оношлогдсон ч тодорхой арга хэмжээ авахгүй, эсвэл архаг явцтай удаан үргэлжилбэл эцсийн хүндрэл нь юу вэ? 

Судалгаануудад бичсэнээр, Булчингийн шалтгаантай эрүүний үений эмгэгийн үед тархи байнгын хүчилтөрөгчийн дутагдалтай явсны улмаас эцэстээ зүрх судасны асуудал үүсэх хүндрэл бий болдог. Шөнө унтаж байгаад өглөө сэрээгүй гэх шалтгааны цаана энэ асуудал ч байж болзошгүй. Яг ийм шалтгаантай гэж хэлээгүй шүү. 

Мөн хэл арагш байрлалтай, хэлний хөвч богино хүний тагнай нь илүү гүн байдаг. Тэгээд таславч нь далийж, хамраар орж ирэх амьсгалыг тасалдуулдаг. Байнга тасалдаад байх үед ядрах, стресстэх, толгой өвдөх, нуруу хүзүү чилэх зэрэг зовуурьтай байдаг. Өвдөлтөөс шалтгаалсан стрессийн улмаас хүн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа энэ нь нийгмийн асуудал, анхаарал хандуулах шаардлагатай өвчин эмгэг болсон гэдгийг харуулж байгаа юм.

Урьд нь бид зөвхөн эрүүний үений эмгэг гэж тодорхойлж байсан бол одоо ерөнхий биеийн байдалд нөлөөлдөг буюу амьсгалын дээд зам, нүүр хүзүү, нурууны суултад хүртэл нөлөөлж болохуйц булчингийн гаж хөгжил, өөрчлөлт болоод байгааг нотолчихсон.

Хэлний хөвч богино байх нь энэ эмгэг үүсэх том шалтгаан юм байна. Тэгвэл ямар арга хэмжээ авч, эмгэг үүсэхээс сэргийлж болох вэ? 

Аль болох бага насанд нь оношилж чадвал сайн. Магадгүй нярай үед нь хэлний хөвчийг тасдах арга хэмжээ авч болно.

Сүүлийн үед 3-4 дүгээр ангийн хүүхэд ийм асуудалтайгаар эмнэлэгт хандах нь ихэссэн. Энэ тохиолдолд хэлний хөвчийг нь сайн уртасгаж, дасгал зааж өгөөд, амьсгалын зам нь хэр байгааг тестэлж зохих арга хэмжээг авдаг. Эрт илрүүлж арга хэмжээ авах тусмаа л сайн.  

Нөгөөтээгүүр хэлний хөвч богино л байгаа бол хэлний булчин буруу хөгжиж амьсгалын дээд замыг дарангуйлах үндсэн шалтгаан болдог учраас маш хурдан засах ёстой гэдгийг ойлгох нь чухал.

Насанд хүрсэн хүний хэлний хөвч богино байвал булчин сулруулах эмчилгээг курсээр явдаг. Ингээд үр дүнгүй байвал мэс заслын аргаар зөв хазалтад оруулж өгдөг.

Та зөв зуултад оруулах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлээд байна. Зөв зуулт гэж ямар байхыг хэлдэг вэ?

Стандартаар бол дээд шүд доод шүдний 1/3-ыг давж байх ёстой. Ийм байвал зөв зуулттай гэж үзнэ.

Буруу зуулттай, согогтой байвал хэл ярианд өөрчлөлт орох уу? 

Оролгүй яахав. Тагнай хэт гүн, хоншоор тэлж чадаагүй учраас энгийнээр хэлбэл, хэл нь аманд нь томдоод ярихад бөөрөнхийлж орооцолддог. Тиймээс нумыг хангалттай тэлэх, зөв хазах ёстой гэж хэлээд байгаа юм.

Хоншоор эрүүний байрлал алдагдаж байгаа, шаймий, оросгор зуулттай хүмүүс цөөнгүй ханддаг. Ямар үед нь гажиг заслын аппарат зүүх, ямар үед нь мэс засал хийх эсэхийг эмчийн багаараа ярилцаж  байж шийддэг. Засахгүй л бол яваандаа булчингийн гаралтай эрүүний үений эмгэгт өртөх эрсдэлтэй.

Засах арга хэмжээ авснаар бүрэн эмчлэгдэх үү? 

Эрт үедээ оношлогдвол 100 хувь эмчлэгдэх боломжтой.

Эрүүний үений эмчилгээг ямар түвшинд хэрхэн яаж хийж байна вэ. Ямар тохиолдолд нь аппарат зүүж, дасгал хөдөлгөөнөөр зуултыг засаж байна?

Эмчилгээ ярихын тулд заавал булчин ярих шаардлагатай. Тухайлбал, остеоартрит буюу дискний гаралтай байсан ч булчингийн гаралтай эмгэгтэй хавсарч явагддаг. Ярилцлагын эхэнд хэлсэн гурван хэлбэр дангаараа тохиолдох нь тун ховор. Ихэнхдээ хавсарч явагддаг.

Юуны өмнө зуулт буруу байхад нөлөөлөөд байгаа булчинг G5 булчин сулруулах эмчилгээгээр суллах, эсвэл дискэнд асуудал байвал зуултыг нь өндөрлөж, дискийг нөхөн төлжүүлэх дасгал хийх зэргээр эмчилдэг. Тодруулбал, уг төхөөрөмжөөр эрүүний булчинг суллаж дээд зэргийн тайван болж, суларсан үед нь хазалтын хэвийг аваад splint /зургаас харна уу/ зүүлгэж согог гажгийг нь нөхөх буюу зуултыг зөв болгодог. Энэ маш үр дүнтэй аргуудын нэг.

Булчин сулруулах уг эмчилгээ харьцангуй цөөхөн эмнэлэгт хийгдэж байна. Тиймээс эрүүний үений эмгэгээр оношлогдсон хүмүүст мэс заслын аргыг түлхүү ашиглаж байна.

Ямар тохиолдолд мэс заслын эмчилгээ хийдэг вэ. Мэс заслын эмчилгээний дараа эрүүний үений эмгэг дахин сэдрэх тохиолдол байх уу? 

Уг нь мэс заслаас өмнөх олон арга байдаг. Тэдгээр нь одоохондоо манай улсад бүрэн нэвтрээгүй байгаа. Neuromuscular /мэдрэл булчингийн өвдөлт/ гэх энэ салбар дэлхий даяар дөнгөж хөгжиж эхэлж байна. Тиймээс эмчилгээний арга техник ч үүнийг дагаад өөрчлөгдөн хөгжиж байна. 

Мэс засал эмчилгээг булчин суллах эмчилгээтэй хавсарч хийж байж үр дүнтэй байдаг.

Эхлээд оношоо тавина. Дараа нь мэс заслаар зөв зуултад оруулж, гажиг заслын аппарат, splint зэргийг зүүлгээд бүх эмчилгээг хийсэн ч 3-4 жилийн дараа буцах эрсдэл байдаг. Шаймий зуултыг засчихлаа гэхэд буцаад хуучин байдал руугаа шилждэг гэсэн үг. Үүний шалтгаан нь булчин. Тиймээс бүрэн төгс эмчилгээ гэж одоог хүртэл ярихгүй байгаа. Гол нь энэ дахилтыг багасгах, хугацааг нь холдуулахад эмчилгээний аргууд чиглэж байна.

Буцаад дахих шалтгааныг нь юу гэж үзэж байгаа вэ. Хувь хүнээс шалтгаалах уу? 

Хувь хүн талаас төдийлөн шалтгаалахгүй. Булчин гэдэг өөрөө үргэлж агшиж сунадаг идэвхтэй үйл явцтай, мөн хөдөлгөөнд хамгийн их оролцдог учраас эмгэг дахих нь цаг хугацаанаас шалтгаалаад байна.

Яахав тухайн хүн болж өгвөл байнгын шүдээ эрүүл байлгах, эрт авхуулахгүй байх, амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах, ачаалал өгөхгүй байхад анхаарах, стрессийн шалтгаантай остериоартрит үүсгэхгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй.

УНТЭ-ийн Эрүү нүүрний тасагт эрүүний үений эмгэгээс гадна өөр ямар өвчлөл их бүртгэгдэж байна вэ? 

Эрүү нүүрний үрэвсэлт өвчин буурахгүй байна. Шүдний болон шүдний бус гаралтай үрэвсэлт өвчин их байна. Шүдний гаралтай хүндрэлүүд амь насны асуудлын хэмжээнд яригддаг. Шүд нэг удаа өвдөөд шууд идээлдэггүй. 

Нэг удаа өвдчихөөд өвдөлт нь намдаж байвал хоёрдох том эрсдэлийг үүсгэж байдаг гэдгийг анхаарах ёстой. 

Тэгээд дахин сэдэрч өвдөхдөө идээт үрэвсэл үүсгэдэг. Тиймээс шүд нэг удаа өвдөхөд л шүдний эмчид хандах ёстой.

Мөн сүүлийн үед сахарын хоёрдогч хүндрэлээс үүссэн хатгины хүнд хэлбэрүүд маш элбэг болсон. Үндсэн шалтгаан нь хатги боловч хоёрдогчоор үүссэн эмгэг нь толгой хүзүүнд байрлалтай том том хатги, мундсууд. Нүүрэнд ямар нэгэн байдлаар үрэвсэлт батга, хатги гарсан бол битгий халуун хүйтэн жин тавь! Дур мэдэн бүү шах. Үмхий тос түрхэж болохгүй. Дур мэдэн арга хэмжээ авснаар хүндэрч, дахиж, мэс засал эмчилгээнд ороход хүрдэг гэдгийг анхааруулъя.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Нойр булчирхайн хурц үрэвслийн үед ходоод, аюулхай цанхайж, бүсэлхийгээр өвддөг

Манай улсад нойр булчирхайн хурц болон архаг үрэвслийн тархалт  их байна. Бидний ууж идэж буй хоол хүнс өөх тос ихтэй, нойр булчирхайн үйл ажиллагааг хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 06 сарын 17

Шээсний хүчил тогтмол өндөр байх нь "тулай" үүсгэхээс гадна бөөрний дутагдал, зүрх судасны өвчлөлийн шалтгаан болдог

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Хэрх, үе судлал, үе сэргээх төв”-ийн Ревматалогийн эмч Э.Хөлгөнтэй  “Тулай” өвчний шалтгаан, эмчилгээ, хүндрэл, анхаарах зүйлсийн талаар ярилцлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 24

Санал болгох

Хурдан морьдын шүдлэгээ хийх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсэг  Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгалаа. Баяр наадмын үеэр Хүй долоон худагт Соёлын наадам болохоос гадна жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 07 сарын 08

Наадмын тасалбар авч чадаагүй иргэд зориулан цэнгэлдэхийн гадна том дэлгэцээр шууд дамжуулна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 07 сарын 08