2024/05/20. Даваа гараг Дугаар: #3014

ЭМЧИЙН ӨРӨӨ

О.Хэрлэн: Эндометриозтой хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байна

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 06

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааны 20 хувийг дангаар эзэлж буй “Эндометриоз” өвчний талаар “Юнимед Интернэйшнл” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв, мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засал, эмэгтэйчүүдийн эмч О.Хэрлэнтэй ярилцлаа. 

Юуны өмнө та “Эндометриоз” гэж ямар өвчин болох талаар хэлж өгөөч? 

Эндометриоз гэдэг нь умайн хөндийн салстын бүтэц, үйл ажиллагааны хувьд ижил төстэй эдүүд нь умайн хөндийгөөс өөр газарт шилжин тухайлбал умайн булчин болон өндгөвч, умайн арын холбоос, давсаг, бага аарцгийн хөндийн хананд гэх мэт байрлан урган үржиж эмгэг үүсгэдэг хоргүй, архаг, дахилтад явцтай дааврын хамааралтай эмгэг юм.

Тухайн эдүүд ямар эрхтэнд очиж байрласнаас хамаарч тухайн орчмын эндометриоз гэнэ.Тодруулбал, Умайд байрлаж байвал умайн эндометриоз буюу аденомиоз, өндгөвч дээр байвал эндометриом буюу өндгөвчний эндометриозын уйланхай, үрийн хоолойн, хэвлийн хөндий, аарцгийн хөндийн гялтангийн, арьсан доорх эндометриоз гэх мэт ангилдаг. Мөн эндометриозыг байрлалаар нь 2 ангилна.

1. Экстрагениталь (5-7 хувийг эзэлнэ). Үүнд: Давсаг, гэдэс, нүд, бөөр, уушги гэх мэт эмэгтэйн бэлэг эрхтний тогтолцооноос гадна байрлана.

2. Генитальны (93-95 хувийг эзэлнэ). Үүнд:

     - Дотор талд байрласан буюу умайд байрласан эндометриоз. Өөрөөр "аденомиоз" гэнэ. 

    - Гадна талд байрласан гэх ба түүнийг дотор нь мөн 2 ангилна.

  • Интраперитонеальный эндометриоз. Үүнд: Өндгөвч, умайн гуурсан хоолой, умайн өргөн холбоос, умайн шулуун гэдэсний холбоос
  • Экстраперитонеальный эндометриоз. Үүнд: Умайн хүзүү, үтрээ

Дааврын хамааралтай эмгэг гэхээр өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой гэсэн үг үү?

Өндгөвчнөөс ялгарч буй дааврууд умай, умайн салстад нөлөөлдөг. Эндометриозын голомтод эстрадиол даавар нь /Е2/ голлон нөлөөлөх ба эндометриозын голомтыг тэтгэдэг. Энэхүү даавар нь өндгөвч, өөхөн давхарга, бөөрний дээд булчирхайгаас тус тус ялгардаг. Тэр дундаа дийлэнх хувь нь өндгөвчнөөс ялгарч байдаг. Тиймээс өндгөвчний үйл ажиллагаа зогсоогүй тохиолдолд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл байсаар байна гэсэн үг юм.  

Нэг ёсондоо биений юм ирэх үеэс зогсож, цэвэрших хүртэлх цаг хугацаанд буюу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн өвчин гэж ойлгож болно.

Өвчний шалтгаан, үүсэх хүчин зүйлс нь юу вэ? Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйд тохиолдох эрсдэлтэй гэж ойлголоо. 

Тийм.Эндометриозын эмгэг жамыг өнөөг хүртэл бүрэн гүйцэт тайлбарласан онол байхгүй таамаглал дэвшүүлсээр байгаа. Шалтгаан, эмгэг жамыг нь гүйцэд тодорхойлоогүй учраас олон онол дэвшүүлсэн гэсэн үг л дээ. Тийм боловч шалтгаан, эмгэг жамыг нь тодруулсан дараах хэд хэдэн онол бий. Үүнд:

  • J.Sampson /1921/ эндометриоз нь биений юмны үеийн эндометр нь умайн гуурсан хоолойгоор /рефлюкс/ аарцгийн хөндий болон хэвлийн хөдийд шилжин байршдаг гэх таамгийг дэвшүүлсэн. Энэ онолыг баримтлагчид цөөнгүй байдаг.
  • Ueki (1991)  эндометриоз нь цус болон тунгалгийн замаар тархан эмгэг үүсгэдэг гэж таамаг дэвшүүлсэн.
  • Seli (2003) эмгэг эсүүдийг дархлааны эсүүд болох макрофаг, NK эс болон лимфоцит эсүүд устгадаг. Дархлаа тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотойгоор эндометриозын эсүүдийг устгах үйл явц алдагдсанаас эндометриоз хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлдэг гэж тайлбарласан байдаг.
  • Bulin (2002); Gurates (2003) PGE2 онол нь эндометрийн стромын эсийг өвөрмөцөөр идэвхжүүлдэг. PGE2 болон Эстрадоль E2 нь эндотелийн эсэд нөлөөлөн COX2 энзим ялгаруулдаг нь эндометриозын пролифираци идэвхжүүлэхэд нөлөөлнө гэж эмгэг жамыг тайлбарласан байдаг. 
  • Мөн сүүлийн үед үүдэл эсийн онол яригдаж байгаа.

Гэхдээ эдгээр онол таамаглалууд нь өнөөг хүртэл эндометриозын шалтгаан, эмгэг жамыг бүрэн тодорхойлоогүй учраас дахилт өндөр байх шалтгаан болж байгаа юм.

Эмэгтэйчүүдэд хэр түгээмэл тохиолддог өвчин бэ? Тархалт, оношлогдож буй байдал нь ямар байдаг бол? 

Нийт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 2-8 хувьд нь тохиолддог гэж үздэг. 

Статистикаас харахад эндометриоз нь эмэгтэй үргүйдлийн шалтгааны 20 хувийг дангаар эзэлдэг. 

Энэ бол маш өндөр хувь. Мөн эндометриозтой эмэгтэйчүүдийн 30-50 хувь нь буюу оношлогдсон хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байна. Тиймээс анхаарал татахаас аргагүй өвчин.

Манай Улсын хэмжээнд ямар байдаг талаар бүрэн судлагдсан тоо баримт одоогоор байхгүй. Сүүлийн үед эндометриозын тохиолдол ихсэх хандлагатай байна, дахисан байдал ч мөн ихсэх хандлагатай байна. 

Эндометроизын мэс заслын дараах эмчилгээг бүрэн хийгээгүйгээс болж дахилт өгсөн байдал маш их байна.

Нөхөн үржихүйн аль ч  насны эмэгтэйд тохиолдож болно гэхээр эрт үед нь оношлох боломж байдаг уу. Оношилгоог хэрхэн яаж хийдэг вэ? 

Эндометриозын оношилгоо хийхэд хамгийн чухал нь анамнез байдаг. 

Умайн хөндийг хусаж байсан, умайд болон умайн дайвруудад хагалгаа хийлгэж байсан эмэгтэйчүүдэд эндометриоз үүсэх эрсдэл илүү өндөр байна.

Европын нөхөн үржихүй эмбриологчидийн нийгэмлэгээс /ESHRE/ Эндометриозын зөвлөмж- 2013, 2021 онд дахин шинэчлэн баталсан, мөн гурван дэд удирдамж гарсан. Удирдамжуудад хэрхэн яаж оношилж, эмчлэх талаар тусгасан байдаг. Эндометриоз өвчний эцсийн оношилгоог эдийн шинжилгээгээр батална гэж заасан байдаг.

Гэвч гялтангийн эндометриозын оношилгоо нь маш төвөгтэй. Шинж тэмдэг өвдөлтийг нь харахаар тухайн эмэгтэй өөрөө өөртөө онош тавьчих гээд байгаа ч юм шиг амархан боловч оношийг баталгаажуулахын тулд заавал оношилогооны дурангийн хагалгаанд орох шаардлага тулгардаг.

Нэгэнт оношлогдсон тохиолдолд маш сайн системтэйгээр зөв эмчлэхгүй бол дахилт өгөх эрсдэл өндөр байдаг. 

Ард нь гэр бүл төлөвлөлтөө сайн зохицуулахгүй бол үргүйдэлтэй болох ч эрсдэлтэй. Тиймээс хөнгөн хандаж болохгүй. Эндометриоз өвчтэй хүмүүстэй тулаад уулзахад маш олон сонголт, салаа замууд гарч ирдэг. Оношилгооны олон аргуудаас сонголт хийх хэрэгтэй болно. Үргүйдлийн анамнез байгаа эсэх, гэрлэсэн эсэх, ойрын хугацаанд хүүхэдтэй болох эсэх талаарх асуумжийг зайлшгүй авах хэрэгтэй. Бүх талаас нь тодруулж байж нарийн системтэй оношилж, эмчилдэг.

Өвчний аль үе шатандаа оношлогдож байна вэ?

3-4 шатандаа буюу 60-70 хувь нь дунд, хүнд хэлбэртээ оношлогдож байна. Эндометриозыг оношлоход цаг хугацаа маш их алддаг.

Урьдчилан сэргийлэх үзлэг өндөртэй Герман, Австри  зэрэг улсад зөвхөн оношлоход 10.4 жилийг зарцуулж байгаа бол Англи, Испанид 8 жил, Норвеги 6.7 жил, Италид 7–10 жил, Бельги болон Ирландад 4–5 жил зарцуулж байна. Эндометриозыг оношлоход дунджаар 7 жил зарцуулж байна.

Ингэж хугацаа алдаж буйн шалтгаан шалтгаан юу вэ? Эцсийн оношийг эдийн шинжилгээ буюу мэс заслаар оношилдог гэхээр толгой дараалан мэс засалд оруулдаг гэж ойлгож болохгүй байх. Ямар шинж тэмдгээр эндометриоз байж болзошгүй гэж сэжиглэх вэ? 

Эндомериозын шинж тэмдэг нь хувьсамтгай. Зарим эмэгтэйчүүдэд тодорхой шинж тэмдэг байдаггүй байхад бусад эмэгтэйчүүдэд харилцан адилгүй шинж тэмдгээр илэрдэг. Хаана байрлаж байгаагаас ихээхэн хамаарна. Биений юмны мөчлөг алдагдах, биений юмны мөчлөгтэй холбоотой болон холбоогүй өвдөлт мэдрэгдэх, бэлгийн харьцааны үед өвдөх, хэвлийн архаг өвдөлт, биений юмны мөчлөгтэй холбоотойгоор гэдэсний хямрал болон давсгийн эмгэгшил гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ нь  эндометриозыг эрт  оношлоход төвөгтэй байдал үүсгэдэг. Мөн үргүйдэл нь дээрхи шинжүүдтэй хавсарч тохиолдох нь элбэг.

Эндометриозын уйланхай, шулуун гэдэс-үтрээн завсрын эндометриоз, аденомиоз, умайн арын зайн гялтангийн эндометриоз зэргийг оношлоход багажийн тусламжтайгаар шинжилгээний аргууд өргөнөөр нэвтэрч байгаа боловч хамгийн ач  холбогдолтой нь эмэгтэйчүүдийн үзлэг байх ба  туршлагатай эмч нар энэхүү  үзлэгээр өндөр хувьтайгаар зөв оношийг  тавих боломжтой. Үүнд:

  • Умай болон дайвруудыг тэмтрэхэд огцом өвдөлттэй байна
  • Умай болон дайвруудад эмгэг голомт тэмтрэгдэх
  • Умайн араар, шулуун гэдэс-үтрээний хүнхрээ, ахар сүүл умайн холбооснуудын нугалаануудыг тэмтрэхэд өвдөлттэй байна.

Үүнээс гадна орчин үеийн клиникт оношилгооны үндсэн арга нь хэт авиа /ЭХО/ бөгөөд түүнийг скрининг /эрт илрүүлэг/ арга гэж тооцож болно. Мөн КТГ болон MRI-аар оношилж байна. Ялангуяа хоруу чанар багатай аргуудаас хамгийн мэдээлэл сайтай нь MRI гэж үзэж байна. Энэ арга нь эндометриозын бүтэц, байрлалыг тодорхойлохоос гадна бага аарцгийн эрхтнүүдийн анатомийн бүтцийг тодорхойлно. Мөн эндометриозыг 100 гаруй маркерийг илрүүлэн үзэж болно. Эдгээр маркеруудыг үзсэнээр эндометриоз байж болох юм гэж таамаглаж болохоос оношийг батлах маркерууд биш юм. 

Хэт авиа оношилгоо нь өндгөвчний эндометриозыг оношлох мэдрэг чанар 60-90 хувь, өвөрмөц байдал 85-98 хувь байдаг боловч хэвлийн гялтангийн эндометриозыг оношлоход тусалж чадахгүйг анхаарах хэрэгтэй.

Тиймээс эндометриозын оношилогооны Алтан стандарт нь хэвлийн хөдийн дурангийн мэс засал хэвээр байсаар байна. Эдийн шинжилгээгээр эндометриозыг баталгаажуулах боловч эдийн шинжилгээгээр илрээгүй эндометриозыг шууд үгүйсгэж болохгүй.

Биений юманд ямар өөрчлөлт  гарах вэ? 

Өвдөлттэй ирэхээс гадна биений юмны өмнө хойно бор өнгөтэй ялгадас гарах буюу өнгө өөрчлөгддөг. Зарим эмэгтэйчүүдэд биений юм алдагдаж болно. 

Оношилгоо дээр өндгөвчний уйланхайн хэмжээг заасан байдаг. Хэдэн см хэмжээтэй байвал аюултай, эсвэл мэс заслаар авах заалттай байдаг вэ? 

Өндгөвчний эндометриозын уйланхайн хэмжээг гурван хэмжээсээр эзлэхүүнийг тодорхойлох хэрэгтэй. Дунджаар 3.5 см болон түүнээс дээш байвал мэс заслын заалттай. Гэхдээ улс бүрийн удирдамж өөр БНХАУ-д гэхэд 7 см, зарим удирдамжид 4 см байвал мэс заслын заалттай гэх мэт байдаг. 

Манайд олон улсын дундаж удирдамжийг дагаж 3.5 см байвал мэс засал хийдэг.

Янз бүрийн өвдөлт мэдрэгдэхээс гадна сэтгэл зүйд нөлөөлөх үү?

Өвдөлтөөс болж бухимдах, уур уцаартай болох байдал үүсэж болно. Үүнээс өөрөөр сэтгэл зүйд айхтар сөрөг нөлөө үзүүлэх нь харьцангуй бага. Харин өндгөвч дарангуйлах эмчилгээ хийж байгаа тохиолдолд сэтгэл санаанд өөрчлөлт орж болно.

Оношлогдсон хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байдаг гэж байна. Тэр нь ямар тохиолдолд үргүйдэл болох нөхцөл байдал үүсгэдэг вэ? 

Судалгаанаас харахад эндометриозтой эмэгтэйчүүдийн 30- 50 хувь нь үргүйдэлтэй байна. Аарцгийн хөндий, хэвлийн хөндийн эрхтнүүдийн наалдац, өндгөн эсийн чанар буурах, үр хөврөл бэхлэгдэлт буурах нь үргүйдэлд нөлөөлж болно гэж үздэг.

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн цөм эрхтэн нь өндгөвч шүү дээ. Цаг хугацаа явах тусам өндгөвчний нөөц багасаж байдаг. Гэтэл 30 насандаа оношлогдсон эмэгтэй эмийн эмчилгээ, мэс засал, эндометриоз дахилт илэрч  35 нас хүрэхэд хэдийн өндгөвчний нөөц огцом буурч, үргүйдэлтэй болох эрсдэл үүсдэг.

Мөн өндгөвчинд эндометриозын уйланхай байх үед өндгөвчийг хэсэгчлэн тайрах болон өндгөвч авах ажилбар хийгдээд байна. Энэ нь өндгөвчний нөөцийг бууруулах том хүчин зүйл болж байна. Тиймээс өндгөвчийг аль болох гэмтээлгүй хадгалж үлдэх хэрэгтэй, маш болгоомжтой хандах ёстой.

Эндометриозын үед өөрөөрөө жирэмслэх боломж нь хэр байдаг вэ?  

Эндометриозын үе шатыг тодорхойлох нь эндометриозтой эмэгтэйчүүдэд нэн чухал. Америкийн эх барих, нөхөн үржихүйн нийгэмлэгийн 1997 оны ангиллын дагуу 1,2-р шатандаа оношлогдсон бол өөрөөрөө жирэмслэх оролдлого хийж үзэх хэрэгтэй. Өөрөөрөө жирэмслэхийн тулд эхлээд эндометриозын голомтыг дарангуйлах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 

Өөрөөрөө жирэмслэх боломжтой гэж эмчилгээг хойшлуулж яваад цаг хугацаа алддаг байдал бас их. 

Нас, нөхцөл байдал  гээд эмэгтэй хүн бүрд харилцан адилгүй. Эндометриозын 3-4 шатанд ихэвчлэн үргүйдэл хавсарч явагддаг. Тухайлбал, 35 настай, эндометриозын хүнд хэлбэртэй, хоёр талын өндгөвчнөөс эндометриозын уйланхайтай, наалдацтай хэдий ч үрийн хоолой нээлттэй гэж оношлогдов. Энэ тохиолдолд өндгөвчний уйланхайг нь аваад, өөрөөрөө жирэмслээрэй гээд явуулчихдаг. Гэтэл 35 нас гэдэг нь өндгөвчний нөөц багасаж байгаа, нэмээд өндгөвчний хоёр талаас нь уйланхай авах мэс засал хийлгэхээр өндгөвчний нөөц буурах эрсдэл өндөр учраас жирэмсэлж чадахгүй 3,4 жил алддаг. Тэгээд явсаар 40 нас хүрчихдэг. 35 насандаа оношлуулаад хүүхэдгүй явсаар 40 насандаа дахин эмнэлэгт ирээд үр шилжүүлэн суулгуулъя гэхэд өндгөн эсийн нөөц огцом буурчихсан, амьдрал нь үр хүүхэдгүйгээр төгсөж буй харамсалтай жишээ байна. Яг ийм тохиолдол дээр эхлээд өндгөвчний нөөцийг үнэлж аль болох өндгөн эсийн нөөцийг хадгалж үлдэх нь чухал.Хагалгааны дараа хэсэг хугацаанд дарангуйлах эмчилгээ хийлгэж, үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдах нь зохимжтой.  

Эндометриозын үе шатаас нь хамаарч ямар эмчилгээг хэрхэн хийдэг вэ? 

Хүнд хөнгөний зэргээс хамаарч мэс заслын болон эмийн эмчилгээ хийдэг.

Өвдөлт өгөөд, эндометриоз гэж сэжиглэсэн байгаа эндометриозын голомт байхгүй тохиолдолд эмийн эмчилгээ хийж болно. Дааврын эмчилгээг 3 сар хүртэл хугацаанд уулгаж хянана. Өвдөлт зовуурь нь намдаж байвал үргэлжлүүлээд 6 сараас 2 жил хүртэл хугацаанд уулгана. Үүний дараа завсарлана. Завсарлах хугацаандаа жирэмслэх боломжтой.

Эсвэл зовуурь өвдөлт намдахгүй, үргүйдэлтэй байвал дурангийн хагалгаанд орно. Эндометриозын эмчилгээний алтан стандарт хэвлийн хөндийн оношилгооны дурангийн мэс засал (лапароскопи) гэдгийг дээр хэлсэн. Хэвлийн хөндийн оношилогооны дурангаар эндометриозын голомтыг илрүүлбэл түлэх, авах, тайрах гээд маш олон төрлийн эмчилгээг мэс заслын үед шийдвэрлэдэг.

Мэс заслын эмчилгээний дараа дахилтаас сэргийлэх эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай. 

Өндгөвчний уйланхайг мэс заслаар авсны дараа эмийн эмчилгээ хийгдээгүй тохиолдолд 60 хувь нь дахидаг. 

Эмийн эмчилгээ хийсэн тохиолдолд дахилтыг 50 хувь бууруулна. Тиймээс эмийн эмчилгээг дахилтаас сэргийлэн хийх шаардлагатай. Үүний дараа өөрөөрөө болон туслах технологи ашиглан аль болох жирэмслэх хэрэгтэй.

Эмчилгээг завсарлаад жирэмслэх хэрэгтэй гэдэг нь эмчилгээнд бас нөлөөлнө гэсэн үү?

Яг тийм. Жирэмслэлт нь өөрөө байгалийн хамгаалалт болж өгдөг. Гэтэл практикт эмэгтэйчүүд маань 35, 40 нас хүртлээ жирэмслэхгүй, карьер хөөгөөд яваад байна. Энэ нь нэг талаараа байгалийн цикл алдагдаж, эндометриозын тархалт нэмэгдэх шалтгаан болж байх магадлалтай. Жирэмслэлт, төрөлтийн нас хойшлох тусам л эмэгтэйчүүдийн өвчлөл, хавдар, эндометриозын эрсдэл нэмэгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эндометриоз хавдарт шилжих, эсвэл хавдрын шалтгаан болох боломжтой юу? 

Эндометриоз нь дааврын үйл ажиллагаатай холбоотой байдаг тул энэ нь хорт хавдартай холбоотой байж магадгүй гэж үзэх нь зүйн хэрэг, гэхдээ тийм биш юм.

Эндометриозтой байх нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэггүй. Энэ хоёрыг холбосон судалгаа байхгүй. Гэхдээ магадлал нэг хувиас бага гэж үздэг. Одоогоор манайд хорт хавдарт шилжсэн тохиолдол бүртгэгдээгүй.

Даавар дарангуйлах эмийн эмчилгээ хийлгэж дуусаад жирэмслэхэд жирэмслэлт хэвийн явагдах уу. Урагт ямар нэг нөлөө үзүүлэх үү? 

Хэвийн явагдана. Хэвийн жирэмслэлт байвал нөлөө үзүүлэхгүй.

Дахилт болоход юу нөлөөлөөд байна. Дунджаар хэдэн жилийн дараа дахилт өгөх эрсдэл үүсэж байна вэ?

Янз бүр. Өндгөвчний уйланхай авах хагалгаанд орж дахилтаас сэргийлэх эмчилгээнд хамрагдсан, өндгөвчний нөөц сайтай боловч жирэмслэлтээс хамгаалж байвал дахилт ойрхон. 2 жилийн дотор дахисан тохиолдол ч бий.  

Эндометриозын ямар үед үр шилжүүлэн суулгах заалт гардаг вэ? 

Эндометриозын 3 болон 4 үе шат оношлогдсон тохиолдолд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. 

Эндометриозтой өвчтөнүүдэд үр шилжүүлэн суулгах нь хүлээх менежментээс илүү жирэмслэлтийн хувийг нэмэгдүүлдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн.

Үр шилжүүлэн суулгалтын эмчилгээ нь хожуу шатандаа байгаа эндометриозтой өвчтөнүүдэд өвчин дахих эрсдэлийг нэмэгдүүлэхгүй. Ажиглалт хяналтын судалгаанаас харахад, эрт шатандаа байгаа эндометриозтой үр шилжүүлэн суулгалтад орж байгаа эмэгтэйчүүдэд  хожуу шатныхаас амьд төрөлтийн хувь илүү өндөр байна гэж зарим судлаачид үзэж байна.

Умайд байрлаж байгаа буюу аденомиозтой үед заавал өндгөн эсээ хадгалуулж, үр шилжүүлэн суулгах хэрэгтэй юу? 

Умайд байрласан эндометриозыг аденомиоз гэж ойлгож болно. Аденомиоз нь дотроо 4-н  зэрэгтэй. 1 болон 2 зэрэг дээр өөрөөрөө жирэмслэх оролдлого хийх эсвэл үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдаж болно. 3 болон 4-р зэрэг буюу хүнд зэргийн үед үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан ч үр дүнгүй байх нь дийлэнх хувийг эзэлдэг. Эндометриозтой умайд үр хөврөл хүлээн авах, хүүхэд тээх чадвар алдагддаг учраас тээгч эхийн асуудал яригддаг.

Заавал өндгөн эс хадгуулна гэж ойлгож болохгүй өндгөвчний нөөцөө эхлээд үнэлэх шаардлагатай. Өндгөвчний нөөц бага эсвэл хомсорч байгаа тохиолдолд хадгалуулах нь зохимжтой.

Эндометериозын үед ямар хооллолтын дэглэм барьдаг вэ. Хориглох хүнс байдаг уу? 

Эстроген дэмжиж байгаа бүтээгдэхүүнүүдийг хязгаарлана. Үүнд, глутен буюу цавуулаг агуулсан нүүрс ус хэрэглэхийг хориглодог. Дараах хүнснүүдийг хязгаарлах, тохируулан хэрэглэх шаардлагатай гэж зөвлөж байгаа. Үүнд:

  • Транс өөх тос их хэмжээгээр хэрэглэхийг хориглоно. Судалгаанаас үзэхэд транс өөх тос их хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эндометриозын өвчлөл өндөр байгааг тогтоожээ. Транс өөх нь ихэвчлэн шарж, хуурч боловсруулсан, түргэн хоолонд агуулагддаг.
  • Улаан махны хэрэглээг хязгаарлах. Зарим судалгаагаар мах их хэмжээгээр хэрэглэснээр эндометриоз үүсэх эрсдэл нэмэгддэг.
  • Gluten. Цавуулаг нь улаан буудай, арвай, хөх тарианд агуулагддаг уураг юм. Цавуулгийг мөн хоолонд өтгөрүүлэгч эсвэл амт оруулах зорилгоор нэмдэг. Цавуулаг нь наалдамхай чанартай бөгөөд талх, гурилан бүтээгдэхүүнийг зажлууртай болгодог. Эндометриозтой 207 эмэгтэйг хамарсан нэг судалгаагаар тэдний 75 хувь нь цавуулгийг хоолны дэглэмээс хассаны дараа өвдөлт багассан байна.
  • FODMAP өндөртэй хоол хүнс хэрэглэж болохгүй. Судалгаагаар FODMAP багатай хоолны дэглэм баримталдаг эндометриозтой хүмүүст шинж тэмдгүүд мэдэгдэхүйц сайжирсан болохыг тогтоожээ. FODMAP гэдэг нь нарийн гэдсэнд муу шингэдэг нүүрс ус (элсэн чихэр) юм. Зарим жимс, хүнсний ногоонд агуулагддаг бөгөөд ихэвчлэн чихэрлэг амт оруулагч болгон ашигладаг.

Ер нь эндометриозын үед цусанд дахь эстрогений түвшин өндөр байдаг учир эстроген үүсэлтийг дэмжих хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

АУ-ны доктор Ш.Энхтүвшин: Өвдөгний үений үрэвсэлт өвчин залуужиж, дөнгөж 35-40 насанд эхлэх болж

Өвдөгний үений өвдөлт, өвчин дөнгөж 35-40 наснаас эхэлж байгаа бөгөөд ихэнх нь хүндэрсэн шатандаа эмнэлэгт хандаж буй талаар эмч мэргэжилтнүүд сануулав. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 09

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 29

Санал болгох

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 17

Марафон гүйлтэд оролцохоор бэлдэж хүмүүс дараах зүйлсийг анхаараарай

"Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох,Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 17