2024/05/20. Даваа гараг Дугаар: #3014

ЭМЧИЙН ӨРӨӨ

АУ-ны доктор Ш.Энхтүвшин: Өвдөгний үений үрэвсэлт өвчин залуужиж, дөнгөж 35-40 насанд эхлэх болж

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 09

Өвдөгний үений өвдөлт, өвчин дөнгөж 35-40 наснаас эхэлж байгаа бөгөөд ихэнх нь хүндэрсэн шатандаа эмнэлэгт хандаж буй талаар эмч мэргэжилтнүүд сануулав. Иймд "Эмчийн өрөө" булангаараа энэ удаа өвдөгний үений өвдөлт, түүний шалтгаан, оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар ЭМЯ-ны Өвдөлт судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх эмч, АУ- ны доктор  Ш.Энхтүвшинтэй ярилцлаа. 

Өвдөгний үений өвдөлт үүсэх шалтгаан, энэ өвчний эмгэг жамын талаар та хэлж өгөөч? 

Үений үрэвслүүдээс хамгийн элбэг тохиолддог, мөгөөрс болон үений зөөлөн эдүүдийг гэмтээдэг үений сөнөрөлт, давшингуй явцтай архаг өвчинг “Остеоартрит” буюу яс үений үрэвсэлт өвчин гэнэ. Үүний дотор өвдөгний үений остеоартрит голлох байр суурийг эзэлдэг.

Тухайлбал, 2022 онд хийсэн Дэлхий нийтэд хөдөлмөрийн чадвар алдагдалд хүргэж буй тэргүүлэх шалтгаануудын судалгаагаар, ууц нурууны өвдөлт, сэтгэл гутрал, чихрийн шижин, үүний араас “остеоартритууд” орж байна. Тиймээс анхаарал хандуулах шаардлагатай нийгмийн өвчин болоод байгаа юм. Учир нь сүүлийн  жилүүдэд өвдөгний үений өвдөлттэй хүмүүсийн насжилт залуужиж байна.

Судалгаагаар, 35-аас дээш насны хүмүүсийн дунд 0.1 хувь, 75-аас дээш насанд 30 хувь, эмэгтэйчүүдэд хоёр дахин  илүүтэй тохиолдож байна. 

40-өөс дээш насны ихэнх хүмүүс уг өвчинд нэрвэгдсэн байна. Дэлхий нийтээрээ өвдөгний үений остеоартроз буюу элэгдэл өвчин залуужиж буй талаар “Өвдөлтийн олон улсын хурлууд"-д судалгаа хийгдсэн илтгэлүүд тавигдаж байна.

Өвдөг яс үений үрэвсэлд нөлөөлөх хүчин зүйл нь таргалалт, хооллолт, гэмтэл, төрөлхийн гаж хөгжлүүд. Монгол хүмүүсийн дунд элбэг тохиолдох шалтгаан нь шим тэжээлтэй хоол хүнсээ хэрэглэхгүй байгаа явдал.

Мах, гурил, гурилан бүтээгдэхүүн гэсэн цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн голдуу хэрэглэснээр эрдэс, шим тэжээлийн дутагдалтай болж байна. Энэ нь ч эргээд хооллолттой холбоотой таргалах нэг шалгаан болдог. Сүү цагаан идээ гэх мэт кальциар баялаг хүнс бага идэхийн зэрэгцээ каффеин ихээр агуулсан хийжүүлсэн ундаа, кофе зэргийг их хэрэглэснээр яс нь хэврэг болж өвдөгний үений өвдөлтийн насжилт залуужих буюу дөнгөж 35-40 наснаас эхэлж байна.

Өвдөгний үе өвдөх эхний шинж тэмдэг нь юу вэ. Хүмүүс хааяа нэг өвддөг гээд тоохгүй байх нь бий?

Нас ахихын хэрээр өвдөгний үений гиалин мөгөөрс элэгдэж, эвдэрч задран, хорчийж улмаар үений зай нарийсан өвдөлт өгч эхэлдэг. Явахдаа майжийдаг, гудамжаар явж буй ихэнх настай хүмүүсийн алхааг харахад дондогмаа хүүхэлдэйтэй төстэй алхаж яваа харагдах болсон. Энэ бол өвдөгний үений остеоартритын тод жишээ.

Ихэнх нь таргалалт, хооллолт зэрэг амьдралын буруу хэв маягтай холбоотой байна. Өвдөг нь биеийн жингийн ачааллын 80 хувийг дааж явдаг гол эрхтэн гэдэг утгаараа жин нэмэгдэхэд үений мөгөөрсөн жийргэвчийг дарж гэмтээж, шингэн багасах үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог.

Үений шингэн багассан үед явахад өвдөлт нь нэмэгдэж, суухад намддаг, сүүлдээ өдөр шөнөгүй тасралтгүй өвддөг болох, өвдгөнд хөшилт үүсэх, хөдөлгөөн хязгаарлагдах, булчингийн сулрал болох, шажигнаж өвдөх, хавдах, өвдөг хавиар хаван ихдэх, үений хэлбэр өөрчлөгдөх, хөл маажийх, өвдөгний ард шингэн хурах, явахад бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэг зовуурь илэрнэ.

Ингэж өвдөж байна гэдэг нь хүндэрсэн хэлбэр үү. Өвдөгний үений өвдөлтийг хэрхэн эрт оношлох вэ? 

Өвдөгний үрэвсэлт өвчнийг бусад өвчнөөс ангилж ялган оношлох хэрэгтэй байдаг. Тухайлбал, үе мөч өвддөг буюу ревматоидный үрэвсэлт өвчин /үений/, тулай, үений хурц өвчтэй үрэвслээс ялган оношилж зохих эмчилгээг хийнэ. 

Ингэхдээ өвдөгний үений өөрчлөлтийг 4 зэрэгт хуваадаг. Анхны шатны эрүүл мэндийн байгууллага болох Өрхийн эмнэлэгт өвдөгний рентген зураг авхуулж өвдөлтийн зэргийг тодорхойлох боломжтой.  

  • 1-р үе шат: Бага өөрчлөлттэй буюу мөгөөрсний 10 хувь нь алдагдсан байдаг
  • 2-р үе шат: Үений зай нарийсаж, мөгөөрс гэмтэж эхэлдэг. Остеофитууд илэрнэ.
  • 3-р үе шат: Үений зай илүү нарийсана. Мөгөөрсөн эдийн цооролт ясанд хүрдэг.
  • 4-р үе шат: Үений зай эрс багасаж, мөгөөрсөн эдийн 60 хувь нь алагддаг. Остеофитүүд их илэрнэ.

Өвдөлт, мөгөөрсөн жийрэвчний элэгдлийн байдлаас шалтгаалж эмчилгээг 1-2-р үе шатанд байгаа тохиолдолд өвдөгний үений хиймэл шингэн хийдэг. Харин 3,4-р шатанд мэс заслын аргаар титанан төмрөөр хийгдсэн хиймэл үе хийх шаардлагатай болдог. Хиймэл үений хийсэн материалаас шалтгаалж 5-15 жилийн хугацаатай байдаг тул судалж үзэж сонгох нь зүйтэй. 

Эрт мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой юу? 

Мэдээж болно. Хувь хүнээс ихээхэн шалтгаалдаг. Энэ талын эрүүл мэндийн ойлголт, мэдлэг боловсролтой байх хэрэгтэй. Илүүдэл жингээ хасах, зөөлөн дасгал хөдөлгөөн хийх, эрдэс шим тэжээлтэй шүлтлэг хүнс хэрэглэх, ясны шөл, Д витамин зэрэг нэмэлт витаминуудыг зохих тунгаар уух, сэргээн засах, уламжлалт засал эмчилгээ хийлгэх зэргээр амьдралын хэв маягаа өөрчилж хүндрэлээс сэргийлэх, эмчлэх бүрэн боломжтой. 

1,2-р шатанд байхад хиймэл өвдөгний шингэн нөхөж хийлгээд, зөв дэглэм барьсанаар 1-2 жилдээ өвдөхгүй, 6-12 сардаа давтан хийлгээд явахад маш үр дүнтэй эмчилгээ болдог.

Хүндэрсэн тохиолдолд, эсвэл удаан хугацаанд өвдөх нь ямар эрсдэлт хүргэх вэ? Тэр үед шингэн нөхөж хийхээс өөр ямар эмчилгээ хийх вэ? 

3-р шатандаа орсон бол өвдөгний хиймэл шингэн хийлээ гэхэд 3-6 сар өвдөхгүй байх боломжтой. Ер нь 3,4-р шатанд орсон бол мэс заслын аргаар титанин төмөр хиймэл үе хийх шаардлагатай болдог. Ийм хэмжээнд хүргэхгүйгээр эмнэлэгт хандаж мэргэжлийн зөвлөгөө эмчилгээ хийлгэх нь зүйтэй.

Бид сүүлийн арван гаруй жилийн хугацаанд өвдөлт намдаах, мэдээгүйжүүлгийн чиглэлээр ажиллаж байна. 

Өвдөлт намдаах хэсэгт хандаж буй өвдөг нь өвдсөн хүмүүсийн бараг 80 хувь нь хүнд буюу 3,4-р шатандаа орчихсон, архаг өвдөлттэй хүмүүс байна.  

40 наснаас эхлэн урьдчилан сэргийлэх зорилгоор өвдөгний рентген авхуулах хэрэгтэй. Өвдгөөр өвдөх, шажигнаж дуугарах, доошоо уруудах ялангуяа шатаар буух, уулын уруу алхахад илүүтэй өвдөх зовуурь илэрч байвал яаралтай үзүүлж зохих арга хэмжээг авах шаардлагатай.

Төрөлт, цэвэршилттэй холбоотойгоор эмэгтэйчүүд илүү өртдөг гэж байна. Ямар арга хэмжээ авах вэ? 

Жирэмслэхээс өмнө болон төрсний дараа нэмэлт витамин эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Нас ахихын хирээр бодисын солилцоо буурч цэвэршилт эхлэх үеэс эмчийн заавраар эрдэс тэжээл, амин дэмтэй хоол хүнс идэх, нэмэлтээр витамин уух хэрэгтэй болдог.

Хэр хугацаанд өвдөлт, шинж тэмдэг илрэхэд архаг өвдөлт рүү шилжих вэ. Ер нь өвдөгний үений өвдөлтийн тархалт ямар байна вэ? 

Өвдөөд 14 хоног - 3 сар болоход архаг өвдөлт рүү шилждэг. 

Европт 75 сая хүн ямар нэгэн архаг өвдөлттэй,  тэр дундаа 31-60 насныхан 54 хувийг нь эзэлж байна. Архаг өвдөлтийн үргэлжлэх дундаж хугацаа 7 жил, 18 хувь нь 20 жилээс дээш архаг өвдөлтөөр шаналж, 72 хувь нь байнгын өвдөлттэй байдгаас хамгийн наад захын амьдралын идэвхээ алддаг гэсэн судалгаа байдаг.

Австралийн архаг өвдөлтийн тархалтын судалгаагаар, 64-75 настны дунд архаг өвдөлт 51 хувийг эзэлж байна. Манай орны хувьд архаг өвдөлтийн талаар хийгдсэн судалгаа  хомс боловч олон улсын дундажтай хол зөрөхгүй л болов уу.

Архаг өвдөлтийн сөрөг нөлөө, үр дагавар, цаашдын хүндрэл нь юу вэ? 

Ажиллах чадамжгүй, хөдөлмөрийн бүтээмжгүй болох буюу ажилгүйдэл, эдийн засгийн уналтад шууд нөлөөлнө. Жижиг зүйлийг ч хийж чадахгүй болно.

Мөн сэтгэл зүйн талаас сэтгэлээр унах, гонсгор байх, бүхий л харилцаанд сөргөөр нөлөөлөх, аливаад  идэвхгүй болох, үйл ойлголцол бий болох, өөртөө сэтгэл ханамжгүй болох, нойр өөрчлөгдөх, анхаарал төвлөрөл муудах, зорилгогүй болох, бэлгийн сулрал, ууртай уцаартай, шаналсан, сөрөг бодлуудад автсан, бүр цаашлаад амиа хорлох гэж оролдох хүртэл сөрөг үр дагаварт хүрдэг амьдралын чанарыг асар ихээр доройтуулдаг өвчин. Тиймээс эрт үед нь амьдралын хэв маягаараа зохицуулж, эрүүл хэв маягийг хэвшүүлэх нь энэ бүхнээс сэргийлэх энгийн бөгөөд чухал алхам байх болно.

Насжилт явагдахын хэрээр энэ өвчнөөр тодорхой хэмжээнд өвдөх нь зайлшгүй. Гол нь дээр хэлсэн хооллох дадал, таргалалтыг шим тэжээлийн доройтол гэж үздэг. Иймд амьдралын буруу хэв маягаас шалтгаалан эрт ясны сийрэгжилт эхэлж байгаа гэдгийг анхаарч ийм хүндрэлд хүргэхгүй байхыг хичээх нь зүйтэй.

Эрүүл хэв маяг, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэх боловч яг зөв дасгал хөдөлгөөнөө хийх нь чухал байх. Өвдөгний үеэнд сөргөөр болон сайнаар нөлөөлдөг дасгалууд нь юу вэ? 

Иргэд энэ тал дээр буруу ойлголттой байх нь элбэг. Хөдөлгөөн хий гэхээр сайн алхаж байгаа, явж байгаа гэдэг. Өглөө босоод 15-20 минут алхах нь мэдээж чухал. Зөв дадал. Гэхдээ алхах нь агших хөдөлгөөн юм. Алхаж биеэ халаасны дараа заваал сунгалтын дасгал, иогын дасгал зэргийг хийх хэрэгтэй. Тэгж байж зөв дасгал болно.

Орон сууцанд амьдардаг хүмүүс лифтэнд суухгүйгээр шатаар дээшээ алхсанаар гуяны урд булчинг чангалж, өвдөгний өвдөлтийг багасгаж болох энгийн бөгөөд үр дүнтэй арга. Харин өвдөг нь өвдөж байгаа бол шат руу уруудаж алхаж болохгүй. Жингээрээ дарж уруудаж алхах үед өвдөгний мөгөөрсөн жийрэвгэвчийг гэмтээмж улам өвдөнө. Шатаар уруудах даа араараа алхах, уул руу буухдаа ташуулдаж алхах зэргээр өвдөгний үендээ зөв ачаалал өгөх хэрэгтэй. 

Гуяны арын булчинг сунгах сунгалтын тавцанг өвдөг нь өвддөг хүмүүс гэртээ байнга хэрэглэх нь маш үр дүнтэй. /зургаар/

Өвдөлтийг эмээр дарах, элдэв аргыг хүмүүс ихээр хэрэглэдэг. Сайн гэх болгоныг л хэрэглээд байдаг. Энэ тал дээр та мэргэжлийн хүний зүгээс анхааруулж хэлэх зүйл? 

Эмийн замбараагүй хэрэглээ маш их байна. Манайд ирж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг харахад өвдөлт намдаах төрлийн эмийг замбараагүй хэрэглэж даамжруулсан хүнд тохиолдлууд олон. Өвдөлт намдаах эмийг өдөрт 2-3 ширхэгээр 10 жил уухаар тэр хүний ходоод үрэвсэж өвдөх эрсдэл нэмэгддэг. Ямар ч эмэнд хоруу чанар, гаж нөлөө бий. Дураараа ууж огт болохгүй.

Яг үүнтэй холбоод нэг жишээг онцлон анхааруулж хэлье. Хятад улсад үйлдвэрлэсэн  метил преднизолон гэж гормон тариаг мэргэжлийн эмчийн хяналт дор эмнэлэгт маш бага тунгаар эмчилгээнд хэрэглэдэг. Хүмүүсийн хэлдгээр цагаан тариа гэж гадуур их зардаг, хямд үнэтэй худалдаалагдах болж. Үүнийг хүмүүс олноор нь  худалдаж аваад 500 мг хүртэл өндөр тунгаар булчиндаа тарьж байна. Дур мэдэн эмчилгээ хийсний уршгаар бүх бие нь хавагнах, таргалалт нь нэмэгдэх, чихрийн шижин өвчтэй хүний цусан дахь сахар ихсэж сэхээнд орох, бөөрний дутагдал, артерийн даралт ихсэх улмаар зүрхний дутагдалд орох хүртэл хүндэрч байгаа учраас ам дамжин нэгнээсээ авч дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхааруулъя. 

Маш хортой. Эрхтэн системд эмгэг өөрчлөлт өгдөг гэдэг нь олон олон тохиолдлоор батлагдаж байна.

Үнэхээр өвдөлт зовуурь байгаа бол эхлээд өрхийн эмч нартаа хандаад, өвдөлт намдаах эмийг эмчээрээ заалгаж зөв тунгаар уух болон рентген зураг авхуулж, өвдөлт ямар үе шатандаа байгаагаа тодорхойлуулаад, мэргэжлийн өвдөлт намдаах клиникт хандахыг зөвлөе.

Эм болгон гаж нөлөөтэй. Чанартай эм болон өвдөлт намдаах хоруу чанар багатай өөр ямар эмчилгээ, арга техникийг та зөвлөх вэ? 

Өвдөлт намдаах маш олон төрлийн эм байдаг. Өвдөлтдөө шаналж буй хүмүүс их тунгаар давхарлаж ууснаар ходоод, элгэнд сөргөөр нөлөөлдөг. Өвдөлт ихтэй үедээ үрэвсэл намдаах өвдөлт намдаах эм ибупропентэй хамт парацетомал хавсарч уувал үр дүн илүүтэй байдаг. 

Эмийн бус арга гэвэл өвдөлт намдаах наалтууд олон төрлөөр гарах болсон байна. Миний судалж мэдсэнээр, Японы эрдэмтэн Кэнзо Кассены бүтээсэн өвдөлт намдаах наалт чанартай, шалгарсан үр дүнтэй. Тухайн эрдэмтэн өөрөө маш их өвдөлт мэдэрч түүндээ шаналж олон жил яваад, 75 насандаа бүх төрлийн өвдөлтийг намдаах, хаван бууруулах наалтыг бүтээсэн юм билээ. Би 2008 онд АНУ-ын Бостон хотод Олон улсын өвдөлт судлалын  их хурал дээр анх танилцаж байсан юм. Өвдөг өвдсөн, хавантай хүн наахад хоёр хоногт хаван нь буурдаг. Сая тантай ярилцахаас өмнө шингэн нөхөх тарианы дараа энэ наалтыг технологийнх нь дагуу наасан байгаа. /зургаар/

Өвдөгний үений өвдөлтийн эсрэг эмчилгээний чанар, технологийн хөгжил ямар байгаа вэ? 

Өвдөгний үений өвдөлтийн тухайд өвчтөн өөрөө л урьдчилан сэргийлж илааршуулах ёстой. Хоол нь зөв байх ёстой. Тохирсон дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. 

Хүний биед өдөрт 2 мл өвдөгний шингэн өөрөөс нь ялгарч байдаг. Хөдөлгөөнгүй хөшүү байгаад байхаар бодисын солилцоо алдагдаж өвдөгний шингэн багасдаг. 

Тиймээс өвдөгний дасгал сайн хийх нь чухал. Бидний хийж буй эмчилгээ, хиймэл шингэн хийх, төмөр титанан үе солих зэрэг нь танд туслах суурь арга хэмжээ. Өвчнөө даамжруулахгүй эдгээх нь танаас 50 хувь шалтгаална гэдгийг дахин хэлье.

Үений шингэн хийхийн өмнө анхаарах зүйл юу байдаг вэ. Эсрэг заалт байх уу? 

3,4-р зэрэгтэй, маш их үрэсвэлтэй, өвдөлт ихтэй хүнд шууд хиймэл шингэн хийх нь аюултай. Ялангуяа өвдөг нь хавантай, хавдсан байвал хиймэл шингэн хийх эсрэг заалттай байдаг. 

Хавантай үед хиймэл шингэн хийвэл үрэвсэл нь даамжирч, үрэвсэж хөл тайрах ч эрсдэл гарч болох тул мэргэжлиийн эмчид хандах хэрэгтэй. 

Цусны шинжилгээ хийж үрэвслийг нь үзээд тохирох үрэвсэл дарах эмчилгээ хийж, хаван хавдаргүй болсны дараа хиймэл шингэн хийдэг. Хэвийн үед хүний өвдгөнд 6 мл орчим шингэн байдаг. Тиймээс 2-2.5 мл хэмжээтэй хиймэл шингэнг  7 хоногийн зайтай 3 удаа хийдэг. Шингэн хийлгэх хугацаа нь ойртоод байвал жингээ барих, мэс заслын арга руу шилжинэ.

Мэс заслын дараа барих дэглэм, гарах хүндрэл юу вэ? 

Мэс засал хийлгэх буюу хиймэл төмөр, титан үе сольсны дараа өвдөх тохиолдол бий. Үрэвсэл ихэдсэн, их жинтэй, ясны сийрэгжилт ихтэй бол төмөр үе нь тогтохгүй, үрэвсэл үүсгэх хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Энэ үед зөөлөн дасгал зөвлөхөөс гадна, хоолондоо анхаарч, биеийнхээ жинг багасгах хэрэгтэй. 

УХТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасагт үйлчилүүлэгчдийн оочер, хандаж буй асуудал нь ямар байна вэ? 

Би ХСҮТ-д 10 жил ажилласан. Хавдрын улмаас маш их өвдөлт мэдэрдэг, хүнд хүмүүсийн өвдөлтийг хэрхэн намдаах чиглэлээр мэргэшин ажиллаж байв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд УХТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, Өвдөлт намдаах хэсэгт шилжин ажиллаж байна. Ингэхдээ зөвхөн өвдөгний өвдөлтөөр жилд 2000 гаруй өвчтөн үзжээ. 

Өвдөлтийн зовлон шаналалтай, архаг өвдөлттэй хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Өвдөлт намдаах арга технологи, шинжлэх ухаан ч мөн хурдацтай хөгжиж, хүнийг бүтээмжтэй, өвдөлтгүй байлгахад дэлхий нийт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Тиймээс иргэд маань өвдөлтдөө шаналж, буруу зөрүү ам дамжсан элдэв арга өөр дээрээ туршихаас өмнө заавал мэргэжлийн байгууллагат хандаарай. Энэ нь таны цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх ач холбогдолтой юм шүү. 

Өвдөгний өвдөлтөөс сэргийлэх хамгийн сайн хоол хүнс юу гэж зөвлөх вэ? 

Би өөрөө ч гэсэн энэ чиглэлийн мэдээлэл зөвлөгөөг шим тэжээлийн эмчээсээ байнга авч амьдралдаа хэрэгжүүлдэг. Монгол хүн шимтэй хоол л идэх ёстой. Энэ нь бидний уламжлалт хоол хүнс юм шүү дээ. Арвайн гурил, үхэр малынхаа шийрээр хийсэн стужин, ясны шөл,сүү цагаан идээ, дотор гэдэс тэр дундаа элэг, зэрлэг жимснүүд нь тэр чигтээ л эрдэс, амин дэм, уургаар баялаг шим тэжээл сайтай. Мөн зохистой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. 

Хоолныхоо өдрийн хэрэгцээнд нэг аяга сүү, нэг аяга элгэн тараг, нэг зүсэм бяслаг нэмж идэхэд өдрийн кальцийн хэмжээг нөхөж авна гэж тооцдог. 

Шимгүй боловч илчлэг ихтэй бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт орлуулагч ихтэй амттан, хийжүүлсэн ундаанаас болж дэлхий нийтээрээ яс сийрэгжилтийн өвчинд нэрвэгдэж байгаа энэ үед бидний уламжлалт хоол хүнс урьдчилан сэргийлэх амин чанартай тул өдөр тутамдаа идэж хэрэглэвэл зөвхөн өвдөгний үе гэлтгүй бүхий л эрхтэн системд сайн, эрүүл жинтэй байхад нөлөөлөх байгалийн дархлаа болж өгнө. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

О.Хэрлэн: Эндометриозтой хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байна

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааны 20 хувийг дангаар эзэлж буй “Эндометриоз” өвчний талаар “Юнимед Интернэйшнл” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв, мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засал, эмэгтэйчүүдийн эмч О.Хэрлэнтэй... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 06

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 29

Санал болгох

Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэх төлөвтэй байна

Сүүлийн жилүүджд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.05.17/ нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийн нэг нь "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө