2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Д.Эрдэнэбаатар: Таны хүү ирээдүйд ямар эр хүн болох нь гэр бүлийн орчин, хүмүүжлээс шууд хамаарна

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 04

Монгол эрэгтэй хүн гэж хэн бэ, сэтгэл зүйн онцлог, эмэгтэйчүүдээс ялгарах шинж чанар нь юу болох, тэдний сэтгэл зүйн хэрэгцээ, тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулах талаар “Ариусахуйн ертөнц” сэтгэл заслын эмнэлгийн захирал, Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. 

Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, ялгааны талаар яриагаа эхэлье?

Хүн бол биологийн хувьд амьтан. Тиймээс сэтгэл зүйн онцлог нь зарим талаар амьтанлаг чанараараа тодорхойлогддог. Эрэгтэй эмэгтэй хүмүүс эрс тэс ялгаатай. Сэтгэл зүйн онцлог нь биологийн бодгалийн хувьд хүний дэлхий дээр гүйцэтгэх үүрэгтэй нь шууд холбоотой. Нийгмийн хүрээнд, гэр бүлд ч гэсэн адил. Байгалийн хувьд эр хүн нэн түрүүн ар гэрийнхээ хамгаалагч, тэжээгч байх ёстой. Энэ үүрэг нь хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш бий болсон. Одоо ч ийм байгаа. Үл ухамсарлахуй буюу далд ухамсарт нь генийн кодын түвшинд бичээстэй байдаг. Нөгөөтэйгүүр дааврын нөлөөгөөр сэтгэл зүй, бие махбодын бүхий л үйл ажиллагаанд илэрдэг. Нэг ёсондоо эрэгтэй хүйсийн өгөгдөл юм. Мэдээж нөхцөл байдлаас хамаарч дааврын хэмжээ бага зэрэг ялгаатай байж болох ч үндсэн эр хүн гэх мөн чанар нь алдагдахгүй.   

Бие махбодын хувьд хүнд хүчир ажил хийхэд зохицсон байдаг буюу булчинлаг, хүчтэй. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад янз бүр боловч тэсвэр арай бага. Эрэгтэйчүүд богино хугацаанд их хэмжээний хүч зарцуулдаг гэх мэт онцлогтой. 

Улс үндэстэн, амьдарч буй орчноосоо хамаараад өөр өөр байх уу. Монгол эр хүн гэж хэнийг,  ямар хүнийг хэлэх вэ? 

Мэдээж улс үндэстэн, амьдралын хэв маягаас хамаараад зарим онцлог чанар нь өөр хоорондоо ялгаатай байна. Олон зуун жил нүүдэллэн амьдарч, дайн тулаан хийсэн Монголчууд хүссэн хүсээгүй удаан хугацаагаар ачаалал үүрэх чадвартай байх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор, 

Монгол эрчүүд бусад улс үндэстний эрчүүдтэй харьцуулахад тэсвэр тэвчээртэй, хатуужилтай, шөрмөслөг байдаг.  

Дайн байлдаан хийж, морин дэл дээрээс хэд хоногоор буухгүй явдаг, байгалийн дөрвөн улиралд зохицон амьдарч ирсэн учраас Монгол эрчүүд сэтгэл зүйн хаттай байх шаардлага бий болсон. Орчин үед бол хот, хөдөөгийн ялгаа ч сэтгэл зүйн онцлог, төлөвшилд нөлөөлж байна. Суурин амьдралын хэв маягтай хотын эрчүүд илүүтэй оюуны ажил хөдөлмөр хийдэг бол хөдөө орон нутгийн эрчүүд хөдөө, мал аж ахуй гэх мэт биеийн хүчний ажил хийдэг. Энэ нь сэтгэл зүйд нь хүртэл нөлөөлсөн байдаг. 

Сайн муу, давуу сул талаар нь яривал эрчүүдийн давуу чанар, сул тал нь юу вэ? 

Мэдрэхүйн эрхтнүүдийн онцлог нь сэтгэл зүйн зан төлөвт нөлөөлсөн байдаг. Тухайлбал, харааны тогтолцооны хувьд эрчүүдийн харааны талбай бага, зөвхөн урагшаа чигэлсэн талбайг хардаг. Мөн он удаан жил дайн байлдаан хийж гэрээсээ хол явдаг байсан учраас баримжаалах чадвар нь сайн хөгжсөн. Сонсголын эрхтэн талаасаа гэвэл эрчүүд нам дууг илүү сайн сонсдог. 

Эмэгтэйчүүд эсэргээрээ харааны талбай өргөн, баримжаалах чадвар сул учраас амархан төөрдөг байх жишээтэй. Энэ мэт хараа сонсголын онцлогийг мэддэггүйгээс үүдэн гэр бүлийн маргаан гарах нь бий. 

Эрчүүдийн мэдрэхүйн онцлог нь ярианы системд ч мөн нөлөөлдөг. Эрэгтэй хүн ярьж байхад тархины зүүн тал бөмбөлөгт нь байдаг ярианы ганц төв ажилладаг. Үүнээс шалтгаалж эрчүүд бага ярьдаг. Энэ ялгаатай байдлаас үүдэн эмэгтэйчүүд нь “чи намайг тоохгүй байна. Ярилцахгүй байна. Үг дугарахгүй байна” гэх мэтээр гомдоллодог шүү дээ. Уг нь бол эр хүйсийн онцлог нь ийм юм. 

Судалгаанаас харахад амиа хорлолт эрэгтэйчүүдийн дунд илүү их байна. Сэтгэлийн хаттай гэх боловч амиа хорлох оролдлого хийгээд байдаг. Үүний цаад шалтгаан юу вэ? 

Сэтгэл зүйн шийдэмгийн чанартай холбоотой гэж хэлж болно. Эрчүүдэд тестостерон өндөр байдаг учраас амьдралын зан төлөв нь үүнтэй холбоотойгоор шийдвэрийг маш хурдан гаргахад нөлөөлдөг. Эцэст нь тултал явдаг. Тухайн хүний ухааны цар хүрээнээс хамаарч оновчтой шийдвэр гаргалт янз бүр. Ухаантай эрэгтэй хүн хүчтэй шийдвэр илүүтэй гаргадаг байх жишээтэй. Тиймдээ ч улс төр, бизнесийн салбарт дийлэнх нь эрчүүд байдаг гэдгийг бүгд мэднэ. 

Харин эмэгтэйчүүд эстроген дааврын нөлөөгөөр зөөлөн сэтгэлтэй, эрхлэх хандлагатай, эцсийн хүчтэй шийдвэр гаргах тал дээр сул. Үүний тод илрэл нь эрэгтэйчүүд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт гэх мэт сэтгэл зүйн асуудал, эмгэгт бага өртдөг ч түүнийг даван туулах чадваргүйн улмаас эцсийн шийдвэрийг гаргадаг. Эмэгтэйчүүдэд эдгээр сэтгэл зүйн эмгэг илүүтэй тохиолдох боловч даван туулах чадвар нь сайн байдаг нь судалгааны тоо баримтаар нотлогдсон. 

Жендэрийн тухай их ярих болж. Миний ажигласнаар сүүлийн үед нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүний эрх гэж хоёр хуваагдаад хоорондоо тэмцэлдээд байх шиг санагддаг. Уг нь бол хосоороо нэгдэж ойлголцож байж бат бөх гэр бүл байх ёстой мэт? 

Сүүлийн 40-50 жилийн хугацаанд жендэрийн асуудал, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр болсонтой холбоотойгоор эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрхийн тухай их ярих болсон.  Үүнийг ярих болсон шалтгаан нь хосуудын харилцаанд нөлөөлж байгаа гэдэг утгаараа. Монголчууд хот айлаараа цөөхүүлээ амьдардаг, эрчүүд нь дайн тулаанд явах үед эмэгтэйчүүд нь ар талаа авч явдаг байв. Гадаа гарч эр, гэрт орж эм гэж үг хүртэл байдаг шүү дээ. Нөхрийн эзгүйд бүх ажлыг хийдэг байсан. Тиймээс нүүдэлчид, Монгол эмэгтэйчүүд хүчтэй, хаана ч амьдрах, дасан зохицох чадвар сайн. 

Эмэгтэйчүүдийн хүчирхэг зан чанар нь орчин үед эрэгтэй хүнтэй тэрсэлдэх, гэр бүлийн харилцаанд үл ойлголцол асуудал үүсэх бас нэг шалтгаан болж буй. 

Өөр нэг шалтгаан нь гэвэл, 20-р зууны Монголчуудын хувьд Атрыг эзэмших аянд эрчүүд нь ихэвчлэн явдаг байлаа. Суурин амьдарч эхлэх үед охин хүүхдэд боловсрол хэрэгтэй гэдэг үзэл хүчтэй болсон. Үүнээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд боловсролын ялгаа гарч эхэлсэн гэж хэлж болно. Эрчүүд нь илгээлтээр малд, эсвэл цэрэгт, барилгажилтад явчихдаг. Харин охин хүүхэд биеэ авч явах чадвар сул учраас сайн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй гэж эцэг эх нь үзэж охидоо их дээд сургуулиудад явуулдаг болсон. Эмэгтэйчүүд нь дээд боловсрол эзэмшээд, юм үзэж хараад эхлэхээр ертөнцийг үзэх үзэл ч нь өөрчлөгдөнө. Эрчүүд нь малаа маллаж ахуйгаа бодож байхад, эмэгтэйчүүд нь дэлхийг харж эхэлсэн нь ийм ялгааг бий болгосон.

Энэ байдал цаг хугацааны явцад мэдээж өөрчлөгдөнө. Нэг ёсны процесс. Дараа дараагийн асуудлууд ч урган гарсаар л байх болно. Тиймээс хүлээн зөвшөөрөх, дасан зохицох сэтгэл зүйн боловсрол чухал юм. 

Жинхэнэ эр хүн гэж хэн бэ. Орчин үеийн Монгол эрэгтэй хүнийг ийм л байхад болно гээд тодорхойлбол?

Түүхээс харахад уламжлагдан ирсэн чанарууд бий. Дээр яриандаа ч дурдсан. 

Эр хүн шулуун шудрага, ажил хэрэгч, хүчтэй, гэр бүлээ хамгаалах, ойлгох чадвартай, мэдрэмжтэй, хайрладаг халамжилдаг байхад болно доо.

Нөгөө талдаа, цаг хугацаа прогресстэй холбогдоод байгаа. “Бидний үед тийм байсан, одоо ийм байна” гэж ярьдаг даа. Хүний сэтгэл зүй 20-р зууны эхэн үе, дунд үе шиг байхгүй. Геополитик ч нөлөөлж байна. Тухайн ард түмний сэтгэл зүйн байдалд бусад улсын геополитик хүртэл нөлөөлөх болсон. Тухайлбал, 20-р зуунд Оросуудын нөлөөлөл илүүтэй байсан бол, 1990 оноос хойш ардчилал, либерализм, Америкийн нөлөөлөл илүүтэй байсан. Харин сүүлийн 20-иод жил Азийн тэр тундаа Солонгосын соёлын нөлөөлөл асар их орж ирж байна. Тэгэхээр эрчүүд төдийгүй нийгмийн сэтгэл зүйд эерэг сөрөг олон талаараа нөлөөллөө тусгаж байгаа. 

Гэр бүлийн хүчирхийллийн 90-ээд хувийг эрчүүд үйлдсэн байдаг.  Тэдний сэтгэл зүйн төлөвшил муу байна уу? 

Бүх эрчүүд биш л дээ. Тодорхой хувь нь л ийм. Энэ гарцаагүй гэр бүлийн хүмүүжил болон өөр олон шалтгаантай холбогддог. Өт ч гэсэн биед нь хүрэхэд өрвөлздөг гэдэг шиг. Хүчирхийллийг зөвхөн бие махбодын бус сэтгэл зүйн, эдийн засгийн гэх мэт олон хуваана. Эрчүүд ч сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж байна. Сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэгт муулах, загнах, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, харьцуулалт, магтахгүй, урам өгөхгүй байх, үл тоомсорлох зэрэг орно. 

Манай эмнэлэгт ирж байгаа гэр бүлийн хүчирхийллийн тодорхой хувийг сэтгэл зүйн хүчирхийлд өртсөн эрчүүд эзэлдэг. 

Эхнэр нь нөхрөө мялдаг, муулдаг, “чи мөнгө олсонгүй” гэж дарамтанд оруулдаг. Ийм сэтгэл зүйн хүчирхийлэлд орсон эрэгтэйн тэсвэр барагдана. Тэгээд гар хүрдэг... Эмэгтэй нь элдэв үгээр хэлж, үгэн хүчирхийлэл үйлдчихээд эрэгтэй нь аргаа бараад түлхэхэд түүнийг нь зодсон болгож ярьдаг кэйс олон. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ч гэсэн өөрсдөө ямар байх вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Мэдээж тухайн эмэгтэй анхнаасаа хүчирхийлэгч байгаагүй байж болно. Өссөн гэр бүлийн орчин, ээж нь аав нь хүчирхийлэгч байсан байж ч болох. Энэ бүхэн хоорондоо маш нарийн уялдаатай том асуудал. Зөвхөн тэрнээс, ийм зүйлээс болсон гэж хэлэх нь өрөөсгөл. 

Сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа хөгжүүлэх нь хэр үр дүнтэй, ач холбогдолтой вэ?

Дээх нь үед IQ буюу оюун ухааны чадварыг чухалчилдаг байсан бол сүүлийн жилүүдэд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг эзэмшүүлэх талаар ярих болсон. Энэ хоёроос гадна AQ буюу дасан зохицох чадвар хамгийн чухал юм. AQ (Adaptive quotient) чухал гэдгийг мэддэг байх нь бие биенийхээ давуу, сул талыг хүлээн зөвшөөрч дасан зохицоход дөхөм болно. Гэтэл янз бүрийн шалтгааны улмаас AQ чадвар зарим хүнд сул байх нь бий. Улмаар нэг нь хүчирхийлэгч, нөгөөх нь сул дорой шинжтэй буулт хийж явсаар тодорхой хугацааны дараа нэг нь утгаараа хүчирхийлэгч болж сул дорой нь сэтгэл гутралд орж төгсдөг. Тиймээс сэтгэл зүйн боловсрол, ойлголт мэдлэгээ үргэлж сайжруулж, сэтгэлээ анзаардаг байх нь юу юунаас илүү чухал.

Гэр бүлийн хүмүүжил чухал гэлээ. Эрэгтэй хүүхдээ өсгөхдөө юуг анхаарах вэ?

Гарцаагүй нэгдүгээрт EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг суулгах нь чухал. Хайрлах, хайрлуулах мэдрэмжийг өгч чаддаг болгож өсгөх. Аав хүн хүүдээ EQ болон AQ (дасан зохицох) чадварыг эзэмшүүлнэ. 

“Юу ч болж байсан миний хүү хайрла, хайрлуул” гэж сургадаг. Ирээдүйн эхнэрийгээ таньж мэдээд юуг нь ойлгож, юуг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг хэлдэг байх хэрэгтэй. 

EQ, IQ, AQ бол тулганы гурван чулуу. Энэ гурван чадвар сайн байснаар аливаа асуудлыг хамгийн сайнаар шийдвэрлэх аргаа олж чаддаг болох юм. 

Аав хүн хүүхдэдээ “Эрэгтэй хүн ийм байдаг шүү, эмэгтэй хүнийг ингэж хайрладаг, ингэж харилцдаг шүү” гэдэг загвар нь болдог. Эрэгтэй хүүхэд яг л тэгж өсдөг. Ээж хүн хүүдээ уян хатан, мэдрэмжтэй байх, эсрэг хүйстнээ хайрлах чадварыг өөрийн байгаагаараа ухамсаргүйд нь олгож байдаг. Таны хүү ирээдүйд ямар эр хүн болох нь танай гэр бүлийн үйл хөдлөл, авир араншин, орчноос ихээхэн шалтгаалах юм шүү.

Эрчүүдийн стрессээ тайлж буй арга хэрэгсэл, сэтгэл зүйн асуудлаа хэрхэн шйдвэрлэх тал дээр та зөвлөгөө өгөөч?

Эр хүн уужуу ухаанаар тунгаан бодох хэрэгтэй. Яагаад энэ асуудал үүсэв, Яаж шийдэх үү гэж бодох. Асуултын хариултыг өөрөөсөө эхэлж хайж сураарай. Миний юунаас болоод...Үнэхээр ухаад ухаад хариулт олдохгүй бол нөгөө хүн рүүгээ хандах хэрэгтэй. Юм гэдэг тодорхой шүү дээ. Тэр хүнд юм бол, яг ямар аашнаас нь, ямар үгнээс нь, ямар үйлдлээс нь, ямар бодлоос нь болоод миний уур бухимдал төрөөд байна вэ гэдгээ бодоод үз. 

Ярилцсанд баярлалаа танд. 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр