2026/06/12. Баасан гараг Дугаар: #3767

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Нийгмийн сүлжээ ашиглах нь таны нөхөрлөлийг бэхжүүлэхгүй бөгөөд бүр таныг ганцаардуулж болзошгүй гэдгийг АНУ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн албаны албан ёсны сэтгүүл болох Public Health Reports сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа харуулж байна.

Орегон мужийн Корваллис дахь Орегоны Улсын Их Сургуулийн нийгмийн эрүүл мэндийн профессор, доктор Брайан Примакын удирдсан 30-70 насны 1500 гаруй америкчуудыг хамруулсан судалгаагаар сошиалаар хоорондоо холбогддог, өмнө нь биечлэн уулзаж байгаагүй насанд хүрэгчид илүү ганцаардмал байсан байна. 

Түүнээс гадна дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь хүмүүсийн ганцаардлыг бууруулдаггүй болохыг баталжээ.

Өмнө нь хийгдэж байсан ганцаардал ба онлайн хэрэглээтэй холбоотой судалгаануудад нийгмийн сүлжээ хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар голлон анхаарч байсан бол энэ удаагийн судалгаа нь онлайн харилцаа насанд хүрэгчдэд хэрхэн нөлөөлдөг талаар голлон анхаарснаараа онцлог байсан гэж доктор Примак онцолжээ.

Судалгаанд дурдагдсан нэг сонирхолтой сэдэв нь хүмүүс ганцаардлаас болж онлайнаар танихгүй хүмүүстэй холбогдоод байна уу, эсвэл танихгүй хүмүүстэй холбогдсон харилцаанаас болж ганцаардаад байна уу гэдгийг тодорхойлох байсан юм. Доктор Примакын үзсэнээр дээрх хоёрын аль аль нь ганцаардлыг нэмэгдүүлдэг аж.

Ер нь явж, явж амьд харилцаатай найзуудтай байх нь ганцаардлыг бууруулдаг болохыг олон судалгаа харуулж байна гэж Примак тэмдэглэн хэлжээ.

Примак найзуудтайгаа биечлэн биш онлайнаар холбогдохыг алимны оронд алимны амттай будаа идэхтэй харьцуулан, “Алимны амттай будаа таны гэдсийг дүүргэж, илчлэг өгөх боловч эцсийн дүндээ будаа л шүү дээ" гэж зүйрлэжээ.

АНУ-ын эрүүл мэндийн албанаас 2023 онд гарсан тайланд Америкийн насанд хүрэгчдийн тал хувь нь ганцаардлын асуудалтай байдаг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн хувьд тахал юм гэж дурджээ. Мөн уг тайланд “Нийгмээс тусгаарлагдсан байх нь хүний эрүүл мэндэд өдөрт 15 хүртэл тамхи татахтай адил аймшигтай сөрөг үр дагаварыг авчирдаг” гэж дүгнэсэн байна.

Нью Жерси мужийн Принстон сэтгэл заслын төвийн клиник сэтгэл зүйч Мелисса Гринберг мөн энэ сэдвийн хүрээнд сонирхолтой судалгаа хийсэн бөгөөд "Ганцаардаж байгаа бол зөвхөн танд л ямар нэгэн асуудал байна гэсэн үг биш" гээд ганцаардахгүйн тулд номын клубт явах, музей эсвэл кино театртаар зочлох, адил сонирхолтой хүмүүстэй ямар нэг арга хэмжээнд оролцох, фитнессийн эсвэл урлагийн сургалтад явахыг санал болгожээ. Учир нь "Хүмүүс ижил төстэй сонирхолтой хүнтэй найзлах хандлагатай байдаг тул өөрийн сонирхдог зүйлээ хийж эхлэх нь хамгийн эхний алхам байх болно" гэж зөвлөжээ.

Та хаа нэгтээ явахдаа элдэв технологио холдуул, утсаа “маажих”-аа боль, эргэн тойрныхоо хүмүүстэй энгийн сэдвээр ч хамаагүй ярилцаад үзээрэй. Найзалж нөхөрлөмөөр байгаа хүмүүстэйгээ яриа эхлүүлэхийн тулд нэг үгээр биш илүү олон үгээр хариулахуйц асуулт асуугаарай. Тухайлбал "Амралтын өдрүүд чинь ямар байв?" гэж асуухын оронд "Энэ амралтын өдрүүдээр юу хийсэн бэ?" гэж асуугаарай, эсвэл тухайн хүний дуртай баар эсвэл кофе шоп юу болохыг асуугаарай, магтаал ч бас үр дүнтэй байдаг,  мэдээж хэрэв хэн нэгэн танаас асуулт асуувал аль болох дэлгэрэнгүй хариулаарай. Учир нь хүмүүс таны бодож байгаагаас ч илүү нөхөрлөх, найзлах дуртай байдаг юм шүү гэж Гринберг зөвлөсөн байна.

Доктор Гринбергийн үзэж буйгаар ихэнх хүмүүс бусадтай сонирхолтой яриа өрнүүлэхдээ дуртай байдаг ажээ. Тэрээр: “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нөхөрлөлөө хадгалах арга зам болгон ашиглахыг зөвлөхгүй. Учир нь нийгмийн сүлжээ, онлайн харилцааг идэвхтэй ашиглах нь өөрийгөө хүссэн хүсээгүй бусадтай, зар сурталчилгааны моделиудтай, баян, чинээлэг амьдралын хэв маягтай харьцуулахад хүргэж, сэтгэл гутрал, түгшүүрийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч хүмүүс пост оруулах, сэтгэгдэл бичих, мессеж бичих замаар нийгмийн сүлжээг ашиглахад ямар нэг сөрөг зүйл байхгүй гэж боддог боловч ухамсрын далддаа халдлагад өртсөөр байдаг” гэж ярилцлагадаа дурджээ.

Судалгаанаас үзэхэд ганцаардлаас зайлсхийхийн тулд төхөөрөмжүүдээ холдуулж, хүмүүстэй амьд харилцаанд орох шаардлагатай болохыг харуулж байна.

Аз болоход, хөгжилтэй, сонирхолтой, дулаахан, жаргалтай зуны сарууд эхэлж байна. Бусадтай харилцаж, найзалж, сонирхлоо хуваалцаж, идэвхтэй амьдралын хэв маягийг сонгож аз жаргалтай амьдарч эхлээрэй.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

СУДАЛГАА: Урлаг, соёлын нөлөө биологийн хөгшрөлтийг удаашруулж буйг тогтоов

Урлаг, соёлын нөлөө биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй адил биологийн хөгшрөлтийг удаашруулдаг тухай шинэ судалгаа хийгджээ. Лондонгийн их сургуулийн судлаачид Их Британийн 3500 гаруй хүнийг хамруулан биологийн насыг тодорхойлох, насжилтын... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Сошиал медиаг олон цагаар ашиглах нь хүүхдийн урт хугацааны ой санамж муудах, донтох магадлалыг ихэсгэдэг

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ БА ӨСВӨР НАСНЫХНЫ СЭТГЭЛ ЗҮЙУтас чичрэх, шинэ мэдэгдэл (notification) ирэх эсвэл зүгээр л уйдах үед тархинд цочрол үүсэж, сошиал апп-аа нээж, хуудсаа доош нь гүйлгэх эсвэл стори үзэж эхэлнэ.Нээсэн апп нь тааварлашгүй... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 11

Санал болгох

Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09