2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ЭМЧИЙН ӨРӨӨ

Э.Бүжинлхам: Архаг стресстэй удаан явбал мэдрэлийн ядаргаанд орно

— Ч. Баяржаргал   2021 оны 08 сарын 06

Хүний биеийн эрхтэн тогтолцоог удирдаж байдаг мэдрэлийн тогтолцоо ядарч, сульдах үед бие эрхтэнд өвчин үүсэх, сөрөг нөлөөллийг бий болгодог. Мэдэрлийн ядаргаа буюу неврозийн талаар та юу мэдэх вэ? Яагаад мэдрэл сульддаг болох, шалтгаан, сөрөг үр дагавар болон урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл зөвлөгөө хүргэхээр ТТАХНЭ-ийн Мэдрэлийн эмч, Хошууч Э.Бүжинлхамтай ярилцлаа. 

Мэдрэлийн ядаргаанд орчихлоо гэж хүмүүс ярьдаг. Мэдрэлийн ядаргаа гэж юуг хэлээд байна вэ. Үүсэх шалтгаан нь юу вэ? 

Мэдрэлийн ядаргаа нь анагаахын нэршлээр бол невроз буюу биеших эмгэгийн нэг хэлбэр юм.  Биеших эмгэг нь хувь хүний зан төрхийн онцлогоос шалтгаалж стресс буюу сэтгэл зүйн гэмтээгч хүчин зүйлийн хамаарлаар мэдрэл сэтгэцийн үйл ажиллагаанд эргэх үйл явцтай өөрчлөлт орохыг хэлдэг. Невроз нь эргэх үйл ажиллагаатай буюу эргэн сэргэдэг. Энэ нь сэтгэцийн хямрал хэдийгээр удаан хугацаанд үргэлжилсэн боловч сэдээх хүчин зүйл нь алга болчихоор эргээд хэвийн байдалдаа орох боломжтой юм.

Мэдрэлийн ядаргаанд орох нь бие хүний зан төрхийн онцлогтой холбоотой. Юманд хэт эмзэг ханддаг, амархан баярлаж гомддог гэх мэт. Мөн сэтгэл зүйн хамгаалах механизмын дутуу хөгжилтэй холбоотойгоор неврозын төрлийн эмгэг үүсдэг.

Амьдралын орчин, суурь хүмүүжил, төлөвшил нь тухайн бие хүний зан төрхийн онцлог хэрхэн бүрэлдэхэд чухал нөлөөтэй. Бие хүний удамшлын генээр дамжиж ирсэн онцлог дээр нэмэгдээд суурь төлөвшил ямар байна гэдэг нь өвчний мөн чанар, явцдаа нөлөөлдөг.

Зарим хүмүүс хэцүү асуудлыг хөнгөхөн хүлээн зөвшөөрч ойлгоод өнгөрүүлдэг, шаардлагагүй мэдээллийг ухамсартайгаар шүүж, түүндээ бачимддаггүй байхад хамгаалах  мехназимын дутуу хөгжилтэй хүмүүс стресс буюу сөрөг хүчин зүйл, сэтгэл зүйн гэмтэл нь  сэтгэц болон мэдрэлийн үйл ажиллагаанд  нь хүчтэй нөлөөлдөг. Энэхүү сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалж чадахгүй удаан хугацаанд явж, байнга үргэлжлэх нь невроз үүсгэдэг.

Удаан хугацаа гэдэг нь хэдий хэр хугацаа вэ? Невроз болох хүртлээ ямар явцтай үүсэх вэ?

Сэтгэл зүйн гэмтэл үүсгэх стрессийг хурц болон архаг гэж ангилдаг. Хурц хэлбэр нь хагацал зовлон тохиолдох түр зуурын гэнэтийн таагүй үйл явдалд үүсдэг. Харин архаг хэлбэр нь бие хүний онцлогоос шалтгаалдаг. Жишээлбэл, ажил дээрээ ачаалал ихтэй байхыг маш эмзэг хүлээж авч “ажил маань маш их ачлаалалтай байна, хэцүү байна” гэж хүлээн авч, энэ нь байнгын давтагдсан үйлдэл байвал архаг стресст орох шалтгаан болдог.

Неврозын ямар хэлбэрүүд байдаг вэ? Нас хүйс, ажил мэргэжлийн онцлог хэр нөлөөлөх бол?

Невроз нь дотроо  зургаан хэлбэртэй.  Үүнээс мэдрэл сульдал буюу мэдрэлийн ядаргаа нь манай практикт түлхүү илэрч байгаа юм. Нас хүйс хамаарахгүй хүн бүр неврозид өртөх магадлал өндөртэй. 

  • Айх түгших эмгэг / Ялимгүй, ач холбогдол өгөхөөргүй зүйлд санаа зовж, түгших. Болоогүй зүйлийг болчихвий гэж айж, стрессдэж, хямрах байдал/
  • Улиглах зовлонт байдал /Хаалгаа түгжсэн бил үү яалаа, компьютераа унтраасан уу яалаа гээд байгаа нь неврозын нэг хэлбэрт өртсөний шинж/
  • Сэтгэл гутрал / аливаа зүйлийг байнга сөрөг өнцгөөс хардаг, гутранги бодолтой байх/
  • Истерийн уналт / ачаалал ихсэх үед ухаан алдаж унах /

Хүүхдэд невроз илэрч буй нэг хэлбэр нь орондоо шээх, айж түгшиж шалтгаангүй уйлах зэрэг юм. Насанд хүрсэн хүмүүсийн дунд ч невроз маш их байдаг. Ялангуяа манай үйлчлэх хүрээний албан хаагчид дунд их тохиолдож байна. 

Неврозын үед ихэвчлэн нойргүйдсэн, стресстэй холбоотойгоор зүрх дэлссэн, давчидсан, даралт тогтворгүй, ажлын бүтээмж буурсан, хөлөрсөн зэрэг мэдрэл сульдлын шинж тэмдгүүд явагддаг.

Мэдрэлийн ядаргааг хэрхэн оношилдог вэ. Эрт үед оношилсноор ямар ач холбогдолтой вэ? 

Ямар нэгэн тэнэгрэлийн эсвэл сэтгэцийн солиорлын шинж тэмдэг илэрдэггүй. Зүгээр л мэдэрлийн ядаргаа гээд шууд тодорхойлж болохгүй л дээ. Баталдаг хэд хэдэн онош бий. Жишээ нь :  Жинхэнэ зүрхний өвдөлт байж байхад ядаргаанаас болж байна гээд алдах магадлал өндөр учраас яг аль нь вэ гэдгийг батлах ёстой. 

Хүмүүс сэтгэлийн хямрал, зовиур шаналгааныхаа дүнд өөрөө өөртөө хяналт тавьж, дүгнэлт хийх нь элбэг байдаг. “Миний бие зүгээр байхад энэ эмч тоохгүй ач холбогдол өгөхгүй байна, тэгтэл би зовиурлаад байна”  гэж дүгнэлт хийсэн хүмүүс байдаг шүү дээ.  Шинжилгээгээр бусад эд эрхтэн нь эрүүл гэдэг нь батлагдсан тохиолдолд  невроз гэх оношийг тавих ёстой.

Ямар нэг арга хэмжээ авахгүй, үл тоомсорлоод яваад байвал амьдралын хэв маяг, эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй вэ?

Хувь хүний зан төрхийн онцлог, аливаа зүйлд дасан зохицох чадвар зэргээсээ шалтгаалж невроз гэдэг эмгэг төлөвших үү, цаашаа суурь болж үлдэх үү, хэвийн байх уу гэдэг нь хамаардаг. 

Энэ эмгэгийг тухайн хүнд аль болох эрт ойлгуулж, сэтгэл зүйн ярилцлага, асуумжын аргаар оношлон урьдчилан сэргийлэх аргыг нь зааж өгвөл аливаа сөрөг хүчин зүйлсд автахгүй байх боломжтой. Архаг стресс нь биед хадгалагдаад ирэхээр өвчний суурь болдог гэж дээр хэлсэн. Шалтгаангүйгээр юманд санаа зовох, зүрх нь дэлсэх, бачимдах байдал нь үргэлжлээд байвал бие организм ч мөн дагаад ядарна. Байнгын ачаалалтай ажиллаж буй зүрх дэлсэх байдлын үр дүнд зүрх цуцаж органик өвчний суурь болдог. Тиймээс үл тоомсорлож, архагшуулахгүйгээр аль болох эрт үед нь илрүүлж, зөв арга техникт суралцах шаардлагатай.

Сэтгэл зүйн хувьд дархлаа муутай, хэт эмзэг гэх зан төлөвшил тогтчихсон хүн өөрийн сэтгэл зүйгээ хянаж, хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?

Сэтгэл зүйн хамгаалах механизм буюу сөрөг стерссийг тухайн хүн бууруулж өөртөө хүлээж авах, шаардлагагүй мэдээллийг авахгүй байх, ашигтай болгон хувиргах зэрэг техникийг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл стресс тайлах арга хэлбэрээ мэддэг байх нь чухал юм. Хүйсийн хувьд стресс тайлах аргууд өөр өөр байдаг. Эрэгтэй хүн биеийн хүчний зүйл хийх замаар стрессээ тайлах нь элбэг байдаг бол  эмэгтэй хүн найз нөхөдтэйгөө уулзаж, ярилцах зэргээр сөрөг стрессээ дор бүр нь тайлаад явах боломжтой. 

Мөн дасгал хөдөлгөөн нь стрессийн дааврыг задлах чухал ач холбогдолтой учраас аль болох дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өөрийнхөө онцлогийг мэддэг байх, түүндээ тохирсон арга барилыг сонгон хэрэгжүүлэхийг зөвлөе.  Хүмүүс ядраад байна гээд эмнэлэгт хэвтэж эм тариа хийлгэхийг чухалчлаад байдаг. Гэвч энэ нь төгс эмчилгээ биш. Хувь хүн өөрөө шалтгаанаа зайлуулж байж эмчилгээ сайн болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэл зүйн асуудал, стресс, ядаргааны үед нойргүйдэлд ордог. Нойргүйдлийг хэрхэн яаж эмчилж, даван туулах вэ? 

Мэдрэл сульдлын шинж дотор нойргүйдэх, нойрны чанар муу байх, ажлын бүтээмж буурах, стресст өртөмтгий байх, тайван биш, бүх биеийн булчин чангарах гэх мэт олон зовиур илэрдэг. Тиймээс юуны түрүүнд нойрны чанараа сайжруулах ёстой. Идэвхтэй хөдөлгөөн дасгал хийж, халуун бананд орох зэргээр чангарсан булчингаа суллаж, тайвшран амрах нөхцлийг бүрдүүлээрэй. Хүмүүс нойргүйдээд байна гээд утсаа оролдоод, юм уншдаг байдал их ажиглагддаг.  Юм уншина гэдэг нь тархинд ачаалал өгч ажлуулаад байна гэсэн үг. Энэ нь эсэргээрээ улам л нойргүйдлийг бий болгоно. Тиймээс нойрсох орчныхоо дуу чимээг багасгаж,  тогтмол цагт орондоо орж, аль болох утсаа оролдохгүй, халуун бүлээн сүү уух зэргээр тайван амрахын тулд өөрсдөөсөө шалтгаалсан зүйлээ эхний ээлжинд хийж хэвшүүлээрэй. Ингээд нойр нь хүрэхгүй бол дараагийн сонголт эмчилгээ хийх юм. Шууд нойрны эм сонгохгүй. Нойргүйдлийг үүсгээд байгаа шалтгааныг нь илрүүлж түүнд нь тохирсон эмчилгээ хийдэг.

Нойрны эмийг дур мэдэн уух байдал хүмүүсийн дунд байдаг. Нойрны  эмийн  зохисгүй хэрэглээний хор уршиг юу вэ? 

Нойрны эм нь дасал үүсгэх сөрөг талтай. Ихэвчлэн сэтгэцэд нөлөөтэй байдаг учраас сэтгэлзүйн хувьд зарим хүмүүс бүр илүү гутранги болох, эсвэл хэт сэтгэлийн хөөрөлд автаж сөрөг зан үйлдэл хийх, амьдралын идэвх буурах, эрүүлээр сэтгэн бодох чадвараа алдах зэрэг олон сөрөг үр дагавартай. Мэргэжлийн эмчид үзүүлж, эмчийн жороор, зохих тунгаар уух ёстой. 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө