2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ТОД ТУСГАЛ

Хурандаа Г.Арсланхуяг: Бүх зүйл хэмжээтэй, тэр тусмаа БАЙГАЛЬ ЭКОЛОГИ

— Б.Батцэцэг   2020 оны 09 сарын 24

Яараад яахав дээ, Нэг хором, Ятгах тусам нягтал, Хогоор бүү хорло... Эдгээр нэрс уншигч танд танил буйд эргэлзэхгүй байна. Нийгмийн "сэрэхүй" болсон нийтийн хандлага, үйлдэлд эерэгээр нөлөөлөх үндсэн зорилго бүхий эдгээр ажлуудыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулж гаршсан эрхэм бол ЦЕГ -ын хурандаа Г. Арсланхуяг.  Өнөөдөр ч "Цэнхэр алт" аяныг өрнүүлж байна. Тэр Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байна.  

Экологийн цагдаагийн албыг нийгмийн шаардлагаар байгуулсан

Юун түрүүнд цагдаагийн хурандаагаас байгаль орчин, экологийн талаар ярилцлага авч байгаа учир явдлаа багахан тайлбараар уншигчиддаа  хэлэх хэрэгтэй болов уу? 

Монгол улсын засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоолоор “Экологийн цагдаагийн алба”-ыг байгуулсан. Уг албанд захиргааны хэлтэс, эрүүгийн цагдаагийн хэлтэс, мөрдөн шалгах хэлтэс, зөрчил хянан шалгах хэлтэс, урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтэс гэсэн таван хэлтэс ажиллаж байна. 21 аймаг, 65 суманд экологийн цагдаагийн алба хаагчид мөн ажиллаж байгаа. Монгол улсын байгаль экологийн системийн тэнцвэртэй байдал алдагдаж байна. Таслан зогсоох, гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан хохирлыг нөхөн төлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, хариуцлага тооцох зэрэг ажлуудыг зохион байгуулах зорилготой алба байгуулагдсан. Нэг ёсондоо нийгмийн шаардлагаар бий болсон гэж болно.  Монгол улсад байгаль экологийн тэнцвэртэй байдал маш их алдагдаж, үүнийг ил тод шүүмжлэх нь ч ихэссэн.

Хэлтэс байгуулагдаад 6 сарын хугацаа өнгөрч байна. Өмнөх онд хүрээлэн буй орчны зөрчил 10 хэрэхгүй бүртгэгдэж байсан бол манайх байгуулагдснаас хойш 300 гаруй зөрчил илрүүлээд байгаа. Зөрчил гарахгүй байгаадаа бус гэмт хэргийн илрүүлэлт 3-4 дахин сайжирсанд байгаа юм. Одоогийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 600 гаруй зөрчлийг шалгаж байна.

Нийгэм хөгжиж байна.  Гэтэл хүмүүсийн ухамсар тэр хэмжээндээ очихгүй байгаагийн илэрхийлэл дээрх гэмт хэргийн тоо байх? Байгаль орчноо хамгаалах, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэх шаардлага өргөн цар хүрээнд үүсчээ гэж ойлгож болох уу?

Улс, нийгэм хөгжихийн хэрээр байгальтайгаа харьцах харьцаа, хамгаалах арга нь дагаад хөгжиж, зөрчил дутагдал гарахгүй байх нөхцөл бүрдэх ёстой. Гадны өндөр хөгжилтэй орнуудад байгалиа хамгаалдаг систем нь маш сайн тогтсон байхад манайд эсэргээрээ. Байгальтайгаа харьцах арга ухаан маш муу байна. Экологийн боловсрол ч муу. Уг нь байгальтайгаа харьцах, хамгаалах талаар бид маш өндөр соёлтой, өв уламжлалтай ард түмэн. Өнөөдрийн байгаль өдий зэрэгтэй бидэнд өвлөгдөж ирсэн түүх, ухааныг харвал дэлхийд үлгэр жишээ орон болохоор. 

Богд уул. Дэлхийн улсууд байгалийн дархан цаазат газруудаа тогтоогоогүй байхад Богд уулаа монголчууд дархан цаазат хэмээж байв. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат хамгаалалттай уул болж байсан байх нь.

Уул гэхэд л олон сайхан нэрээр нэрлэж, хүнд баймгүй нэрийг өгч хүндэтгэдэг. Уулын хажуугаар давхиад өнгөрчихдөггүй. Заавал бууж хүндэтгэл үзүүлдэг, яарч явбал морьныхоо зүүн хөлийн  дөрөөг мулталдаг, уул хангай бараадаж очвол эхнэр хүн бүрэн хувцастайгаа түрүүлж очиж уул хангайдаа хүндэлдэг, уулыг гараараа заахгүй алга хавсарч дээшээ заах, гадас хатгавал битүүлж сүү дусааж домнодог, ирсэн нүүсэн тохиолдолд цэвэрлэдэг зэрэг олон сайхан соёл, заншил байжээ. Энэ бүх сайхан зүйлс энэ цаг үед алдагдсан.

Нутгийн иргэд ч  захын зүйлээ мэдэхгүй хог шороогоо хаа хамаагүй хаях, алт байвал ухаж, мод байвал тайрчихдаг, ямар нэгэн ашигт малтмал байвал ухаад сэндийчээд явдаг болсон нь харамсалтай. Ийм байдал цааш үргэлжилсээр байвал манай улсын эко системийн төлөв байдалд ихээхэн гарз хохирол учрах аюултай.

Бид юм бүхэн дээр хариуцлага тооцохоос илүү урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг хийе гэсэн зорилго бодолтой ажиллаж байна.

Экологийн боловсролын тухай өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн тэр соёл боловсрол хаачив? Экологийн боловсролыг хэн хэнд хэдэн настайд нь хэрхэн олгох ёстой зүйл гэж та харж байна вэ?

Бүх зүйлд боловсролын байгууллага буруутай гэж үзэх нь өрөөсгөл. Үндсэн хууль, байгаль хамгаалах тухай хуульд зааснаар байгаль орчны талаар мэдлэгтэй байх, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх нь эцэг эхийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Хувь хүн талаасаа харахад “өмнө нь бид байгаль цаг уурын хамааралтай амьдарч байсан бол одоо суурин амьдрал руу шилжээд 40, 50 жил өнгөрсөн. Энэ хугацаанд өглөө ажилдаа унаагаар яваад эргээд гэртээ, өдөржин ажил дээрээ, байгальтай харьцах хамаарах зүйл байхгүй болсон.” Энэ талын мэдлэг мэдээлэл олох, судлах, түүнтэй хамааралтай амьдрал ахуйгаа зохицуулах гэдэг хэв маяг алдагдчихсан. Өдөр тутам хэрэглэгдэхгүй болохоор мэдээлэл болж үр хүүхдэд хүрэхээ байсан. Уг нь мэдээлэл нь батжиж соёл болж үлдэх учиртай. Тэрхүү соёлт харьцаагаар байгаль эх дэлхийтэйгээ харьцдаг байх ёстой юм.

Миний монгол, сайхан монгол гэж бахархаж, цээжээ дэлдэх дуртай ард түмэн. Гэтэл тэр газар шороо, байгаль эх нь устаж, гэмтээд байдаг. Яг хэн ухаад, эдвэж гэмтээгээд байна вэ? Хэн экологийн эсрэг гэмт хэрэг хийгээд байгаа гэсэн үг вэ?

Одоо нийгэмд ил тод болчихсон шүү дээ. Баяжаад байгаа хүмүүс баялаг үйлдвэрлэхээс илүүтэй байгаа баялагыг ухаад байгаа юм. Байгалиасаа, эх ороноосоо ухаж байна. Байгальд гэмтэй, хортой зүйл хийж байгаа гэдгээ өөрсдөө мэдэхгүй биш мэдэж байгаа. Хоёрт нь нутгийн иргэд өөрсдөө гэмт үйлдэл хийж байна. Мөнгө л олж байвал ухаж л байдаг. 

Монголд зургаан жилд 272 гол ширгэсэн,  27 мянган га нутаг дэвсгэр алт олборлох үйл ажиллагааны үйл явцын дунд эвдэгдсэн. Үүний тал шахуу хувь нь нөхөн сэргээх эзэн холбогдогч нь байхгүй. Нөхөн сэргээлтийн ажиллагаа маш муу байна. Энэ мэт олон шинжлэх ухааны эрдэмтдийн хэлээд байдаг биологийн төрөл зүйл, ан амьтан хомсдсон талаар мэдээлэл нь хүмүүст байхгүй.

Панда байхгүй боллоо гээд хятадууд сүйд болоод байсан. Гэтэл 20 мянган панда байгаа юм билээ. Харин манайд мазаалай устаж байна гээд тоог нь гаргахад 20 хүрэхгүй байх жишээтэй. Бөхөн гээд амьтан байхгүй болсон. Эдгээр амьтдыг очоод шууд алчихаагүй ч гэсэн амьдрах орчныг нь доройтуулвал үгүй болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

Чадалтай нь техникээр, чадалгүй нь хүрзээр эх орноо ухаж мөнгөжиж байна

Байгаль эх рүү гээ дайрдаг, хөнөөж сүйтгэж буй гэмт хэргүүд, үйлдлүүд хувь хүний түрийвчээс гадна ухамсартай холбоотой гэж та хэлчих шиг боллоо? 

Байгаль орчны яамтай. Дахиад экологийн цагдаагийн алба байгуулагдлаа. Байгаль орчны гэмт хэргийн ямар шатанд дугарч байна вэ? Нөхцөл байдал яг ямар байгаа вэ?

Улс орон бүр экологийн цагдаагийн албагүй. Манайх байгуулсан нь том дэвшил юм. Цаг үе үнэхээр болохгүй байна гээд байгуулагдсан гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Учир нь манай цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах алба дотор Хүрээлэн буй орчны мөрдөн шалгах хэлтэс байсан. Шинээр байгуулагдсан алба биш л дээ. Бид бол засгийн газрын тогтоолоор байгуулагдсан илүү хүчтэй, өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулах гэсэн зорилготой.  

Энэ байдлаар явбал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол магадгүй 10 жилийн дараа нөхцөл байдал, байгаль экологи маань ямар байдалтай болох бол? 

Дэлхийн эко систем хүн олшрох, хөгжих хэрээр доройтож байгаа. Байгаль экологийн эсрэг хүн л зүй бус үйлдэл гаргаж байна. Хүн болгоны экологийн боловсролыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага нэн чухал. Тэр дундаа манай улсад энэ асуудлыг тодоор ярих ёстой.

Усны хомсдолтой орны тоонд манайх дэлхийд сүүлээсээ 25-д явдаг. Усаар гачигдах орны тоонд байгааг харуулж байна. Тиймээс хүн рүүгээ хандсан мэдээлжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй юм. Хүн мэдэхгүйгээсээ их алддаг, тэр нь байгаль эхийг хохироож байна. Суурь боловсролд байгаль эхээ хайрлах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, буруу дадал хандлагыг халах, мэдээлжүүлэх ажлыг хийх нэн шаардлагатай.

Манай алба байгуулагдсан даруйдаа “Ногоон дуу хоолой – Таны дуу хоолой байгалийг хамгаална”, “Хүн бүр экологийн цагдаа – Хүн бүр байгаль хамгаалагч” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Иргэдийн санаж сэрэхүйд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Зөвхөн алт ухаад эксковаторын хүчээр доройтуулаад байгаа юм биш. Иргэдийн хаяж буй хог хаягдал байгаль экологийг хэрхэн доройтуулж байгаа, ямар түвшинд хүрсэн, ахуйн үйлдлийн асуудлыг ярих нь зүйтэй.

Сүүлийн жилүүдэд машинтайгаа хүссэн газраа хүрч, чадал хүрэх газраа очдог болж. Тусгай хамгаалалттай, дархан цаазтай газар луу ч зам гаргаад, цэцэг ногоогоо дайраад яваад байна. Дуртай газраа гал асааж, машинтайгаа гол усыг бохирдуулж байна. Энэ бүх энгийн үйлдэл алхмууд байгальд хэчнээн хор хөнөөлтэй гэдгийг ухамсарлан мэдэх хэрэгтэй. Энэ асуудлыг хөндөн урьдчилан сэргийлэх чиглэлээр “Ирлээ, явлаа, цэвэр” хоггүй аялъя гээд арга хэмжээг бусад газруудтай хамтран зохион байгуулсан. Манайх шиг цэвэр усаа 00 –доо урсгадаг улс тун цөөхөн. Би өмнөд африкт очиж байсан. Тэнд усанд ороход шүршүүр нь хоёр удаа л асдаг. Хоёр удаа л ус нь дусаж байхад манайд тасралтгүй гоожуулж ордог. 

Аяны хүрээнд мэдээлэл түгээн хандлагад нөлөөлж болох ч төлөвшил, хүмүүжлийг засах боломжгүй 

Би ч бас ээж хүн. Живх хаяж болохгүй юм байна гээд мэдээд ойлгочихлоо. Гэвч тэр живхний хогоо хаашаа аваачиж хаях нь зөв бэ гэдэг асуудал? Хуучин аккуммулятороо би яах вэ? Эрх зүйн орчин нь иргэнийхээ хүсэл санаачлагыг дэмжих бүрэн чадамжтай юу? Хогоо ангилчихлаа. Хэн ангилсан чигээр нь цааш нь хаях вэ? Ууланд авирлаа 00 байхгүй? 

Живхний тухайд гэхэд гадны оронд олон дахин ашигладаг, даавуун материалтай болсон байна. Нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж, хүн бүр өөрийн аяга халбага, усны савтай, гялгар уутны оронд даавуун ууттай байж болж байна. Та байгалиа хамгаалахын тулд юу хийх бололцоотой байна гэдгээ юун түрүүн бодох хэрэгтэй.

Уул руу гарахдаа идэш уушаа тохируулцгаая гэж та хэлж байна. Гэтэл дотоодын аялал жуучлалаа хөгжүүлнэ гээд байдаг. Бас эко системээ хамгаалах ёстой. 00-гүй бол гадаадын жуулчид гайхаад хараад зогсдог. Таныхаар зөв шийдэл нь юу юм бэ?

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газартай хамтарч ажилласан. Дотоодын аялал жуучлал хөгжүүлэх, нийтий бие засах газар, ариун цэврийн асуудал дээр олон ажил хийж байгаа. Цаг хугацаа, улсын төсөв, хөгжлийн үе шат шаардагдах зүйл. Гэлээ гээд хаа сайгүй 00 барина гэсэн үг биш л дээ. Миний хэлээд байгаа зүйл бол төрөөс 00 гаргаж өгөөгүй юм чинь байгалийг бохирдуулахад яадаг юм гэсэн хандлагатай байж болохгүй гэсэн санаа. 


Та аян өрнүүлэх тухайд нэлээн дадлага туршлага сууж байгаа хүн. Аян өрнөж байхад хувь хүний хандлага, боловсрол руу чиглэсэн зүйл хийж  байгаа ажиглагдсан. Хувь хүний хандлага өөрчлөгдөх нь юунд хүргэх вэ? Хэр үр дүнтэй шийдэл вэ?

Манай хамт олон нөлөөллийн ажлуудыг маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, бодлого төлөвлөгөө гарган бэлдэж хийдэг. Тогтсон хандлагыг өөрчлөх хэцүү. Соёлжуулж, төлөвшүүлэх бүр ч хэцүү. Арай дөхөм нөлөөлж чадах зүйл юу байгааг бид өөрсөд дээрээ жишээ авч үзсэн юм. Тухайлбал, ус ундаа авч уугаад, тамхи татаад машиныхаа цонхоор хогоо шиддэгээ ухамсарлан анзаардаггүй байдал элбэг. Энэ муу дадлыг өөрчлөхийн тулд бодит мэдээлэл өгөх нь чухал юм билээ. Зөв мэдээлэлтэй болоод ирэхээр энэ хандлага өөрчлөгдөж байна. Манай иргэд аливаа зүйлийг сийрэгхэн хүлээж авч чаддаг. “Болохгүй шүү, ийм учиртай шүү” гээд хэлээд өгчихөөр түүнээс зөрж гажаад байгалийнхаа эсрэг зүйл хийгээд байх нь ховор гэж бодож байна. Зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй, үлгэр дуурайлал болох үйлдлүүдийг хийж харуулж байгаа нь бодит үр дүн гарахад нөлөөлж байна. 

“Яараад яахав дээ” аяны тухайд гэхэд 12 жилийн дундаж үзүүлэлтээр жилд 570 орчим хүн зам тээврийн ослоор нас  барж, 3000 гаруй хүн гэмтдэг гэсэн тоо судалгаа гарсан бол энэ аяны хүрээнд 65 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Үүнээс харахад зөв мэдээлэл өгвөл иргэдийн хүлээж авах байдал сайн гэж үзэж байна. Зохион байгуулсан аянуудын ард гэмт хэрэг буурсан эерэг үр дүнгүүд гарч байгаа нь саашаалтай. Тиймээс бид мэдээлэл сурталчилгааны ажлыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй.

 Ер нь яагаад БАЙГАЛЬ ЭН ТЭРГҮҮНД вэ? 

Бид цэнхэр ертөнцийн хувьд нэг жарны л амьтад. Төрсөн нь үнэн, явах нь үнэн. Харин байгаль эх дэлхий маань үр хойчид үлдэнэ. Тиймээс өнөөдрийн хэрэгцээнээсээ илүү үр хойч нь амьдрах байгаль эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцаж, үлдээх нь чухал. Хүн хэн юм, байгалиас эхтэй, байгалийн бүтээгдэхүүн. Байгаа бүхэн хязгаартай. Байгаль ч тэр... Ийм ч учраас бүх зүйлийн тэргүүнд байгаль байх ёстой. “Байгаль эн тэргүүнд” гэсэн төслийг энэ оны эхээр бичиж,  төслийн хүрээнд шим дөрвөн мандлын төрөл зүйл болгоноор ажил зохион байгуулан хийж байна.

Алт нь дэлхийн гагнуур юм бол гагнаастай хэвээрээ байж л байх хэрэгтэй. Цэнгэг усны нөөц хомсдож, их хуурайшилтын 30 жил эхэлж буй цаг үед хэмнэлттэй л хэрэглэх ёстой. Харгис бүдүүлэг харьцаж болохгүй. Нэг нь нэгнээсээ хамааралтай оршдог учраас нэг зүйл нь л доройтоход бусад нь дагаад устаж үгүй болох аюултай гэдгийг ойлгох нь чухал.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр