2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ЭМЧИЙН ӨРӨӨ

ХӨСҮТ-ийн эмч Р.Ариунаа: ДОХ-ын эсрэг вакцин хэрэглээнд нэвтэрнэ

— Ч.Баяржаргал   2021 оны 12 сарын 01

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. ХДХВ/ДОХ-ын илрүүлэг, үзлэг оношилгоо, эмчилгээнд ямар өөрчлөлт дэвшил гарсан болон, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны ДОХ-ын эмч Роозонгын Ариунаатай ярилцлаа. 

ДОХ-ын эсрэг өдрийг энэ жил ямар уриан дор хэрхэн тэмдэглэж байна вэ? 

2021 оны Дэлхийн ДОХ-ын эсрэг өдрийг “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриатай тэмдэглэж байна. ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гуч гаруй жилийн хугацаанд маш олон сая хүн энэ өвчний улмаас нас барсан. Шинжлэх ухаан, техник технологийн хурдацтай хөгжлийн энэ үед ДОХ-ын халдварын тархалт зогсохгүй байгаа нь анхаарал татсан гол асуудал болж байна. ДЭМБ-аас хүний эрхийн асуудал, эрх тэгш бус байдал нь ДОХ-той хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй байгаа бөгөөд хүний эрх зөрчигдсөн асуудал байсаар байгаа нь халдварын тархалт зогсохгүй байгаа гол шалтгаан гэж үзсэн. Тиймээс энэ жил хүний эрхийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд анхаарч, уриалга дэвшүүлээд байгаа юм. 

Манайд ч мөн хүний эрхийн тэгш бус байдал гарсаар байгааг олон жишээгээр хэлж болно. Дотоодод ковидын халдварын эхний тохиолдол бүртгэгдэх үед хүмүүс хэрхэн хүлээж авч, халдвартай хүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсныг эргэн санавал... Яг л тийм гадуурхал ДОХ-той хүнд өдөр тутамд тохиолддог. Шүдний эмнэлэгт үзүүлэх гээд цаг авсан ч өвчний тухай оношийг нь мэдээд үйлчлэхээс татгалзах, мэс заслыг нь хойшлуулах, ажилд авахаас татгалзах гэх мэт гадуурхал байсаар байна.

В болон С вирус ч гэсэн ХДХВ-ийн халдвартай адилхан замаар халдварладаг гэдгийг хүмүүс хэдийн мэддэг боловч ХДХВ-ийн халдвар гэхээр л ялгаварлан гадуурхсан байдлаар ханддаг. 

21-р зуунд хүний эрхийн тэгш байдал чухал хэмээн хүн бүр ярьдаг боловч бодит амьдралд ялгаварлан гадуурхалт байсаар байна.

Дэлхий дахинд ДОХ-ын тархалт, өвчний нөхцөл байдал ямар байгаа вэ? Ковид гарснаас хойш илрүүлэг, үзлэг, эмчилгээнд ямар өөрчлөлт, асуудал тулгарч байна?

ДОХ өвчин амьсгалын замын ковид шиг халдварын тархалт нь нэг ихсээд, нэг буураад байдаггүй. Тухайн хүн халдвар аваад эмчилгээ, хяналтад ороогүй бол халдварлах боломжтой байдаг.  Ковидын халдвар гарснаас хойш ДОХ-ын үзлэг, илрүүлэг, эмчилгээний арга барил цахимд шилжсэн. Урьд нь танхимаар сургалт, уулзалт, зөвлөгөө өгдөг байсан бол одоо онлайнаар холбогдож сургалт, зөвлөгөө өгч байна. Мөн халдвартай эсэхээ зайнаас оношлох шинэ арга техник хэрэглээнд нэвтэрсэн нь томоохон өөрчлөлт шинэчлэл юм.

2020 оны сүүлийн тоогоор дэлхий дахинд 37.7 сая хүн ДОХ-ын халдвартай амьдарч байна. Үүний 1.7 сая нь 15-аас доош насны хүүхдүүд. 

ХДХВ, ДОХ-ын халдвар авсан бол насан туршдаа халдвараа тээн амьдрах боловч шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд эмийн эмчилгээний дэвшил нь тухайн хүнд зовуургүй, энгийн хүн шиг амьдарч, урт наслах боломжийг олгосон. Нөгөөтэйгүүр ДОХ-той гэсэн онош нь тэдгээр хүмүүст сэтгэл зүйн хувьд маш их дарамт болдог. Ковидын халдвар авчихсан гэх мэдээг сонсоход хүмүүс ямар их айж, сэтгэл санаагаар унадаг байсан яг л тийм сэтгэл зүйн дарамтыг байнга мэдэрдэг. Гэтэл үүн дээр бусдаас ирэх ялгаварлан гадуурхалт нэмэгдвэл тэр хүнд ямар санагдах талаар бодоод үзээрэй. 

ХДХВ/ДОХ-ын оношилгоо, эмчилгээнд ямар шинэ аргууд нэвтэрсэн бэ? 

Оношилгооны хувьд Oral-quick буюу шүлсэнд тест тавьж оношлох арга нэвтэрсэн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрт үед авахад илүү дөхөм болж өгсөн. 

Мөн эрсдэлтэй гэж үзвэл халдвараас урьдчилан сэргийлэх эм буюу Prep хэрэглээд ХДХВ/ДОХ-ын халдвараас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, вирусийг дарангуйлдаг уг эмийг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон эсвэл бэлгийн хавьтагчаа ДОХ-ын халдвартай байсныг дараа нь мэдсэн бол 30 хоногийн дотор ууж хэрэглэснээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

Дэлхийн бусад улсад шүлсний тестийг дэлгүүрээс худалдаж аваад хаана ч хийж болдог. Манай улсын хувьд одоогоор ТББ-уудад тарааж байна. Интернэтээс энэ талын хайлт хийхэд бүх мэдээлэл нээлттэй байгаа.

Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн чанарын асуудал, ДОХ-той хүмүүсийн амьдралын чанар хэр дээшилсэн бэ? 

Маш их дээшилсэн. Урьд нь атга дүүрэн эм уугаад ч энэ өвчнөөр нас бардаг байсан бол одоо эрт хугацаандаа оношлогдоод эмээ хэрэглэж байгаа тохиолдолд амьдралын жамаараа наслах боломжтой болсон. Эмээ тогтмол хэрэглэснээр халдваргүй хүнтэй адил насан туршдаа эрүүл, саруул амьдрах 100 хувийн боломжтой болсон.

Манай улсад өвчлөлийн тархалт хэр байна вэ. Анхаарал татаж буй ямар асуудал байгаа вэ? 

Монгол улсад ДОХ-ын тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл 29 жилийн хугацаанд халдварын тархалтыг 0,1%-д барьж чадсан нь маш эерэг үзүүлэлт юм. Бусад өндөр хөгжилтэй орнуудад ДОХ-ын төрөлхийн халдвартай хүүхдүүд төрж байна. Харин манай улсад ийм тохиолдол гараагүй, ДОХ-той эхээс эрүүл саруул хүүхэд төрсөн нь бидний хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг харуулж байгаа болов уу. 

Харин ялгаварлан гадуурхалт энэ өвчний эсрэг тэмцэхэд томоохон асуудал болж байна. Хүний бэлгийн чиг баримжаа болон өвчний оношоор нь ялгаварлан гадуурхах байдал нь илрүүлэг, эмчилгээнд ихээхэн хүндрэл учруулдаг. ДОХ гэлтгүй бусад халдварын тархалтын асуудал нь нийгмийн эрүүл мэндийн боловсрол мэдлэгийн түвшинтэй салшгүй холбоотой. Өсвөр насны хүүхдүүд БЗХӨ-ний тухай буруу ойлголттой байгаа, интернетийн замбараагүй хэрэглээтэй, эрүүл мэндийн боловсрол мэдлэг дутмаг байдал нь бүхий л халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг анхаарах нь зүйтэй.  

ХӨСҮТ-ийн ХДХВ/ДОХ-ын Тандалт судалгааны алба энэ чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж байна вэ? 

ХӨСҮТ нь 2003 оноос Глобал сантай хамтран олон арга хэмжээг авч явуулахаас гадна ЗЭМ, Төгс бүсгүй гэх мэт ТББ-тай хамтран эрт илрүүлэг хийж байна. Дэлхийн бусад орон мөн олон нийттэй хамтран ажиллахыг гол болгодог учир энэ чиглэлийг барьж ажиллаж байна. Илрүүлэг, эмчилгээний үйл ажиллагаанд Засгийн газар, ЭМЯ, ТББ-ууд бүгд хамтран ажиллаж байгаа нь халдварын тархалтыг тогтоон барихад чухал нөлөө үзүүлсэн. 

Манай төв эрсдэлт бүлгийн хүн амын дунд тогтмол үзлэг шинжилгээ хийж, сургалт явуулж байгаа. Түүнчлэн 21 аймгийг хамруулан удирдлагын түвшинд ажиллах нь үр дүнтэй гэж үзсэн бөгөөд цахимаар нөлөөллийн уулзалтуудыг хийж эхлээд байна. 

ДОХ-той тэмцэхэд бусад орны туршлагыг хэрхэн судалж, нутагшуулж байна вэ? 

Манайх ДЭМБ, НҮБ-тай байнгын хамтран ажилладаг. Сар бүр, хагас жил, жил тутамд тайлангаа илгээж гаргасан удирдамжийг баримтлан ажилладаг. Мөн зэргэлдээ ОХУ, БНХАУ-уудтай харилцаа холбоотой байж туршлага судалж байна. Цаашид ДЭМБ-ын зөвлөмжөөр бол хэрэгжүүлэх ихэнх үйл ажиллагаа нь цахим хэлбэрээр явагдах юм. Тиймээс бид үйл ажиллагааны бүхий л чиглэл, арга барилаа цахимд шилжүүлэх, техник технологийн баг бүрдүүлэн ажиллахад шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлэхийн тулд төсөл бичих зэргээр нөөц боломжоо ашиглан ажиллаж байна.

Эм, вакцины туршилтууд хийгдэж байгаа талаар сүүлийн жилүүдэд мэдээлэл их гарч байна. ДОХ-ыг хэзээ бүрэн ялан дийлэх боломжтой болох бол?

Хамгийн сүүлийн үеийн байдлаар дэлхий нийтэд мэдээлэл түгээдэг ДОХ-ын клаб дээр вакцин гарсан талаар мэдээлсэн. Вакцин бодит байдалд нэвтэрвэл улаанбурхан, салхин цэцэг өвчнөөс вакцинаар урьдчилан сэргийлж байгаатай адил энэ өвчнийг ч ялан дийлэх боломжтой болох юм. 

Вакцин хэрэглээнд нэвтэрч, ДОХ-ын асуудлыг шийдвэрлэх боломж маш ойрхон ирсэн. Магадгүй 10 жилийн дотор бодит байдалд хэрэгжих болно.

ДОХ-той хүний нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ? 

Энэ онд Глобал сангийн санхүүжилтээр эрсдэлт бүлгийн хүн амд зориулан витамины хангалт хийсэн. Хүн бүрийн орлого тодорхой хэмжээгээр буурсан хүндхэн цаг үед бодит дэмжлэг болж байна. Мөн ДОХ-ын эмчилгээ хийлгэдэг хүмүүс урьд нь өөрсдөө эмнэлэгт ирж эмээ авдаг байсан бол энэ жилээс гэрээр нь очиж шинжилгээ авах, эмийг нь хүргэх үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Эмчлүүлэгчдийг аль болох хүндрэл багатай, эмээ таслахгүй ууж, нийгмийн идэвхтэй хэсэг байхад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. 

Ялгаварлан гадуурхалтыг арилгахад иргэдийн оролцоо хамгийн чухал. Та иргэдэд юу гэж зөвлөх вэ?

ДОХ өвчин бол хамгаалалтгүй бэлгийн хавьтал, бохирлогдсон зүү тариур, цус цусан бүтээгдэхүүнээр л дамжин халдварладаг. 

ДОХ-той хүний хэрэглэсэн суултуурт суух, нэг оронд хамт унтах, нэг тавагнаас хоол идэж, нэг өрөөнд ажиллаж амьдарлаа гэхэд та хэзээ ч халдвар авахгүй. 

Тиймээс тухайн хүнийг ямар өвчтэй байхаас нь үл хамааран эрх тэгш харьцахыг нийт иргэддээ уриалъя. Хүн бүр эрүүл мэндээ анхаарч, урьдчилан сэргийлэх аргуудыг хэвшил болгох, тохиолдлын бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэж дадах нь хамгийн чухал юм. Үүнээс гадна хүүхдэдээ багаас нь бэлгийн боловсрол мэдлэгийг насанд нь тохируулан зөвөөр хэлж ойлгуулж хэлдэг байх хэрэгтэй. Мөн шийдвэр гаргагч нарын түвшинд дорвитой арга хэмжээг тасралтгүй авч чадвал манай улсад ДОХ-ын халдвар зогсох бүрэн боломжтой.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр