Орчин үед төрж буй хүүхдүүдийн арьс их эмзэг, харшламтгай, арьсны олон төрлийн өвчинд өртөмтгий байгаа тул бид "Мон Шинжүкү скин мед" арьсны эмнэлгийн их эмч Г.Ундрахтай ярилцаж зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
Хүүхдийн арьсны онцлог ямар байдаг вэ?
Энгийнээр ярихыг хичээе. Хүүхдийн арьсанд хүрэхэд маш зөөлхөн, булбарай байдаг шүү дээ. Дөнгөж төрсөн хүүхдийн арьсанд эластин, коллаген, гиалурон зэрэг бодисууд нь маш их хэмжээгээр байдаг. Эдгээр бодис, элементүүдийн ачаар арьс уян зөөлөн, эмзэг, булбарай байдаг юм. Харин нас ахих тусам бодисуудын нийлэгжилт удааширч, зогссоны улмаас арьс хуурайшиж үрчлээ үүсдэг. Нялх балчрынхаа арьсны онцлог, сайхныг авч үлдэх боломж ховор. Гагцхүү технологи хөгжсөн учраас арьсан дор тарьдаг тарилгуудаар л арьсаа булбарай зөөлөн байлгах гэж оролдож байна.
Хүүхдийн арьс эмзэг байдаг учраас эрүүл мэндийн хувьд элдэв өвчин, харшилд өртөөд байдаг гэсэн үг үү? Уг нь арьсанд шаардлагатай бодис, элементүүд хамгийн их байдаг үе нь юм байна. Яагаад?
Нярай болон бага насны хүүхдийн арьс бүрэн гүйцэд хөгжиж амжаагүй байдаг.
Төрөөд 1000 хоногийн хугацаанд буюу гурван нас хүртэл хүүхдийн арьсны хөгжих үйл явц үргэлжилдэг. Гурван наснаас хойш бага багаар биеийнхээ хэмжээтэй хамт сунаж, өсдөг.
Бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог арьсны өвчинд атопийн дерматит буюу бидний мэддэгээр экзем, идээт үрэвслүүд ордог. Мөн харшлууд. Үүнд, хоол хүнс болон хэрэглээний төрлөөс памперс, тосонд харшилдаг. Тэр ч бүү хэл хатуулаг ихтэй усанд хүүхдээ оруулахад харшлах нь бий.
Цаг агаар, орчинтой холбоотойгоор хүүхдийн арьсанд ямар ямар өөрчлөлтүүд гарч байдаг вэ?
Халуун хүйтний чонон хөрвөсөөр сүүлийн үед хүүхдүүд гэлтгүй том хүн ч их өвдөж байна. Хүн даарахаар арьсан дээр нь шумуул хазчихсан юм шиг бэлцрүүнүүд үүсээд хэсэг хугацааны дараа арилчихдаг. Дөнгөж даарсан үед үүсээд халууцахаар арилдаг эсвэл халуун газар орохоор үүсээд жоохон сэрүүцэнгүүт арилчихдаг. Үүнийг зарим хүмүүс гайхаад өнгөрдөг бол үнэн хэрэгтээ чонон хөрөвсийн шинж тэмдэг байдаг юм. Гэхдээ энэ нь хүн бүрт, хүүхэд бүрт тохиолддог гэсэн үг биш л дээ. Яагаад ийм арьсны өвчин үүсээд байгаа шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ анагаах ухааны үүднээс тайлбарлавал арьсанд байдаг дархлааны эсүүдийн идэвхжлээс үүссэн байдаг.
Ер нь бол хүүхэд, том хүн ялгаагүй арьсны элдэв өвчний үндсэн шалтгаан нь дархлаатай холбоотой. Хүмүүс дархлаа уначихлаа тэгээд өвдөөд байна гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ дархлаа унаснаас биш арьсны дархлааны эсүүд хэт их идэвхэжсэнээс болж арьсанд өвчин үүсдэг. Харшлын тууралтууд ч мөн адил. Хүүхдэд хэрэглэж буй зарим нэг тосноос харшилдаг тохиолдол байдаг.
Хүмүүс дархлаа унахаар өвдөөд байна гэж ойлгодог, гэтэл дархлаа хэзээ ч туйлдаа хүрж унана гэж байдаггүй, 200 хувь болтлоо мандаад ихсэнэ гэж ч байхгүй. Хүний эсийн дархлаа байх ёстой хэмжээндээ л байж байдаг. Хэрэв гаднаас янз бүрийн зүйл орж ирвэл дархлааны эсүүд идэвхжээд ажиллана, орж ирэхгүй бол байж л байдаг. Харин нойргүйдэх, хоол ундаа зохицуулахгүй байх, ажлын ачаалал, стресстэй явах зэргээс болж мэдрэлийн эсүүд ядрахыг дархлаа үхээд, унаад байна гэх ойлголтыг төрүүлдэг.
Хүүхдэд түлхүү тохиолдож байгаа атопийн дерматит буюу экзем, идээт үрэвслүүдийн шалтгаан нь юу вэ? Жирэмсэн ээжээс шалтгаалах зүйлс бий юу?
Тайлбарлахад жоохон төвөгтэй л дөө. Зарим нэг эмч нар миний ярих гэж байгаа зүйлд ундуйцаж магадгүй. Яагаад гэхээр ихэнх нь жирэмсэн байхдаа халуун ногоо, чихэрлэг юм идэж болохгүй гэдэг. Би бол аль болох тодорхой хэмжээнд заагтай идэж, хэрэглэж байх хэрэгтэй гэж үздэг. Учир нь ингэж идэж байсан ээжээс төрсөн хүүхэд харшилгүй байдаг. Харин ч жирэмсэн байхдаа бүх зүйлийг хориод идэхгүй байсан ээж төрсөнийхөө дараа хорхой нь хүрээд ганц ширхэг чихэр идэх төдийд хүүхэд нь харшилчихдаг. Энэ нь нэг ёсондоо жирэмсэн байхдаа идэж байсан зүйлсэд хүүхэд дасдаг.
Идэж ууж байгаа зүйлээ төдийлөн хориод байдаггүй ээжээс төрсөн хүүхдүүд харшилтай төрөх нь харьцангуй бага байдаг.
Удамшлын гаралтай арьсны өвчинд ямар өвчин элбэг тохиолддог вэ?
Атопийн дерматит байна. Урьд нь экзем гэж нэрлэдэг байсан одоо бол олон улсын нэршлээр атопийн дерматит гэж нэрлэдэг. Энэ нь нимгэн арьстай, нугалагч гадаргуу, нүүр, шилэн хүзүүний ард гардаг ихэвчлэн хүүхдүүдэд тохиолддог. Чихэр идэхээр тууралт гарчихлаа гэдэг. Үүнийг хэлж байгаа. Ийм харшилтай төрсөн хүүхдэд арга хэмжээ авахад маш төвөгтэй, эмчилгээний явц удаан байдаг. Гэхдээ огт эдгэхгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн аав, ээж, хүүхдийн амьдралын хэв маяг, арчилгаанаас маш их шалтгаална.
Жирэмсэн байхдаа өөрийгөө ямар нэгэн арьсны өвчин, харшилтай гэдгээ мэдэж байгаа бол төрөхөөсөө өмнө эмчилгээ хийлгэх ёстой юу? Харшилгүй хүүхэд төрүүлэх боломжтой юу?
Энэ тухай шууд тийм үгүй гэж хэлж чадахгүй. Ийм эмчилгээ ингэж хийлгээд хүүхэд эрүүл төрнө гэсэн оноосон эмчилгээ байдаг талаар сайн мэдэхгүй байна.
Хүүхдээ арьсны өвчтэй, харшилтай байгааг ямар шинж тэмдгээр, хэзээ яаж мэдэж болох вэ?
Шууд л арьсны өвчтэй юм байна гэж мэдэх боломжгүй. Арьсан дээр гарсан тууралт нь ямар хэлбэр хэмжээтэй байгааг мэргэжлийн арьсны эмчид үзүүлж зөвлөгөө авсны дараа л эмчилгээ хийнэ.
Тарвас, өндөг, халуун ногоо идсэний дараа чонон хөрвөсийн шинж тэмдэг гарах тохиолдол элбэг байдаг.
Чонон хөрвөс нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой шууд хамааралтай. Чонон хөрвөсийг босгоныхоо шороогоор үр, адууны халуун амгай зуулга гэх зэргээр зөвлөдөг. Энэ маш буруу. Чонон хөрвөсийн хувьд шинж тэмдэг нь арьс загатнаж, маажих үед шумууланд хазуулсан юм шиг улаан гүвдрүү гараад алга болчихдог. Үүнийг нь зүгээр болчихлоо гэж ойлгоод яваад байдаг. Гэтэл чонон хөрвөс нь биеийн гөлгөр булчинг агшаах нөлөөтэй учраас хоолой боогоод унах эрсдэлтэй. Тиймээс яаралтай эмнэлэгт хандаж арга хэмжээ авах шаардлагатай.
Арьсны ямар нэг өвчтэй харшилтай төрсөн хүүхдийнхээ арьсыг яаж арчлах вэ? Том болох тусам даамжрах уу? Ямар эрсдэлтэй вэ?
Томрох тусам даамжирна. Хэрэв хүүхдийн тань арьс хуурай, ямар нэг арьсны асуудалтай бол эцэг эхчүүдийн хамгийн эхэнд хийх зүйл нь биеийн чийгшүүлэх тос маш сайн түрхэх явдал юм. Үүнийг эцэг эхчүүд тэр бүр сайн мэддэггүйгээс болоод арьсыг нь улам гэмтээж, хуурайшуулдаг. Эмчилгээний тос хэрэглэхээр зүгээр болчихдог гээд хэрэглээд байдаг гэтэл хүүхдийнх нь арьс хуурай учраас мааждаг, тууралт нь нэмэгдэж байгааг ойлгодоггүй.
Дэлхий нийтэд, аль ч орны хувьд арьс арчилгаан дээр авдаг арга хэмжээ нь биеийн чийгшүүлэгч тос хэрэглэх байдаг. Өдөрт нэг удаа түрхчихээд тухайн өдрөө даачихна гэж боддог. Гэтэл үгүй.
Арьсны өвчтэй хүүхдийн хувьд илүү их чийгшүүлэх хэрэгтэй бөгөөд өдөрт 5-6 удаа, зарим тохиолдолд 10 удаа ч хамаагүй хүүхдийнхээ арьсыг хуурай санагдах бүрт тослох хэрэгтэй гэж зөвлөж байгаа.
Дөнгөж төрөөд буй нярай хүүхдийнхээ арьс арчилгаан дээр анхаарах ёстой зүйлс юу вэ?
Хүүхдээ төрөнгүүт нь л савандаж угаах явдал элбэг байна. Савандаж угаах нь буруу. Тэр тусмаа safeguard, бусад гарын савангаар угаах нь хамгийн буруу. Хүмүүс их ингэж угаах юм. Бактерийн эсрэг гэдэг боловч олон төрлийн химийн найрлагатай шүү дээ. Энэ нь нярай хүүхдийн арьсанд зориулагдаагүй. Хүүхдэд саван, шампунь хэрэглэхдээ хүүхдийн арьсанд зориулсанг л сонгох ёстой. Болж өгвөл органик найрлагатай саван хэрэглэх хэрэгтэй.
Ус, тос хоёроос бүтсэн органик саван хэрэглэх нь харшил өгөх магадлалыг багасгадаг. Химийн олон найрлагатай савангуудаас харшилах эрсдэл илүү.
Монголд зарагдаж байгаа хүүхдийн саван, тос зэргээс та алийг нь хэрэглэ гэж зөвлөх вэ?
Яг тэрийг энийг гэж хэлмээргүй байна. Арьсны өвчтэй хүүхдүүдэд бол хэд хэдэн төрлийн савангууд байдаг. Овьёос, лаванда, пепермент агуулсан савангууд нь арьсны эмзэгшилийг багасгаж өгдөг. Болж өгвөл олон төрлийн химийн найрлага ороогүйг л сонгоорой. Хүүхдээ төрөхөөс нь эхлээд л угаах хэрэггүй. Хуйх үсийг бол угаагаад байж болно. Өдөр болгон саван хэрэглээд угаагаад байхаар арьс нь хуурайшдаг. Арьс их хуурайшсанаас болж атопийн дерматит өвчнийг тусах эрсдэл нэмэгддэг.
Нярай хүүхдийг эхний 60-90 хоногт өдөр бүр зүгээр цэвэр усанд оруулж байх хэрэгтэй. Хүүхдийг биенд нь маш эвтэйхэн байрлалтайгаар болгоомжтой бариад өдөрт нэг удаа 5-10 минут усанд хэвтүүлэх нь арьсны дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг.
Хүүхэд маань хэвлий дотроо усанд байдаг шүү дээ. Гэтэл шууд хуурай орчинд гарч ирээд хүүхдийн бие нь халуун хүйтнийг арьснаасаа ялгуурлах чадваргүй байдаг. Том хүмүүсийн хувьд хичнээн халуун газар байсан ч хэсэг хугацааны дараа тухайн орчиндоо дасдаг. Эсвэл маш хүйтэн орчинд очиход арьс өөрөө халдаг. Гэтэл нярай хүүхдийн арьс нь өөрийгөө халаах, сэрүүхэн байлгах зэрэг темпратурыг барих чадваргүй байдаг.
Сүүлийн үед хүүхдийг төрөнгүүт нь памперсны хэрэглээнд оруулж байна. Энэ нь памперсны харшил гэдэг зүйлийг үүсгэж байгаа юу?
Зарим тохиолдолд л хүүхэд памперснаас харшилдаг. Хүүхэд маань эхний хэрэглээгээр памперснаас шууд харшилдаггүй. Памперсыг цаг наргүй зүүлгэж, хэрэглээний горимыг нь алдагдуулсантай холбоотойгоор харшилтай болдог.
Памперсийг зүүлгээд хамгийн ихдээ гурван цаг байлгаад шээгээгүй байсан ч гэсэн солих шаардлагатай. Гэтэл ээжүүд шээлгээд дүүрснийх нь дараа л солих ёстой гэж ойлгодог. Тиймээс тогтмол солиод байвал харшил өгөх нь бага.
Памперснаас харшилтай болсон тохиолдолд хэсэг хугацаанд памперс зүүлгэхгүй даавуу хэрэглэх ч юм уу, хүүхдийнхээ бөгсийг ил байлгаад, сүүлний тос, вазелин түрхэх замаар арчилбал харшил аяндаа арилчихдаг.
Ээжүүд маань яаран шууд л эмчилгээний тос түрхэх гээд байдаг. Ээжүүдийн дунд синафлан, комбидерм, гидрокортизон гурван тосыг дураараа хэрэглэдэг байдал их. Эдгээр тосыг хэрэглэхээсээ илүү, эхний ээлжинд хүүхдийнхээ арьсанд агаар оруулаад, ил задгай байлгаад биеийн тос, вазелин түрхээд хоёроос гурав хоног харвал харшлын хэмжээ нь аяндаа багасдаг. Бүр их тууралттай, түлэгдчихсэн тохиолдолд эдгээр эмчилгээний тоснуудыг эмчийн заалтаар хэрэглэнэ. Шууд хэрэглэх нь гормоны агууламжтай учир дасал болчихдог. Дараа нь магадгүй хүүхэд тань мөөгөнцөрдлөө гэхэд эдгээр тоснууд нөлөөлөхгүй байх жишээтэй.
Хүүхдээ салхилуулахад арьсыг нь хэрхэн хамгаалах вэ?
Зарим ээжүүдийг хараад байхад дөнгөж төрсөн, төрөөд удаагүй хүүхдээ нүцгэн шахуй аваад явж байдаг. Хүүхэд темпратурыг хадгалж, мэдэрч чаддаггүй.
Бид өөрсдөө халууцаад байна гээд хүүхдээ нүцгэн авч явж болохгүй. Одоо дулаарч байна тиймээс дөнгөж төрсөн, нярай хүүхэдтэй ээжүүддээ зөвлөхөд хүүхдийнхээ арьсыг аль болох ил гаргахгүйгээр тохируулж хувцаслах хэрэгтэй. Их халуун өдөр хүүхдээ гадагшаа авч гарах бол биеийг нь нүцгэлэхгүйгээр хөлийнх нь тавхайг ил гаргах хэрэгтэй.
Хүүхэд толгойноосоо халж нарших биш хөлнөөсөө халахаараа наршдаг. Тиймээс хөлийг нь ил гаргаад, оймсгүй явуулах хэрэгтэй. Энэ нь нярай хүүхдийн бодисийн солилцоо эргэлттэй холбоотой. Тиймээс оймсыг нь тайлчихвал эргэлт нь зөв байж наршихгүй.
Витамин Д авч байна гээд цонхны наранд өдөржин ээгээд, нар дагуулаад яваад байдаг ээжүүд байдаг. Ингэлээ гээд Д авч байна гэсэн үг биш. Миний хувьд арьс цайрах өвчнөөр дагнан эмчилгээ хийдэг. Арьс цайрах өвчнийг үүсгэдэг гол зүйл нь нар. Нарны хэт ягаан туяанд удаан хугацаанд байдаг, суудаг, ажилладаг хүмүүс түлхүү өвддөг. Дөнгөж 7, 8–хан сартай хүүхэд арьс цайрах өвчинтэй болчихсон манай эмнэлэгт ирж байгаа тохиолдол их байна. Гэлээ гээд наранд ээх муу гэсэн үг биш. Тодорхой хугацаанд, 30-40 минут наранд байх нь зүгээр. Өөрөөр хэлбэл хугацаа, тунг нь тааруулах ёстой юм.
Хотжилтой холбоотойгоор арьсанд үүсдэг сөрөг нөлөө, өвчин бий юу?
Өвлийн улиралд айл өрхүүд нүүрс их түлдэг шүү дээ. Нүүрс түлх нь агаарт маш их хэмжээний хар тугалга бий болгодог. Хар тугалга болон бусад төрлийн хүнд металууд хөрснөөс 100 метр өндөрт хуримтлагддаг. Арьсны өвчтэй 50 хүүхдийн үснээс хар тугалга илрүүлэх шинжилгээ авахад 40 хүүхдэд нь хар тугалга байх хэвийн хэмжээнээс 10, 20 дахин их илэрсэн. Тэгэхээр агаарт байгаа энэ хүнд металууд нь арьсны өвчин үүсэх эрсдэлийг хэр их нэмэгдүүлж байгааг харж болно.
Ямар нэг санаандгүй байдлаар хүүхдийн арьс гэмтэх, соривжих тохиолдол байдаг. Хүүхдийн арьс хэр хурдан төлждөг вэ? Ээжүүд маань соривтой болчихвий дээ гээд санаа нь их зовдог. Ямар сайн тос түрхэх вэ гэж их асуудаг л даа?
Соривжилт хэр их гүн байгаагаас шалтгаална. 5-6 нас хүртлээ хүүхдийн арьс ямар нэгэн байдлаар гэмтсэн тохиолдолд гүн биш бол хурдан эдгэрдэг. Тиймээс соривны тос нярай хүүхдэд түрхэх шаардлагагүй. Өөрийгөө самардах зэрэг хумсны сорив бол төдийлөн үлдээд байдаггүй. 5 наснаас хойш авсан гэмтэл, сорив үлддэг. Мөн арьсны өвчтэй хүүхдүүдийн хувьд сорив амархан арилдаггүй учир арьсны эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай.
Арьсны тууралт, харшил зэргийг яаж ялгаж мэдэх вэ? Ямар тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй вэ?
Магадгүй хүүхдээ тосноос болоод харшилчихлаа гэж бодсон чинь эмнээс харшилж байж болно. Өвчний шинж тэмдэг маш нарийн, олон талтай. Энгийн хүмүүс ялгаж мэдэх боломжгүй. Зөвхөн эмч л өвчний шинж тэмдгүүдийг ялгаж мэдэх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс өөрийн сайн мэдэхгүй зүйлээ бусдад битгий зөвлөөч, өвдсөн хүмүүс нь мэргэжлийн эмчид хандаж хэвшээч гэж хэлэхийг хүсэж байна.