2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хүүхэд аз жаргалтай ээжийг л хүсдэг. Аз жаргалтай байгааг нь мэдэрснээр хүүхдийн ээнэгшил зөв тогтдог

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 12

Хүүхдээ уйлахаар нь тэгэж байгаад өөрөө дуугүй болно биз гээд тоохгүй орхиж байсан уу? Энэ нь үл тоох ээнэгшил буюу хүүхдэд сөрөг ээнэгшил бий болгох нэг хэлбэр аж. Үл тоох ээнэгшил мэдэрсэн хүүхэд том болоод хүн бүр цочирдон айж, өрөвдөн гайхсан үйл явдал дээр ч "аан" гэсэн үл тоосон, хөлдөнгө мэдрэхүйтэй нэгэн болдог байна. Энэ нь мэдээж нийгмийн харилцаанд олон  асуудалтай тулгарах шалтгаан болно. 

Ээнэгшил гэж юу вэ? Сайн ээнэгшилтэй хүүхэд ирээдүйд хэн болдог, сөрөг ээнэгшилтэй хүүхдэд ямар асуудлууд тулгардаг, хүүхдэдээ хэрхэн зөв ээнэгшил үүсэгэх талаар мэргэжлийн хүний зөвлөгөө мэдээллийг дэлгэрэнгүй хүргэхээр “Мета” сэтгэл судлалын хүрээлэнгийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. 

Та манай уншигчдад “ээнэгшилт”-ийг эхлээд тайлбарлаж өгөөч? 

Ээнэгшил гэдэг үг нь “attachment” буюу хоёр хүн бие биендээ дасан зохицох, хүлээн зөвшөөрөх гэсэн утгаар тайлбарлагддаг. Дасан зохицох нь аюулгүй мэдрэмжтэй шууд холбоотой. Арай өргөн хүрээнд авч үзвэл ээнэгшил нь бие биендээ “аюулгүй” мэдрэмж өгч, түүгээрээ дамжуулан хайрыг хүртэх, хүртээх гэсэн хоёр мэдрэмжийг бие биедээ өгч сэтгэл зүйн хэрэгцээ болон сэтгэл зүйн хөгжлийг дэмжиж байдаг үйл явц юм. Дөнгөж төрсөн хүүхэд орчинтойгоо attachment хийхээсээ урьдаж ээжтэйгээ ээнэгшил үүсгэдэг. 

10 сар хэвлийд нь бойжихдоо ээжийнхээ үнэр, дуу хоолой, мэдрэмжийг “хамгийн аюулгүй гэр” гэдэг мэдрэмжээр хүлээн авсан байдаг. 

Төрөөд эхийнхээ цээжинд тэврүүлэхдээ “аюулгүй” мэдрэмжийг бүрэн авах бөгөөд энэхүү аюулгүй мэдрэмжийг үнэрлэх мэдэрхүйгээрээ илүү түлхүү авч байдаг байна. Ээжтэйгээ ээнэгшиж “аюулгүй” мэдрэмжийг сайн авсан хүүхэд бусад ямар ч орчны нөлөөг муугаар хүлээж авдаггүй. Аливаа орчинд дасан зохицохдоо сайн, шинэ зүйлийг хүлээж авахдаа нээлттэй, уян хатан чадвар өндөр хүн болон өсөж торнидог.

Тэгэхээр ээнэгшил ураг байх үед нь бүрэлдэж байдаг байх нь ээ?  

Тийм. Хүйн холбоо гэдэг шиг ураг байх үед нь л ээнэгшилт үүсэж эхэлдэг. Хүүхэд 3 нас хүртлээ ээжээсээ өөрийгөө тусдаа биет гэж мэдэрдэггүй. Энэ 3 насанд л анх  “Би чинь ээжээсээ тусдаа хувь хүн юм байна” гэдэг сэтгэхгүй үүсдэг. Тэгэхээр ээж аюулгүй, тайван байвал хүүхэд яг л тийм мэдрэмж авдаг гэсэн үг.

Ээнэгшилт хүүхдийн хөгжлийн үйл явцад хэрхэн нөлөөлдөг талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Өөрөөрөө буюу хүүхэд умайгаараа төрөх нь их чухал байдаг. Яагаад умайгаараа төрөх нь чухал вэ гэдгийг ээнэгшилттэй холбон тайлбарлаж болно. Хүүхэд умайн үнэрийг ээжийнхээ үнэр хэмээн хүлээн авч анхны цочроо нь болдог. Ээжийн бие дотор ямар үнэр, ямар бодисын солилцоо байдаг болон төрсний дараа ямар үнэр байдаг талаар маш сайн мэдэрч авдаг гэсэн үг юм. Үнэр яагаад чухал вэ гэж асуух байх. 

Үнэрлэх нь хүүхдийн хорвоотой танилцах анхны мэдрэхүй нь юм. Тэр үнэрээр дамжуулан тархиндаа анхны кодоо үүсгэхдээ “Ээжийн үнэр бол энэ, тэгэхээр ээж ойрхон байна, би аюулгүй” хэмээх ээнэгшил бий болж мэдрэлийн эсүүд уян хатан бие биетэйгээ холбогддог.

Харин ээжийн үнэр үнэртэхгүй байвал мэдрэлийн эсүүд нь хумигдаж бүх газар аюултай юм шиг санагдаж, “ээжийн үнэр хаана байна, ээж хаана байна” хэмээн айна. Үнэрээр дамжуулах энэ аюулгүйн мэдрэмжийг авч чадаагүй хүүхдийн мэдрэлийн эсүүд анхнаасаа хавчигдмал агшсан хэлбэртэйгээр холбогддог. Улмаар бүхий л зүйлд хавчигдмал хэлбэрээр хандаж, бусад зүйлийг ийм л хязгаарлагдмал байдлаар таньж мэддэг. Өөрөөр хэлбэл түгшсэн айсан, аюултай гэсэн байдлаар хүлээж авна.

Хэрвээ анзаарах юм бол зарим хүмүүс өөрөө ч мэдэлгүй “Би айгаад байна. Юунаас болоод айгаад байгаагаа мэдэхгүй ч айдастай байна” гээд байдаг даа. Олон хүний өмнө гарах, чухал уулзалт хийх, зэрэг шинэ сорилтуудтай тулгарахад маш ихээр айдаг. Энэ нь нэг талаараа мэдрэлийн эсийн анхны код нь аюулгүйн мэдрэмж авч чадалгүй хавчигдмал, хумьж агшсан хэлбэрээр үүссэнтэй холбоотой. Хүүхдээ нярай байхад юм мэдэхгүй ухаан ороогүй юм чинь гээд орхиод явдаг, хэсэг холдох үе байдаг. Хүүхэд юм чинь яав л гэж манайхан хэнэггүй ханддаг. Гэтэл ээнэгшилт үүсэх тэр хугацаанд нь үргэлж хүүхэдтэйгээ хамт байх нь чухал юм.

Ээжийн сэтгэл зүй, хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгаа нь ээнэгшилд бас нөлөөлөх байх тийм үү?

Ээжийн сэтгэл санаа маш чухал. Ээж тайван байх нь хүүхдийн мэдрэлийн эс тайван байх суурь нь юм шүү дээ. Ээж нь уйлаад л, шаналаад л байвал хүүхдэд яг тэгж л мэдрэгддэг. Хэвлийд байхад нь ээж нь уйлаад л байвал хүүхэд “мнн. Иймэрхүү л байдаг юм байх даа” гээд  анхны мэдрэхүйнүүдээ бүрдүүлдэг.

Ээжийн сэтгэл санааг хамгийн ихээр тэтгэдэг, тайван байлгахад нь нөлөөлдөг хүн бол аав (нөхөр) болон орчны нөлөө юм. 

Эх хүний хувьд хүүхэдтэй болно гэдэг, хүлээн зөвшөөрөгдсөн, хайрлан тэтгэдэг нөхөртэй байснаар хүүхэд тээж байгаа мэдрэмж нь аюулгүй байдаг гэсэн үг юм. Хүүхдээ аюулгүй тээхийн тулд хайртай хүнээрээ хайрлуулах мэдрэмж нэн чухал билээ. Ингэж тайван аюулгүй хүүхдээ тээж төрүүлснээр ээжийн сэтгэл тайван сайхан,  хүүхдээ хараад баярлана. Хүүхдэд мөн “ээждээ хүлээн зөвшөөрөгдсөн хүссэн хүүхэд  нь юм байна” гэж ойлгогдож энэ хэрээр дасан зохицох чадвар нь асар хурдан хөгждөг зохилдлоготой.

Эсэргээрээ ээж нь хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй, тайван аюулгүй тээж төрүүлээгүй тохиолдолд хүүхдийн мэдрэлийн эсүүд нь агшиж, гадна орчны бүх анхны кодуудыг буруу кодолж эхэлдэг. Мэдрэлийн эсүүд анхнаасаа буруу кодолчихоор бүх зүйл аюултай юм шиг санагдана. Бүх юмтай тэмцэх ёстой юм шиг. Бүх юмнаас зугтах ёстой ч юм шиг санагддаг. Гэх мэтчилэн анхны код тархинд мэдрэмжээр буруу бий болсоноос хүүхдийн сэтгэл зүйн хамгаалах механизм буруу хөгжиж эхэлдэг.

Ээнэгшилтийн ямар хэлбэрүүд байдаг бол? Үнэрээр, тэврэлтээр гэх мэт өөр яаж ээнэгшдэг вэ?

Ээнэгшлийг судлах нь сэтгэл зүйн салбарт хамгийн төвөгтэй нарийн мехнизм байдаг. Хүүхдээс нь очоод асууж судалж мэдэх боломжгүй. Урт хугацааны ажиглалт буюу тухайн хүүхдийг насан туршид нь судалж байж ээнэгшлийн процессийг илүү сайн нарийвчлан судладаг.

Монголчуудын хувьд нэг давуу тал бий. Хүүхэдтэйгээ хамт унтдаг. Арьсаар хүрэлцэх мэдрэмж өгч ээнэгшлийг сайн тогтоодог. 

Харин гадаадын улсуудад үг хэл, яриагаараа илүүтэй ээнэгшлийг хүүхдэдээ бий болгосон байдаг. Энэгшлийн эдгээр хэлбэрүүдэд энэ нь сайн, энэ нь муу гэх ялгаа байхгүй л дээ. Тухайн гэр бүлийн хүмүүжил, анхны ээнэгшил ямар байгаагаас хамаарч өөрсдийн мэдэрсэн ээнэгшлээр хүүхдээ хайрлаж ээнэгшил тогтооно.  Бидэнд буй ээнэгшлийн ийм хэлбэрийг өвөг дээдэс, өвөө эмээгээсээ авсаар өнөөг хүрсэн. Одоо ч гэсэн тэврэлт, бүүвэйн дуугаар хүүхдээ өлгийдөн авч ээнэгшүүлсээр байгаа.

Хангалттай ээнэгшиж чадаагүй хүүхдэд сэтгэл зүйн ямар асуудал тулгардаг вэ? 

Бүх юмыг аюултай гэж мэдэрдэг учраас аймхай төрлийн хүүхэд болох магадлал өндөр. Амьдралд жижигхэн өөрчлөлт гарах төдийд хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Эсвэл зугтах гэдэг ч юм уу, хэнэггүй байдлаар хариу үйлдэл үзүүлж ч болно. Шинэ зүйл суръя, сонирхъё гэдэг бодол төдийлөн төрдөггүй.

Хүүхэд хазах, зодох хэлбэрийн хамгаалах механизмтай хүүхдүүд байдаг даа. Тэдгээр хүүхдийн хувьд өөрийгөө яаж ийгээд хамгаалах ёстой л гэдэг өнцгөөс бүхнийг хүлээж авдаг тул суралцах процесс нь үргэлж л тэмцэх хэлбэр лүү шилжсэн байх магадлалтай байдаг. Ээнэгшил сайн байх тусам хүүхдийн тархи амгалан байж бүх зүйлийг ажиглаж, сонирхож оролдож үзэх хэлбэрээр хөгжил нь явагддаг.

Тэгвэл хүүхдээ сайн ээнэгшүүлэхийн тулд яах ёстой вэ? Магадгүй сайн ээнэгшихгүй байгаа гэж үзвэл бага дээр нь засах боломжтой юу? 

Хүүхдийн мэдрэмж ердөө 2 төрлөөр илэрхийлэгдэж байдаг. Хүүхдийн хувьд таатай мэдрэмж байвал инээх эсвэл амгалан байна. Хэрэв хүүхэд таагүй мэдрэмжтэй байвал уйлна. Иймд их уйламхай хүүхдийн хувьд тухайн хүүхдийн мэдрэмж нь таагүй байгаа гэсэн үг юм.  Хүүхдээ уйлуулахгүй байх нь тархины хөгжилд хамгийн сайн гэж хэлж болно.

Ээнэгшил сайн явагдаагүй бол хүүхдээ байнга аргадах хэрэгтэй болдог. 0-6 насанд нь сайн аргадчих юм бол уйланхай хүүхэд уйланхай биш болох боломжтой. 

0-6 насанд нь л эерэг ээнэгшлийг бий болгох боломжтой.

Яагаад гэвэл 0-6 насанд хүний амьдралын 70-80 хувийн тархины хөгжил бий болчихсон, тархины анхны кодууд үүссэн байдаг. Энэ кодууд анх яаж бичигдэнэ тэр хэмжээгээр ертөнцтэй харилцана, бүх харилцаа, хүмүүсийг тэр кодоороо л хүлээж авдаг, шинээр орж ирэх мэдээллүүдийг ч тэрхүү кодын суурин дээр хүлээж авдаг. 0-6 нас бол хүүхдийн хамгийн чухал нас юм.

Одоо ээж болсон, ээж болох гэж байгаа эмэгтэйчүүд бодож байгаа байх л даа. Өөрөө ээнэгшил сайн тогтоогүй юм байна гээд. Тэгээд хүүхдэдээ яаж сайн ээнэгшил суулганаа гэж санаа нь зовж байгаа байх? 

Нэг сонирхолтой зүйлийг хэлье. 

Хүүхэд зүгээр л аз жаргалтай ээжийг хүсдэг. Аз жаргалтай байгааг нь мэдрэх юм бол хүүхдийн ээнэгшил зөв явчихна. 

Ээж нар хүүхдийнхээ төлөө гээд л өөрийгөө золиослоод байдаг. Тэгэх хэрэггүй. Эхлээд өөрийгөө аз жаргалтай, тайван байлгах тал дээр ажилла. Өөрийнхөө тайван байдал, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйтэйгээ ажилчих юм бол хүүхэд тань алзахгүй. Миний хүүхэд гээд л асуудлаа хүүхэд рүүгээ хандуулаад байвал хүүхэд мөн л асуудалтай болно.

Өөрийнхөө алдааг давтахгүй, дутуу байгаагаа хүүхдэдээ мэдрүүлэхгүй, хүүхдээ л сайхан өсгөх юмсан гэж боддог шүү дээ ээжүүд? 

“Би чамайг ингэж их хайрлаж байхад” гэж хүүхдээсээ хариу нэхэх хандлага буруу л даа. Бидэнд ирсэн хүүхэд хэнд ч өргүй. Ийм хандлага хүүхдэд дарамт мэдрүүлдэг. Тэгээд “Би л зовлонгийн эх үүсвэр нь юм байна” гэдэг ухагдахууныг ээжийнхээ энэ мэт хэлсэн үг, үйлдлээс тусгаж авна. “Хөөрхий ээж, аавыгаа би зовоогоод байгаа юм байна. Би байхгүй болчихвол энэ хоёр зовохгүй юм байна” гэж бодох анхны амиа хорлох сэдлийг нь ээж аав нь өгсөн байх эрсдэлтэй юм. Тэгэхээр би чамд бүхнээ зориулж байна гэсэн дарамт өгсөн хандлагаар хүүхэдтэйгээ битгий харилцаарай.

“Хүүхдийг 3 нас хүртэл нь хаан шиг тэтгэ” гэж монголчуудын сайхан үг байдаг. Маш үнэн. Анхны код үүсэж байгаа нялх бага насанд нь хүүхдээ өөрөөр нь  байлгаж, хорвоог өөрөө танин мэдэх чадвартай өсгөх нь хамгийн чухал.

Хүүхдээ өөрөөр нь байлгаж байна гээд хүссэн бүхнийг нь өгөөд л, хүслээр нь байлгахаар эрх хав шиг болчихдог гэж бас ярьдаг. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг хүмүүжлийн энэ хэлбэр хэр зөв, буруу вэ? 

Хайранд өссөн хүүхэд буруудаад буруудаад нээх буруу, муу хүн болдоггүй. 

Хайрын хэлэмж болгон өөр. Зарим эцэг эхчүүд хоол унд, амьдарч буй орчин нөхцөлөөр нь л дутаахгүй бол түүнийгээ хайр гэж боддог. Ийм нөхцөлд хүүхдэд сэтгэл зүйн ээнэгшил тогтохгүй. Хүүхдээ сайн ойлгож харилцсан билүү, хайрлаж үнссэн үү, өөрөөр нь байлгасан уу гэдэг яахын аргагүй чухал. Эдгээрийг орхигдуулаад гаднах нөхцөлийг нь л бүрдүүлчихвэл хайран дунд хүүхдээ өсгөөд байна хэмээн мөнгөөр хайрыг хэмжиж өгөөд байвал буруудана. Мөнгө бол мэдрэхүйн хэрэгсэл биш. Хоосон зүйл учраас хүүхэд эндээс юу ойлгож мэдрэх ёстойгоо мэдэхгүй. Буруу хөгжих буюу буруу эрхэлсэн хүүхэд эндээс л үүсдэг.

Бас хэтэрхий их зодож, шийтгээд “чи л буруу байна, болохгүй байна” гээд байвал хүүхэд өөрийгөө хорвоогийн хамгийн муу, адгийн хүүхэд гэж ойлгоно. Муу хүүхэд гэсэн ийм кодыг хүүхдэдээ суулгачихаад дараа нь жаахан томроод ирэхээр нь “чи дажгүй сайн хүүхэд шүү дээ” гэж хэлэх юм бол хүүхэд тэр үгийг хүлээж авахгүй.  

Үүнээс хэлэх гэсэн зүйл бол хүүхдийнхээ хайрын хэлийг мэдрэх, яг л тэр байгаагаар нь хүлээж авах явдал юм. Эцэг эх байна гэдэг тийм ч амархан зүйл биш. Бүхэл бүтэн нэг хүний амьдралыг шийддэг гэдэг өнцгөөс хандах хэрэгтэй.

Аав хүүхдийнхээ ээнэгшилд ямар оролцоо нөлөөтэй хүн бэ? 

Аавууд зөөлөн байвал зүгээр. Манайд эсэргээрээ дандаа ширүү нь, загнадаг нь, хүндлүүлдэг, айлгадаг нь “аав” байх гээд байдаг. Айлгаж болно л доо. Нөмөр нөөлөг, хүчтэй байх байдал эр хүнээс мэдрэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ8

Хүүхдээ алдаа гаргах бүрд нь байн байн тоншоод байвал хүүхэд “хүндлэл” гэдэг зүйлийг олж харахаа болино. 

Тиймээс аавуудад хандаж хэлэхэд хааяа ч болов хайрлаж байгаагаа, хайртай гэдгээ хүүхдэдээ үгээр, үйлдлээр илэрхийлж урмын үг хэлээд нэг удаа үнсээд эсвэл тэвэрчихээрэй. Ийм л байхад хүүхдэд хангалттай.

Хүссэн хүсээгүй ээжүүд хүүхдийнхээ бүх нарийн ширийн зүйлсэд анхаарч, амьдралын мөч бүрд нь байдаг. Энэ утгаараа ээжүүд илүү их ядардаг. Ээжүүдэд бас хандаж хэлэхэд өөрийгөө амраахад заавал цаг гаргаж байгаарай. Хэтэрхий их хүүхэд рүүгээ анхаараад өөрийгөө орхигдуулах гээд байдаг талтай шүү. Заавал таны хүссэн шиг төгс сайн хүүхэд байх албагүй. Тийм болгох гэж өөрийгөө ч хүүхдээ ч бүү ядраагаарай. Хүүхэд тань байгаагаараа л та хоёрын хувьд хамгийн нандин гэж хандах нь л хамгийн зөв хүмүүжилтэй хүүхэд болж өсөхөд нөлөөлөх юм шүү. Үүнд итгэ.

Эргэн тойрны хүүхдүүдийг анзаараад харахаар манайхан хэтэрхий их “болохгүй” гэдэг үг хэлээд байдаг. Тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй, болохгүй болохгүй... гээд л байвал хүүхдэд “болохгүй” гэдэг код сууна. Шинэ зүйл туршихаас, сонирхохоос айдаг хүн болно.  Тиймээс болохгүй гэхийн оронд болох хэмжээг нь хэлж өгөөд, яагаад болдоггүй гэдгийг нь тайлбарлах нь зүйтэй.

Аав ээжүүд маань хүүхдээ хайрлаж, аюулгүй өсгөх гэж хичээж буй нь үнэн л дээ. Хайр мөн. Гэхдээ хүүхэд чинь өөрөөрөө бүх зүйлийг харах эрхтэй хувь хүн шүү дээ. Халуун бол халуун гэдгийг нь өөрөө барьж үзээд, хүйтэн бол өөрөө мэдэрч  үзмээр байгаа.

Өөрөөрөө турших процессыг нь хязгаарлаад байж болохгүй. Бүх зүйлийг хязгаарлаад байвал хүүхдэд өөрөөрөө мэдэрсэн туршлага бий болохгүй. 

Тэр анхны гэх мэдрэмж код нь өөрийнх нь биш, хөндлөнгийн хэн нэгний код гэж сууна. Энэ халуун учраас өвтгөдөг шүү, барьж болохгүй шүү гэдгийг нь тайлбарлан ойлгуулаад хэлэхэд хүүхэд маш сайн хүлээж авдаг. Хүүхдийн тархи хэчнээн гайхалтай гээч. Томчуудаас илүү гайхалтай бүтэцтэй ертөнц.

Сөрөг ээнэгшил юунаас болж яагаад бий болдог вэ? Түгээмэл илэрдэг сөрөг ээнэгшлүүдийн тухайд? 

Захирангуй ээнэгшил, үл тоох ээнэгшил зэрэг ээнэгшлийн хэлбэрүүд нь бүгд  хүчирхийллээс улбаатай байдаг. Хүчирхийллийн бүх хэлбэр үүнд хамаатай. Хүүхдийн тархи хийлсэн шаар шиг байх ёстой байтал хүчирхийлэлд байснаар шахсаар байгаад хий нь гарсан жижигхэн шаар шиг хатингаршсан болгочихдог. Жижигхэн тэр тархин дотор мэдэрлийн эсүүд хоорондоо хязгаарлагдмал орчинд л мэдээлэл солилцож байна гэсэн үг. Нэг ёсондоо тэлэхгүй тархитай болно. 

Сөрөг хүмүүжлийн арга барилууд, хүчирхийллийн хэлбэрүүдээс л сөрөг ээнэгшил хүүхдэд бий болдог.

Ийм сөрөг ээнэгшилтэй хүүхэд хүнийг хайрлахын тулд заавал хүчирхийлэх ёстой юм байна гэж бодно. Анхнаасаа л тийм код өгчихсөн юм чинь. Хэн нэгнийг хайрлах гэхээр өөрөө ч мэдэлгүй хүчирхийлэх үйлдэл гаргадаг. Өөрийгөө зогсоож чаддаггүй. Энэ нь хүүхдийн буруу биш. Тиймээс хүчирхийллийн хэлбэрийн сөрөг ээнэгшлийг аль болох хүүхдийнхээ дэргэд бүү гарга.

Хүүхдээ айлгаж, загнах нь бас сөөрөг ээнэгшлийн хэлбэр үү? 

Байнгын айдаст байлгах, айдсаар нь кодлох нь хамгийн муу ээнэгшлийн хэлбэр. 0-2 насны хүүхэд айдас гэдгийг тийм сайн мэддэггүй. Маш зоригтой юм бүхнийг барьж оролдож үзэх гэдэг тэмүүлэлтэй. Гэтэл айдас гэдэг мэдрэмжийг хэн суулгадаг вэ гэвэл томчууд бид нар. “За унтаарай. Унтахгүй бол харанхуйгаас мангаа чамайг аваад явчихна шүү” гэж хэлээд л айдсыг хүүхдийнхээ тархинд суулгадаг.  

Айдасгүй, аймхай биш хүүхэдтэй болъё гэвэл айдсын мэдрэхгүйг нь зөв кодолж, зөвөөр суулгахад анхаар. Айдас бол жирийн л нэг мэдрэхүй байх нь ойлгомжтой. Адреналин ялгаруулах гэж, өөрийгөө хамгаалах гэж тэр зүйл байгаа. Хүнд айдас төрснөөр аюултай амьтан ирж байна уу, аюултай нөхцөл байдалд орж байна уу. Тэндээс би өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг адреналинийг л ялгаруулах гэж байгаа. Тэрнээс биш хүүхэд хөгжихөд нь тэр айдас саад болох хэмжээнд байж болохгүй.

Үл тоохын ээнэгшил тогтсон хүүхэд ирээдүйд ямар сэтгэл зүйтэй болдог бол? 

Нэг талаараа хүүхдэдээ асар их эрх мэдэл өгөөд байгаа мэт боловч нөгөө талаараа хүүхдийн мэдрэхүйг нь хөлдөнгө байдалд оруулдаг. Хүний харилцааны бүх хэл биеийн болон хүртэхүйн хэлэмжүүдээр илэрхийлэгддэг. Гэтэл хүүхдийн үйлдэл харилцаанд нь хариу урвал үзүүлэхгүй тоохгүй байх нь үл тоох хүчирхийлэл юм. Жишээлбэл, хүүхэд нь уйлаад байхад тоохгүй орхичихдог. Тэгж байгаад өөрөө дуугүй болно биз гээд аргаддаггүй хүмүүс байна. Энэ буруу. Уйлж байгаа хүүхдэд юу тухгүй байна вэ гэдгийг нь заавал олж мэдэж хариу үйлдэл үзүүлэх ёстой. Гэтэл үл тоогдох ээнэгшилтэй хүүхэд том болоод гадаа ямар ч аймар, аймшигтай зүйл болж байсан сэтгэл нь хөлдсөн мэт “аан” гээд тоодоггүй. Орчин үед бол төмс шиг хүмүүс гэж яриад байдаг даа. Мэдрэх ёстой энэрэнгүй, халуун дотно, сэтгэлийн хөдлөлийг мэдэрч чадахгүй байна гэдэг харамсалтай.

Үл тоох ээнэгшилтэй болгохгүйн тулд хүүхдэд тань юу тухгүй байна, юу хүсээд байна гэдгийг нь л ойлгох гэж оролдож ямар нэгэн байдлаар сонсож анхаарч байгаа шүү гэдгээ мэдрүүл. Хүүхдээ насаар нь тэврээд л, насаар нь аргадахгүй шүү дээ. Хүүхэд үсрээд л 8 нас хүртлээ л бид нартай чаргууцалдана. Тэрнээс хойш өөрийнхөө үйлдлийг томчуудаас нуугаад л, цаашаа шилжилтийн нас нь эхлэхээр өөрийгөө том хүн болж байгаа гэж бодоод л биеэ даагаад явчихна. Тэгэхээр ядаж 8 нас хүртэл нь хүүхдээ эрхлүүлээд, үнсээд, хайрлаад л байж байвал зөв төлөвшил рүүгээ орно.

Алим модноосоо хол унадаггүй гэдэг шиг “ээнэгшил сайн тогтсон хүүхэд арай ч ийм зүйл хийхгүй, арай ч ингэхгүй” гээд баттай хэлэх чанар нь юу вэ? 

Хайранд өссөн, сайн ээнэгшсэн хүүхэд бусдыг өвтгөхөөс айдаг. Энэ чинь л бидний хүсээд байгаа нийгэм биз дээ. 

Бусдыг өвтгөхгүй, бусдад л төвөг удахгүй байгаарай гэдэг зүйл чинь эрүүл харилцааны хамгийн том модул шүү дээ.  

Хүн хайрлахдаа ядаж өвтгөхгүйгээр хайрлачихдаг, байгаагаар нь хүлээж аваад хайрлачих тийм хайрыг хүүхдэдээ мэдрүүлчих юм бол манай нийгмийн зөрчилтэй сөрөг харилцаа багасна. Мэдээж ганцхан ээнэгшил энэ бүхнийг бий болгохгүй. Генийн мэдээлэл, тухайн хүүхдийн өөрийнх нь онцлог гэх мэт хүчин зүйлс бий.

Багадаа тогтсон ээнэгшил нь бие хүн болсны дараа харилцаанд хэрхэн нөлөөлдөг, ямар ач холбогдолтойг хэлж өгөөч? 

Өөрөө өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг хүүхэд болно. Хаашаа явж байгаагаа мэддэг хүүхэд болж өснө. Өөр лүү нь дайрсан давшилсан ямар нэгэн сөрөг сэтгэгдэлтэй хүмүүс, үнэлэмж рүү нь дайрч байгаа харилцааны асуудлуудад нээг их ач холбогдол өгөхөө байчихдаг. Эмзэг биш хүүхэд болдог. Яагаад гэвэл өөрийгөө хэн гэдгийг мэдэж байгаа болохоор. Хэн гэдгийг бага байхад нь аав ээж минь илүү сайн ойлгуулчихсан юм чинь гэсэн бодолтой. Өөрийгөө ойлгодог хүүхэд болж өсдөг.

Бас “үгүй” гэж хэлэх зоригтой болдог. Мэдрэлийн эсүүд нь хумигдаагүй, айдас байхгүй өссөн учраас. Хүсээгүй зүйлдээ “үгүй” гэж хэллээ гээд яагаад энэ хүн уурлана гэж, ингэж хэлснээр яагаад энэ хүнээс би айх ёстой гэж” гэдэг өнцгөөс харилцаж чаддаг.

“Үгүй би тэгмээргүй байна. үгүй би хүсэхгүй байна” гээд үгүй гэдгээ хэлээд сурчихна гэдэг өөрийгөө асар сайн ойлгуулж буйн хэлбэр.

Магадгүй та бид хоёрын ярилцлагыг уншаад “аан би багадаа ийм ээнэгшилтэй учраас одоо ийм юм байна” гээд өөртөө дүгнэлт хийгээд сууж байгаа хүн цөөнгүй байх. Тухайлбал, Үл тоох ээнэгшилтэй өсчихсөн тэр нь харилцаанд нь сөргөөр нөлөөлөөд байгаа хүмүүсийн асуудлыг засаж өөрчлөх боломж бий юу? 

Нэн түрүүнд бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхийн тулд буруутгахаа болих хэрэгтэй. Аав ээжийгээ буруутгахаа болих, төрж өссөн орчноо хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрөөд тавьж явуулах буюу уучлах нь эдгэрлийн эхний алхам юм.  

Хэчнээн буруутгалаа гээд бодит нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй шүү дээ. Аав ээж хоёр ийм. Намайг ингэсэн гэж буруутгаад юу олж авах вэ. Хэн ч хожихгүй гэдгийг ухамсарлах. Буруутгахгүйгээр яваад үзвэл яах вэ гээд цаашаа явах шийдлээ олоод харчихвал хүлээн зөвшөөрөх зам руугаа явж чадна. Өөрөө чадахгүй бол мэргэжлийн хүний тусламж авч болно. Гэвч сэтгэл зүйч нар таныг цаг хугацааны машинд суулгаад явахгүй. Харин анхны код дээр нь очиж кодыг нь залруулж өгөөд, мэдрэмжийн хэмжээсд нь өөрчлөлт хийдэг. Тухайн мэдрэмж зөвхөн танд л  байдаг зүйл учраас өөрийнхөө мэдрэмжтэй ажиллахад хүн бүр өөртөө сэтгэл зүйч байж чадна. Сэтгэл зүйн ойлголт, арга техник нь байхгүй учраас өөртэйгөө ажиллахад хэцүү байж болно. Сэтгэл зүйчид хандаж ойлгохгүй байгаа мэдрэмжээ орчуулуулж тайлснаар эдгэрэх зам руугаа та өөрөө орно. Тухайн хүний хүчин чармайлт л чухал.

Хүүхдийн сэтгэл зүйчээр мэргэшин ажиллах хугацаанд хүүхдээ зөв хүмүүжүүлэх, сайн ээнэгшүүлэх талаар эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс гаргадаг нийтлэг буруу хандлага, анхааруулж хэлэхийг хүсдэг зүйл тань юу байв? 

Хүүхдийнхээ өмнөөс амьдрах гээд байдгаа л боль гэж хэлье. Хүүхдийнхээ өмнөөс урдуур нь орж бүгдийг хийх гээд байдаг. Бүхий л юмыг нь бэлдэж өгөх гээд л, гоё сайхан болгох гээд.

Та хүүхдэдээ хамгийн сайн сайхан, хамгийн гоёыг хүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ хүүхэд тань яг юу хүсэж байгаа вэ, таны өгөх гээд байгаа зүйлийг хүсэж байгаа юу гэдгийг бодоод үзээрэй. Магадгүй хүүхэд тань хэлд орчихсон бол асуугаад үзээрэй. Хүүхэд хэлдэг. Тэд чинь маш шударга, үнэнч чанартай.

Хүүхдийнхээ өмнөөс битгий шийдвэр гарга. Хүүхдээсээ өөрөө хөгжих процессыг нь битгий хулгайлаач гэж л зөвлөх байна. 

Хүүхэд унавал өөрөө босох алхмаа хийг л дээ. Унаад өвдөх өвдөлтийг мэдрээд дахиж унахгүй байх тэр орон зайг нь хүүхдэдээ өгөх нь хүүхдийн тань амьдралд утга учиртай хүмүүжлийн арга болох юм шүү.

Бид хүүхдээ амьдрал дандаа гоё байх ёстой, амьдрал үргэлж миний, чиний л талд байх ёстой гэдэг сэтгэхүйгээр нийгэмд бэлдээд байна. Гэтэл та бид өөрсдийнхөө амьдралаар мэднэ. Асуудалгүй амьдрал байхгүй гэдгийг. Хамгийн сайн сайхныг хүсэж, хайраар тэтгэхийг хүсэх нь буруу биш ч сайн муутай учрах, туршлагажих боломж орон зайг нь хүүхдэдээ үлдээгээрэй. Ингэснээр хүүхэд ирээдүйд паниктаад байхгүй. Асуудал эрсдэл гарах бүрд зөв хариу үйлдэл үзүүлж чаддаг хүн болно. Насан туршдаа амьдралд нь байхгүй, насан туршид нь хамгаалж чадахгүй учраас хүүхдээ амьдралд бэлтгэх нь та бидний гол үүрэг юм шүү.

Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой улс дамнасан гэр бүлүүд их болж. Хүүхдээ өвөө эмээ, айлд үлдээгээд явдаг, цаг наргүй ажилладаг завгүй нийгэмд хүүхдийн хүмүүжил орхигдоод байгаа мэт санагддаг? 

Хүүхдийг болж өгвөл хоёр гэрийн дунд битгий явуулаарай. Хүүхэд нэг гэрт тогтвортой байснаар “би энэ гэр бүлд хамааралтай, харьяалагддаг” гэсэн мэдрэхүйг авдаг. Энэ  бас нэг ээнэгшилт, дараагийн хөгжил нь юм. Гэртэй байна гэдэг ардаа хамгаалалттай байгаа мэдрэмж төрүүлнэ. Гэтэл гэр бүл салалт, эсвэл аав ээж нь гадаадад ажил хийдэг, айлд хүүхдээ үлдээдэг зэргээс шалтгаалж хүүхдээ “тавиул хүүхэд” болгох нь их болж байна.

Тавиул хүүхэд тэнэх дуртай болно. Гэргүй юм шиг. Учир нь аюулгүй гэдэг мэдрэмж, ээнэгшил сул хүн болж өсдөг. “Би энэ гэрт харьяалагддаг шүү дээ” гэсэн байдлаар сэтгэл гардаггүй. Сэтгэл гарахгүй байгаа нь аргагүй. “Миний гэр” гэдэг ямар нэг зүйлд хамааралтай мэдрэмж өгөгдөөгүй учраас тэр. Тэгэхээр хүүхдээ 9, 10 нас хүртэл нь тогтмол нэг гэрт өсгөхийг хичээгээрэй. Тэгж байж төлөвшлийн, шилжилтийн дараагийн үе шат руугаа хүүхэд зөв орно. 

Ээнэгшилтийг нь гүйцэд өгчихсөн байхад шилжилтийн насаа сайнаар даван туулж чаддаг.

Ярилцсанд баярлалаа танд. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр