2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ЭМЧИЙН ӨРӨӨ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭХЭМҮТ-д дурангийн аргаар хагалгаа хийж хүүхдийн залгиураас гаргасан зүйлс

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 03

Эцэг эхчүүдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхдүүд гадны биет залгих, хордох, гэмтэх эрсдэл жил бүр нэмэгдсээр байна. Бидний хамгийн их цагийг өнгөрүүлдэг, амар тайван байх орчин бол гэр. Гэтэл хүүхдүүд гэртээ байхдаа бэртэж гэмтэх, амь нас нь эрсдэлд орох нь их байна. Та хүүхдэдээ аюулгүй орчинг бүрдүүлж чадсан уу? Гадны биет залгих нь хэр аюултай болох түүнээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд хэрхэн анхаарах талаар зөвлөгөө хүргэхээр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгын эрхлэгч Л.Ганбаяртай ярилцлаа.

Хүүхэд эд зүйл залгиж гэмтэхтэй холбоотой тохиолдол гарсаар байна. Ямар байдлаар гэмтэж байна вэ?  

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын алба 64 жилийн түүхтэй. Хүүхдийн төрөлжсөн мэс заслын долоон тасаг байдаг. Үүнээс чих хамар хоолой, эрүү нүүр, нүд, бөөрний, ерөнхий мэс заслын тасгууд гадны биеттэй холбоотой эмгэгүүдээр төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг.  Харин хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, амьсгалын эрхтэн тогтолцоо руу гадны биет оруулах болон арьс, зөөлөн эд, биеийн хэсгүүдэд гадны биет орох тохиолдлуудад ерөнхий мэс заслын тасагт эмчилдэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо буюу хоол боловсруулах зам руу гадны биет орох тохиолдол хамгийн их байна. Дараа нь амьсгалын эрхтэн тогтолцоо, арьс зөөлөн эд рүүгээ гадны биет оруулах тохиолдлууд гардаг.

Манай тасагт хоол боловсруулах эрхтэн тогтолцоо руу гадны биет оруулсан хүүхдүүд өдөр бүр ирдэг.

Хоол боловсруулах зам руу гадны биет орох нь янз бүр. Залгиад цаашаа явахгүй ходоодондоо үлдэх, эсвэл хоол шиг цаашаа яваад бүдүүн шулуун гэдсээр дамжин ялгадас болж гарах тохиолдол бий.

Амьсгалын тогтолцоо буюу цагаан мөгөөрсөн хоолой руу гадны биет оруулах нь маш аюултай. Агшин зуур амь насаа алдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл амьсгалж чадахгүйд хүрнэ. Амьсгалын зам руу орж байгаа гадны биетийн хэмжээ том жижгээс хамаараад эрсдэл нэмэгддэг. Жижиг хэмжээтэй, дундаа нүхтэй зүйл залгих нь шууд амь насанд тулахгүй ч хүчил төрөгчийн хурц дутагдалд ордог. Тиймээс гадны биет буруу хоолойгоор нь орсон л бол хамгийн ойрхон эмнэлэгтээ очиж яаралтай тусламж авах ёстой.

Гурав дахь хэлбэр нь зүү, хадаас, модны өргөс, шүдний чигчлүүр зэрэг жижиг үзүүртэй зүйлс энд тэнд хаяснаас болоод хүүхэд дээр нь суух, гараараа дарах, өгзөг рүү нь хатгах, арьс зөөлөн эдийг нь нэвтэрч орсон тохиолдол байдаг.

Ямар төрлийн гадны биет залгиж байна вэ.  Хэдэн насны хүүхэд ямар байдлаар өртдөг вэ?

Бүх насны хүүхэд гэмтдэг. Дунд сургуулийн хүүхэд хүртэл гадны биет залгих тохиолдол нилээдгүй гардаг. Хүүхдүүдийн хамгийн их залгидаг зүйл нь соронз.

- Соронзтой тоглоом болон цаг, жин, тоглоомны  бүх төрлийн зай залгих нь элбэг

- Ээмэг, зүүлтний кулон, жижиг хэмжээтэй эвлүүлдэг тоглоомнууд

- Ой хүрээгүй бага насны хүүхдүүд хоолондоо буюу төмс, мах, алим, шигуаны гадна хальс зэрэгт хахах

- Угаалгын нунтаг бодисууд, цэвэрлэгээний бодис, машины тос, шингэн зүйл уух, хордох гэх мэт.

Хүүхдийн залгисан эд зүйлс: Балны таг, зоос, ээмэг, энгэрийн зүү, шрупп, резен, соронз г.м

Хүүхэд юм залгиад баасаар нь гарчихсан гээд тоохгүй өнгөрөөх нь бий. Гадны биет залгих нь хэр аюултай вэ? 

Батарей, угаалгын бодисууд хүний биед орж уусаад дотор эрхтний салс давхаргуудыг түлдэг. 

Соронз залгисан тохиолдолд хоорондоо наалдаж, дунд нь гэдэсний хана хавчуулагдаж цоорох аюултай.

Ялангуяа ахуйн цэвэрлэгээний бодисууд аманд хүрэх төдийд л шууд түлдэг. Уруул, хэл, амны салс, залгиур хоолой, улаан хоолойг түлэх аюултай. Хүүхдийн хоолой салст маш эзмэг байдаг учраас хурдан түлэгдэж умайгаад хоол идэж чадахаа больдог. Тиймээс мэс засал хийхээс аргагүй нөхцөл үүснэ.

Хүүхдээ юм залгиад амьсгалын зам нь саадтай болсон эсэхийг эцэг эхчүүд хэрхэн ажиглаж мэдэх вэ? Хамгийн эхэнд авах арга хэмжээ юу вэ?

Ихэнх тохиолдолд шууд мэдэгддэг. Хоолой боож, ханиалгах үед шалгах хэрэгтэй. Амьсгалын замд гадны биет орсонг мэдэхгүй хатгаатай андуурах тохиолдол байдаг. Учир нь зарим үед гадны биет рентгенд харагдахгүй. 

Хүүхэд гадны биет залгисан бол хамгийн түрүүнд эмнэлэгт хандах хэрэгтэй. Ам дамжсан худал зөвлөгөө, батлагдаагүй зүйлээр эмчилгээ хийж болохгүй.

Ямар эмчилгээ хийдэг вэ? 

Эмчилгээний гурван арга бий.

  • Ажиглах /хэмжээ нь жижигхэн, химийн нэгдэл бодисгүй, биед уусахгүй зүйл байвал ажиглана/
  • Дурандаж авах
  • Мэс засал /Ажиглаад, дурандаад авах боломжгүй үед мэс засал хийдэг./

Сардаа нэг хүүхэд гадны биетийн улмаас хагалгаа хийлгэж байна. 

Хүүхдийн мэс заслын шинжлэх ухаан хөгжиж, эмчилгээний тоног төхөөрөмжүүд сайжирсан. Ихэнх тохиолдолд дурангийн аргаар авдаг. Харин арьс зөөлөн эдэд нэвтэрсэн болон ходоодноос цааш орсон гадны биетийг мэс заслын аргаар авдаг.

Хорио цээрийн хугацаанд сургууль цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байна. Та эцэг эхчүүдэд гэрээ аюулгүй байлгах зөвлөгөө өгөөч?

Гэртээ асран хамгаалах хүнгүй үлдсэн хүүхдүүд элдэв осол гэмтэлд өртөх эрсдэл өндөр байдаг. Гэртээ байгаа хүүхдүүд ихэвчлэн тоглоомоор тоголдог. Дээр дурдсан гадны биет залгих тохиолдол ихсэж байна. Үүнд эцэг эхийн хараа хяналт хамгийн чухал.

1. Гэрээ маш сайн цэвэрлэ. Зөвхөн халдвар хамгаалал талаас нь бус аюулгүй байдлыг ч мөн хангаж цэвэрлэх хэрэгтэй. Ширээ, сандал, орны доогуур орхигдсон эд зүйлийг бага насны хүүхэд мөлхөж яваад амандаа хийчихдэг. Тиймээс хүүхэдтэйгээ адилхан мөлхөж цэвэрлэгээ хийгээрэй.

2. Хэрэглэж, тоглож байгаа тоглоомнуудын зайг хүүхэд авч чадахааргүй хэмжээнд сайн бэхэлж аюулгүй болгох.

3. Орос цуу, уксун ус, марганец, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг хүүхэд хүрэхгүй газар тавих.

Эрүүл саруул бойжиж байгаа хүүхэд эцэг эхийн болгоомжгүй байдлаас үүдэн өвчтэй, насан туршдаа тахир дутуу болох, амь нас нь эрстэхэд хүрч байгаа нь маш харамсалтай.

Эцэг эхчүүд хүүхдэдээ аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж, аливаа аюул осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

Ерөнхий мэс заслын тасагт ямар төрлийн мэс заслууд хийдэг вэ? 

Ерөнхий мэс залсын тасаг 0-18 насны хүүхдийн цээжний мэс засал, хэвлий, бүдүүн шулуун гэдэс, нярайн мэс засал, хүүхдийн хавдар, дуран, тулгуур эрхтэн, яс, эрхтэн шилжүүлэх мэс засал зэрэг 12 төрлийн мэс засал хийж байна.

Хүүхэд ямар нэгэн байдлаар мэс заслын өвчин тусах нь эцэг эхийн хараа хяналт ямар байгаатай шууд хамаатай. Жишээ нь, арьс зөөлөн эдийн идээт эмгэг болох буглаа, хатиг гэх мэт. Идээт үрэвсэл гарсан л бол шууд эмнэлэгт хандах ёстой. Гэтэл гэртээ тав, арван хоног болчихоод эмнэлэгт ирдэг. Удах тусам цусанд орж нян бактери тархах аюултай.

Хөл хориотой холбоотойгоор аль болох эмнэлэгт хандахгүй байх зөвлөмж өгч байгаа энэ үед утсаар зөвлөгөө авч, ирж үзүүлэх шаардлагатай эсэхээ мэдэх боломжтой.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр