2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ОНЦЛОХ

Монгол эрдэмтэд бактерийг таньдаг био чипийн судалгааг хөгжүүлж байна

— Б.Батцэцэг   2018 оны 09 сарын 14

Монголчууд бид шинжлэх ухааны хөгжлөөрөө дэлхийд ямар түвшинд яваа вэ. Монгол залуусын компьютер, софтвэйрийн мэдлэг бөмбөрцөгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай юу. Манай анагаах ухаан олон улсын жишгээс хоцрогдсон уу, эсвэл эн тэнцүү яваа юу. Бид 1990 оноос хойшхи нэн шинэ түүхээ бичиж эхлэх цаг нь болоогүй гэж үү.

Энэ бүх эргэлзээтэй асуултад хариулт өгөх нэгэн арга хэмжээ саяхан болж өнгөрлөө. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан, технологийн сангаас хамтран “Хөгжлийн гарц” нэртэй лекцийг Монгол улсын боловсролын их сургууль дээр зохион байгуулсан юм.

Энэ үеэр Анагаахын шинжлэх ухааны доктор, академич П.Нямдаваа, Химийн шинжлэх ухааны доктор, академич Ж.Тэмүүжин, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Б.Болдбаатар, Түүхийн ухааны доктор Д.Эрдэнэбат, Компьютерийн ухааны доктор И.Цэрэн-Онолт нар судлаач эрдэмтэд, оюутан залууст зориулж сонирхолтой илтгэл тавилаа.

Судлаачийн нөр их хөдөлмөр, мэдлэг, шинжлэх ухааны баталгаа нотолгоонд тулгуурласан эдгээр эрдэмтдийн илтгэлүүдээс “Манай улс өндөр түвшинд бэлтгэгдсэн салбар бүрийн эрдэмтдийг нэг дор цуглуулаад тэдний мэдлэг чадвар, зөвлөгөөг төрийн хэмжээний бодлого, шийдвэртээ тусгаж байх хэрэгтэй. Ингэж чадвал улс орны хөгжилд зохих хэмжээний ахиц дэвшил гарна” гэдэг үнэ цэнэтэй санаа гарч байсныг хэлэх хэрэгтэй.

Мөн тэд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ахиухан хэмжээний хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай гэдгийг ч нэг бус удаа сануулж хэлсэн юм.

Компьютерийн ухааны доктор И.Цэрэн-Онолт: Хүний биеийн бактерийг таньдаг био чипийн судалгааг хийж байна

Таны тавьсан илтгэлээс чип их анхаарал татлаа. Монголчууд өөрсдөө сүүлийн үеийн өндөр технологийг хөгжүүлж байгаа хэрэг үү?

Компьютерийн шинжлэх ухааны хөгжилд биологийн шинжлэх ухааныг хэрхэн ашиглаж байгаа талаар лекц уншлаа. Ер нь бол судалгааг онолын, технологийн, хэрэглээний гэх мэтчилэн ангилдаг.

Бид Шинжлэх ухаан, технологийн сангийн дэмжлэгтэйгээр Тайванийн Синьхуа их сургуулийн эрдэмтэдтэй хамтраад био чип үйлдвэрлэх буюу био чипийн дизайныг хөгжүүлэх. Улмаар үүнийгээ ашиглаад хүний бие дэх бактерийг ялгаж таних технологийн судалгааг хийж байна.

Энэ судалгааны ашиг тус нь юу юм бэ?

Өнөөдрийн манай анагаах ухаанд төрөл бүрийн өвчнийг оношлохын тулд лабораторийн нарийн судалгааг хийдэг. Ингэхдээ олон өдөр, цагийн хугацаа шаардагддаг. Харин бидний судалж буй чипийн тусламжтайгаар хүний бие дэх бактерийг хэдхэн минутын дотор тодорхойлох боломжтой юм.

Бодит үр дүн нь хэзээ гарах вэ?

Дэлхийд ийм төрлийн чипийг амжилттай хөгжүүлж байгаа. Манай судалгаа одоогоор технологийн судалгааны түвшиндээ явж байна. Тиймээс үр дүнгийн талаар ярихад эртдэх байх.

Хиймэл оюун ухааны салбарт монголчууд бидэнд орон зай байгаа болов уу?

Хиймэл оюун ухааны суурийг хамгийн анх тавьсан хүмүүс бол информатикийн эцэг гэгдэх Алан Тьюринг, компьютерийн техникийг үндэслэгч Жон Фон Нейман нар юм. Энэ хоёр хүн олон жилийн өмнө хоорондоо уулзаж ярицах үеэрээ өнөөдрийн энэ хиймэл оюун ухааны талаар зөгнөн ярилцсан байдаг.

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх шинэ арга технологи, аргачлал, алгоритмууд өндөр түвшинд хөгжиж байна. Энэ салбарт манай монгол залуус ажиллах, өрсөлдөх бүрэн боломжтой. Энэ чинь тийм боломжгүй, дааж давшгүй хэцүү зүйл биш шүү дээ.

Угаасаа манай дотооддоо бэлтгэгдсэн компьютерийн мэргэжилтэй залуус Амазон, Фэйсбүүк, Гүүгл гээд дэлхийд алдартай компаниудад эхнээсээ ажиллаад явж байна.

Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Б.Болдбаатар: Аягүй дажгүй гарч ирсэн эрдэмтэн залуус мөнгө, албан тушаалын төлөө эвдэрч байна.

Судлаач хүний этик, хүн чанарын талаар ярилаа. Этикгүй, хүн муутай эрдэмтэд байдаг болоод л та илтгэлдээ энэ талаар дурдсан биз дээ?

Судлаач хүн гэхээрээ хүнээс тусдаа өөр нэг хүн биш шүү дээ. Адилхан л хүн. Тиймээс бусдын адил хүн чанартай, ёс суртахуунтай байх ёстой.

Гэтэл бусдын хийсэн судалгаан дээр засвар хийгээд түүнийгээ ашиглах гэх мэтээр зүй бус үйлдэл гаргадаг судлаач нар дэлхий дахинд олон байна. Японд яг ийм явдлаас болоод нэг судлаач амиа хорлосон байх жишээтэй. Хүний бүтээлийг хуулбарлаж ашиглаад, тэр нь баригдахаараа тэгж байгаа юм.

Дээр нь өмнөх судлаач нараа, ахмад үеэ хүндэтгэдэггүй. Өөрт нь шинжлэх ухаан гэж юу байдгийг зааж, ойлгуулсан багшийгаа хүн гэж үздэггүй. Мөнгөний хойноос хэт хөөцөлддөг ийм залуус дэлхийд ч, Монголд ч мэр сэр байгааг хэлэх хэрэгтэй. Аягүй дажгүй гарч ирсэн эрдэмтэн залуус мөнгө, албан тушаалын төлөө эвдэрч байна.

Таны бодлоор манай шинжлэх ухаан дэлхийд, мөн ази тивдээ ямар түвшинд яваа вэ?

Сайн явж байгаа хүмүүс олон байгаа. Гэхдээ дэлхийн хэмжээнд ярих юм бол манайх яаж гүйцэх билээ дээ. Учир нь мөнгө хөрөнгөөс их зүйл шалтгаалж байна. Мөнгөгүйгээр шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэдэг чинь өөрөө боломжгүй шахуу зүйл.

Химийн шинжлэх ухааны доктор, академич Ж.Тэмүүжин: Би англи хэлийг гадаадын сэтгүүлээс өгүүлэл уншсаар байгаад академик бус сургалтаар сурчихсан

Та Монголын хамгийн залуу академич. Мөн гадаадад хамгийн олон шинжлэх ухааны өгүүлэл нийтлүүлсэн. Эрдэмтэн хүн гадаадад олон өгүүллээ хэвлүүлнэ гэдэг том амжилт байх аа?

1998 онд анхны өгүүллээ нийтлүүлж байлаа. Миний хамгийн олон өгүүлэл европын сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байгаа. Мөн Red of science зэрэг хайлтын системд 150 орчим өгүүлэл байршдаг. Нийтдээ олон улсын 30 гаруй шинжлэх ухааны сэтгүүлд өгүүллээ нийтүүлсэн.

Таны англи хэлийг сурсан аргачлал их сонин санагдлаа?

Би Зөвлөлт Холбоот Улсын үед Киевийн политехникийн их сургуулийг төгссөн. Бүх хичээлээ орос хэл дээр үзсэн гэсэн үг. 1996 онд би Японд сурч, судалгааны ажил хийж байсан юм. Тэр үеэс эхэлж гадаадын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд өгүүлэл бичих хэрэгтэй болсон.

Ингэхийн тулд заавал англи хэл сурах шаардлага гарч ирлээ. Тэгээд аргагүйн эрхэнд гадаадын эрдэмтдийн өгүүллүүдийг харж, уншиж судалсаар байгаад өөрөө англи дээр бичиж сурсан.

Судлаач хүн заавал баян байх ёстой юу?

Ер нь бол судлаач хүн ядуу байсаар ирсэн юм шүү дээ. Гэхдээ барууны ихэнх улсад докторын зэрэг хамгаалсан хүн дундаж амьдралтай иргэдээсээ бараг хоёр дахин илүү цалин авдаг тал бий. Эрдмийн зэрэг цолыг нь үнэлж байна л гэсэн үг шүү дээ.

Ихэнх тохиолдолд чадварлаг эрдэмтэд хувийн компаниуд руу мөнгө хөөгөөд явчихдаг тал бий. Ялангуяа сүүлийн үед дэлхийн залуу судлаач нар хувийн салбарт ажиллах нь ихэссэн. Энэ нь мэдээж цалин мөнгө илүү байдагтай холбоотой.

Анагаахын шинжлэх ухааны доктор, академич П.Нямдаваа: Овсгоо самбаатай нөхдүүд хэр таарсан судалгаагаа хэдэн цаасаар төрд худалдчихдаг явдал байгааг үгүйсгэхгүй.

Манай анагаахын шинжлэх ухаан дэлхийн хэмжээнд хөгжиж чадаж байгаа юу. Эмнэлэг, эмч нарын ур чадварын талаар ам муутай хүмүүс олон байх юм?

Ерөөсөө шинжлэх ухаан бол эдийн засгаас шууд хараат гэдгийг хэлчихье. Дэлхийн 160, 170 орчим орноос манай улс 60, 70 хавьцаа яваа л гэж хэлье дээ.

160-аас 60-д гэдэг чинь хоцрогдол биш үү?

Эдийн засаг сайжраад мөнгө хөрөнгийн боломж нэмэгдээд эхлэх юм бол манай анагаахын шинжлэх ухааны салбар аажмаар урагшлах болно. Тэрнээс биш гэнэт цоороод цойлоод гараад ирнэ гэж байхгүй. Шууд л бид Нобелийн шагналтан төрүүлнэ гээд дайраад эхэлж болохгүй биз дээ. Боломжоороо урагшилж байгаа нь л энэ.

Манай төр засаг бүх салбарын эрдэмтдийн зөвлөгөөг авдаг байх ёстой гэж Болдбаатар доктор хэлсэн. Монгол төр эрдэмтэн судлаач нарынхаа заавар, зөвлөгөөг хэр авдаг юм бэ?

Жоохон тааруу л байх шиг байна. Манай эррдэмтэд өөрсдөө бүтээл, судалгаагаа төр засагтаа хүргэж, үнэд оруулж чадахгүй байна. Зарим нэг овсгоо самбаатай нөхдүүд хэр таарсан судалгаагаа авчраад хэдэн цаасаар төрд худалдчихдаг явдал байгааг үгүйсгэхгүй.

Манайх чинь цөөхөн хүн амтай, цөөн тооны эрдэмтэн судлаачидтай улс шүү дээ. Тиймээс яриад байвал зовлон жаргал их бий. Тэр болгоныг тоочоод яахав. Ерөнхийдөө хөрөнгө мөнгөний гачаал манай шинжлэх ухаан хөгжихөд садаа болж байгаа гэдгийг дахиад хэлчихье.

Түүхийн ухааны доктор Д.Эрдэнэбат: Түүхийг хэт уран зохиолжуулж, хялбарчлахгүйгээр зарчимчаар хандах ёстой

1990 оноос хойшхи түүхээ бид одоо бичиж эхлэх цаг болоогүй юу. Энэ үеийн түүхийг хэрхэн, яаж бичиж үлдээх ёстой вэ?

1990 оноос хойшхи түүхийг нэн шинэ түүх гэдэгт оруулж тооцно. Түүх, археологийн хүрээлэнгийн орчин үеийн судалгааны салбарынхан энэ тал дээр анхаарал хандуулж ажилладаг.

1990 оноос хойшхи түүхийн судалгаа бол их хурцаар тавигдаж, асуулт нэхэж байгаа асуудал мөн. Гэхдээ зарим судлаачид түүх болж амжаагүй түүхийг яаж бичих юм бэ гэж асуудаг.

Түүхийн судалгааг тухайн үйл явдал өрнөж буй цаг үед нь батагаажуулж авах замаар хийж болдог. Өөрөөр хэлвэл тэр үйл явдалд оролцож буй хүмүүсээс нь ярилцлага авах гэх мэтийн аргаар баримтыг баталггаажуулж авч үлдэх боломжтой.

Нэгэнт бичигдсэн түүхийг буцааж засах боломж байдаг уу?

Бидний өмнөх нийгмийн үеийн түүх их цензуртэй явж ирсэн. Тиймээс судлаач нар орчин цагийн Монголын түүхийн зарим бичвэрт шүүмжлэлтэй ханддаг тал бий.

Зөвхөн үндэсний судлаач нар биш, гадаадын түүхчид манай түүхийг өөрсдийнхөөрөө бичсэн тохиолдол олон. Тиймээс үндэснийхээ түүхч судлаач нарын бичсэнийг тэдгээр гаднын судлаач нарынхтай харьцуулах замаар бичиж үлдээх боломж байгаа.

Сүүлийн үед түүхийг хэт уран зохиолжуулах хандлага гарч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

Манай нийгмийн шинжлэх ухааны салбар, тэр дундаа түүхийн салбар яг зарчимч, академик чиглэлээр бичигдэж, явсаар ирсэн. Харин сүүлийн үед нийтлэл, уран зохиол маягаар хялбаршуулж олон нийтэд хүргэх нь их болчихлоо. Гэвч би судлаач хүнийхээ хувьд түүхийн шинжлэх ухаанд зарчимч байдлаар ул суурьтай хандах ёстой гэдгийг хэлмээр байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө