Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII удаагийн тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг тамирчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр (2026.11.09) хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, талархал илэрхийллээ.
Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар оролцож, баг тамирчдын гаргасан амжилтыг өндрөөр үнэлэв.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, ялангуяа эмэгтэй баг анх удаа оролцохдоо дөрвөн төрөлд улсынхаа амжилтыг шинэчлэн тогтоосныг онцоллоо. Мөн эрэгтэй багийн тамирчид 2017 онд хүртсэн хүрэл медалийн амжилтаа ахиулж, энэ удаа мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэв.

Монгол Улсын баг тамирчид 2017 онд Турк Улсын Измир хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин энэ удаагийн тэмцээнд эрэгтэй багийн тамирчид байлдааны тархалтын төрөлд 25.08 секундын амжилт үзүүлж, улсынхаа рекордыг шинэчлэн, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн нь онцлох амжилт боллоо.
Түүнчлэн тэмцээнд амжилт гаргасан баг тамирчдыг “Мэргэшлийн зэргийн” II, III зэргийн тэмдгээр шагнаж урамшуулсан байна.
Энэ онд Гал унтраах техник спортын холбооны түүхт 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын баг тамирчид 1973 онд Болгар Улсад зохион байгуулагдсан социалист орнуудын нөхөрлөлийн тэмцээнд анх оролцсоноос хойш олон улсын тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн оролцож ирсэн бөгөөд 52 жилийн хугацаанд дэлхийн аварга шалгаруулах 20 удаагийн тэмцээнд хурд, хүч, ур чадвараа сорьжээ.



$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77