2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ТОД ТУСГАЛ

БИ САЛХИ ШИГ ХЭРНЭЭ ОРШИН ТОГТНОЖ АМЬДАРСАН

— Б.Батцэцэг   2023 оны 04 сарын 26

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа. Монголын орчин үеийн рок поп урлагийн ноён оргилуудын нэг. 

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч Ү.Хүрэлбаатар хэлэхдээ, "Сараа бол хайрын дууч бурхан бөлгөө, тэр ихэмсэг, эрхэмсэг, эрчимлэг үзэгдэнэ" хэмээжээ. Залуу сэтгүүлчийн хувьд Б.Сарантуяаг тодорхойлон омойтохын аргагүй тул уран бүтээл, амьдралынх нь эрхэм хүмүүний тодорхойлолтыг энд эш татав. 

Төрсөн өдрийн баярын өдөр нь, тоглолтынх нь яг өмнө нь бид уулзан ярилцаж “Тод тусгал” ярилцлагын ээлжит дугаарыг бэлтгэснээ хүргэж байна. Цуцашгүй хөдөлмөрч, шударга, зарчимч хатагтайг би өнөөдөр олж харсан. Сэтгэлээр унаад босоход гурван цаг л хангалттай гэж яриад инээх нь сэтгэгдэл төрүүлнэ... Боломжгүй мэт сонсогдох ч Сараа тийм л эмэгтэй юм шиг санагдсан. Хүүхэд байхын минь од, одоо ч би түүний шүтэн бишрэгч. Цаашид улам бүр хүндлэн хайрлах сэтгэлийн үүдээ энэ ярилцлагаараа нээчихлээ. Таны сэтгэлд ч урам зориг, эрч хүч, уужуу бодлыг өгөхийг хүснэ!

САЛХИ ШИГ ХЭРНЭЭ ОРШИН ТОГТНОЖ АМЬДАРСАН

Азтай учрал. Төрсөн өдрөөр тань ярилцаж байгаадаа итгэж чадахгүй л их баяртай байна. Урилгыг минь хүлээж авсан танд маш их баярлалаа. Танд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхныг хүсье. Бирд таны гурван хүслийг биелүүлж өгье гэвэл та яг одоо юу юуг хүсэх вэ? 

Өчигдөр шөнө 12 цаг болоход дунд охин маань бялуу хийгээд, оргилуун дарс буудуулж өгөхөд хүүхдүүд минь миний үе тэнгийн юм шиг л санагдсан. Хүүхдүүдийнхээ найз нь юм шиг дотно, гоё байсан. Ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн гэж өөрийгөө би мэдэрсэн. Эх хүн гэдэг төрүүлж, өсгөсөн үр хүүдхүүд нь өөрийг нь 100 хувь ойлгож, ээж нь хүсэж хүлээсэн хүлээлт, төсөөлөлд нь хүрэх үед л хамгийн их жаргадаг юм байна. Дуучин, уран бүтээлчийн хувьд миний төрсөн өдөр, ард түмэнд хайрлагдаж, ерөөгдөж их гайхалтай өнгөрдөг. Танай редакц руу алхаад ирж явахад олон олон танихгүй хүмүүс төрсөн өдрийн мэнд хүргэж, лифтэнд таарсан хүмүүс ч сайхан баярлаарай гэж хэлсэн. Дуулж л амьдарсны минь бэлэг юм уу даа.  

Яруу найрагч Ү.Хүрэлбаатар таныг “Хайрын дууч бурхан бөлгөө” гэж тодорхойлж байсныг би олж уншсан юм. Нээрээ л таны дуу маш олон хосын хайр дурлалын гэрч, хөг аялгуу болж байсан байх. Хайрын бурхан, Тэр намайг дурсдаг болов уу?, Сэхүүн салхи, Би жаргалтай, Зүүдний учрал, Мартъя, Би дуртай, Шүүдрийн ганцхан дусал, Нулимсаар хучсан шөнө,  Мэдэхгүй, Учралын блюз. Яасан гайхалтай юм бэ, таны дуунуудын нэрийг хэлэхэд л дуу мэт юм. Уран бүтээлийг ингэж амилуулж, амьдруулж зүрх сэтгэлийг, ой дурсамжийг, цаг хугацааг дуу, хоолойгоороо хөглөж ирсэн танд баярлалаа. 

Ашиг хонжоог нэгдүгээрт тавьж, би ингэвэл ийм юм болно, тэгэж байж тийм ашиг хүртэнэ гэж дуучин болоогүй. Зүгээр л дуулж амьдарсан. Дуулах хүсэлдээ хөтлөгдөөд л энэ он жилүүдийг туулсан. Нөгөө талаас нь хэлбэл яг л өөрийнхөөрөө 53 настай эмэгтэй хүний амьдралыг туулсан л гэж бодогдож байна.

Бүх л насны хүмүүс таны фен байна. Танаас ахмад, таны  үеийнхэн, танаас дүү, бүр 2000 оны эхэн үеийн залуус ч таны дуунд дуртай, танд хайртай байдаг. Нас, үе үл хамааран хүмүүсийг байлдан дагуулсан  хүчтэй байдгийн гол цөм нь мэдээж таны уран бүтээл. Гэхдээ өөр яг ямар зан чанар, харизм “Хатагтай Сараа”-г бүтээдэг вэ?

Миний хамгийн үнэтэй, олон жилийн турш бүтээсэн баялаг бол Сараагийн пянз, цомгууд, маш олон тоглолтууд, видео бичлэгүүд. Бусад хүмүүс барилга барьж, ном бичдэг. Би 22 цомог, хоёр хуурцаг, нэг пянзныхаа зохиогчийн эрхийг өөрөө эзэмшиж байна. Ганцхан дуу төрөхөд гардаг зардал ямар байдаг билээ гээд бодоход өнгөрсөн хугацаанд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Мөн рок попыг хөгжүүлэхэд зоригтой алхмууд, өөрчлөлтүүдийг эдийн засгийн маш их эрсдлийг үүрч хийж байсан. Эргээд бодоход маш их үнэ цэнээр бий болсон “ололт” юм даа. Амьдралаа зориулан байж бүтээсэн миний баялаг. Бизнес эмэгтэй байсан бол гайгүй сайн бизнес босчих боломжтой өв хөрөнгө. Гэвч хүн чаддаг юмаа сайн хийнэ гэдэг шиг Сараа дуугаа дуулаад л яваад байсан байна. Өөрийнхөөрөө, эрх дураараа, тайзан дээрээ гэрэлтэж, цацарч явлаа. Явж ч байгаа. 

“Салхи шиг хэрнээ оршин тогтнож амьдарсан” гэж болно. Уран бүтээлээс гадна намайг бүтээдэг, Сараагийн ертөнцийн үндэс суурь нь гэр бүлийн хүмүүжил. Маш их аз жаргалтай өссөн хүүхэд нас бол миний хувь тавилан байсан юм. Залуу нас минь гайхамшигтай өнгөрсөн.

Миний амьдралд янз бүрийн л зүйл тохиолдсон. Энэ бүхнийг туулахдаа би нэг юмыг ерөөсөө орхидоггүй байсан. Тэр юу гэвэл “дуулахаа хэзээ ч орхиогүй”. Миний амьдралд  дуугаар яах юм бэ хүний гоё эхнэр болоод сайхан явъя гэж бодогдохуйц маш сайхан,  аз жаргалтай учрал, нөхцөл зөндөө байсан ч би нэгдүгээрт тайз, дуугаа сонгож явсан. Шантраад, орь дуу тавьж, ганцаардсан үе надад байгаагүй, би бараг л санадаггүй. Мэдээж хүний амьдралд хатуу, хэцүүхэн үе байдаг л юм билээ. Тэр бол дотны хүмүүсээ алдах, үхэл зовлонтой холбоотой. Өвчин зовлонг л зовлон гэхээс биш ажлын бүтэлгүйтэл, найз нөхөдгүй болох зэрэг бусдыг нь цаг зуурын л асуудал гэж итгэсээр ирсэн.

Өөрийгөө хүндлүүлэх эмэгтэй хүний үнэ цэн гэж бас байдаг. Хэзээ ч өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй, өөрийгөө хүндлүүлэх хэмжээний зан араншин, гадаад төрхтэй, биеэ зөв авч явах, харилцааны өндөр соёлтой байхад эрмэлздэг дээ.

 “Зууны манлай дуучин” гэдэг тодорхойлолтын утга учрыг залуу үеийн уншигчдад та тайлбарлаж өгөөч. Би л гэхэд “Зууны манлай Сараа”-тай л танилцаж байлаа?  

Бүтээлч хүн хэзээ ч ганцаарддаггүй, уйдаггүй. Өөрийгөө сатааруулах юм заавал олж хийдэг. Миний дотоодод бүтээлч сэтгэлгээ, бүтээлч Сарантуяа ямагт байж ирсэн. Энэ зан чанарынхаа ачаар дуучин Сараа, хатагтай Сараа, цаг цагт мооднаас гараагүй үзэл бодол, өнгө донжтой Сараа бий болж амьдардаг байх. Одоо миний ажиллаж байгаа хүчин чадал бол дажгүй. Гэхдээ уран бүтээлийн оргил  үедээ би галзуу завгүй байсан. Хэзээ ч шантрахгүй, эмээхгүй шууд дайраад орчихдог зоригтой. Одоо бол жаахан тайван, уужуу. 50 нас хүрсний дараа анзаарахад "дараа 7 хоногт болъё" гэдэг болсон ч байх шиг. Урьд нь бол “өө за, тэгье. Одоо очлоо” гэдэг байлаа. Миний зан араншинтай ч холбоотой байх. 

Зууны манлай гэдэг бол ерөөсөө л асар их завгүй, ассан уран бүтээлч цаг үед минь ирсэн хүндлэл. Түүнээс хойш нэрний минь урд ямагт л байж байна даа.

 Л.ЦОГЗОЛМАА ГУАЙГ НАСАН ТУРШДАА ҮЛГЭРЛЭЖ АМЬДАРСАН

“Хайрын бурхан”. Хайрын бурхан гэдэг нь таны, миний дурласан эр хүн юм уу. Эсвэл хийсвэр ойлголт буюу төсөөлөн залбирдаг тэнгэр бурхан уу?  Та яг юу гэж итгэдэг вэ? Хайрын бурхан чи минь хаана байна, хариулж надад хэлээд өгөөч гээд л... Та дуулдаг тэр бурхнаасаа хариулт сонссон уу? 

Би бол “Хайрын бурхан”-ыг сахиусан тэнгэр гэж ойлгодог. Яруу найрагч, урлагийн хүмүүс материаллаг зүйл ярихаасаа илүүтэй хийсвэр, гарт баригдаж, нүдэнд харагддаггүй зүйлийг ярьдаг. МУСГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар тэр үед сахиусан тэнгэр, бодрол эсвэл сэтгэл зүрх ч юм уу өөр үгээр энэ дууг бичсэн бол хит болоо ч уу үгүй ч үү. Гайхалтай дуу бичсэн хүн. Сүүлд Хайрын бурхан-2 гээд шүлэг бичсэн, дуулсан. Намайг хүмүүс ярихдаа “Сараа одоо хайрын бурхан гэж дуулаад, хайрын бурхнаа хайгаад олохгүй байгаа юм болов уу” гэдэг. Хүний заяанд төрсөн хэн ч л хайрын бурханд ивээгддэг байлгүй. Хайрын бурхан юм чинь ивээсэн л байж таараа.

Хайр таны зүрх сэтгэл, амьдралд хэр том орон зайг эзэлдэг вэ? 

Хайр сэтгэл хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг гэж хүмүүс ярьдаг. Тийм зүйлд би дургүй. Өөрийгөө хянах чадвар сайн. Би дурламтгай. Гэхдээ хэтэрхий их эзэмдэх гээд байвал жолоогоо татдаг.

Хосоор амьдрах хорвоо гэдэг ойлголт манайд жин дарна. Харин таны өнгөрсөн амьдралаас үүдэж асуухад эмэгтэй хүн ханьгүйгээр оршиж болно гэдгийг батлах шиг. Танаас их хүч шаардсан уу, тэвчээр их гаргасан уу гэж асуухгүй, танд дурласан, таныг өөрийн болгох гэсэн эрчүүд зөндөө л байсан байж таараа. Бүдүүлэг асуулт гэж үзвэл та битгий хариулаарай. 

Эрэгтэй хүн надад хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж эмэгтэй хүн өөрөө л шийдвэрээ гаргана. Өөрөөр хэлбэл сонголтоо хийнэ. Эрэгтэй хүн миний амьдралд хэрэгтэй гэж бодвол түүндээ цаг гаргана. Хүчирхэг бүсгүйчүүддээ хэлэхэд, өөртөө итгэлтэй эмэгтэйд дуртай хүн ховор. Хүүхнүүд ч дуртай байдаггүй. Залуучууд тэр тусмаа дургүй. Магадгүй өөрсдөө сул дорой байвал хүчирхэг эмэгтэйгээс зугтдаг. Тэр ч бүү хэл өөрийн болгож чадаагүй эмэгтэйгээ өөрийн болгосон мэтээр үлгэр ярих нь ч бий. Эмэгтэйчүүд маань мэднэ дээ тэ. Эрэгтэй хүн заавал хань байх албагүй. Эрэгтэй хүн хань ижил байхаас гадна сайн найз байдаг. Надад амьдралын эрэгтэй сайн найз олон бий. 

Би өөрийгөө тийм хүнд амьдрал туулсан гэж боддоггүй. Аливаа үнэ цэн золиостой байдаг. Надад ирсэн золиосыг би харин маш аз жаргалтай, нэр хүндтэйгээр туулж амьдарсан, амьдарч байгаа.

Надаас нэг сэтгүүлч бас асууж байсан юм. Эр хүнгүй амьдрахад хэзээ хамгийн хэцүү байдаг вэ гэж. Хүүхэд жаахан байхад өргөх хүн байхгүй. Тэр л жаахан хэцүү байсан гэж хэлж хариулсан. Хулан маань жаахан. Дээд хоёр нь ч ялгаагүй. Тэр цагаас хойш хүү минь өсч дүүгээ өргөдөг болсон. Орчин цагт миний энэ хэлж буй бэрхшээлийг үйлчилгээний бизнес шийддэг болоод нийгэм хөгжчихсөн. Эмэгтэй хүн өөрөө шуудайтай гурил үүрч гүйхгүй. Яахын аргагүй хөдөө нутагт амьдравал эр хүнтэй байх зайлшгүй шаардлага бий л байх. Одоо бол метрополитан хотод эрэгтэй хүнтэй найз байх уу, хань байх уу гэдэг сонголтын л асуудал юм болов уу. Нөхөртэй байлаа гэхэд хайрлана, халамжилна. Миний хувьд хүүгээ хань ижлээс дутахааргүй халамжлаад хайрлаад байж байгаа. Эрхэмбилэг бол манай гэрийн бурхан шүү дээ. Би хэлдэг юм. Миний хүү эхнэртэй болбол хэцүү байна байхдаа. Гурван эмэгтэй чамайг гурван талаас нь халамжилсан. Нэг хүн ингэж чадах болов уу даа гэж. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг магадгүй илүү аз жаргалтай болгох мэдрэмжийг л өгж чаддаг ер бусын хүн байх. Тийм хүнтэй нийлэх үү үгүй юу бидний л сонголт.

Эрэгтэй хүний нөмөр нөөлгөөр дутаж, гундаагүй гэж та хариуллаа. Уучлаарай, таны хань байсан хүнээс таны сэтгэлд өөрийн эрхгүй үгүйлэгдэхүйц сэтгэлийн нөмөр үлдсэн л байх даа? 

Маш өндөр босго тавьж, ёс зүй хүндлэлд бөхийж сэтгэл зүрхээ хатамжилж ирсэнг тань сонсох их сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Уран бүтээл, үр хүүхдүүдээсээ өөр юугаар тэжээгдэн тэтгэгддэг вэ? 

Би маш их авдаг. Ард түмэн, фенүүдийнхээ энэ их хайрыг би авч байгаа шүү дээ. Өөрөө үүсгээгүй. Хүмүүс надад өгсөөр байгаа. Энэ олон сонсогч, фенүүд минь бүгд надад урам, эрч хүч, хайр, итгэл өгч байна. Намайг хайрлаж, надад итгэж байна. Би ч хариуд нь чадах зүйлээ өгөхийг хичээж байгаа. Гэхдээ энэ харилцаа нэг бол дээш нь өндөрт шидэж, унагахдаа маш чанга унагадаг зүйл. Үүнийг дааж явна гэдэг их ухаан, тэвчээр, сэтгэл байдаг. Даасан шиг дааж гайхамшигтай амьдарсан эмэгтэй бол Л.Цогзолмаа гуай.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай “Олон гэж оломгүй далай” гэж ном бичсэн байдаг юм. Аав ээжээсээ эрт хагацаж, ах эгч нартайгаа хүнд хэцүү амьдарч байсан хүн шүү дээ. Цогзолмаа гуай одоог хүртэл “өөрийгөө удирдах” чадвараа алдаагүй. Тэр хэрээр маш их золиос гаргасан байх. Тэр хүн жинхнээсээ, сэтгэлээсээ гайхамшигтай, гоё. Одоо ч хэвээрээ. Тиймээс өндөр насалж, үр хүүхдүүдээ баясгаад, сэтгэлийг нь дэвтээгээд байж байна. Ингэж л олонд хайрлагдан хүндлэгдэж түүнийгээ нэр төртэй дааж яваа агуа эмэгтэйг шүтэж үлгэр жишээгээ болгож амьдардаг даа. Цогзолмаа гуайг айхтар овойж оцойсон алт мөнгө, шүр сувднаас илүү жинхэнэ нөгөө хатан ухаан, шийдвэр, сайхан сэтгэл, хөдөлмөр зүтгэл, нас намба нь улам бүр чимсээр байх шиг. Хуягаа бид хоёрыг очиход хонины хавирга шарж өгөөд л, тэднийд очсон амралтын өдрүүддээ хоёр кг таргалаад л харьдаг байв. Тийм гоё. Хүний ходоодноос гадна сэтгэлийг нь дүүргэж хооллодог хүн. Үүн шиг ард түмнийхээ өмнө дүр эсгэхгүй байгаагаараа байдаг хэрнээ нэг тийм язгуурлаг. Өмсөж зүүсэн нь, алхаж гишгэх нь хүртэл онцгой. 

Тийм эмэгтэй болж чадахгүй юмаа гэхэд талын талд нь ч болтугай хүрчих юмсан гэж мөрөөдөж, хичээж амьдарсан.

Өөртөө, өөрийнхөө амьдралд та өөрийнхөө хамгийн өндөр гэж бодсон босгоо тавьж маш их хичээж амьдардаг гэж ойлгогдож байна л даа. Ингэж цензур, босгон дор өөрийгөө барихдаа та цуцаж байсан уу? Шантрах үе байсан л байх даа? 

Би маш олон удаа өглөө сэрээд өөрийгөө толинд хараад “Чи өөртөө таалагдаж байна уу?, Чиний хүссэн амьдрал энэ мөн үү Сараа?, Ингээд л болоо юу?” гэж асуудаг байсан. 

Тэгээд цааш явдаг. Нэг ёсондоо ээж аав минь үр хүүхдүүдээ дотоод сэтгэлийн дархлаатай өсгөсөн юм даа. Манай эгч ч бас нээх тийм айхтар санаагаар унаад байдаггүй. Санаагаар унаж бор сархад ууж ажлаа таслахгүй, хариуцлагатай ажлыг цалгардуулдаггүй, хариуцлага гэдэг зан чанарыг бидний яс маханд шингэтэл хийчихсэн. Хариуцлага гэдэг хүмүүжилтэй л холбоотой. Аав ээжийн минь амьдралд нь зөндөө л хэцүү зүйл тохиолдож байсан байх. Гэлээ гээд хэзээ ч хариуцлагагүй үйлдэл хийж байгаагүй шиг санагддаг.

Хэзээ ч ээж аавыгаа хүндлэхгүй байх нөхцөл байдал миний амьдралд тохиолдоогүй. Ажлаасаа гараад, тэтгэвэрт гарахын өмнөх хүчирхэг ээж аав байхаа больсон ч гэсэн тэр хоёрынхоо ноён нуруу, амьдралын ухаан, уншсан үзсэн мэдлэг боловсрол, амьдрах чадвар хэв маягийг нь бүгдийг хүндэлдэг байсан. Миний орлого аав ээжийн орлогоос хэд дахин их болсон байсан ч гэсэн аав ээжээсээ өөрийгөө илүү гэж бодож хүндлэлээ алддаггүй. Дэмий юм ярьж байна гэж хэзээ ч бодож байгаагүй. Батмөнх, Татьяна гэж хоёр хүн их л сайн хүмүүжүүлсэн болов уу. Өнөөдрийн тайвшрал, амьдралдаа сэтгэл хангалуун байгаа минь үүнтэй л холбоотой.

Ээж минь их сэтгэлийн хаттай эмэгтэй байсан шиг санагддаг. Хүний нутагт ханиа дагаж ирээд л хурим хийгээд нийлсэн. Оросоос монгол нөхрөө дагаад ирсэн олон хүнийг харахад зарим нэг нь шантарч салаад явна. Тэр олон хүн нутаг буцаж байхад ээж минь үлдсэн. Аав бурхан болсны дараа ч Монгол оронд 10 гаруй жил амьдарсан. Ээж минь Монгол улс оронд ууссан. Өөрийнхөө Якут үндэстнээ мартаагүй ч гэсэн ууссан. Тийм холоос ирээд амьдрахдаа шантраагүй. Үнэхээр сэтгэлийн хаттай, ажилсаг, бүтээлч эмэгтэй байсан. Материал аваад л ор дэвсгэрийн даавуу, хөшиг оёчихдог. Охиддоо даавуугаар даашинз, хормогч оёод өгчихдөг. Эрэлхийлэгч, номонд дуртай хүн байсан. Ийм сайхан ээжээсээ л би шантрахгүй, сэтгэлийн хаттай байх чанарыг өвлөсөн гэж боддог. Тийм ээжийн охин надад сэтгэл санаагаар унах, гуниглах зан, дадал зуршил байдаггүй. 

Санаагаар унаад сэргэхэд  3-4 цаг л хангалттай. Залуухан 30 хэдтэй байхдаа би сэтгэл санаагаар унахдаа бүх утас сүлжээгээ хаагаад хөшгөө хаагаад орондоо ороод унтчихдаг байсан. Тэгээд босоход л бүх зүйлээ шинээр харж эхлүүлж чаддаг гайхалтай чанартай.

Үнэхээр шантрах ч юм уу, сэтгэл санаагаар унах үедээ шалтгаанаа олох хэрэгтэй. Заримдаа маш их ядарсан байдаг учраас сэтгэл санаагаар унах хүчин зүйл болдог. Амьдралын хэв маяг, хооллолт зэрэгтээ анхаарна. Дээрээс нь өөртөө тааламжгүй нөхцөлд удаан байх нь маш их сэтгэл санаагаар хямрах шалтгаан болдог. Таалагдахгүй орчинд таалагдахгүй хүмүүстэй, тааламжгүй зүйл хийж байгаа бол бас шантарна. Тиймээс дотор хүнээ л маш сайн сонсох хэрэгтэй. Энэ чиний амьдрах ёстой газар, чиний хийх ёстой ажил мөн үү. Чи яг ийм байх ёстой юу гэдгээ өөрөөсөө асуу.

АЛТАН ЗҮРХ, ӨГӨӨМӨР СЭТГЭЛД БАЯСАЖ, ГҮТГЭЛЭГТ ГУТДАГ

Та юунд хамгийн ихээр харамсдаг вэ? Сэтгэл хангалуун байгаа гэж байгаа ч тэр үед тэгчихсэн бол илүү дээр байх байсан байх гэсэн бодол хэний ч цээжинд байдаг шүү дээ?

Та юунд хамгийн их гутдаг вэ? Бас юу таныг сэргээж асаадаг вэ?  

Би гүтгэлэгт гутдаг. Маш олон сэтгэлийн тэнхээ дутсан хүмүүс гүтгэлгэнд автаж, мохдог сөхөрдөг. Худал хуурмаг, бялдууч хандлага, хүчирхийлэлд л гутардаг.

Харин алтан зүрх гэж ярьдаг даа. Өгөөмөр сэтгэлд баясдаг. Хүн хүнээс гараад байдаггүй өгөөмөр сэтгэл, алхам хийдэг, хүнд тусалдаг боломжоо хуваалцдаг, хүний амийг аврахуйц байж хүний дотрыг цэлэмтэл сайхан үг хайрладаг, урам өгдөг зан чанарт сэргэдэг. 

Бас цэнгэг агаар, үзэсгэлэнтэй газрууд, байгалийн онцгой энергитэй газруудыг үзэх, өөрийнхөө гайхалтайг ч анзаарахгүй эгэл жирийн амьдарч байдаг хүмүүстэй уулзаж ярихад миний сэтгэл хамгийн их баясдаг. Би мэдэхгүй л дээ. Миний найз нар л мэдэх байх. Намайг сайн мэддэг хүмүүс. Ер нь бол маш их хайр. Найз нөхдийгөө гэсэн сэтгэл. Хүний ач тусыг санах харилцаа хандлага. Тийм л зүйлээр тэжээгддэг. Хүн гэдэг маш их хайраар, анхаарлаар, сэтгэлээр тэжээгдэн урамшдаг болов уу. Сэтгэлийн амьтан.

Гацуур модыг амьдрал гэж бодвол түүнийг та өнөөдрөөс юугаар чимэх вэ? Ер нь заавал чимэг хэрэгтэй юм болов уу?  

Амьдралын утга учраа л олох хэрэгтэй л дээ. Утга учраа олчихвол ямар тоглоом, гоёлоор чимэглэх, эсвэл чимэглэхгүй байх уу гэдгээ ойлгоно. Амьдралын утга учраа олсон цагт цаашид яаж амьдрах нь маш товч бөгөөд тодорхой болчихно. Энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж явах богино хугацаанд хүнд ер нь тийм их зүйл хэрэгтэй юу. Өдөр шөнөгүй зүтгэж, хурааж амьдрах ёстой юм уу.

Урьд нь бол үхтлээ л зүтгэдэг, бие махбодоо цуцаадаг зүйлийг одоо бол их амархан шийддэг болчихсон. Гэхдээ хялбар шийдлээ гээд үр дагавар нь юу байх вэ гэдгээ боддог ч болж. Үүнтэй адилхан дотоод сэтгэлээ л сонсож, утга учраа эрэлхийлэх нь зүйтэй. Тэмцэх юм уу, эсвэл оршин тогтнох уу гэдгээ шийднэ.

Хүн нэгдүгээрт эрүүл байх ёстой. Бүх мэдрэхүй нь ойлгомжтой байх ёстой. Эрүүл байхын тулд эрүүл орчинд, эрүүл хүнс хэрэглэх, сэтгэл зүйн хувьд эрүүл орчинд амьдрах ёстой. 

Хүн хэзээ ч сэтгэл зүйн хувьд өөрийгөө таагүй орчинд байлгахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Минут секунд бүрд өөрийгөө мэдрэх ёстой.

Илүү юманд шунахгүй, илүү юм хүсэхгүй, хэт их юм хүсэхгүй байх бас чухал. Хэт их юм хүсэх юм бол тайван сууж чадахгүй байнга л юу нь болохгүй байгааг мэдэхгүй цухалдана. Тиймээс энэ болж байна, ингээд л амьдаръя гэнэ. Илүү юм хүсэж байгаа бол харин төлөвлө. Төлөвлөөд хүлээ. Өөрийнхөө цагийг ирэхийг тэвчээртэй хүлээ. Гэхдээ хүлээхдээ зүгээр хүлээхгүй. Бэлдэж хүлээнэ. Энэ чухал санагддаг. Юу ч хийхгүй зүгээр хүлээх чинь утгагүй.

Та одоо юу хүлээж байна вэ? 

Өөрчлөлт.

Жишээ нь ямар өөрчлөлт? 

Юм юмны. Хувийн амьдралын өөрчлөлт. Өөрийнхөө мэргэжлийн замналд бас өөрчлөлт хийхийг хүсэж байна. Өөрчлөлт орох хэрэгтэй. Нэг хэвийн байж болохгүй. Тэгэж байж сонирхолтой болно.

“Сэтгэл” гэдэг эрхтэндээ та хэр халамжтай вэ, хэрхэн хамгаалдаг вэ?  

Сэтгэл минь эрүүл эсэх оношийг сэтгэл зүйч хэлнэ байх. Би бол өөрийн хэмжээнд эрүүл гэж үзэж байна. Гэхдээ бусдад хандаж байгаа харилцаа, хандлага маань эрүүл байдаг хэрнээ яг өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах, өөртөө тавих анхаарал талдаа 100 хувь эрүүл гэж хэлэхээргүй ч юм шиг. Нөгөө л яриад байсан “золиос” дээрээ маш их өөрийгөө золиосолсон дадал арилаагүй. Бусад талаараа гайгүй л дээ. Өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсоод бусад хүнийг сайн байлгахыг өөрөөсөө эхэнд тавиад байна гэхээр өвчтэй болсон байна л гэсэн үг ч юм шиг. 

Золиос гэдэг үг, заавал нэг юм золиосолдог гэдэг зүйл толгойнд орчихсон нь тодорхой хэмжээний өвчин байх. Үүнээс л салмаар байгаа байхгүй юу. Золиос хийхгүйгээр амьдарч болно гэж мэдээд байгаа ч чадахгүй л байх шиг.   

Зууны манлай дуучин хатагтай Сараагийн дэргэд гэр бүлийнхнээс нь өөр хэн байдаг вэ? Амьдралыг найзгүйгээр би хувьдаа төсөөлөхгүй байна?  

Найзлах ухаан гэдэг билүү. Найзууд хэтэрхий ойрхон байвал нэгнийхээ амьдралд оролцоод, нэгнийхээ сул талыг илүү мэдээд л дэмий болдог юм шиг байгаа юм. Найзлах нэг хэмжээ хязгаар, амьдралд нь орж болох хэмжээ хязгаар, оролцохгүй байх хязгаар. Энэ бүхний дараах үерхлийг бурхан л надад явуулж дээ гэж боддог. Ээжийгээ сүүлчийн замд нь үдэхэд миний найзууд хажууд байсан. Тэр найзуудынхаа хүчээр амьдралд тохиолдох хүнд үеүдийг давж бас маш их жаргалтай байсан үедээ ч найзууд минь л дэргэд байж жаргалыг хуваалцав. Би найзуудынхаа хажууд л онгирч, бардамнаж чаддаг. Найзуудынхаа төлөө хөлөө хугалтал гүйнэ. Бүх зүйлээ зориулна. Тиймээс ч миний сэтгэл дүүрэн байдаг байх. Намайг сэтгэл дундуур үлдээж байсан найзууд бий. Гэхдээ би тэдэндээ муу санадаггүй. Би л тэр үерхэлдээ алдаа гаргасан байх гэж боддог. Одоо ч гэсэн болохгүй ч юм уу, хэг ёг гэдэг найз нар байна. Эсвэл холдох ёстой бол холдоо л яваг, үлдэх ёстой бол үлдэг.

Намайг "Гайгүй сайн найз л гэж ярьдаг”. Сайн найз учраас би их азтай. Хэд хоногийн өмнө нэг найзын минь бие муудсан. Тэгэхэд би бурхнаас гуйсан. Миний найзын амь насыг аварч өгөөч гэж. Бурхан сонссон. Болдог бол зүрхээ эмтлээд өгөх хайртай найз надад байна. Тэр сайхан найз нөхдийн эрч хүчээр би амьдарч байна.

Та амьдарч буй нийгэмдээ сэтгэл хангалуун байна уу?  

Миний бодлоор ганцхан бидний нийгэм биш л дээ. Дэлхий нийтээрээ л тархидуулсан ертөнц, нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Телевиз, хэвлэл мэдээллийн сувгууд, цахим орчинд бүгд тархидуулж байгаа. Ямар ч шүүлтүүргүй янз бүрийн мэдээллийн урсгалд хөвж байна. Тархины холбоос нь таарсан нэг нь өөртөө таарсан мэдээллээ аваад л яваа байх. Би ганцхан Монгол улсын нийгэм гэж ярихгүй. Монгол улс ийм л байгаа бол гадаадад яг л ийм байгаа. Манай монголын хэлбэр нь л жаахан болхи байгаа болохоос. Дэлхийг хэн ийм болгож байгааг бол мэдэхгүй. Бид ийм л нийгэмд амьдарч байгаа учраас өөрсдөө маш их хичээх хэрэгтэй. Бид, хүн, хүмүүн өөрөө цөмийн зэвсэг. Өөрөө өөрийгөө л маш их сонсож, чагнаж, өөрийгөө хөгжүүлж амьдравал маш их нөөц бололцоо бидэнд байна.

Урилга хүлээж авч "Тод тусгал"-д ярилцсан танд маш их баярлалаа. Таны хэдхэн өдрийн дараах тоглолт, хэзээ ч дуусашгүй уран бүтээлийн замд тань амжилт хүсье. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр