2024/04/29. Даваа гараг Дугаар: #2993

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлан: Сэтгэл санааны хохирлыг манайд тооцож чаддаггүй

— Ч.Баяржаргал   2019 оны 06 сарын 11

Хүн бие махбод болон сэтгэлзүйн ямар нэг гэмтэл, бэртэл, шарх авсаны дараа нь сэтгэл зүйд нь ямар өөрчлөлт ордог талаар СЭМҮТ-ийн сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлантай ярилцлаа.

Гэмтэл гэхээр маш олон төрлийн гэмтэл байгаа болов уу. Сэтгэл зүйд нөлөөлөхүйц гэмтлүүд гэвэл юуг хэлэх вэ?

Гэмтлийг хоёр ангилдаг. Бие махбодийн болон сэтгэл санааны гэмтэл гэж ангилдаг. Бие махбодийн гэмтлийн хувьд олон төрлийн шалтгаантай үүсдэг. Ихэвчлэн ямар нэгэн байдлаар өөрөөс шалтгаалсан болон шалтгаалаагүй байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүснэ. Тухайн хүний бие махбод гэмтэх буюу авто осол, ялангуяа тархи толгой доргих зэрэг нь биед ил харагдадгүй боловч тархинд, тухайн хүндээ бичил гэмтэл учруулсан байдаг. Энэ нь яваандаа бодож сэтгэж, санахад өөрчлөлт нөлөө үзүүлэх нь бий. Үүний хамгийн тод жишээ бол эпилепси уналт гэж хэлдэг. Магадгүй тав, арван жилийн дараа ч юм уу хэзээ хойно нь зан төрхийн өөрчлөлт бий болдог. Илүү уур уцаартай, догшин ширүүн болдог ч юм уу. Нөгөөтэйгүүр гэмтлийн улмаас бусад эд эрхтэнээ гэмтээх, алдах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэгтэй холбоотойгоор сэтгэл зүйн гэмтэл үүсдэг.

Ямар төрлийн гэмтлийн дараа ямар сэтгэл зүйн эмгэг, гэмтэл, өвчин үүсэх эрсдэлтэй байдаг вэ? 

Сэтгэл зүйн гэмтлийн хувьд тухайн хүний үнэт зүйл болох дотны хүн болон, орон сууц гэх мэт зүйлсээ алдсан, алдагдсан тохиолдолд сэтгэл зүйн хувьд гэмтэл үүсдэг. Гэхдээ тухайн гэмтлээс хамаараад хүнд, хөнгөн ямар ч хэлбэртэй байж болно.

Ихэвчлэн гэмтэл авсны дараа сэтгэл зүйд  нь айдас, түгшүүр магадгүй хөнгөн үед уур бухимдал зэрэг байдал илэрдэг.  Гэмтэл авч буй ослын үеэр алдсан үнэт зүйлсийнхээ хэмжээгээр хүний сэтгэл зүй гэмтдэг. Үнэт зүйл гэдэгт зөвхөн материаллаг зүйлс багтдаггүй бөгөөд дотны хүнээ алдах,дотны хүн нь ихээр гэмтэх, өөрөө эд эрхтэнээрээ хохирох гэх мэтийг оруулж болно.

Гэмтлийн дараа үүсч байгаа айдас түгшүүр, уур бухимдал зэрэг нь сэтгэл зүйн хариу урвалын хувьд хэвийн үзэгдэл үү? Хэдий хэр хугацаанд энэ шинж тэмдэг үргэлжилбэл хэвийн, эсвэл хэвийн бус гэж үзэх вэ?

Сэтгэл санаанд хүчтэй нөлөө үзүүлдэг өөрчлөлт нь хүний амьдралын дадал үйлдэл буюу ойр дотны хэн нэгнээ алдах, байнга хамт байж байгаад ганцаараа үлдэх гэх мэт өөрчлөлт нь тухайн хүндээ сэтгэлийн гэмтэл болж хувирдаг. 

Хүмүүсийн дунд нэг ташаа ойлголт байдаг нь "сэтгэцийн эмгэг" эдгэрдэггүй гэх хандлага. Сэтгэцийн эмгэг нь бусад өвчний л адил өөрөө цаг хугацааны явцад эдгэрч болох ба эмчийн дэмжлэг туслалцаа аваад эдгэрдэг нь ч байна. Магадгүй гадны шалтгаантай гэмтэл авсан үед мэдрэлийн эс ургуулах боломжгүй учраас заавал сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах хэрэгтэй болдог. Ямар гэмтэл авснаас шалтгаалаад сэтгэл зүйн өөрчлөлт хэр хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь тогтоогддог.

Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, настай хүн гэх мэт нас хүйсийн хувьд гэмтэл авсны дараах сэтгэл зүйн өөрчлөлт нь ямар байдлаар явагддаг вэ? Онцлог, ялгаа байдаг уу?

25-28 буюу шилжилтийн нас хүртэл ямар ч хүний бие органимз, гормоны тэнцвэрт байдал тогтворжих гээд явж байдаг. Ийм тэнцвэргүй байгаа үедээ гаднаас авч байгаа нөлөөллүүдэд илүү мэдрэг байдаг. Энгийн жишээ гэхэд өвсөр насны хүүхдүүд илүү эмзэг, хувирамтгай, амархан уурлаж, баярладаг гэж ярьдаг шүү дээ.

Осол гэмтлийн дараа сэтгэл санааны хохирол гэж зүйлийг ярьдаг. Сэтгэл санааны хохирлыг яаж хэмжиж мэддэг юм бэ? Бие махбодийн гэмтлийн хувьд гэмтлийн зэрэг тодорхойлоод хичнээн хугацаанд ямар эмчилгээ хийлгэж хэдий хэр мөнгө шаардлагатайг мэдэж болдог. Гэтэл сэтгэл санаа нь хохироод байгааг хүмүүс хэмжиж хэлж мэддэггүй шүү дээ. 

Тухайн гэмтлийн хэмжээнээс л шалтгаална. Аливаа зүйлийг үнэлэхийн тулд заавал нэг бодит зүйлтэй харьцуулах хэрэгтэй болдог. Миний сэтгэл санаа ингээд хохирчихлоо гэдэг нь ямар ч барьцгүй зүйл байгаад байдаг л даа. 

Монголын хувьд сэтгэл зүйн хохирлыг тодорхойлдог ямар нэг эрх зүйн акт, хууль дүрэм байдаггүй. Ерөнхийдөө тодорхойлдог аргачлал нь тухайн хүний хөдөлмөрийн чадамж ямар байгаагаар тодорхойлдог. 

Магадгүй тухайн хүн 10, 20 хоног ажиллах чадамжгүй буюу сэтгэлзүйн хувьд түгшүүртэй, сэтгэл гутралтай, айдастай байгаа үед анхаарал төвлөрөх чадвар, ажиллах бүтээмж нь мууддаг. Энгийн үед ч тэр чухал шалтгалтын өмнө сэтгэл санаа тогтворгүй байдаг шүү дээ.Тэгэхээр тухайн ажиллах үеийн нөхөн олговор буюу тухайн хүний олох ёстой байсан орлого, цалин зэргээр нь хэмжих боломжтой гэсэн үг.

Ингэж хэмжиж тодорхойлж байгаа нь хэр бодит хэмжүүр вэ? Таны хэлдгээр тухайн хүний сэтгэл зүй нь гаднаас хараад хэлж мэдэгдэхгүй шүү дээ. Магадгүй 10 хоног ажиллаж чадаагүй байж байгаад аргагүйн эрхэнд ажлаа хийдэг, гэхдээ сэтгэл зүйн нь хэвийн бус хэвээр ч үргэлжилж болох талтай.

Манай улсад өөр тодорхойлох, хэмжүүр одоогоор байхгүй. Бусад оронд өөр байдлаар илүү нарийн тодорхойлдог байдал бий. Гэхдээ тухайн хүний хөдөлмөрийн бүтээмжээр хэмжиж байгаа нь харьцангуй бодит, шудрага байх боломжтой гэж үздэг. Хүн аливаа үйлдийг хийхийн тулд сэтгэл зүйн хат, тэвчээр, сэтгэлийн дархлаа хэрэгтэй болдог. Энэ маань алдагдсан байгаа үед эргээд хэвийн байдалдаа ортлоо ямар хугацаа зарцуулж байна, хэр үр бүтээлтэй ажиллаж байсан бэ гэдгээр нь хэмжиж байгаа гэсэн үг.

Гэмтэл авсны дараа тухайн хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарсныг эргэн тойрны хүмүүс нь хэрхэн анзаарч мэдэх вэ? Гэмтэл авсан хүнтэй хэрхэн харилцах вэ?

Гэмтлийн үед үүсдэг түр зуурын сэтгэл зүйн өөрчлөлт гэдэгт уур бухимдал, айдас, түгшүүр, сэтгэл гутралыг оруулж үздэг. 

Энэ үед хүний гадна биеийн хэлэмж юу илэрхийлж байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Айдас түгшүүртэй хүн сандарч мэгдсэн байдаг ч юм уу. Ер нь аливаа гэмтлийн үед хүн сөрөг стресс, сэтгэл зүйн сөрөг шинжүүдийг гаргаж байдаг. Тухайн стрессдэж байгаа зүйл рүүгээ л төвлөрч байдаг учраас анхаарал төвлөрөлт буурч, эргэн тойрноосоо тусгаарлагдах, юм хийх идэвхи сонирхолгүй болох байдал руу шилждэг.

Гэмтэл осолд орсон гишүүнтэйгээ гэр бүлийн хүмүүс нь тухайн хүндээ ганцаараа биш шүү гэдгийг нь мэдрүүлэх нь чухал бөгөөд тухайн нөхцөл байдлыг даван туулахад хамгийн их дэм болж байдаг зүйл юм.

Хэзээ ч мартагдахгүй сэтгэлийн толбо, айдас болж үлддэг гэмтлүүд бас байдаг шүү дээ. Хэдийгээр хэвийн амьдарч байгаа боловч тухайн гэмтэл авсан газар, орчинд очихдоо үргэлж айдаг, цэрвэдэг ч юм уу? 

Нэг жишээ ярья. Бага байхдаа мандарин үнэрлэхээр Шинэ жил бодогддог штэ. Аливаа зүйл нь ямар нэг дурсамжтай холбогдож байгаа хэрэг юм. Сэтгэл зүйн гэмтэл, гадны сөрөг нөлөө авч байгаа үед тухайн зүйл нь тэр орчин, эд зүйлстэйгээ шууд холбогдож байдаг гэсэн үг. 

Магадгүй авто осол гаргасан, осолд орсон хүмүүс авто техникийн хэрэгсэл харахаар айдаг, машин барихаас зүрхшээдэг. 

Энэ нь тухайн эд зүйлтэй холбогдоод, сэдэлжүүлээд байгаа юм. Тиймээс энэ дурсамж нь ганцхан тухайн эд зүйлтэй холбогдодгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Заавал Шинэ жилээр мандарин идэх албагүй. Төрсөн өдрөөрөө, өөр ямар ч баяраар иддэг юм аа гэдэг шиг, машин унах бүрт л заавал осол гаргана гэсэн үг биш арай өөр байдлаар бодох, өөр сайн сайхан дурсамж бүтээж түүнтэйгээ холбож бодох нь өөрөө эмчилгээ болдог.

Уучлаарай, муу талаас нь бодъё л доо. Хүн гэр бүлийнхээ хүнийг, хань ижлээ алдчихлаа. Ийм нөхцөлд нөгөө хүнээ дурсах гээд амьдарч байсан өрөөг нь, хувцсыг нь тэр чигээр нь байлгах гээд байдаг. Ингэх тусам илүү тухайн хүнд таагүй, сөрөг нөлөө үзүүлдэг. 

Тиймээс энэ зүйл өнгөрчихсөн шүү дээ, одоо цагтаа амьдарч, амьдралаа шинэхээр эхлэх хэрэгтэй гэдгээр хүлээн авах нь зүйтэй. Мэдээж дурсагдах зүйлсийг нь авч үлдэлгүй яахав гэхдээ нүдэнд ил харагдах зүйлсүүдийг нь байнга ил байлгахгүй байх гэдэг ч юм уу. Энэ нь сэтгэл заслын эмчилгээний аргуудын нэг юм.

Айдастайгаа нүүр тулах гэдэг зүйл чухал байдаг. Гэхдээ яг өөрт тулаад ирэхээр хэцүү шүү дээ. Нөхцөл байдлыг зөв, аюулгүй зүгт эргүүлэх эхний алхам нь юу байвал зохистой вэ? 

Айдастайгаа нүүр тулахын тулд эхлээд үр дүнг нь тооцоолж бодох хэрэгтэй. Энэ зүйлтэй тулахаар, уулзахаар, тухайн хүнтэй уулзахад яах билээ гэдгээ бодох. Яг үнэндээ айдаг хүн нь энгийн харьцаатай эелдэг хүн байдаг ч тал бий шүү дээ. Гэхдээ би чоно гэдэг амьтнаас айдаг гээд чонотой газар луу очоод байж болохгүй. Нийгэмшлийн талаас нь ярьж байгаа учраас өөрт аюулгүй нөхцөл, ирээдүйн үр дүнгээ бодоод алхам хийх хэрэгтэй. Алхам хийж үзэхгүй бол дараа нь үр дүн ямар байхыг хэзээ ч мэдэж чадахгүй. Яг л хүүхэд хөлд орж байгаатай адилхан. Хүүхэд хөлд орох, гүйх нь ямар байхыг мэддэггүй ч гэсэн хөлд орон ортлоо унасаар л байдаг. Үүнтэй ижилхэн тэмцэх хэрэгтэй. Тодорхой хэмжээний зоригтой байгаарай.

Бага байхдаа архи уусан согтуу хүнээс маш их айдаг байсан. Одоо харин согтуу хүн харахаар үзэн ядах сэтгэл төрдөг. Энэ байдлаас яаж гарах вэ гэдэг асуултыг уншигч танаас асууж өгөхийг хүссэн юм?  

Энэ нь бага насандаа авсан сэтгэл зүйн гэмтлийн нэг төрөл л дөө. Дээр хэлсэнчлэн сөрөг дурсамж үлдсэн байгаа юм. Энэ сөрөг дурсамжаа эерэг дурсамжаар өөрчилж чаддаггүй юм гэхэд уг таагүй байдлыг мэдрэх орчинг үүсгэхгүй байх боломжтой.

Үүнтэй холбоотойгоор сонин жишээ хэлье. Эмэгтэй хүмүүс жирэмсэн байх үедээ гудамжид таарч буй хүмүүсээс жирэмсэн хүнийг л түлхүү олж харчихаад байдаг. Гудамжаар дүүрэн жирэмсэн хүн байгаа юм шиг санагддаг. Хүүхдээ төрүүлчихээд явж байхад гадуур дүүрэн жоохон хүүхэд хүмүүс байгаа юм шиг харагддаг. Өөр жишээ гэвэл өөрийнхөө машины дугаартай ижил дугаартай машиныг илүү содон, тод ажигладаг. Энэ нь хүн харахыг хүссэнээ харж, бодохыг хүссэнээ бодох гээд байдаг тал бийг илэрхийлж буй жишээнүүд юм. Нийгэм тэр чигээр муу муухай биш  шүү дээ. Тэгэхээр заавал согтуу хүн хараад дургүй хүрдэг гэж бодох биш тийм орчноос өөрийгөө хязгаарлаад согтуу хүн багатай орчинд өөрийгөө байлгах, ажил амьдралын хэмнэлээ өөр тийшээ шилжүүлэх боломжтой. 

Хүн танихгүй хүнээс илүү дотны, танил хүнээсээ сэтгэлзүйн гэмтлийг илүү хүчтэй авдаг тал ажиглагддаг.  Нэгэнт салах боломжгүй, холдох боломжгүй хоёр хүн нэгнийхээ сэтгэлийг гэмттэл гомдоосон тохиолдолд эвлэрэх боломж бий болов уу? Жишээ нь эхнэр нөхрийн асуудлыг үүнд хамруулж харж болох юм? 

Хүний алдаа нь бусад руу буруугаа чихэх гэх хандлага. Бурууг бусад руу чихэх тусам өөрөө зөвдөнө. Зөв гэж бодож байгаа хүн хэзээ ч алдаагаа засъя гэж боддоггүй. 

Тэгэхээр хэдий чинээ өөртөө шүүмжлэлтэй хандана төдий чинээ алдаагаа засахыг эрмэлзэж байдаг гэсэн үг. Асуудлыг хэр хурдан өөрөөсөө олж харна, тухайн асуудал шийдэгдэх боломж нь тэр хэмжээгээр ойрхон байдаг.

Магадгүй шинэ гэр бүлүүдийн хувьд нэг нэгнээ гомдоох, сөрөг стресс өгөх тохиолдол олон гардаг. Гэхдээ энэ нь амьдралд тохиолддог зүйлс учраас засаад, сураад явчихдаг. Асуудлыг өөрөөсөө олж харж сураарай гэж хэлье. 

Найз нөхдийн дунд нэг нэгнээ санаандгүй байдлаар гэмтээх, гар хөлийг нь хөнгөн хугалах, бэртээх тохиолдол гардаг. Магадгүй хамт архи ууж байгаад хоорондоо муудалцаад нэгнээ гэмтээдэг ч юм уу. Үүний дараа за найзыгаа уучлаарай, найзууд юм чинь гэх мэтээр өнгөрүүлдэг боловч тухайн хүнийхээ хувьд бас нэг хар толбо болоод үлдэж байгаа ч жишээ амьдралд олон? 

Хүмүүсийн хийж байгаа үйлдэлд санамсаргүй хийж байгаа үйлдэл их ховор байдаг. Санамсаргүй гэж хийгдэж байгаа үйлдлүүд өөрөө дадал үйлдэл байдаг болохоос биш ихэнх үйлдлийг хүн ухамсартай, санаатайгаар хийдэг гэсэн үг. Ямар нэгэн байдлаар агсан согтуу тавих, хэн нэгнийх гэмтээх үйлдэл нь санаатай л байдаг. Санаатай гэдэг нь тухайн хүнийг хорлоё гэсэн үйлдэл бас биш  л дээ. Зөвхөн өөрийгөө хамгаалах, өөрт ашигтай байх шийдвэрийг сонгож хийж байгаа хэрэг. Нэгэнд нь ашигтай байдал нөгөөд нь гэмтэл учруулж байдаг. Энэ нөхцөлд зөрчлүүд үүсдэг. Өөртөө ашигтай байдлаар асуудлыг шийдэх буюу “за найзыгаа ёстой уучлаарай” гээд өнгөрөх нь утгагүй юм. Хуурамч уучлалт уу, чин сэтгэлийн гэмшил үү гэдгийг нь л ялгаж ойлгох, ярилцах хэрэгтэй. 

Найз нөхдийн дунд үл ойлголцох байдал гаралгүй яахав. Гэхдээ асуудлыг хамт олон руу чиглэсэн байдлаар шийдэж байна уу эсвэл ганцхан өөрт ашигтай байдлаар шийдэж байгаа эсэхээс мэдэж болно.

Гэмтэл, сэтгэл зүйн шарх авсан хүн, өөрийг нь гэмтээсэн хүнээ “уучлах”-ын тулд яах вэ? Гэр бүл, дотны хүмүүсийн дунд уучлалт гэдэг зүйл их чухал байдаг шүү дээ?

Нэгэнт болоод өнгөрчихсөн зүйлийг эргээд өөрчлөх ямар ч боломжгүй учраас үүндээ дасан зохицох хэрэгтэй болно. Нөгөө талаасаа “Би” байгаа учраас надтай холбоотой асуудал үүсэж байгаа юм. Би хэн нэгэнтэй муудалцсан, над руу чиглэсэн ямар нэг асуудал үүссэн. Би байгаа учраас л надад асуудал тохиолдож байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. “Тэр буруутай даа гэхдээ яахав уучилчихая гэдэг нь бас нэг талаараа хиймэл. Магадгүй тэр үед би арай өөр зүйл хийж байсан бол, тэнд байгаагүй бол, тэгж яриагүй бол ийм зүйл болохгүй байсан гэдэг ч юм уу өөрөөсөө эхэлж хайх юм бол тухайн хүнээ уучилж чадна.

Сэтгэл зүйн гэмтэл, асуудал үүссэн үед ямар тохиолдолд нь мэргэжлийн эмчид хандах шаардлагатай вэ? Ихэнх хүмүүс бүхнийг өөрөө даван туулах гэж хичээх нь бий? 

Сэтгэл зүйн хувьд байнгын түгшүүр үүсээд эхэлбэл энэ нь асуудал. Түгших нь ямар ч амьд организмын хамгаалалтын тогтолцооны энгийн хэлбэр. Түгшүүр нь ухамсарт бусаар явагддаг. Өөрөөр хэлбэл бид айж түгшсэн, сандарсан үедээ зугтах эсвэл тэмцэх хэлбэрийг сонгодог болохоос биш ухаанаар шийдье гэж ухамсартайгаар боддоггүй. Түгшүүрээ давж гарахгүй, тайвшруулахгүй бол энэ байдал улам л гүнзгийрдэг тул мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй.

Удаан  хугацаанд түгшүүртэй байгаад ирэхээр тухайн хүний ажлын бүтээмж буураад эхэлдэг. Хөдөлмөрийн чадвараа хэдий чинээ алдана тухайн хүний хувьд төдий чинээ ашиггүй, хэрэгцээгүй цаг хугацаа үргэлжилсээр байдаг. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26