СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ БА ӨСВӨР НАСНЫХНЫ СЭТГЭЛ ЗҮЙ
Утас чичрэх, шинэ мэдэгдэл (notification) ирэх эсвэл зүгээр л уйдах үед тархинд цочрол үүсэж, сошиал апп-аа нээж, хуудсаа доош нь гүйлгэх эсвэл стори үзэж эхэлнэ.
Нээсэн апп нь тааварлашгүй урамшууллыг бий болгох бөгөөд хуудсыг гүйлгэх бүрд юу гарч ирэх нь тодорхойгүй байдаг нь дараагийн удаа илүү гоё зүйл харахыг хүсэмжлэн тархинд допамин (баяр баясал, хүлээлтийн даавар) маш ихээр ялгардаг.
Ингээд өөрийн мэдэлгүй пост хийх, лайк дарах, сэтгэгдэл үлдээх зэргээр цаг хугацаагаа зарцуулж эхэлнэ. Энэ нь эргээд дараагийн мэдэгдэл ирэх эх үүсвэр болдог.
Тархи богино хугацааны, хялбар допаминд дассанаар урт хугацааны анхаарал шаардсан ажил (ном унших, хичээл хийх) хийхээс төвөгшөөж эхэлнэ.
Улмаар утаснаасаа холдох үед юунаас ч юм хоцрох вий гэсэн айдас үүсэж, сэтгэл түгшиж эхэлдэг.
Америкийн Сэтгэл Судлалын Ассоциаци (APA) болон Хойд Каролинагийн Их Сургуулийн (UNC) эрдэмтдийн 12-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн урт хугацааны MRI судалгаагаагаар Өдөрт 15-аас дээш удаа сошиал медиагаа шалгадаг хүүхдүүдийн тархины амигдала (amygdala) болон лимбийн систем (сэтгэл хөдлөл, үе тэнгийнхний үнэлгээг хариуцдаг хэсэг) нь лайк, сэтгэгдэл, шүүмжлэлд хэт мэдрэг болж өөрчлөгдөж байгааг илрүүлсэн байна.
Мөн АНУ-ын үндэсний ABCD судалгаагаар өдөрт 7-оос дээш цаг дэлгэц үздэг хүүхдүүдийн танин мэдэхүй, сэтгэхүйг удирддаг тархины бор гадарга хугацаанаасаа өмнө нимгэрч байгаа нь батлагджээ.
Жонатан Хайдтын "The Anxious Generation" (2024-2026) бүтээл болон АНУ-ын Surgeon General-ийн тайлангийн тоо баримтаас үзэхэд Өдөрт 3-аас дээш цагийг сошиал медиад зарцуулдаг өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн шинж тэмдэг илрэх эрсдэл нь энгийн хүүхдүүдээс яг 2 дахин (100%) өндөр байдгийг баталжээ.
Сошиал медиагийн нөлөөгөөр үүсэх сэтгэл зүйн хямрал охидод илүү хүчтэй илэрдэг бөгөөд охидын сэтгэл гутралын түвшин сошиал медиа эрчимжсэн үеэс (2010-аад оноос хойш) 150%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Судалгаанд оролцсон өсвөр насныхны 48% нь унтахаасаа өмнө утсаа үзэж, шөнө дунд ирсэн “notification” (мэдэгдэл)-ээс болж нойр нь сэргэдэг гэж хариулсан байна. Энэ нь тархины гүн нойрны (REM) хугацааг богиносгож, ой санамж бэхжих процессыг саатуулдаг.
Сошиал медиаг олон цагаар ашигладаг хүүхдүүдийн анхаарал тогтворжих хугацаа эрс багассан бөгөөд тэд хичээл хийж байхдаа дунджаар 3 минут тутамд анхаарал нь өөр зүйлд сарнидаг болохыг Лондоны Эдийн засгийн сургуулийн (LSE) судалгаа харуулжээ.
Сошиал медиа нь хүний тархинд "урамшууллын гогцоо" (reward loop) буюу допамины хамаарлыг зориуд үүсгэдэг байна. Энэ нь мөрийтэй тоглоомын ажилладаг зарчимтай яг ижил юм.
Сошиал медиагийн үүсгэдэг "урамшууллын гогцоо" (reward loop) болон дэлгэцийн хамаарал нь хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжилд маш гүнзгий, урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хүүхдийн тархи бүрэн хөгжиж дуусаагүй, уян хатан байдаг тул гадны өдөөлтөд илүү өртөмтгий байдаг.
Тухайлбал тархины бор гадаргын өмнөд хэсгийн (Prefrontal Cortex) хөгжлийг саармагжуулдаг байна. Тархины энэ хэсэг нь өөрийгөө хянах, шийдвэр гаргах, төлөвлөх, урт хугацааны үр дагаврыг тооцоолох үүрэгтэй байдаг. Гэвч сошиал медиа нь бэлэн, шуурхай урамшуулал өгдөг тул хүүхдийн өөрийгөө хянах, тэвчих чадвар суларч урт хугацааны ой санамж муудан, аливаад донтох магадлалыг ихэсгэдэг.
Богино хэмжээний бичлэгүүд (TikTok, Reels, Shorts) болон хурдтай солигдох контентууд нь тархийг маш богино хугацаанд анхаарлаа шилжүүлж сургадаг. Үүний улмаас хүүхэд хичээл хийх, ном унших зэрэг урт хугацааны анхаарал шаардсан үйлдлийг хийж чадахаа байж, анхаарал дутагдлын хам шинж (ADHD) үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Сэтгэл хөдлөлийг удирддаг лимбийн систем өсвөр насанд маш идэвхтэй байдаг. Сошиал медиа дахь "лайк", сэтгэгдэл, үе тэнгийнхний үнэлгээ зэрэг нь энэ системийг хэт өдөөж, хүүхдийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй, амархан гомддог, стресстэй эсвэл сэтгэл гутралд өртөмтгий болгодог.
Дэлгэц болон сошиал медиад хэт их цаг зарцуулдаг хүүхдүүдийн тархины хэл яриа, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлөө удирдах үүрэгтэй хэсгүүдийн хөгжлийг саармагжуулдаг байна.
Дэлгэцийн цэнхэр гэрэл нь нойрны гормон болох мелатонины ялгарлыг зогсоодог. Нойр дутуу байх нь тархи шөнөөр өөрийгөө цэвэрлэх, өдрийн сурсан мэдээллээ ой санамж руугаа шилжүүлэн хадгалах процессыг тасалдаг гэнэ.

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77