2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Сувилагч нарт ээлтэй, хүчирхэг эрүүл мэндийн тогтолцооны төлөө ажиллаж байна

— Б.Батцэцэг   2022 оны 05 сарын 12

Сувилагч мэргэжлийг, сувилагч хүнийг, сувилагчийн ажлыг та өөрийнхөөрөө тодорхойлж хэлж болох уу?

Би мэс заслын эмчээр 24 жил ажилласан. Эмчийн баяр, гунигийг хамгийн түрүүнд сувилагч л хуваалцдаг. Тэдний сэтгэлээс хайр, энэрэл, асрал ундарч үйлчлүүлэгчдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад өөрийгөө бүрэн зориулж байдаг маш чухал мэргэжил юм. Мөн эмчлүүлсэн хүн “сайхан эмнэлэг шүү” гэж хэлэхэд нөлөөлдөг эмнэлгийн гол нүүр царай нь сувилагч юм.

Цөөнгүй сувилагчтай уулзаж ярилцахад цалиндаа сэтгэл дундуур, нийгмийн асуудал нь орхигдсон, цаашлаад эрүүл мэндийн салбар сувилагчийн хомсдолд орох хэмжээний нөхцөл үүссэн гэж ойлгосон. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Манай эрүүл мэндийн салбарынхны цалин хөлс хангалтгүй байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр засгийн газраас эмнэлгийн ажилчдын цалингийн доод жишгийг л тогтоож байгаа. Харин тухайн ажилтан дээшээ хэдэн төгрөгийн цалин авах нь эрүүл мэндийн яамны бодлого, эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлгийн удирдлагуудын менежментээс шууд хамаардаг болсон. 2020 оны 08 дугаар сарын УИХ-ын ээлжит бус чуулганаар “Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог эрх зүйн хувьд маш таатай” болгож хуульчилсан байдаг. УИХ-ын гишүүн болоод гар бие оролцон батлуулж байсан анхны хууль энэ байсан юм.

Уучлаарай, Илүү тодруулж тайлбарлаж болох уу?

Тодруулбал, эмнэлгийн удирдлага өөрсдөө цалингийн дээд хэмжээгээ тогтооно. Эмнэлэг хэчнээн хүнд тусламж үйлчилгээ үзүүлснээрээ ЭМДС-аас санхүүжилт авдаг болчихсон юм. ЭМДС-ийн санхүүжилт 2020 онд 450 тэрбум байсан бол энэ жил 1.4 их наяд болж нэмэгдсэн. Энэ мөнгөнөөс эмнэлэг сайн ажиллахынхаа хэрээр илүү их мөнгө авч, түүгээрээ цалингаа нэмэх гэх мэт асуудлуудаа бие даан шийдэх эрхтэй гэсэн үг. Эмнэлгүүд санхүүгийн хувьд бие даасан тогтолцоонд шилжиж байна. Ингээд харвал уг нь ганц сувилагч гэлтгүй бүх ажилчдынхаа цалинг  нэмэх боломж бүрдсэн. 

Жишээлбэл, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд зааснаар тархины цус харвалт оношийн хамааралтай бүлгийн өвчний олон улсын 10-р ангиллын I63  кодтой нэг эмчлүүлэгчийг мэс заслын аргаар эмчлэхэд 7.400.000 төгрөгийг олгохоор заасан байна. Энэ орлогыг тухайн мэс засалд орсон эмч, сувилагч нарын баг, бусад ажилтнууд эмнэлэгтээ оруулж байгаа. Тэгэхлээр эмч, сувилагч ажилтнууд маань хийсэн мэс засал бүрээр цалингаа нэмэгдүүлэн авах боломжтой болсон. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь эмнэлгийн удирдлагын зөв менежмент шийднэ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт хангалтгүй байсныг 2022 оны төсвийг батлахдаа хоёр дахин нэмэгдүүлсэн. Хоёрт. Санхүүгийн ийм тогтолцоо нь эрүүл мэндийн салбарын чанарын өрсөлдөөнийг бий болгож энэ дунд иргэд хожих явдал. Өвдсөн хүнд таатай орчин, баталгаатай эмчилгээ, сайн эмч сувилагч нарыг санал болгох замаар аль болох л олон хүнийг эмчлэх, сувилах өрсөлдөөн эмнэлгүүдийн дунд үүсэж байгаа юм.

Хоёр жилийн өмнө батлагдсан хууль хөрсөн дээрээ хэрэгжээгүй яваад байгаа шалтгааныг та мэдэж байна уу? Өчигдөрхөн ярилцсан сувилагч төдийлөн боломжийн цалин авдаг гэж ярихгүй байгаа нь ямар учиртай юм бол?

Эрүүл мэндийн яам ажлаа хийх ёстой. Эмнэлгүүдийн бие даасан тогтолцоог хурдан бий болгох хэрэгтэй. Эмнэлгүүд ТУЗ-үүдээ хурдан байгуулмаар байна. Одоогоор УНТЭ, УГТЭ, АӨСҮТ-үүд  ТУЗ-тай болчихсон. Эдгээр эмнэлгүүд шийдвэрээ өөрсдөө гаргаж чадаж байна.

Сувилагч мэргэжил эрсдэл өндөртэй мэргэжил гэж ойлгодог. Иймд сувилагчийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс хэрхэн хамгаалдаг вэ? Хууль, эрх зүйн зохицуулалт хэр бүрдсэн байдаг бол?

Сувилагч нар маань хүнд тариа хийж байгаад зүү тариурт хатгуулах, нүд салст уруу цус үсрэх зэргээс болоод элэгний В, С вирусын халдвар аваад элэгний хатууралтай болсон тохиолдлууд нэг биш байдаг. Үүн шиг олон эрсдэлтэй сувилагч хүн тулгардаг. Иймд эрсдэлийн даатгалд хамруулах зайлшгүй шаардлагатай. Энэ талаар хуулийн төсөл санаачлахаар Санхүүгийн зохицуулах хороо болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт судалгаа хийж байна.

Залуучууд мэргэжлээ сонгохдоо их нухацтай ханддаг болсон байна. Хэдэн төгрөгийн цалинтай, ямар орчин нөхцөлд ажиллах тал дээрээ маш их анхаардаг болсон. Одоогийн цалингаар сувилагч хийх залуус цөөхөн. Энэ мэт байдлаар ирээдүйд сувилагчийн хомсдол үүсэж болзошгүй байна. Үүний гаргалгаа юу байж болох вэ?

Сувилагч мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах ёстой. Мөн үнэлэгдэхүйц бодитой үнэ цэнтэй байх ёстой юм. Тэр нь цалин. Сувилагч хийгээд 2.5 сая төгрөгийн цалин авдаг гэвэл сувилагчаар ажиллах хүсэлтэй хүний тоо нэмэгдэх боломжтой.

Дараагийн асуудал нь нийгмийн баталгаа болсон орон сууц, байртай болох. Тэдэнд байр авахад нь ипотекийн зээлийг урьдчилгаагүйгээр олгох боломж бий болгох зэргээр тусгайлсан хөтөлбөрүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж, нийгмийн баталгааг нь хангахад анхаарах хэрэгтэй. 

Сувилагч болсондоо харамсдаггүй байх, мэргэжлээрээ бахархах бодит үйл явдал өрнөх ёстой. Тэгж байж сувилагч мэргэжил үнэ цэнтэй болно.

Шинэчлэлт өөрчлөлт, дэвшил хийсэн тухай эрх бүхий дарга, албан тушаалтнаас сонсох сайхан л байдаг. Гэхдээ яг эмнэлэгт очиход, өвдөхөд, сувилагчтай уулзахад асуудал ундарсан хэвээр байх нь бий. Яагаад ийм зөрүү байгаад байна вэ?

Их том шинэчлэл учраас цаг хугацаа хэрэгтэй. Гүйцэтгэх засаглал хуулиа бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Мөн эмнэлгийн удирдлагууд менежментээ зөв болгож ажиллах үүрэгтэй.

Гадаад орнуудад эмчид үзүүлэх гэж 3-6 сар оочерлох нь хэвийн асуудал. Манайд бол дэлгүүрт ороод талх авах гэж байгаа мэт л бодоод байдаг. Мэдээж түргэн тусламж, яаралтай тусламж бол тусдаа. Дүүрэг, аймгийн эмнэлгүүдийн хүчин чадлыг сайжруулж оочер дарааллыг бууруулан ачааллаа хуваах ёстой юм. Эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээний зохион байгуулалтад дутагдалтай талууд байна. Шинэчилж, сайжруулах ажил шат шатандаа нэлээдгүй их байна. Энэ шинэчлэл нэг дор өөрчлөгдөхгүй. Ямартай ч эхлүүлсэн. Зөв тогтолцоо бий болж эхэлж байна.

Эрүүл мэндийн салбар шинэ тогтолцоог нэвтрүүлэхэд хэр мэдрэг салбар вэ?

Эрүүл мэндийн салбарт эрх зүйн болон, тогтолцооны олон өөрчлөлт шинэчлэлт эрчимтэй хийгдэж буй цаг үе тохиож байна. Үүний нэг нь сая ярьсан эмнэлгүүдийн санхүүгийн бие даасан тогтолцоо. Дараагийн шинэчлэл нь иргэдэд илүү хамаатай. Энэ бол эрт илрүүлэг. Үүний хүрээнд 2022 онд 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улс даяар хэрэгжээд эхэлчихлээ. Солонгосчуудын дундаж наслалт 83, монголчуудынх 70 байна. Солонгос хүн монгол хүнээс 13 жилээр урт амьдраад байгаа учир нь тэр улсын эрүүл мэндийн тогтолцоотой нэг талаараа хамаатай. Солонгос улс иргэдийнхээ өвчинг эрт илрүүлж, эмчлээд байна. Санхүүжилтийн тогтолцоог нь зөв шийдээд даатгалаараа бүрэн дааж эмчилж чаддаг, мөн эмч сувилагч нарын цалин ч өндөр. Эмнэлэг нь тоног төхөөрөмжөө шинэчлэх чадамжтай. Төрийг харж суудаггүй. Манайх яг л ийм зарчмаар өөрчлөлт хийх хэрэгтэй юм. Гэх мэт манай эрүүл мэндийн салбарын шинэчлэлүүд 3-5 жилийн дараа гэхэд тогтвортой болно гэж судлаачид хэлж байна.

Практикт ажиллаж байсан хүний их эмч Улсын Их Хуралд сонгогдсон нь таны бодлоор ямар онцлогтой, давуу талтай байна вэ?

Миний үндсэн амбиц ерөөсөө л эрүүл мэндийн салбарын хүчирхэг тогтолцоо. 

Хууль тогтоох байгууллагад сонгогдоод эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог гүйцэтгэлээр санхүүжүүлдэг шинэ эрх зүйн орчныг бүрдүүлж чадсандаа баяртай байдаг. Дараагийн алхам нь ЭМДС-ийн мөнгийг нэмэгдүүлэх явдал. Энэ сан өвдсөн иргэдээ санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаалах чадамжтай мөнгөн хөрөнгөтэй байх ёстой юм.  Ингэснээр эмч, сувилагч нарын цалин хөлс нь шударгаар нэмэгдэнэ, эмнэлэг нь ч орлогоороо тоног төхөөрөмжөө шинэчилнэ. 

Хүчирхэг болж эхэлж буйн бодит  жишээ гэвэл хавдрын тусламж үйлчилгээг төр даадаг болсон явдал. 

Эрхтэн шилжүүлэх тусламж үйлчилгээг мөн төр дааж байна. Саяхан л эрхтэн шилжүүлэн суулгуулах гээд байраа барьцаанд тавиад гадаадыг зорьдог байсан шүү дээ.

Өмнө нь та эмнэлгийн дарга байхдаа шийдэх асуудал их ч эрх мэдэл дутдаг юм байна гэж ярьж байсныг тань тод санаж байна. Эрх мэдэл атгах төсөөлснөөс хэр байна?

"Бүх монголоо эмчилье, надад жор байгаа" гэж би хэлсэн. Үнэн.  Үүний төлөө ЭМД-ын санхүүжилтийн тогтолцоог өөрчилсөн. Энэ бол хамгийн том ажил. Хийж чадсандаа баяртай байгаа. Үр дүн өгөөжийг нь өвдөөд эмчлүүлсэн хүмүүс мэдэж байгаа. Мөн эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудалтай холбоотой хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй байгаа. Шил дараад хүлээгдэж байгаа ажлууд ч байна.

Ойрын хугацаанд та эрүүл мэндийн салбарт чиглэсэн ямар хууль, эрх зүйн орчинг бий болгохоор ажиллах вэ? 

Эмийн хууль. Салбарын ажлын үр дүнд маш их нөлөөлдөг зүйл бол эм. Чанартай эм байвал хурдан эмчлэгдэнэ. Чанаргүй эмтэй бол олон хоног эмчлээд ч үр дүн хангалтгүй. Энэ тохиолдолд эрүүл мэндийн салбарын үргүй зардал ихэсдэг.

Хямд эмийн араас өнгөрсөн 30 жил яваад чанаргүй эмтэй болчихсон. Улсын эмнэлгүүд тендер зарлаж хямд үнэтэй эмийг нь авдаг. Эм ханган нийлүүлэх байгууллагуудын буруу биш. Тогтолцооны буруу. Одоо харин эмийн хуулиа өөрчилж, чанар нэгдүгээрт, үнэ дараагийн асуудал гэдэг концепт рүү шилжих ёстой. Эмийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Үүнээс гадна Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулан, миний бие ахлан ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цусны донорын тухай хуулийн төсөл, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл гэх зэрэг нэлээдгүй олон хуулийн төсөл боловсруулаад удахгүй Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө