2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ТОД ТУСГАЛ

"Арко Валено" брэндийн дизайнер Ц.Чингэс: Брэнд гэж хошуурах биш, зохимжоо бодох хэрэгтэй

—   2017 оны 08 сарын 09

Солонгосын Каннам дүүрэгт байрлах нэр хүндтэй Арко Валено брэндийн дизайнераар сонгогдон ажиллаж байсан  Ц.Чингэс  тус брэндийн захиалгын хослолын үйлчилгээг Монголдоо нээгээд байна.  Ажил хэрэгч эрхмүүдийн сонголтод хэрэг болох дизайнерын яриаг хүргэе. 

 Арко Валено брэнд  захиалгын хувцсаараа Солонгостоо тэргүүлдэг, том брэнд гэж сонссон. Дизайнераар ажиллах шалгуурыг хэрхэн давсан талаар ярилцлагаа эхэлье. 

-Анх 2009 онд Солонгост очиж байсан. Тэнд эзэмшсэн мэргэжил маань харааны дизайнер. Энэ нь график, фэйшн, интерьер гээд  дизайны бүхий л чиглэлд ажиллах боломжтой цар хүрээтэй мэргэжил юм. Төгсөөд интерьер дизайны чиглэлээр хэсэг ажиллаж байгаад загварын чиглэлээр ажиллахаар шийдэж Korean Tailor academy гэж хослолын дизайнераар мэргэшүүлдэг академид суралцан төгсөөд Солонгосдоо хамгийн нэр хүндтэй Арко Валенод ажиллах хүсэлтэй байсан. Ингээд хүсэлтээ илэрхийлж анкет өгсөн. Тухайн үед Арко Валенод гадаад хүн анкет өгч байсан тохиолдол байсан ч ингэж өөрийгөө илэрхийлж бичсэн нь анхны тохиолдол гээд тэд их сонирхож, захиралтайгаа анх уулзаж байлаа. Эхний зургаан сар менежерээр ажиллаад сүүлийн жил хагас хослолын дизайнераар ажилласан. Солонгос дизайнеруудын маш шаргуу, богино хугацаанд ихийг амжуулдаг чанаруудаас нь суралцсан. Би тэндээ залуу дизайнерт тооцогддог. Үйлчлүүлэгчдийн сэтгэлд загвар нь илүүтэй нийцсэн 10-аад дизайнерыг сонгон өөрийн брэндийн сэтгүүлийн нүүр царай болгосон юм, би тэдний нэг болон сонгогдож чадсандаа баяртай явдаг.  

Яагаад нутагтаа ирж ажиллахаар шийдэв?

-Тэндээ үргэлжлүүлээд ажиллаж болох байсан ч сурч мэдсэн туршлагаа ашиглан Монголдоо ажиллая гэж бодсон. Гадаадад амжилттай ажиллаж, амьдарч байгаа маш олон Монгол залуучууд эх орондоо өөрийн чадах хувь нэмрийг оруулахын төлөө байгаа гэж ойлгож байгаа. Өнөөдөр монголчууд гадаадын олон компанитай хамтран ажиллаж байна. Энэ бүхний эцэст ашиг орлогоос илүүтэйгээр Монголд маань ямар үр өгөөжтэй, юу үлдэж байна вэ гэдгийг бодох нь хамгийн чухал юм болов уу.

Тийм ч учраас Солонгосын алдартай брэндийн туршлагад суурилан Монголчууд бид гадны хослол сонгох биш өөрсдийн гэсэн хослолын хэв маягийг бий болгохын төлөө эргэн ирж  хослолын дизайны чиглэлийг хөгжүүлж, монгол хүний биеийн онцлогт тохирсон Mongolian suit fashion гэдэг соёлыг бий болгох зорилготой нутагтаа ирсэн. Цаашлаад Монгол ноолуураар захиалгын хослол хийж Оросын зах зээлд гарах төлөвлөгөө бий.  Би багаасаа хувцсанд их сонирхолтой байсан. 10 жилд сагс тоглодог байсан болохоор спорт хувцсыг их сонирхоно. Тэгэж явсаар “үүнээс цааш газар үгүй” гэдэг шиг эр хүний хувьд хослол гэдэг ямар үнэ цэнэтэй хувцас болохыг мэдсэнээр энэхүү мэргэжлийг сонгосон.

Солонгосыг сонгож очиж сурах болсон түүхээсээ ярихгүй юу? 

-Би Дарханых, тэндээ 10 жилээ төгсөөд 2008 онд “Улаанбаатар-Эрдэм Оюу” дээд сургуулийн солонгос хэлний ангид сурсан.  2000 оны эхээр Солонгост манайхан олноороо ажиллаж амьдарч байсан үед аав ээж маань бусдын адил тэнд ажиллаж амьдарч байсан.  Тэр утгаараа Солонгос надад сурахад ойр дотно байв. Тэнд Монгол гэхээр бусад орны хүмүүсээс ч илүү элгэмсэг ханддаг.

Арко Валеногийн давуу талыг жаахан дэлгэрүүлж ярих уу? 

-Манай брэнд 2003 онд анх үүсгэн байгуулагдсан. Дотооддоо 30 гаран захиалгын салбар дэлгүүртэй, Шанхайд гурван салбар мөн Канад, Монголд салбартай, захиалгын хослолын глобал брэнд юм. Арко Валено гэдэг үг нь солонгын долоон өнгө гэсэн утгатай Итали гаралтай үг юм билээ. Тухайн үеийн Солонгосын нийгэмд захиалгын хослол гэхээр цагаан цамц, хар өмд пиджак, хар зангиа л санаанд буудаг байсан үе. Тийм ч учраас солонгын долоон өнгө шиг өнгөлөг, гэгээлэг өнгөөр захиалгын хослол хийж яагаад болохгүй гэж гэсэн  санаагаар энэ нэрийг өгч байсан түүхтэй. Солонгосын захиалгын хувцасны брэндүүд дотроос хамгийн их захиалга авдаг. Сардаа л гэхэд 2500,  жилдээ 30-50.000 орчим хувцас захиалгаар хийдэг.  Үүнээс 15.000 орчим нь хуримын ёслолын хувцас байдаг.  Ер нь солонгосчууд гар аргаар хослол хийх урлаг талдаа маш чадварлаг хүмүүс л дээ. Гар аргаар урлаачдын дэлхийн хэмжээний том тэмцээнд сүүлийн 15 жил дараалж түрүүлсэн гэдэг юм байна лээ.

Солонгосын нэр хүндтэй одуудын хувцсыг урлаж байсан гэсэн. Тэд их л өндөр шалгуураар үйлчлүүлэх газраа сонгодог байх? 

-Солонгосын загварын ертөнц Азидаа болон дэлхийд танигдаж чадсан. Солонгосын жүжигчдийн хослолынх нь размер нь захиалгын газруудад байдаг.  Зөвхөн олны танил одуудтай харьцдаг менежерүүд тусдаа.  Ирэх саруудад ийм арга хэмжээнд оролцож, ийм дүрд тоглоно гээд мэдээлэл нь бидэнд ирдэг л дээ. Жүжигчдийн менежертэй нь ярилцаад захиалгын хослолоо дамжуулснаар тэд сонголтоо хийдэг гэсэн үг. Холливудын одууд ч ийм маягаар хувцсаа сонгодог гэж сонссон. Хувцсыг тэд өөрсдөө худалдаж авах биш, өөрт нь хувцсаа өмсүүлнэ гэдэг маш том сурталчилгаа, нөгөө талдаа тухайн брэндийг сонгож өмсөнө гэдэг тухайн брэндийн хослолыг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байгаа юм.

Монголынхоо ажил хэрэгч хүмүүсийн хувцсыг ажиглахад ямар сэтгэгдэл төрөв? Хувцаслах урлагт манайхан хэр суралцсан гэж боддог вэ? 

-Миний түрүүний хэлсэнчлэн үнэтэй брэнд гэхээсээ илүү өөрт нь зохисон хувцсыг сонгоно гэдэг хамгийн зөв сонголт. Гадныхан ч брэнд гэхээсээ илүү өөрт нь зохисон, биед нь эвтэйхэн таарсан загварыг сонгодог. Эмэгтэйчүүдийн хувьд өнгөний сонголтдоо их анхаарах хэрэгтэй. Туранхай харагдахыг хүсвэл бараан судалтай даавууг сонгох гэхчлэн нэлээн бодолтой хандах хэрэгтэй байх.   Хослолын хувьд улс төрчдийнхийг их хардаг л даа. Томдсон, ханцуй нь унжсан хослол өмсөх нь түгээмэл байна. Сорочкан цамцаа ч бас тааруулаагүй байх нь түгээмэл юм билээ. Бие бялдар, ажил мэргэжил, амьдралын хэв маягтаа тохируулан сонгоход захиалгын хувцасны үйлчилгээ тусална. Энд Англи, Итали хослол, хамгийн түгээмэл нь Турк  юм байна, Монгол хүнд зохицох тал дээрээ их учир дутагдалтай.

Ер нь дээр үед хослолыг гар аргаар захиалан хийж өмсдөг байсан. Харин цаг хугацааны явцад бэлэн хувцас хийдэг маш олон брэндүүд бий болсон. Хүмүүс сонгож хэрэглэх нь их байсан хэдий ч бэлэн хувцас маань өөрөө учир дутагдалтай юм. Яагаад гэвэл бүх хүний бие харилцан адилгүй учраас тэр бүр хүмүүсийн сэтгэлд 100 хувь  нийцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөн дэлхий нийтээрээ эргээд захиалгын хослолын эрин үе рүү буцаж байна. Өөрсдийн гэсэн хослолын загварын хэв маягийг бий болгох гэсэн зорилго маань ч үүнтэй холбоотой

               Хослол захиалахдаа даавууны гэрчилгээ, өөрийн үйлдвэртэй эсэхийг анхаарах хэрэгтэй

Манай зарим эрчүүд Солонгост очиж костюмаа захиалдаг байсан бол одоо Монголдоо захиалга өгч цаг, мөнгөө хэмнэдэг болж эхэлж байна. Танайтай адил үйлчилгээ санал болгож байгаа өөр газар ч бас бий. Арко Валено юугаараа давуу гэж гэсэн асуултыг сонирхож байгаа хүмүүс эхлээд асууж таарна?

-Захиалгын хослолын брэнд нь өөрсдийн гэсэн хувийн үйлдвэртэй байх нь хамгийн чухал. Солонгост захиалгын хувцас санал болгож байгаа өчнөөн мянган газар байгаа ч бүгд өөрийн гэсэн үйлдвэртэй л гэж танилцуулдаг, бодит байдал дээрээ үйлдвэртэй нь гарын таван хуруунд багтана.  Арко Валеногийн гол давуу талын нэг бол гар арга, хагас гар аргаар хийдэг захиалгын хамгийн том үйлдвэртэй, мэргэжлийн эсгүүрчид, оёдолчид үйлвэрийн ажилчид л гэхэд 200 орчим хүн бий. Монголд захиалгын хослолын мэргэжлийн эсгүүрчин, оёдолчин байхгүй учраас захиалгаа Солонгосын үйлдвэрлүүгээ явуулах нь захиалагчдын маань өндөр шаардлагад дүйнэ. Захиалгын хувцас гэдэг бол ажил мэргэжил амьдралын хэв маяг, биеийн онцлогт нь тохирсон хувцас урлаж өгөх үйлчилгээ юм. Ажил хэрэгч хүмүүс өдөрт 12 цаг хослол өмсдөг гэж бодохоор хэт бариу хувцас тохиромжгүй, биед эвтэй, эмх цэгцтэй хэрнээ загварлаг байх нь чухал. Монгол хүний биеийн онцлог гэж байна. Солонгосчуудтай харьцуулахад арай яс томтой, мөр өргөн, хүзүү урт ч гэдэг юмуу онцлогууд бий.

Үнийн хувьд?

-Дэлхийн аль ч захиалгын газар даавууны брэндийн сонголтоос үнэ нь  хамаардаг .  Костюмны хувьд хамгийн багадаа 850 мянгаас эхэлж байна, захиалгын цамцны хувьд 200 мянга байдаг.  Хүзүүний уртаас хамаарч захыг өндөр хийх үү богино хийх үү гэдэг бас их чухал. Хүзүү богинотой эрчүүдийн хувьд богино захыг сонгох нь дээр. Захны сонголт гэхэд 20-30 төрөл байна. Тухайн хүнд зориулж цор ганцыг хийсэн гэдэг утгаараа нэрийг нь бичих үйлчилгээ ч бий. 100 хувь даавуун сорочка биед эвтэйхэн хэрнээ дутагдалтай тал нь маш их үрчлээс суудаг. Тийм учир сорочканы даавууны хувьд 40 хувь нийлэг материал, 60 хувийн даавууны орцтой. For skin гээд солонгос брэндийг манайх сонгодог. Эмэгтэй хувцасны хувьд материал, загвараасаа шалтгаалах учир жишиг үнэ хэлэх хэцүү. Захиалгын хугацааны хувьд хагас гар аргаар хийхэд 14-20 хоног, гар аргаар бол 21-28 хоногт гардаг. Солонгостоо ч хугацаа нь ийм байдаг. 

Хослолын дизайнер захиалагчийнхаа биеийг хараад энэ хүнд ямар хослол илүү тохирох вэ гэдгийг ажиглаж тухайн хүний хүсэл сонирхолтой өөрийн саналыг нийцүүлэн загвараа гаргах чухал.

Материалын сонголт гэдэг бол хослолд их чухал үзүүлэлт болдог. Танайх татан авалтаа хаанаас хийдэг вэ?

-Материал асар чухал. Тухайн улсаас нь импортолж авсан гэрчилгээг үзэх хэрэгтэй.  Бидний хувьд яг хослолд тусгайлан зориулсан Самсунгын Golden tex гэж брэндийн даавуу, Италийн 300 жилийн түүхтэй Canonico, Trabaldo Togna, Lora Piano, Английн  Scabal брэндийн даавууг санал болгодог.

 Удсан даавуу, бэлэн хувцасны даавуу, хуурамч даавуу гэсэн ангилал бий. Агуулахд 2-3 жил болсон даавуугаар хослол хийхэд өнгө болон загварын хувьд ч тэр эдэлгээний хувьд муу байж таарна. Удсан даавууг сошиал медиагаар 20-30 хувийн хямдралтай гээд борлуулдаг. Бэлэн хувцасны даавуу гэдэг нь хослолд зориулагдаагүй, үүнийг олон улсад OEM даавуу гэж нэрлэдэг. Хамгийн аюултай даавуу бол хуурамч даавуу. Ихэвчлэн Итали, Англи гэж сурталчлан хуурамч даавууг зардаг. Гаалийн бичиг болон тухайн улсын даавуу гэсэн бичгийг шалгаж үзэх нь чухал. Эдгээр даавууг ялгахад хэцүү ч хамгийн энгийн  арга болох захиалсан хослолын доод талд нугалааг эргүүлээд харахад сэлвиж буюу оригинал даавууны нэр логог шалгаж үзэх нь хамгийн энгийн арга юм. Энэ утгаараа манайх Солонгост хамгийн их үйлчлүүлэгчтэй. Каннам стайлыг дуулсан PSY, Монголчуудын ярьж заншсанаар  Инха гээд олон одууд сонгон үйлчлүүлдэг .

Ажил хэрэгч хувцасны сүүлийн үеийн тренд ямар байгаа вэ?

-Өнгөний чиг хандлага бол мэдээж улирлын чанартай. Хавар, зуны дэлгэр цагт маш их гэгээлэг өнгийг сонгож байна. Судалтай, дөрвөлжин шоотой даавуу нь  бүгд өөрийн гэсэн утга санаа агуулдаг. Миний өмссөн пиджакны үл мэдэг хээ гэхэд шувууны нүд гэсэн нэртэй итали даавуу, хүний нүдэнд маш эвтэйхэн харагддаг даруухан загвар юм. Сүүлийн үед Солонгост хослол дээр тэлээ зүүхээ больж байгаа. Тэлээний оронд ташаан дээрээ хэмжээ ихэсгэж, багасгагч хийж өгдөг нь маш цэвэрхэн харагдуулдаг. Тэлээний оронд мөрөвч их хэрэглэж байна.

Арко Валеногийн салбарыг нээхэд хөрөнгө оруулалтыг тэд хариуцсан уу? Нууц биш бол ямар хэлцэл хийсэн бэ? 

-Тэнд анх дизайнераар ажиллаж эхэлсэн цагаасаа л монголдоо энэ соёлыг түгээх зорилго тавьж өөрийн гэсэн хуримтлалыг бий болгосон, түүгээрээ 60-80 хувийн хөрөнгө оруулалтыг өөрөөсөө гаргасан. Манай захирал 35 настай маш чадварлаг бизнесмэн бий. Өнгөрсөн зун монголд авчираад эх орноо үзүүллээ, манай байгалийн үзэсгэлэнд их татагдаж, компанийнхан маань ирэх зун говиор аялах болоод буцсан. Миний хувьд энэ туршлагатай брэндийн бааз суурийг ашиглаж байж Mongolian suite гэсэн брэндийг гаргаж ирэх зорилготой.

 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө