2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ТОД ТУСГАЛ

Г.Лхамсүрэн: ХХI зуун Монголчуудынх байж болно

— Б.Батцэцэг   2020 оны 04 сарын 03

Хэвлэлийн нүүр, дэлгэцэнд тодрох улс төрч, жүжигчин, дуучин төдийнхнөөр нийгмээ төсөөлөх нь өрөөсгөл. Тодроод явахыг хүсдэггүй бүтээгчид бидний дунд нэг биш. Тэдний нэгийг “Тод тусгал” ярилцлагадаа урьлаа. Та бүхэн танилцана уу...

Г.Лхамсүрэн. ICT группийн ТУЗ –ийн дарга. Манай улсын мэдээлэл технологийн салбарын урдаа барьдаг цөөхөн компанийн нэгийг үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн IV хувьсгалд монголчуудыг манлайлан уриалагч. 1500 орчим хувьцаа эзэмшигчээс 1.5 сая америк доллар босгож чадсан шинэлэг, бас нээлттэй компанийн удирдагч. 

Түүний үзэл бодол, үнэт зүйл, зан чанар манай нийгэмд тийм ч элбэг биш тул түүнтэй ярилцсан цөөн хором сэтгүүлч надад туйлын таатай, үнэтэй байв.

Гурван сая монгол хүн мэдээлэл технологийн хүч чадлаар 300 сая мэт хүчтэй байж болно

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд, дэлхийн тэрбумтнуудын голчлон тоглож буй хиймэл оюун ухаан, IT технологийн салбарын хөгжил, хөгжүүлэлтийн давалгааны хаана нь бид яваа бол? Аж үйлдвэрийн IV хувьсгалд хэр оролцоотой байгаа бол? Манай улс тоглогч байх боломжтой юу? 

Би их олон төрлийн бизнес хийж үзсэн. Санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилгын салбаруудад хүч үзлээ. Энэ дундаас яагаад IT салбарт тогтоод үлдчихэв гэвэл манай нийгмийн бусад салбаруудаас хамгийн системтэй, зохион байгуулалттай хөгжих боломжтой салбар юм байна гэж харсан.  

1990 оноос хойш манай бүх салбар ямар ч системгүй, зохион байгуулалтгүй хөгжиж ирлээ. Хөдөө аж ахуйн салбар гэхэд л импортын будаа, үр тариан дээр оршин тогтнож байх жишээтэй. Энэ чинь системийн гажуудал. ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжлээ л гэнэ, хүүхдүүд энэ сургуульд сурахгүй, тэр сургуульд сурна л гэнэ. Энэ бүхэн системийн гажуудлаас үүдэлтэй гэж боддог. Эрүүл мэндийн салбараа харъя. Шинжилгээ хийлгэхийн тулд Баян-Өлгий аймгаас УБ-т ирж байгаа явдал бол систем нь хэвийн биш байгаагийн л илрэл. 

Манай бүх салбар системийн гажуудлаас үүдэлтэй хөгжлийн гацаанд байгаа. Тэр бүхнээс системийн шинэчлэл хийх боломжтой, залуу салбар нь мэдээлэл технологийн салбар гэж би үзсэн. 

Энэ цаг үе бол монголчууд бидэнд илүү том боломж олгож байгаа цаг үе. Бид дэлхийд хамгийн том их гүрнийг байгуулж чадсан түүхтэй ч тэр түүхээс маань бидэнд юу үлдэв. Омогшил л үлдсэн байж болно. 

Амьдрал өөрөө математик. Өдөр тутмын амьдрал тэр чигээрээ тэгшитгэл. Машинтай явж байгаад хэдэн метрт тоормослох вэ гэдгээс эхлээд та бид хоёрын ярилцаад сууж байгаа нь хүртэл тэгшитгэл. Бид хоёр ярилцаж эхлээд хэдэн минутын дараа үр дүн гарч эхэлнэ гэдэг ч юм уу. Математикт олонлогийн томъёо гэж байдаг. Бид 3 сая 200 мянгуулаа гэж тооцвол ийм тооны хүнд эмнэлэг төд, төчнөөн дэлгүүр, төдий тооны барилгын компани байх ёстой гэх мэт. Гэтэл өнөөдөр байр болгоны үүдэнд дэлгүүр, эмийн сан байх жишээтэй. Гурван сая хүнд ахадсан ББСБ, барилгын компани, дэлгүүр ажиллаж байна. Энэ чинь нөгөө миний хэлээд байгаа систем байхгүйгийн илрэл. Миний тооцоогоор 3 сая 200 мянган хүнд сайн сэтгүүлч маш цөөхөн оногдох ёстой. Харин энэ тоо ямар байгаа билээ. Энэ системийн гажуудлыг засахын тулд асар их цаг хугацаа, хүч, энерги зарцуулах шаардлагатай болно.

Бид таны хэлж байгаа тэр боломжуудыг ашиглаж эхэлсэн болов уу?  Хэрхэн амжилттай ашиглах вэ? Хэнээс юунаас энэ бүхэн хамаарах вэ? Бусад салбарууд шиг системийн гажуудалд хүргэхгүйн тулд анхнаасаа бас анхаарах зүйлс байгаа байх? 

Мэдээлэл технологи бол харьцангуй залуу салбар. Сүүлийн үед дижитал технологи, хиймэл оюун ухаан, блокчэйн гэх мэтээр хурдтай хөгжиж байна. Google, Amazon дэлхийн хамгийн том компанид тооцогдох боллоо. IT -ийг өөртөө нэвтрүүлэхгүйгээр аль ч салбар хөгжих боломжгүй болчихлоо. Дэлхийн ирээдүйн чиг хандлага мэдээлэл технологи болон бусад гэсэн чиг хандлагаар хөгжих нь ойлгомжтой байна. Энэ бүхэн хүн төрлөхтний эртний мөрөөдөл болсон робот, мөнх амьдрах хүслийг нь даган гарч ирж буй хөгжил. 

Ирээдүйн дэлхийн чиг хандлага робот, хиймэл оюун ухаан, блокчэйн болох нь тодорхой болчихлоо. Энэ бол байгалийн жам ёсны хөгжил. Зарим хийсвэр сэтгэгчид хэлж байна. Дараагийн 20 жил дэлхий англиар ярихгүй, кодын хэлээр ярина гэж. Дэлхий програмчлалын хэлээр ярьж эхэлнэ гэсэн үг. Тиймээс би монгол залуусаа олноороо мэдээлэл технологийн ажилтнууд болоосой гэж хүсч байна. Мэдээж эмч, багш болж болно. Гэхдээ програмчлал мэддэг, түүнийг ашигладаг эмч, багш байж яагаад болохгүй гэж. Өнөөдрийн энэ их бичиг цаас, авлигал, татварын тогтолцоо, буруу системийг арилгах хамгийн том боломж бол мэдээллийн технологи.  

Хүмүүс ирээдүйд үнэний асуудалтай тулгарна. Бүх зүйл кодлогдоод програмчлагдах учраас бие биенээ хуурч мэхэлж чадахаа болино гэсэн үг. 

Хүн болгон өнөөдөр онлайн цахим бүртгэл, онлайн данстай болчихлоо. Аажим аажмаар IT салбар чинь бидний амьдралд улам гүн орж ирсээр л байна.

УБ хотын автобусыг бэлэн мөнгөний төлбөр тооцооноос картын системд шилжих том төслийг УБ хот БНСУ -ын компаниар хийлгэж байсныг санаж байна. Энэ мэтчилэн мэдээлэл технологийн шинэ үйлчилгээ, салбарын технологийн дэд бүтцийн шинэчлэлд гадны компаниуд оролцох нь их. Гэтэл энэ бүхэн маш том мэдээллийн алдагдал юм шиг санагддаг? 

Дэлхийн улс орнууд өөрсдийн гэсэн хил хязгаартай явж ирсэн. Тухайн улс, ард түмний бүх зүйл хилийн шон дотор аюулгүй байдлаа хангаж оршдог байсан бол XXI зуунд бүх мэдээлэл сервер буюу дата дотор багтдаг болчихлоо. Бидний хил хязгаар ч бас дата дотор агуулагддаг болж байна. Ийм нөхцөлд гадаадын компанид мэдээлэл, нууцаа алдана гэдэг чинь хилийн тортой шугам руу гадаадын цэрэг нэвтэрч байгаагаас ялгаагүй. Яагаад америкчууд хятадын Huawei-ийн эсрэг дайн зарлах болов гэдэг чинь их учиртай. 

Бид сервер буюу датагаа алдана гэдэг нь тусгаар тогтнолоо алдаж байгаагаас ялгаагүй. XXI зууны аюулгүй байдал, батлан хамгаалах систем гэдэг маань ерөөсөө л датагаа буюу серверээ хамгаалахыг хэлж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл буу зэвсэг бариад дайтахаас илүү мэдээллийн их дайн том гүрнүүд, дэлхийн том корпарициудын дунд өрнөж байгааг бид харж байна. Мэдээлэл бол зэвсэг, давуу тал. Энэ бүхнээ хамгаалах систем маш чухал болсон. 

Монголчууд бид "саалиа бэлдэхээр саваа бэлд" гэгчээр "Дата төв"-өө байгуулсан. Мөн 2012 онд Ай Түүлс гээд хувийн дата төвийг ч бас байгуулсан. Энэ төвд манай мэдээллийн сайтуудын 50 орчим хувь нь байршиж байна. Намайг Монгол улсын иргэн гэдгийг батлах бүх мэдээлэл дата дотор оршиж байгаа. Гэтэл үүнийг маань гадаадын хакер "delete" хийгээд устгачихвал би Монгол улсын иргэнээс  хасагдаж байгаагаас ялгаагүй. Улсын маань архивын газрыг бүхлээр нь шатаачихснаас ялгаагүй л дээ.

Ай Түүлс компанийн талаар асуумаар байна. Танай компани IPO-гоо амжилттай хийж, боломжийн мөнгө бирж дээрээс босгосон байдаг? Ийм боломж танай салбарын олон компанид нээлттэй юу?

Ай Түүлс компанийг 2011 онд байгуулсан. Хувийн хэвшлийн Дата центр гэж болно. Одоо манай дээр Монголын нийт вэб сайтын 50 хувь нь байршиж байна. Надтай хамт үүсгэн байгуулсан Баттамир бид хоёр арван жилийн найзууд. Баттамир маань IT-ийн мэргэжлийн хүн. Бид компанийн зөв засаглалтай байж, бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийхийг хүссэн. Манай компанийн засаглал IPO хийснээр олон нийтийн оролцоотой, хөндлөнгийн удирдлагатай болж чадсан. Нээлттэй компани гэсэн үг. Өөрөөр хэлвэл зөвхөн Лхамсүрэн, Баттамир хоёр биш 1500 гаруй хувьцаа эзэмшигчтэй, 8000 гаруй хэрэглэгч аж ахуйн нэгжтэй байна. Бид Ньюс.мн, Блүүмберг, Ард санхүүгийн нэгдэл зэргийн бүх мэдээллийг дата хэлбэрээр агуулж, ажилладаг. Нээлттэй компани болсноороо манай аюулгүй байдал илүү сайжирсан гэж хэлж болно.

Асуудал их байх тусам ихийг хийж бүтээдэг

Манай улсын салбаруудын систем, хөгжлийн гажуудал, салбарынхаа өнөөгийн болон ирээдүйн байдлыг ярьж байгаа тань надад сэтгэгдэл төрүүлж байна. Би тантай  ярилцлагаас өмнө гурван удаа уулзаж байсан. Маш энгийн, даруу байдал тань бас анхаарал татаж байлаа. Лхамсүрэн гэж хувь хүний зан чанар үзэл бодлыг сонирхмоор байна? 

Хүмүүс итгэхгүй байх. Намайг тавдугаар ангид байхад “Маззи” гээд англи хэлний хичээл Үндэсний телевизээр явдаг байлаа. Тэр үед сонин дээрээс “Ленин” гэдэг ганцхан цайны халбага уран буюу цөмийн эрчим хүчээр ажилладаг мөс зүсэгч хөлөг онгоцны тухай уншсан юм. Үүнийг уншчихаад би англи хэл сураад, дэлхийн хамгийн баян хүн болох юм сан. Тэгээд Монголдоо атомын цахилгаан станц барихсан гэж хүссэн ухаантай. Хэрэв тэгвэл тог тасарна гэдэг зүйл байхгүй болно гэж бодсон юм. Тэгээд би дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтст хандаж та Монголд атомын цахилгаан станц барихад туслаач гэж англиар захиа бичихийг хүссэн ухаантай. Ингэж анх англи хэлийг сурч байлаа. Би эх орныхоо үнэгүй боловсрол, үнэгүй эрүүл мэндийн системээр хүн болж, өдий зэрэгтэй яваа. Тиймээс эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл заавал хийх ёстой гэж бодсон. Энэ улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулахын тулд мэдээлэл технологийн салбар луу орсон гэж хэлж болно. 

Далайд гарцгүй байдал, хоёр том хөрш зэргээсээ үл хамааран хөгжиж чадах салбар бол мэдээллийн технологи.

Хүмүүсийн зарим нь мөнгөтэй баян байгаагаа сайхан амьдарч байна гэдэг бол үлдсэн зарим нь амар тайван, элэг бүтэн амьдарч байгаагаа сайхан амьдрал гэдэг. Харин таны хувьд?

Улаанбаатар хот маань олон сайхан өндөр барилгатай болчихлоо. Энэ хөгжлийн нэг үзүүлэлт мөн үү гэвэл мөн. Гэвч бид боловсрол, эрүүл мэнд, хүний эрх зэрэг хөгжлийн үндсэн тулгууруудаа хөгжүүлж чадаагүй юм шиг надад санагддаг. 

Миний одоо хийж байгаа ажил, хэрэгжүүлж буй төслүүд маань Монгол улсын иргэн болгон эрүүл мэндийн үйлчилгээг ижил тэгш авдаг байгаасай гэсэн сэтгэлгээний үүднээс эхэлсэн ажлууд.

Нэг танихгүй залуу гарч ирээд гурван саяуулаа инээх нь миний хувьд аз жаргал гэж ярихаар хүмүүс гайхаж байгаа байж болох юм. Таныг хоёр, гурван ч хүний амийг аварч, аз жаргал бэлэглэсэн гэж сонссон?

Аливаа улс орны эрүүл мэнд, боловсролын салбар нь бизнес болчихоороо гажуудал үүсдэг юм байна. Бид өнөөдөр хорт хавдар зэрэг олон өвчин, олон муу үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Хүнд өвчин туслаа. Цаана нь заавал өндөр үнэтэй эмчилгээ, хагалгаа гэх мэт мөнгөний асуудал яригдана. Яахав дээ. Хэн нэгэн бизнесмэн, олон нийт хандив өгөөд тусалж болно. Гэвч хэчнээн хүний амийг ийм маягаар аврах вэ. Магадгүй нэг, хоёр, гурав л байх. Тиймээс бид эрүүл мэндийн энэ системээ үндсээр нь өөрчилж байж энэ бүхнийг өөрчилнө. 

Бидний нөхөд хоёр ч хүний эмчилгээний зардлыг шийдэж байсан юм. Нэг нь гадаадын нэг хүнд элэг шилжүүлэн суулгахад нь тусалсан юм. Магадгүй зарим хүн гадаад хүнд тусалж гээд тааламжгүй хүлээж авч болох. Тэр хүн маань одоо сайхан эрүүл саруул явж байгаа. Өөр нэг монгол хүнд бөөр шилжүүлэн суулгахад нь тусалсан. Одоо мөн адил сайн сайхан яваа. Энэ бүхнийг би сайрхах гэж дурсаагүй. Бид хэчнээн хүнд ийм маягаар тусалж чадах юм бэ гэдгийг хэлэх гэсэн юм. Тиймээс бид бодож байгаад цахим эрүүл мэндийн платформ бүтээсэн. Баян-Өлгийд байгаа өвчтэй хүн Улаанбаатартай интернэтээр холбогдоод шинжилгээгээ өгөөд хариугаа авчихдаг. Үзүүлсэн өвчнийх нь бүх түүх тэр хүндээ хадгалагдаж байдаг, эмчээс онлайнаар зөвлөгөө авчихдаг болгох зорилготой платформ юм л даа. Үүгээрээ бид иргэдийн эрүүл мэндийн боловсрол, ойлголтыг өөрчилж, улс орныхоо эрүүл мэндийн салбарт бодит хөрөнгө оруулалт хийхийг хүссэн юм. E-Clinic гэдэг нэртэй.

Хувиа хичээсэн аминчхан үзэл дэлгэрч байгаа энэ цаг үед бусдын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэл төрж, түүндээ цаг хугацаа, мэдлэг чадвар, санхүүгээ зориулна гэдэг бас л ховор үзэгдэл л дээ?  E-Clinic энэ системийг судалж үзэхэд монгол хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэхэд маш хялбар болох юм шиг санагдсан? 

Магадгүй тэрбум гаруй хүн дотор дор хаяж 10 мянган Лхамсүрэн, Баттамир байгаа. Гэтэл гуравхан сая хүнтэй Монголд бид бүгдээрээ ганцхан. Тиймээс бид нар бие биенээ хайрлах ёстой. Хоёрхон хүүхэдтэй айл бол ОК. Та хоёр хоёулхнаа юм чинь бие биенээ тусалж дэмжиж яваарай гэж ээж аав, эмээ өвөө нь захидаг биз дээ. Гэтэл олон хүүхэдтэй айлд бол би хэн нэг эгчтэйгээ бусдаас нь илүү ойр дотно байх жишээний. Иймээс гуравхан сая хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж болох боломжтой зүйлсийг хийе гэж бодсон юм. Би сайндаа үүнийг хийж байгаа юм биш. Зүгээр л иргэний үүргээ гүйцэтгэж байна гэж боддог. Энэ улс орондоо үнэгүй боловсрол эзэмшиж, үнэгүй эмнэлэгт үзүүлж хүн болсон хүний хувьд би эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулах учиртай биз дээ.

Үүргээ ухамсарлаад цааш нь түүнийгээ нэр төртэйгээр биелүүлж амьдардаг тань шиг иргэн хаанаас бэлтгэгдээд гараад ирсэн юм бэ? Дэлхийн том корпарацийн захирлыг приус унаж тосоод ажил хөөцөлдөхөд ичих зүйлгүй гэж та ярьж байсан. Тэр таны машин байсан уу? Хэт даруухан амьдрахад манай нийгэм тийм ч таатай нөхцөл болохгүй гэж би боддог? 

Тийм тал бий. Би менежер хүн. Тиймээс өнөөгийн нийгэмтэйгээ зохицсон арга барилаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэхдээ энэ нь өөрийнхөө анхны хандлага, зорилгыг умартана гэсэн үг биш. Уусч, хувирч болохгүй. Бусдаар шүүлгэж, дүгнүүлж амьдарна гэдэг өрөөсгөл ойлголт. Би өөрийнхөө амьдралыг эцсийн мөчид өөрөө л дүгнэнэ. Миний амьдрал ямар байв, үнэ цэнэ нь хаанаа байв гэдгийг би өөрөө л дүгнэх учиртай болохоос өөр хэн нэгэн дүгнэхгүй. Хүн болгон адилгүй байж болох ч өөрийнхөө хүсэл зорилгыг бусдад ойлгуулж чаддаг байх хэрэгтэй. Би өөрийнхөө зорилго, юу хүсч байгаагаа компанийнхаа хамт олонд ойлгуулж чадсан гэж боддог.

Үүргээ ухамсарлах нь хувь хүний хүмүүжил. Хэтэрхий шашинлаг биш ч гэсэн надад өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл бий. Би энэ амьдралынхаа хамгийн сүүлийн мөч хүртэл аз жаргалтай байж чадах тийм өгөгдөл надад байдаг гэж боддог. Энэ бол миний гэр бүлийн хүмүүжил. Хорт хавдраар жишээ авъя. Хүний сайн эд эсүүд нийлж бусад муу эсүүдээ дарангуйлсны хүчинд тэр өвчнийг ялдаг. Үүнтэй адилхан хүн болгонд зөв, сайн иргэн байх, зөв хүн байх бодит боломжууд байгаа. Би өөрийгөө сайн иргэн биш, жирийн л нэг иргэн хүн гэж хэлмээр байна.

Бид МУ -ын ЭМ -ийн технологийн суурь дэд бүтцийг хийж байна

Одоо ажиллаж байгаа E-Clinic төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Аливаа том төслүүд том асуудлыг шийдэхийн тулд байдаг хэрнээ хувь хүн, иргэнд хүрэхдээ жаахан тааруу болчихоод байдаг тал анзаарагддаг? Эрүүл мэндийн технологийн суурь шийдэл гэж та хэлсэн? 

Монголчуудын дөнгөж 30 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, үлдсэн 70 хувь нь өвдсөнийхөө дараа хэвтэн эмчлүүлдэг. Тэгвэл манай платформ ажиллаж эхэлснээр 70 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, 30 хувь нь хэвтэж эмчлүүлдэг болоосой гэж хүсч байна. Манай аппликэйшнийг хүн бүр гар утсан дээрээ татаад хэрэглэчих боломжтой. Одоогоор хувийн эмнэлэг, лабораториуд манайд нэгдчихлээ. Яваандаа улсын эмнэлэг, өрхийн эмнэлгүүд хүртэл бүгд нэгдээсэй гэж хүсч байгаа. Улсын эмнэлэг дээр яваад очиход заавал 13 дугаар маягтаа авчир гэж нэхдэг. Энэ хоцрогдсон үйлчилгээг манай E-Clinic-т нэгдсэнээр өөрчлөх бүрэн боломжтой. Гэвч манай төрийн аппаратын ажил явагдах үйл явц хэтэрхий удаан байгаа учраас бид хамгийн түрүүнд хувийн эмнэлэг, лабораториудыг нэгтгэсэн.

Хүмүүс заавал эмчийн өөдөөс харж сууж байгаад зөвлөгөө авбал сая нэг санаа нь амардаг шүү дээ?

Энэ бол ганцхан манай монголчуудын биш, дэлхийн бүх хүмүүсийн зан. Гэвч энэ сэтгэлгээ аажим аажмаар өөрчлөгдөж байгаа. Өөр болно гэдэгт итгэлтэй байна. 

Миний цусны шинжилгээ аль нэгэн гадаад дотоодын эмнэлэг, лаборатори биш, миний өөрийн л өмч байх ёстой.

Яг энэ сэтгэлгээн дээрээс E-Clinic-ийг бүтээх эхлэл тавигдсан гэж хэлж болно. Манай E-Clinic-ийг ашиглаж байгаа тэр хүн Гялс төвд өгсөн шинжилгээнийхээ хариуг заавал тийш нь очилгүйгээр өөрийнхөө нууц үгийг хийгээд л утсан дээрээ гаргаж ирээд Улаанбаатар Сонгдогийн эмчид харуулчих боломжтой гэсэн үг. Харин хувь хүний нууцлалыг яаж хадгалахын тухайд бид нар блокчэйн технологийг ашиглаж байна. Тиймээс нууцлал өндөр гэж ойлгож болно.

Өөрт тань ямар ашиг байгаа вэ?

Мэдээж бизнесийн байгууллага учраас ашиг харалгүй яахав. Бидний, манай хамт олны ашиг гэвэл бид өөрсдийнхөө хүсч, мөрөөдсөн зүйлийг хийж чадсан явдал. Харин бидний хийсэн платформыг ашиглаад шинжилгээнийхээ хариуг замын түгжрэлд түгжрэлгүй онлайнаар авч, мөн л онлайнаар эмчээсээ зөвлөгөө авчихна гэдэг үйлчлүүлэгчдийн буюу нийт монголчуудын ашиг. Мэдээж тодорхой хэмжээний мөнгөн ашиг байлгүй яахав.

Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө