2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Б.Ууганцэцэг: Стресстэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хийлгэхдээ илүү уурладаг

— Ч. Баяржаргал   2021 оны 09 сарын 14

 "Сэтгэлийн дархлаа" энэ удаад "Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл зүй, эцэг эхчүүд хэрхэн харилцаж, хичээлийг нь үр дүнтэй хийлгэх"  талаар  “Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн Гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

Бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлог, аливаа мэдээллийг хүлээж авах, суралцах байдал нь ямар байдаг вэ? 

Юуны өмнө эцэг, эхчүүд хүүхдийн нас зүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Сургуулийн өмнөх насны хүүхэд, сургуулийн насны хүүхдүүдийн хооронд хүмүүжлийн арга барилын ялгаа мэдээж гарна. Тиймээс хүүхдийнхээ насны онцлогийн тухай мэдэж байх хэрэгтэй. 

Бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэлийг тооцох чадамж сул, хэлсэн үгийг хурдан мартдаг, хөдөлгөөн ихтэй, эерэг, сөрөг, сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг учир аав ээжийнхээ тэвчээрийг барах тохиолдол бий. 

Тиймээс аав ээжүүд маань энэ онцлогуудыг мэдэж, ойлгож хүлээн авах нь чухал юм. 

Бага ангидаа хүүхэд ямар чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ? Суурь боловсролын тал дээр юуг чухалчилж үзэх вэ?

Сурч сурахын эхлэл нь сууж сурах явдал юм. Тиймээс хүүхдийг зөв суулгаж сургах нь хамгийн чухал. Сууж сурснаар анхаарал төвлөрөх болон тухайн зүйлээ ойлгож тогтоох боломжтой болдог. Хүүхдээ ширээн дээр суулгаж хичээл, даалгаврыг хийлгэхдээ дуу чимээ, анхаарал сарниах зүйлс, утаснаас хол байлгах нь зүйтэй.

Хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гэдэг эцэг эхчүүдийн хувьд хэцүүхэн даалгавар болдог. Ер нь хүүхдийнхээ хичээлийг хийлгэхэд сэтгэл зүйн талаас юуг анхаарах хэрэгтэй вэ? 

Хүүхдийн насны онцлогыг мэддэг байхаас гадна тухайн цаг үе орчны байдлыг мэдэрч хүүхэдтэйгээ харилцах нь зөв. Дээрх онцлогийг мэдээгүйгээс эцэг эхийн тэвчээр алдагдах байдал түгээмэл гардаг.

Сургуулийн бага насныханд даалгаврыг хийлгэхдээ тодорхой цаг гаргаж, дунд нь заавал 10 минутыг завсарлага авч байх нь чухал. 

Хүүхдийг тасралтгүй 2 цаг суулгаж даалгавар хийлгэнэ гэж тулгадаг жишээг ээж аав нар нэлээдгүй хэлдэг. Энэ нь буруу юм. Хүүхдийн сэтгэл зүй, анхаарал төвлөрөлтийг заавал харгалзан үзэх хэрэгтэй.

Хүүхдээ зодохгүй байя гэж хэчнээн хичээсэн ч заримдаа ганц тонших, чангахан шиг загнахгүй бол үнэндээ болохгүй байна гэж ярих эцэх эхчүүдийн яриаг нэлээдгүй сонссон. Эцэг эхчүүдийн өөрсдийн сэтгэл зүйн байдал хэр нөлөөтэй вэ? 

Хүүхдэдээ хүмүүжлийн буруу аргыг хэрэглэсэн буюу загнаж хатуурхаж тоншоод авсан үеэ та нэг эрэгцүүлээд бодоорой. Энэ үед та өөрөө тайван бус, уцаар цухал ихтэй байсан байдаг. Хүүхдийн буруугаас болж буруу арга хэрэглэдэг бус, та өөрөө тайван тогтортой байдлаа хадгалж стрессээ зөв тайлах хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс томчууд өөрийн бухимдлаа зөв тайлж, уурласан үедээ аль болох өөрөө хурдан тайвшрах аргуудыг мэдэх нь чухал юм шүү.

Цар тахал, хөр хорионы нөхцөл байдал нэлээдгүй удаан үргэлжилж байна. Энэ хугацаанд хүүхдүүд цахимаар хичээллэж байгаа нь сурах чадварт хэрхэн нөлөөлж байгаа бол? Ямар нэг судалгаа бий юу? 

Судалгааг боловсролын яам түүний харьяа газрууд хийж байгаа гэж найдаж байна. Миний хувьд судалгааг үзэж хараагүй явна. Сошиал орчинд эцэг эхчүүд, хүүхдүүд бие болон сэтгэл зүйн хувьд их ядарч туйлдах, хичээлдээ дургүй болох, юм хүлээн авах тэнхээгүй байх, анхаарал төвлөрөхгүй байна гэсэн сэтгэгдлийг хэлж байгааг нэлээдгүй харсан. Тиймээс ийм байдал сурах үйл явцад мэдээж саад болох нь тодорхой. Өдрийн аль нэг тогтмол цагт зурагт үзэхгүй, утас харахгүй байх боломжийг олгох хэрэгтэй.

Танхимаар орох, цахим хэлбэрээр хичээл орохын ялгаа, хүүхдийн хүлээн авах байдлын талаар? Анхаарах зүйлсийн талаар та зөвлөгөө өгөөч? 

Мэдээж цахим сургалтын сайн болон сул талууд бий. Анги танхимдаа суугаад багшийн хэлсэн зүйлийг цаг хугацаа орон зайн ялгаагүйгээр авахаас өөр л дөө. Цахим сургалтыг илүү амьд, өнгө, дуу, дүрс, авиаг тухайн хүүхдийн насны онцлогт илүү тохируулсан байх нь зүйтэй гэж бодож байна. Мөн даалгаврыг ойлгомжтой товч байдлаар хэлэх, даалгаврыг нь сануулдаг байх, холбоос хийдэг байх нь чухал.

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаарх эцэг эхчүүдийн мэдээлэл сайжирсан боловч бодит байдал дээр хэрэгжүүлэх арга эв нь нэг л таарахгүй байх шиг харагддаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ? 

Та хүүхдэдээ ямар сайн сайхныг хүсдэг вэ гэдгээ ойлгож тодорхойлж бичээрэй. Тийм сайн сайхныг хүсэж байгаа үрээ хатуу үгээр загнаж зэмлэх, тоншоод авах нь хэр зэрэг зөв бэ? Энэ асуултаас л эерэг хүмүүжлийн арга эхлэдэг.

Ихэнх цагаа гэртээ хүүхдээ харж, хичээлийг нь хийлгэж өнгөрүүлж буй аав, ээжүүдийн хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх вэ?

Ээжүүд ялангуяа цаг наргүй байх нь буруу юм шүү. Хааяа ч гэсэн өөртөө амрах, амсхийх боломж гаргаж байгаарай. Энэ боломжийг гэр бүлийн бусад гишүүд бие биендээ олгож, харилцан нэгнээ ойлгох нь чухал. Та өөрөө тайван стрессгүй байснаар үр хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх боломжтой. Манай аавууд хүүхэд хүмүүжлийн арга дээр аль болох идэвхтэй, оролцоотой байж эхнэрээ өөртөө цаг гаргахад нь тусгайлан цаг гаргаарай гэж зөвлөе.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө