2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Байнга санаа зовж, улиг болсон бодлуудад автвал сэтгэл түгших эмгэгтэй болно

— Ч.Баяржаргал   2019 оны 12 сарын 17

Бид өдөр тутмынхаа амьдралд ямар нэг байдлаар сэтгэл түгших, сэтгэлээр унах үйл явдалтай тулгардаг. Гэхдээ тухайн үйл явдал болоод өнгөрөхөд сэтгэл түгшилт арилж хэвийн байдалдаа ордог. Харин сэтгэл түгших, сандрах, зүрх дэлсэх зэрэг мэдрэмж үргэлж мэдрэгдээд байвал яах вэ? Энэ нь хэвийн зүйл үү эсвэл сэтгэцийн эмгэг үү? Хэвийн сэтгэл түгшилт, сэтгэл түгших эмгэг хоёрын ялгаа юу вэ? Сэтгэл түгших эмгэг 18-аас дээш насны хүмүүсийн 18 хувьд тохиолддог гэсэн дэлхийн хэмжээний судалгаа бий. Таван хүний нэг нь энэ эмгэгт өртдөг гэж харж болно. "Сэтгэлийн дархлаа" энэ удаа "Сэтгэл түгших эмгэг" сэдвээр "Аръяамед" сэтгэл заслын эмнэлгийн гүйцэтгэх захирал, сэтгэл засалч, сэтгэцийн эмч А.Солонготой ярилцсанаа хүргэж байна.

"Сэтгэл түгших" гэж яг юуг хэлээд байна вэ? 

Сэтгэл түгшилт нь хэдэн зуу, сая жилийн өмнөөс бидний өвөг дээдсээс генетикийн хувьд генд программчлагдаж бичигдсэн хэвийн зүйл. Өөрөөр хэлбэл стресс, айдас тулгарахад зугтах, дайтах байдлаар хариу үйлдэл үзүүлж байгаа процессийг хэлж байгаа юм. Сэтгэл түгшилт нь тархинд явагдаж байдаг химийн урвал. Сэтгэл түгшилт нь богино хугацаанд стресс үүсгэгч байх үед илрээд аяндаа өөрөө намждаг процесс. Жишээ нь, яарч байх үед замын түгжрэлд явах, гарцаар гарахад саадтай байвал уурлах, түгших нь хэвийн, богино хугацааны түгшилтүүд. Түгжрэлээс гараад өөр зүйлийн тухай бодох чадвартай болж, энэ түгшилт нь байхгүй болбол хэвийн сэтгэл түгшилт байсан гэж үзнэ.

Сэтгэл түгшилт нь тархинд явагддаг химийн урвал гэлээ. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Баруун тархины духны хэсэгт сэтгэл түгшилт үүсээд, тархины гүн дэх сэтгэл хөдлөлийн төв рүү нөлөөлснөөр стрессийн цахилгаанууд бий болно. Энэ цахилгаан нь нугасаар дамжин бөөрний дээд булчирхайд нөлөөлж, тэндээс адреналин ялгардаг. Адерналин нь вегетатив мэдрэлийн системийн симпатик салаанд нөлөөлж дотор  эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Жишээ нь шалгалтад орох гэж буй оюутан, олны өмнө гарах гэж буй хүмүүсийн гэдэс нь базлах, зүрх нь хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илрэх нь дээр дурдсан мэдрэлийн системийн үйл ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотой байх нь. Зүрхний цохилт нэмэгдэх, амьсгал давхцах, хөлрөх, нүүр халуун оргих зэрэг нь сэтгэл түгшилтийн үеийн шинж тэмдгүүд бөгөөд хэрхэн бий болдгийг дээр тайлбарлалаа. Хүүхэд дөнгөж төрөхдөө уйлдаг. Уйлах нь амьсгал нээгдэж байгаагийн шинж гэдэг ба нөгөө талаараа битүү тайван орчноос гадаад танихгүй орчинд орж ирэхээр стресс авч байгаагийн шинж. 

Өдөр тутмын амьдралдаа хүмүүс сэтгэл түгшилттэй байнга нүүр тулгардаг юм байна. Тэгвэл хэвийн сэтгэл түгшилт, сэтгэл түгших эмгэг хоёрын ялгаа юу вэ? 

Сэтгэл түгших эмгэг нь дотроо 40 гаруй эмгэг хэлбэртэй. 

Юунд санаа зовж байгаагаа мэдэхгүй зүрх нь дэлсэх, айдсын мэдрэмж төрөх, айх ёсгүй зүйлээс ч айх байдал хэдэн сараар үргэлжлэх юм бол сэтгэл түгших эмгэг болдог. Санаа зовох, сэтгэл түгших нь ихсэж, олон зүйлд санаа зовох, стресс даах чадваргүй болж зүрх дэлсэх, амьсгалахад саадтай болох, хоолой боох гэж байгаа мэт санагдах, хөлрөх, гар хөл чичрэх, толгой эргэх шинж тэмдгүүд нь хүчтэй, байнга илэрч байвал сэтгэл түгших эмгэг үүссэн гэж үзнэ. Харин дээрх шинж тэмдгүүд ямар нэг үйл явдал, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр илрээд богино хугацаанд арилж байвал хэвийн сэтгэл түгшилт гэж ойлгож болно. 

Таны дурдсан шинж тэмдгүүд байнга илрэх нь мэдээж сайхан мэдрэмж төрүүлэхгүй. Яагаад богино хугацаанд арилахгүй байгаа шалтгааныг нь тайлбарлаж болох уу?  

Ямар ч эмгэг маш олон зүйл бүрэлдэж байж үүсдэг. 

Сэтгэл түгших эмгэгт удамшиж буй хандлага ажиглагдсан. 

Мөн хувь хүний зан чанар ч нөлөөлнө. З.Фрейдын онолоор  байнга санаа зовдог, их юм боддог, юмаа мартдаг хүмүүс энэ эмгэгээр өвдөх магадлал илүү өндөр гэж үздэг.  

Аажуу тайван, гуниглах хандлагатай, унтах дуртай хүмүүс сэтгэл гутралд өртөмтгий. Харин хөдөлгөөн ихтэй, аливаад санаа зовомтгой, түгшдэг, юм бүхнийг цэгцэлж, төгс хийх гэж хичээдэг хүмүүст сэтгэл түгших эмгэг илүү тохиолддог. 

Хоёр дахь шалтгаан нь тархины химийн байдал.Тархинд маш олон гормон байдаг. Эдгээр гормонуудын баланс алагдах нь нэг шалтгаан болно. 

Байнга санаа зовох, цаг нь болоогүй зүйлийг эрт бодох, стресстэх, улиг болсон бодлуудад автах зэрэг нь тархийг ядраадаг. 

Тархи ядаргаанд ороход серотонины ялгарал буюу таныг тайван байлгадаг гормон ялгарахаа больж, мэдрэлийн эсүүд цуцна. Энэ үед нэг эсээс нөгөө эсийн хоорондох мэдээлэл дамжуулалт алдагдаж сэтгэл түгшилт үүсдэг. 

Дараагийн шалтгаан нь хооллолт. 

Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байх нь сэтгэл түгших эмгэгийн нэг шалтгаан болдог. Ялангуяа B6, B3, магни, витамин Д-ын дутагдахаас сэргийлэх хэрэгтэй. 

Эдгээр аминдэмүүд нь тархинд сэтгэл түгших эмгэгээс сэргийлэх хамгийн хэрэгтэй шим тэжээл гэж ойлгож болно. Мөн хөдөлгөөн хийх нь чухал. Сэтгэл гутралтай, сэтгэл түгшилттэй хүнд 30 минут алхахыг зөвлөдөг. Сэтгэл түгшилтийн үед их хэмжээгээр ялгардаг адреналин болон биеээр гүйж байгаа стрессийн цахилгаан цэнэгүүдийг зарцуулж, тайвшруулахын тулд хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингэж хөдөлгөөн хийж зарцуулахгүй түгшсэн байдалтайгаа зүгээр суугаад байвал биенд адреналин ялгарсан хэвээр, цэнэгжилт нь байсаар улам нэмэгдэж түгшсэн мэдрэмж арилахгүй.

Сэтгэл түгших эмгэг нь дотроо 40 хэлбэртэй гэж та хэлсэн. Тэдгээрээс нэрлээч?  Мөн монголчуудад аль төрөл нь түгээмэл тохиолдож байна вэ?

Сэтгэл түгших эмгэг 18-аас дээш насны хүмүүсийн 18 хувьд нь тохиолддог гэсэн дэлхийн хэмжээний судалгаа бий. Таван хүний нэг нь энэ эмгэгт өртдөг гэсэн статистик байдаг. Сэтгэл түгшилтийн 40 эмгэг хэлбэрээс хамгийн элбэг тохиолддог нь сэтгэл түгших түгээмэл эмгэг, "сандрах эмгэг"-ийн бүлэг юм. Америкт жил бүр зургаан сая 600 мянган хүн сэтгэл түгших түгээмэл эмгэгээр оношлогдож, зургаан сая нь сандрах эмгэгээр хямардаг. Сандрах эмгэг нь талбайн айдастай, талбайн айдасгүй гэсэн хоёр төрөлтэй. Талбайн айдас нь битүү орчинд орох үед айдаг буюу аль болох цонх, хаалгатай ойрхон суудаг,  тэгж байж амьсгалах агаар, зугтах газар харагдаж байна гэж санаа нь амардаг. 

Сандрах эмгэгтэй хүн үхэхээс айдаг. Энэ айдсаасаа болоод өөрийгөө өвчин туссан байна гэж бодоод эмнэлэгт ханддаг.

Тэгээд зүрхний бичлэг хийж, даралтыг нь үзэхэд бүх зүйл нь хэвийн гардаг ч үндсэн шалтгаан нь "сандрах эмгэг" байдаг. Сандрах эмгэг нь салах, хагацах мэдрэмж авсан үед ихэвчлэн үүсдэг. Ер нь сэтгэцийн эмгэгийн үед гаднаас харахад биеийн зовиур, шаналал бага байдгаас гэр бүлийн хүмүүс нь тухайн хүнийг баашилж байна гэж үздэг. Зүрхний эмчид үзүүлсэн ч эрүүл байна гэсэн, битгий  худлаа баашил гэдэг тохиолдол зарим айл, гэр бүлд үүсдэг. Манай оронд ийм тохиолдол элбэг. 

Энэ бүлгийн эмгэгт өвөрмөц айдсууд ордог. Хамгийн элбэг тохиолддогоос дурдахад нисэхээс, өндрөөс айх, могой, аалзнаас айх айдас зэрэг эмгэгүүд ордог. Жишээлбэл, аалз харах үед сэтгэл түгшилтийн бүх шинж тэмдэг явагддаг. Яагаад аалз, могойноос айгаад байна вэ гээд судлаад үзэхэд дэлхий дээрх хамгийн аюултай, харахад жижигхэн мөртлөө хамгийн хортой амьтад гэдгээр нь хүмүүс мэддэг. Дээр үеэс бидний өвөг дээдэс аалз, могойнд хатгуулах үед яаж хордож үхдэг талаар мэдсэн учраас дараачийн удаа энэ амьтдаас хамгаалж явах хэрэгтэй гэдэг мэдээллийг гендээ бичиж үлдээсэн байдаг. Тиймээс эдгээр амьтдыг харахаар жихүүцэл төрдөг нь бидэнд хамгаалах зорилгоор эртний айдсууд байгааг илэрхийлж байгаа юм. 

Бас нэг судалгааны дүн анхаарал татдаг. 

Сэтгэл түгших эмгэгтэй хүмүүс, эрүүл хүмүүстэй харьцуулахад 3-5 дахин илүү эмнэлгээр үйлчлүүлдэг. 

Учир нь амьсгал нь давхцаж, зүрх нь дэлсэн,  бие нь хөлрөөд, дээшээ халуун оргиж, толгой эргэх үед үүнийг биемахбодийн өвчинтэй андуурч эмнэлэгт ханддаг байна. Тэгэхдээ зүрхний, чих хамар хоолойн гээд сэтгэл түгшилтийн үед илэрч буй шинж тэмдэг бүрийнхээ дагуу эмч дээр очдог. Мэс заслын эмчид ч ханддаг тохиолдол бий. Тэгээд өвчин эмгэг байхгүй эрүүл байна гэхээр ламдаж, бөөдөөд эцэс сүүлд нь сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид ханддаг байдал ажиглагддаг. Өөрөөр хэлбэл эхэнд нь хандах ёстой мэргэжилтэндээ хамгийн сүүлд нь очиж байгаа юм. Ингэж цаг алдах нь сэтгэл түгших эмэгийн эдгэрэх хугацааг хойшлуулж, сэтгэл гутрал, нойргүйдэл, зарим тохолдолд амиа хорлох зэрэг хүндрэлд хүргэдэг аюултай.

Сэтгэл түгших эмгэг нь тухайн хүндээ болон амьдралд нь ямар нөлөө үзүүлэх вэ? Сэтгэл түгших эмгэгийг заавал эмчлүүлэх шаардлагатай юу? 

Сэтгэл түгшилтийг эмчлэх шаардлагагүй. Харин сэтгэл түгших эмгэгт шилжсэн бол эмчлэх зайлшгүй шаардлагатай. 

Сэтгэл түгшиж байгаа байдал нь хэвийн бусаар, удаан хугацаанд үргэлжлэх, ямар ч шалтгаангүй зүрх дэлсэх, амьсгал бачуурах, юмнаас айгаад байгаа юм шиг зэрэг шинж нь сараас дээш хугацаанд илрэх юм бол эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.

Оношилдог хэд хэдэн аргууд бий. Тест бөглөх, ярилцах гэх мэт. Эхний буюу хөнгөн үе шатанд оношлогдсон бол сэтгэл зүйчээс сэтгэл зүйн зөвлөгөө авах, тайвшруулах аргуудыг суралцаж, нойр хоолоо зохицуулах зэргээр эмчилж эдгэрэх боломжтой. Хүнд шатанд буюу  түгшилтээ удирдаж чадахгүй, стрессээ даахгүй болсон үед эмийн эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай. 

Илэрч байгаа шинж тэмдгүүдээ буруу таниад олон эмнэлэг, эмчид очиж цаг алддаг гэлээ. Сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдэг гэдгийг яаж зөв таньж, цаг алдахгүй эмчид хандах вэ? 

10 жилээс нь эхлээд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй гэж боддог. Сэтгэл түгших эмгэг андуурагдаад явах тохиолдол маш их байна. Уг нь амархан эмчлэгддэг эмгэг. 

Нийт сэтгэл түгших эмгэгтэй хүмүүсийн 36 хувь нь сэтгэцийн эмнэлэгт ханддаг. Бусад нь өөр эмнэлгүүдээр андуураад явдаг.

Сүүлийн үед хүмүүс өөрсдийгөө интернетээр оношлох тохиолдол ихэссэн. Надад хандаж байгаа хүмүүс өөрсдийгөө би ийм эмгэгтэй юм шиг байна гээд хэдийн оношилчихсон ирдэг. Сэтгэл түгшилттэй хүн уншсан, сонссон бүх мэдээлэлдээ санаа нь зовдог. Сэтгэл түгших эмгэгийн эмчилгээний амжилтын 50 хувь нь эмгэгийнхээ тухай зөв мэдээлэл, мэдлэгтэй байхаас хамаардаг. 

Эмчилгээний үр дүнд тухайн хүн болон гэр бүлийнх нь зүгээс ямар үүрэг оролцоотой байх вэ? Яаж дэмжих вэ? Бүрэн эмчлэгдлээ гэхэд дахих эрсдэлтэй юу?

Давтагдах магадлалтай. Ходоодоо эмчлүүллээ гэхэд хеликобактертай болоод дахиад өвдөхтэй ижилхэн сэтгэл түгших эмгэгийг эмчлүүлээд явж байтал хайртай хүн нь нас бардаг ч юм уу ямар нэг хэцүү зүйл тохиолдоход дахиад үүсэх магадлалтай. Гэхдээ сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн хүн тэр эмчилгээний аргыг цаашдаа яаж хадгалж авч, хэрэгжүүлж явах, яаж сэргийлэх вэ гэдгээ сайн мэдээд авбал давтагдах нь бага байна.

Харин гэр бүлийхэнд нь хандаж хэлэхэд зөвхөн тухайн сэтгэл түгших эмгэгтэй хүнээ үзүүлэх биш хамт ирж зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй. Ингэж эмгэгийнх нь талаар мэдлэгтэй болсноор дэмжиж тусалж, ойлгож чадна.

Бага насны хүүхэд сэтгэл түгших эмгэгт өртөх үү? Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйг яаж хамгаалах вэ?

Ээж аавууд хүүхдээ өөрсдийнхөөрөө байлгах гээд байдаг. Өөрийнхөө сайжруулсан хувилбарыг бэлдэх гээд, хүүхдийнхээ биш өөрсдийнхөө хүссэн дугуйлан дамжаанд явуулах нь бий. Энэ нь тухайн хүүхэд ирээдүйд амжилт гаргасан ч  өөртөө итгэлгүй, стресс ихтэй, ээж аавдаа таалагдах гэж хичээсээр сэтгэл түгшилттэй болсон байдаг. Сэтгэл түгшилт нь ихэвчлэн өсвөр насанд нь илэрдэг. Энэ үед хүүхэд тайван бус байвал удамшлын тархины эмгэгүүд илэрч эхэлдэг

Ээж аавууд өөрсдөө сандрах хэв маягтай, санаа зовомтгой төрлийн хүмүүс бол миний хүүхэд ч бас ийм байна уу гэдгийг анзаарч, хүүхдээ аль болох стрессдүүлэхгүй байхыг хичээх нь зүйтэй. 

Сэтгэл түгших эмгэгт өртөхгүйн тулд ямар амьдралын хэв маягтай, сэтгэл зүйн дархлаатай байх вэ?

Хоол, хөдөлгөөн, нойр гуравт л маш сайн анхаарах хэрэгтэй. Уг нь хэвийн л дэглэм. Орой эрт унтаж, шөнө 12 цагт гүн нойрондоо орсон байх үед тархинаас соматотропин гэх даавар ялгардаг. Энэ даавар нь хангалттай ялгарсан байвал тархины үйл ажиллагаа хэвийн болдог.

Ингэж эрт унтаж, 7-8 цаг амарсан бие сэтгэл түгшилгүй, эрүүл, сэтгэж бодох чадвар хэвийн байж, эрч хүчтэй ажиллаж чаддаг. Хооллолтын хувьд хамгийн энгийн зөвлөгөө өгөхөд өдөрт хоёр ширхэг банана идэхэд сэтгэл гутрал, сэтгэл түгшилд өртөхөөс хамгаална. Бананд агуулагддаг триптофан гэх амин хүчил нь биед орж серотонин буюу тайвшруулах гормон болж хувирдаг. Хоол зүйчээс зөвлөгөө аваад өөрт тохирсон эрүүл зөв хооллолттой байвал сэтгэл түгших эмгэгээс урьдчилан сэргийлж чадна.

 

 

 

 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө