2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ЭМЧИЙН ӨРӨӨ

Д.Удвал: Ямар ч өвчин эмгэгийн дараа алдагдсан чадвараа үнэлүүлж, сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 04

Хүний биемахбод өөрийгөө шинээр сэргээн, бий болгох чадвартай боловч ямар нэгэн өвчин эмгэгийн улмаас энэ чадвар нь алдагдаж байдаг. Урьд нь чаддаг байсан зүйлээ хийхэд хүндрэлтэй болох, амьдралын чанар доройтох зэргээр өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл орчин үеийн сэргээн засах эмчилгээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд ямар ач холбогдолтой, нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтийн талаар Мөнгөнгүүр эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний эмч Д.Удвалтай ярилцсанаа хүргэж байна. 

Хүний биемахбодын нөхөн сэргээх үйл явц хэрхэн явагддаг вэ? 

Хүний биемахбод их ухаантай. Нэмэлтээр ямар нэгэн зүйл хэрэглээгүй ч өөрийгөө шинээр бий болгох чадвартай. Мэдрэлийн эс л зөвхөн өөрийгөө дахин сэргээх боломжгүй гэж үздэг байсан бол одоогийн анагаах ухааны дэвшилтэд техонологиор мэдрэлийн эс хүртэл өөрийгөө шинэчилж, боловсруулж чадахаар болсон гэдэг дүгнэлтүүд гарч байна.

Ямар тохиолдолд эс дахин сэргэх боломжгүй болдог вэ. Хүний биемахбодод ямар өвчлөл бий болсноор нөхөн сэргэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг вэ? 

Бие махбодыг бүрдүүлж буй эс нь маш олон хүчин зүйлийн нөлөө, шалтгаануудын улмаас гэмтэж байдаг.  Нэгдүгээрт стрессээс болж гэмтдэг. Хоёрдугаарт. Стрессээс үүдэлтэй биемахбод, сэтгэл зүйн эмгэг өвчлөлүүдээс болж гэмтэнэ. 

Мөн шалтгаануудыг нь өөрчилж болох, өөрчилж болохгүй гэж ангилна. Өөрчилж болохгүй шалтгаанд тухайн хүний ген, удамшил, нас, хүйс хамаарагддаг. Харин өөрчилж болох шалтгаан нь, хувь хүний эрүүл мэндийн боловсрол дээр суурилагдсан дадал зуршил, эрүүл амьдралын хэв маяг юм. 

Тухайн хүн өөрийн биемахбодын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, эд эс, эрхтэн системүүд ямар механизмтай явагддаг талаар зөв ойлголттой байснаар эрүүл байхын үндэс болсон нойр, хооллолт, дасгал хөдөлгөөнийг зөв зохицуулж чадна. Эдгээр хүчин зүйлийг зохистой түвшинд авч явснаар эс гэмтэхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Ковидын халдварын дараагаар хүмүүсийн сэргээн засах эмчилгээний тухай ойлголт тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Халдвараар өвчлөөд эдгэрсэн ч бие сульдах, амархан ядрах, сэтгэл гутрах гэх мэт урт хугацааны сөрөг нөлөө илэрч байгаа учраас хэрхэн буцаж хэвийн байдалдаа орох талаар эрэлхийлж байна. Үүнтэй холбон асуухад сэргээн засах эмчилгээ хэр чухал вэ? 

Нийгэм, бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл байснаар эрүүл хүн гэж дүгнэгдэх бөгөөд амьдралын чанар нь үүгээр үнэлэгддэг.  Амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй бүхий л арга хэмжээг сэргээн засах эмчилгээ гэнэ. Тухайлбал, ковидын дараах синдром буюу long covid хүмүүсийн дунд түгээмэл тохиолдож байна. Ковидын халдвар нь хүний амьсгалын эрхтэн тогтолцоог гэмтээж байгаа учраас амьсгалын эрхтэн тогтолцооны дараах сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай үүсэж буй. Энэ нь сэргээн засах эмчилгээний нэг л салбар. Зүрх судасны эмгэг, хавдар, эмэгтэйчүүдийн эмгэг, яс булчин тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн дараах болон хүүхдийн сэргээн засах, харвалтын дараах сэргээн засах эмчилгээ гэх мэт олон салбар бий.

Ковидоор өвчлөөгүй байхдаа амьсгалын эрхтэн систем 100 хувийн ачаалал даах чадвартай байсан гэж үзье. Уг чадварыг хэр удаан алхдаг, хэр их алхаад амьсгааддаг байсан, уушгийг ажиллуулах ёстой эргэн тойрны булчингууд хэр хүчтэй байсан, сулрал байсан уу, хэвлийн булчингууд хэр ачлаалал даах чадвартай байснаар нь үнэлдэг. Гэтэл ковидоос шалтгаалж амьсгалын эрхтэн систем доройтож 80 хувийн ачаалал даах чадвартай буюу 20 хувийн алдагдал үүсчихлээ. Энэ нь жаахан ачаалал авахад амьсгаадах, ядрах, ханиалгах, тархи толгой өвдөх, булчин сулрах зэрэг зовиураар илэрч байгаа юм. Тиймээс ковидын дараах уушгины сэргээн засаах эмчилгээ нь алдагдсан 20 хувийн чадварыг эргүүлэн сэргээхэд чиглэдэг гэсэн үг юм. Ингэж сэргээн засах эмчилгээ хийлгэснээр урьдын адил эрч хүчтэй болж тэр хэрээр амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой. 

Амьдралын чанар гэдэг их энгийн зүйлсээр тодорхойлогддог. Шатаар өгсөхөд амьсгаадахгүй, ажлаа хийхэд ачаалал авч чаддаг, төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь амжуулснаар тухайн хүн стрессгүй, азжаргалтай байж чадна шүү дээ. Энэ л сэргээн засах эмчилгээний гол зорилго юм.

Тэгэхээр өвчин эмгэг бүрийн дараа сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг үү? 

Тийм. Хүний бие махбод, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны чадвар өвчин эмгэгийн дараа өдөр тодорхой хувиар эсвэл бүрэн бусдын хараат болтлоо алдагддаг. Тиймээс энэ алдагдлыг засах ёстой. 

Сэргээн засахгүй явсаар байвал тухайн өвчин сэдрэх хугацаа ойртож үе үе өвддөг болох улмаар амьдралын чанар нь доройтдог.

Булчингаар жишээ авах юм бол 60 хувийн алдагдалд хүрсэн булчингийн гэмтэлтэй хүн сэргээн засах эмчилгээ хийлгэхгүйгээр энэ байдлаараа огцом ачаалал авах үед булчин дахин илүү хүнд гэмтэх эрсдэлтэй. Тиймээс алдагдлыг нь засахын тулд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, үнэлгээ хийлгэн зохих эмчилгээг хийлгэх шаардлагатай. 

Иргэдийн дунд хамгийн түгээмэл тохиолдож буй ямар өвчлөл байна вэ?  

Мөнгөн гүүр эмнэлэг нь Сэргээн засах эмчилгээг мэргэшсэн багаар үзүүлдэг онцлогтой. Уг тасгийн өдрийн болон хэвтэн эмчлүүлэгчдийн дунд түгээмэл байдаг эмгэг нь яс булчин тулгуур эрхтэн тогтолцооны талаас нуруу, өвдөг, хүзүү, мөрний асуудал байна. Сүүлийн жилүүдэд манай эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгийг эдгээр шалтгаанаар зорьсон үйлчлүүлэгчдийн тоо ихэссэнтэй холбон тайлбарлаж болно.

Нийт монголчуудын дунд ч яс булчин тулгуур эрхтэн тогтолцооны эмгэг их байна. Жил ирэх тусам өсөх хандлага ажиглагдаж байгаа. 

Өвчлөлийн хүрээ, хүндрэлээр нь аваад үзэхэд, хотын суурин амьдралын хэв маягтай хүмүүст халдварт бус өвчин болох чихрийн шижин, таргалалттай холбоотой зүрх судасны эмгэг нь нөлөөлж бие даасан яс булчин тулгуур эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэж байна. 

Харин орон нутгийн, мал мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг иргэдийн тухайд үений элэгдэл, үений ачаалал даах чадвар буурсантай холбоотой тулгуур эрхтэн тогтолцооны эмгэг түрүүлж илэрч улмаар үе шат нь хүндрэх хандлагатай байна.

Түгээмэл тохиолддог яс булчин тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

Биеийн байрлалтай шууд холбоотой. Зөв байрлал буюу өдөр тутмын биеэ авч явж буй байрлалаас шалтгаалдаг. Тухайлбал, суух, зогсох, унтах, машинаа барих, ажлаа хийхдээ хөлөө ачиж суудаг эсэх, хөл дээрээ хэр ачаалал авч байгаа зэрэг бүхий л байрлалдаа анхаарах хэрэгтэй юм. Тулгуур эрхтэн тогтолцооны эмгэг нэг хоёр сарын асуудал биш. Цочмог асуудал харьцангуй цөөхөн тохиолддог. Ихэвчлэн 10,20 жилийн асуудал удаан хугацаанд хуримтлагдаж явсаар хүндэрсэн үедээ эмнэлэгт хандах нь бий. Хүзүүний хэсэгтээ овгор үүсчихсэн, хуянтай гээд л яваад байдаг даа. Гэтэл ийм хэмжээний өөрчлөлт хоёр сар сууж ажилласны үр нөлөө биш. Таны 20, 30 жил биеэ авч явж буй байрлал, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж үүсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Хоёрдугаарт. Биеийн жингээ зөв үнэлэх. Харагдах байдал, кг–аар үнэлэх нь учир дутагдалтай. Харагдах байдал нь тарган мэт боловч тарганыг бүрдүүлж буй булчингийн масс, өөхний масс ямар харьцаатай байх нь чухал. Харагдах байдлын хувьд туранхай, жингийн илүүдэлгүй боловч нуруу, үе, өвдөг нь өвдөөд байна гэх хүмүүс байдаг. Үүний цаад шалтгаан нь өөх, булчингийн эзлэх хувийн тэнцвэрт байдалтай холбоотой. Тарган харагдаж байгаа боловч өөх булчингийн харьцаа хэвийн бол үе мөч, тулгуур эрхтэн төдий чинээ бат бөх, эрүүл байна. Тиймээс булчин, өөхний масс, усны эзлэх хувь зэргийг цогцоор нь оношлуулах шаардлагатай.

Зөвхөн тулгуур эрхтэн тогтолцоо гэлгүй эрт илрүүлэх үзлэгт хамрагдах, урьдчилан сэргийлэлт чухал байх?

Хүний бие махбод гэдэг нэгэн цул. Биемахбодыг бүрдүүлж буй эд эс эрхтэн тогтолцоо бүгд хоорондоо уялдаа холбоотой. Нэг эрхтэн тогтолцоо доголдоход нөгөөдөө нөлөөлж л байдаг. Ханиад хүрч амьсгалын эрхтэн систем доголдлоо гэхэд эргээд зүрх дэлсэх, цусандаа халдварлах зэргээр бусад эрхтэн системд доголд үүсэж улмаар зүрхэнд нөлөөлдөг байх жишээтэй.

Нуруу өвддөг байлаа гэхэд эмнэлэгт ирээд зөвхөн ууц бүсэлхийгээр л өвдөөд байна нуруугаа эмчлүүлье гэх нь өрөөсгөл. Хүзүү нь чилдэг үү, өвдөг нь өвддөг үү гэж эмч асуухаар зөвхөн нуруунаас л боллоо гэдэг. Гэтэл нуруу гэдэг толгойн оройгоос ахар сүүл хүртэл үргэлжилж буй урт холбоотой бүтэцтэй. 

Хүзүүнд асуудал байвал сар, жилийн дараа нуруу асуудалтай болох нь цаг хугацаанаас хамаарна. Нуруу асуудалтай бол хэдэн жилийн дараа өвдөг өвдөх нь ойлгомжтой. Тиймээс салгаж ойлгож болохгүй. Эрхтэн систем гэдэг нь нэг нөгөөгөө нөхөж, сэлбэгдэж явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үүнтэй холбон хэлэхэд, урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг нь бүх эрхтэн систем буюу яс булчин тулгуур эрхтэн тогтолцоо, зүрх судас, амьсгалын систем, ялгаруулах эрхтэн тогтолцоо, мэдрэлийн эрхтэн тогтолцоо бүрээс эмгэг үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл байна уу, эмнэл зүйн шинж тэмдэг  илэрч байна уу, илэрсэн бол яаж оношилж эмчлэх талаар үзлэгийг цогцоор нь нарийн мэргэжлийн эмч нар хийж тухайн хүнд дүгнэлт гаргаж зөвлөгөө өгч, эмчилгээ бичих арга хэмжээг хэлдэг.  

Тиймээс нэг л эрхтнээ үзүүлээд, эсвэл нэг цусны шинжилгээ өгсөнөөр танд илэрч буй зовуурь, шинж тэмдгийг бүрэн оношлох, зөв эмчилгээ хийх боломжгүй. Өөрийн нас, хүйс, ажил мэргэжлээс шалтгаалан эрт илрүүлэх цогц үзлэгт жилдээ ядаж нэг удаа хамрагдаж, аливаа өөрчлөлтийг бага дээр нь үндэс сууриар нь эмчлүүлж, арга хэмжээ авснаар ирээдүйд учирч болох хүндрэл, эрсдэл, санхүү, цаг хугацааны алдагдлаас урьдчилан сэргийлж чадах юм. 

Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол нь их боловч иргэд идэвхтэй хамрагдахгүй байгаа нь юутай холбоотой вэ?  

Урьдчилан сэргийлэх үзлэгт нас заадаггүй. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд л өрхийн эмч нярайн эргэлт хийж үздэг шүү дээ. Тухайн насны зааг бүрд үйлчилж буй тусламж үйлчилгээ нь өөр өөр. Урьдчилан сэргийлэх үзлэг нь хувь хүн, албан байгууллага, тухайн гэр бүлд чиглэсэн эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр олгоход чиглэдэг. Эрүүл мэндийн боловсрол гэдэг нь эрүүл амьдралын хэв маягыг л ойлгуулах, хэвшүүлэх зорилготой. Харин эрүүл амьдралын хэв маягт нойр, хоол, дасгал хөдөлгөөн гурвыг зөв зохицуулахыг хэлээд байгаа юм. Тийм хэцүү эсвэл том асуудал биш л дээ. 

Эрүүл мэндийн боловсролыг цэцэрлэг, сургуульд байхаас нь системтэйгээр орчин нөхцөл, насанд нь тохирсон байдлаар олгодог төрийн бодлого хэрэгтэй гэж хардаг. Багаасаа эрүүл мэндийн боловсролтой, эрүүл амьдралын хэв маягтай өссөн хувь хүн гэр бүлийн хүрээлэлд орохдоо гэр бүлийн амьдралын хэв маяг нь зөв байна. Цаашлаад ажиллаж буй байгууллагатаа зөв хэв маягтай болох юм.

Хоёрдугаарт. Ажлын байрны урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал. Хувь хүн, тухайн гэр бүл эрүүл мэндийн боловсролтой, зөв хэв маягтай байлаа ч ажлын газар, албан байгууллага  нь дэмждэггүй бол асуудалтай. Хувь хүн нь хооллолт, дасгал хөдөлгөөнөө зохицуулаад хиймээр байдаг, байгууллага нь дэмжихгүй, өдөржин суу, суугаад наад ажлынхаа ард гар гэдэг шаардлага тавьдаг, чанартай хоол идмээр байвч тухайн ажлын газар нь боломжгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх, эрүүл байх нөхцөлд нь сөргөөр нөлөөлж болохгүй.

Гуравдугаарт. Дасгал хөдөлгөөн талаасаа тухайн байгууллагат өвөрмөц тохиолдож болох тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгүүд байж болно. Жишээлбэл, суудлын ажилтай компьютерийн ард суудаг бол хүзүү, нурууны асуудал үүсэх, бугуйнл ачаалал өгөх нь ойлгомжтой. Тиймээс тухайн байгууллага үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ямар сургалт явуулах, ямар дадлуудыг тодорхой цагт хэвшүүлж байх шаардлагатай вэ гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас авдаг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Ингэж хувь хүн, албан байгууллага, нийгмийн талаас цогц арга хэмжээ авснаар урьдчилан сэргийлэлтийн ач холбогдол, үр дүн хэмжигдэнэ. 

Эрүүл байснаар амьдралын чанар дээшилж азжаргалтай байж чадна. Тэгвэл эрүүл чанартай урт наслахын тулд яах ёстой вэ? 

Амьдралын чанар нь бие махбод, нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлаар үнэлэгддэг. Дээр би биемахбодын талаас түлхүү ярьсан. Биемахбод хэчнээн эрүүл байгаад нийгмийн талаас дэмжигдэхгүй бол учир дутагдалтай. Ажлын байр, хүрээлэн буй орчинг хэрхэн зохицуулах талаар бодолцох шаардлагатай. Сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол маш чухал. Эдгээрийг цогцоор нь анхаарах хэрэгтэй юм. Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад улсын бодлого, эрүүл мэндийн салбарын чанартай систем голлох нөлөөтэй.

Харин таны, бидний өөрчлөх боломжтой, хэрэгжүүлж чадах зүйл гэвэл ажлын байрандаа эрүүл дадал хэвшилтэй байх, бие махбодын эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх явдал юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө