2024/04/28. Ням гараг Дугаар: #2992

ЭМЧИЙН ӨРӨӨ

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл /2023.03.26/ өгсөн юм. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаагаас дараах тодруулгыг авлаа. 

Д вирусийн эмчилгээний санхүүжилтийг Засгийн газраас гаргаж иргэдэд хийж эхлэх гэж байгаа талаар мэдээлэл өгөөч? Хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хэдэн хүнийг эмчилгээнд хамруулах вэ?

2023 онд Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 13.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. 2017 оноос хойш хэрэгжиж буй уг хөтөлбөрөөр вирусийн бүх халдварууд, ялангуяа B, C, D вирусийн халдварын эсрэг эмчилгээ, тусламж үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд зарцуулдаг.

2023 оны төсвөөр Д вирусийн эмчилгээг эхлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах эрхийг ЭМЯ-аас ХӨСҮТ-д шилжүүлсний дагуу бид бэлтгэл ажлыг хангаад 4 дүгээр сарын 1-ээс эмчилгээг эхлүүлэх гэж байна. Уг санхүүжилтийн 9.6 тэрбум төгрөгөөр нь Д вирусийн эсрэг эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, эм тарилгыг худалдан авах сайдын тушаал гарсан. Ингээд бид тендер зарлаж, шалгарсан компани нь интерферон (PegINF) тарилгыг 7.6 тэрбум төгрөгөөр авах боломжтой гэсний дагуу гэрээ байгуулах ажил явсан. Харин B, D вирустэй иргэдийн холбооноос ЭМЯ, ХӨСҮТ-д уг тариаг хийлгэхгүй, тендерээ цуцал гэсэн албан шаардлага хүргүүлсэн тул энэ оны 1-3 сар хүртэл хугацаанд яриа уулзалтуудыг хийж явсаар, тарилга худалдан авах 7.6 тэрбум төгрөгийн төсвийн 30 хувиар нь тасалж болиулсан. Ингээд 30 хувийн төсөв болох 2 тэрбум гаруй төгрөгөөр 240 хүний интерферон эмчилгээний тариа авах боломжтой болсон. 

Интерферон тарилга эмчилгээний нэг хүний жилийн эмчилгээ нь 10 сая төгрөг . Нийтдээ 48 долоо хоногийн эмчилгээ байх юм.

1.8 тэрбум төгрөгөөр нь гипатет вирусийн Лавлалгаа лаборатори болон бусад шаардлагатай зүйлсийг худалдаж авч, Д вирусийн халдварыг тоолох аппараттай болж байгаа. Монгол Улсын хэмжээнд улсын эмнэлгүүдээс анх удаа манай эмнэлэг уг аппараттай болж байна. Ингэснээр  иргэд ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломж бүрдсэн. Үлдсэн төсөв нь эргээд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд өөр бусад үйл ажиллагаанд зарцуулагдах байх. Шийдвэрийг ЭМЯ-аас гаргана.

Д вирусийн эсрэг интерферон (PegINF) тарилга эмчилгээг энэ жил 240 хүнд л хийх юм байна. Өөр ямар эмчилгээний сонголт байгаа вэ? 

Интерферон эмчилгээ бол нэг сонголт нь. Засгийн газраас төлбөрийг нь хариуцаж байгаа гэдгээрээ иргэдийн санхүүгийн дарамтыг шийдэж өгч байгаа юм. Дахиад буливертид тарианы сонголт бий. Энэ тарианы ОУ-ын нэршил нь буливертид (Bulevirtide), ОХУ-даа "мирклудекс Б" гэсэн худалдааны нэршилтэй зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрт зарагдах эрхтэй байгаа. Хөрш улсад ийм боломж байгаа учраас манай улсаас тус улсын Эрүүл мэндийн байгууллагатай уулзалт, гэрээ хийсэн. Үүний дагуу иргэд өөрийн зардлаар ОХУ-д очиж шинжилгээнд хамрагдаад, эмчилгээний жороо бичүүлэн Монголдоо авчраад ХӨСҮТ-ийн хяналтад эмчлүүлэх  зохицуулалтыг хийсэн. Хувь хүн өөрөө төлбөрөө гаргах учраас хэдэн хүн ч хамрагдах боломжтой, тооны хязгаарлалт байхгүй.

Яг одоогийн байдлаар интерферон болон буливертид эмчилгээг өөрийн зардлаар худалдан аваад эмчилгээний хяналтад орсон нэг ч хүн байхгүй. Сүүлийн 8 жилийн хугацаанд интерферон (PegINF)  эмчилгээ ХӨСҮТ-д хийгдээгүй.

Энэ хоёр эмчилгээний үр дүн, онцлог ялгаа нь юу вэ? Д вирусийн халдвартай хүн бүр эмчилгээнд хамрагдах боломжтой юу? 

АУ-ны доктор С.Ариунаа: Д /Дельта/ вирусийн эсрэг дэлхий нийтэд нэвтэрсэн интерферон, булвертид хоёр эмчилгээний тухайд дараах ялгаатай.   

Интерферон тарилга эмчилгээ – Дэлхий дахинд эмчилгээнд нэвтрээд 30 жил болж байна. Уг эмчилгээ нь дахилт багатай, хавдрын эрсдэлийг бууруулах үр дүнтэй богино хугацааны буюу 1-2 жил хийгддэг.  Эмчилгээг эхэлсэн л бол зогсоохгүй. Эмчилгээний явцад вирусийн тоог тогтмол хянадаг.  Эмчилгээнд нэвтрээд 30 жил болсон тул гаж нөлөөг засах эм тариа нь ч мөн бэлэн байдаг гэдгээрээ давуу талтай. Хамгийн гол үр дүн нь алсын хүндрэлээс сэргийлдэг. Эмчилгээний хяналт маш чухал гэдгийг  анхаарах хэрэгтэй. Уг эмчилгээг хийхэд хориглох заалтууд гэвэл хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж буй хүмүүс. Мөн 70-аас дээш насныханд хориглосон. 

Булвертид тарилга эмчилгээ – 2024 оноос Монгол Улсад Д вирусийн эсрэг уг эмчилгээг хэрэглэж болно гэсэн сайдын тушаал, журам  гарсан. Судалгаагаар, уг эмчилгээ вирусийг эс рүү орох замыг бууруулах болон Д вирусийн идэвхжлийг бууруулж буй үр дүн нь батлагдсан. Мирклудекс Б буюу буливертид эмчилгээний тухайд гаж нөлөө багатай, хамгийн багадаа 3-4 жил, түүнээс цааш хэдэн жил ч эмчилгээ үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй, эмнэл зүйд туршигдаад явж буй эмчилгээ юм. Нэг анхаарах ёстой зүйл нь эмчилгээ эхэлсэн нь л бол зогсоох ёсгүй. Урт хугацаанд хийгдэхээс гадна зардал нь өндөр тул тэр бүр хүмүүс хамрагдах боломж бага байна. Уг эмчилгээг одоогоор ОХУ, Европын холбооны улсад хэрэглэж байна.

Дээрх эмчилгээнүүдийг Монголд эхлүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал гарч, Д -гийн халдварын эмчилгээ, эмнэл зүйн зааврыг баталсан.

Тушаал, журмыг бүрэн эхээр нь харах бол ЭНД ДАРНА УУ

Ямар шалгуураар эмчилгээ эхлэх вэ? Иргэд хэрхэн бүртгүүлэх вэ?

Эхний ээлжид эмчилгээнд орох хүсэлтэй бүх иргэдийг чөлөөтэй бүртгэнэ. Эрүүл мэндийн байгууллагуудад мөн албан тоот хүргүүлсэн. Тухайн байгууллагат Д вирусийн эмчилгээний хяналтад явдаг хүн байгаа бол уг эмчилгээнд оруулах иргэдийн жагсаалтаа ХӨСҮТ-д ирүүлэхийг мэдэгдсэн. Эхнээсээ иргэдийн мэдээлэл ирж байна.

Д /Дельта/ вирусийн эсрэг эмчилгээг элэгний хатуурлын зэрэг, вирусийн тоо, өвчтөний нас, хүйсийн байдал гээд олон шалгуур үзүүлэлтэд дүгнэлт хийж, эмч нарын зөвлөгөөнөөр орсны үндсэн дээр хийх юм.

Интерферон эмчилгээг хийлгэх нөхцөл шалгуурыг бүх хүн хангахгүй. Бүртгүүлсэн иргэдийн материал, бүх шинжилгээ, элэгний процесс мэдээллийг эмч нарын зөвлөгөөнөөр зөвлөлдөж байгаад эмчилгээг хийх эсэх шийдвэр гарна. Өөрийн зардлаар хийлгэх буливертид эмчилгээнд орох иргэд мөн манай төвд бүртгүүлнэ. 

Иргэн өөрөө хариуцах буливертид эмчилгээний үнэ төлбөр нь хэд вэ?

АНУ-д үйлдвэрлэж байгаа буливертид тарилга эмчилгээ Монгол улсад нийлүүлэгдээд эхэлсэн бөгөөд өртөг нь сарын 8.5 сая төгрөг болж байгаа. Жилийн 100 сая гаруй төгрөг болно гэсэн үг. Дээрх судалгаагаар бол багадаа 3 жил тасралтгүй хийлгэнэ гэхээр хэдий хэмжээний зардал гарах нь тодорхой. Тиймээс хувь хүн эмчилгээний зардлаа шийдвэрлэж чадсан бол эмчилгээгээ хийлгэх боломжтой.

Эмчилгээнд орж буй хүмүүсийн хамгийн чухал анхаарах зүйл нь сэтгэл зүйгээ бэлдэх, эмчилгээ нэгэнт эхэлсэн бол тасалж огт болохгүй. Нэг хоёр сар хийлгээд болилоо, эсвэл мөнгөгүй болчихлоо гээд тасалж болохгүй. Эмчилгээ тасалдах юм бол маш олон сөрөг үр дагавартай. Тарианы тэсвэржилт үүсэх ч эрсдэлтэй. Тиймээс эдгээрийг иргэд онцгой анхаарах хэрэгтэй.

Буливертид эмчилгээг эхний ээлжид 3 жил хүртэл хугацаанд тасралтгүй хийхийг зөвлөсөн судалгаанууд гарсан. Гэвч эмчилгээг дууссан гэж үзэхгүй. Эмчилгээний үр дүн хэдэн жил хийлгэж байж гарах эцсийн судалгааны үр дүн одоогоор гараагүй байгаа.

Д вирусийн халдвартай хэнчээн иргэн байгаа вэ? Жилд 240 хүнд л эмчилгээ хийх төсөвтэй гэж байна. Гэтэл хөдөлмөрийн чадвараа алдсан ажиллах боломжгүй, группт байгаа, эмчилгээний төлбөрөө гаргах боломжгүй олон хүн бий. Бүгдийг нь хамруулахад ямар асуудал тулгарч байна вэ? 

 “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үзлэг шинжилгээгээр Монгол Улсад 15-аас дээш насны 170 мянган хүн В вирусийн халдвартай, үүнээс  36.5 хувь буюу 66 мянга гаруй нь В, Д вирусийн хавсарсан халдвартай гэсэн тооцоолол гарсан.

Д вирусийн хавсарсан халдвартай 66 мянган хүнийг хэдэн жилийн дотор эмчилгээнд хамруулж чадах тооцооллыг бид өмнө нь олон удаа хийсэн. Улсын хэмжээнд Д вирусийн эсрэг эмчилгээ хийдэг нарийн мэргэжлийн 300 орчим  л эмч байна. Эм тарианы нөөц хангалттай байгаад, санхүүжилтийг шийдчихлээ гэхэд жилдээ 6000 хүнийг л хамруулж хянах боломжтой байна. Гэтэл 66 мянган хүнийг бүгдийг эмчилгээнд хамруулахад багадаа 10 жил болохоор байгаа юм. ХӨСҮТ-д гэхэд дөрвөн эмчтэй байсныг нэмэгдүүлж 8 эмчтэй болсон. Жилдээ интерферон эмчилгээнд орох 30-40 хүнийг хянах боломжтой. Буливертид эмчилгээний тухайд арай олон буюу 200 гаруй хүнийг хянах боломжтой байна.

Одоо байгаа хүний нөөцийн нөхцөл байдал гээд асуудал их байдаг. Санхүүжилт нь шйидэгдсэн ч хүний нөөц нь хязгаартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Санхүүжилт бол мэдээж хамгийн том асуудал. Болдог бол бүх хүнээ эмчлэхийг зорьж байна. 

Мэдээж энэ бол эхлэл нь. Засгийн газраас жил бүр санхүүжилт гаргаад иргэдийн эмчилгээг үргэлжлээд явна. ХӨСҮТ-ийн зүгээс цаашид иргэдийн эмчилгээг таслахгүй, шаардлагатай хүмүүст үргэлжлүүлэн хийх санхүүжилтийг олгох хүсэлтээ ЭМЯ-д оруулна. 2024 оны “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт мөн тодорхой санхүүжилт тусгасан. Үүгээр ч мөн худалдан авалтуудыг хийгээд үргэлжлүүлэх нөхцөл бололцоогоор хангах саналуудыг өгөөд явна. Цаашид мэмчилгээний илүү олон сонголтууд бий болно гэж бодож байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр