2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Интернэт тоглоомонд донтсон хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй, 5-8-р ангийн сурагчид байна

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 02

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн Их эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

Хүүхдүүдийн дунд  компьютер тоглох, гар утас зурагт удаан хугацаагаар үзсэний улмаас “дэлгэцийн донтолт”-оор өвдөх нь түгээмэл болсон байна.  Хамгийн анхны шинж тэмдэг нь хэрхэн илэрдэг вэ?

-Хүүхдүүдийн дунд цахим тоглоом болон дэлгэцийн хамааралд өртөх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, сүүлийн 5 жилийн байдлаар СЭМҮТөвийн Хүүхэд өсвөр үеийн клиникт 2014 онд 47, 2015 онд 41, 2016 онд 68 хүүхэд цахим тоглоомонд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн ба үүнээс хүйсийн хувьд 98-99 хувь нь эрэгтэй хүүхэд, насны хувьд 5-8-р ангийн сурагчид дийлэнх хувийг эзэлж байна.

Дэлгэцийн хамааралтай буюу гар утас, зурагт компьютерээр удаан хугацаагаар юм үзэж эсвэл тоглодог болсон хүүхдүүдэд эхлээд тоглох ,юм үзэх хугацаандаа хяналт тавих байдал алдагдаж эхэлнэ. Өдөр бүр тоглох, тэр дундаа өдөрт 4-5 цагаас илүү хугацаагаар тоглох буюу дэлгэцийн өмнө сууж байвал хэтрүүлэн хэрэглэдэг ,өдрийн ихэнх цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөж, тэр нь амьдралынх нь чухал зүйлсээс дээгүүрт тавигдаж байвал хамааралтай болсныг илтгэнэ.

Дэлгэцийн хамааралтай болсон үед сэтгэцийн болон төрх үйлийн талаас дараах шинжүүд илэрч болно. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж амархан уурлаж бухимдах, цочромтгой болох, гуниглах, ганцаараа байхыг илүүд үзэх, сэтгэл түгших, эсвэл сэтгэл хөөрөн баясах гэх мэт шинжүүд илэрнэ. Үүнээс гадна тоглоомоо тоглоогүй үед үгүйлж  байнга тоглохыг хүсэх, тоглоомынхоо тухай байнга бодох, хайх эрэлхийлэх, тоглохын тулд хичээлээ таслах, худлаа ярих, хулгай хийж ч болно. Түүнчлэн  анхаарал төвлөрүүлэх чадвар суларч хичээл сурлагын амжилт муудах, амархан ядрах, нойргүйтэх шинжүүд илэрдэг. Бие махбодын талаас гар хуруу, толгой хүзүү, нуруу өвдөх, удаан сууснаас цусны эргэлт муудан араг ясны болон булчингийн өсөлт хөгжил муудан үе тэнгийхнээсээ намхан нуруутай, туранхай, хүч тамир багатай болдог ба дархлаа суларч аливаа өвчин эмгэгт өртөмтгий болох эрсдэлтэй.

Дэлгэцийн өмнө удаан хугацаагаар суух нь  нүд хуурайшиж улмаар хараа муудах нэг том шалтгаан болж байна. Үүгээр ч зогсохгүй энгийн хэрэглээ болсон гар утсыг удаан хугацаагаар хэрэглэх нь хавдар үүсэх эрсдлийг ихэсгэдэг нь судалгаагаар нотлогдсон. ДЭМБ-ын санхүүжилттэйгээр хийгдсэн судалгаануудад гар утас нь тархины хавдар үүсэх магадлалыг 39 хувиар, шүлсний булчирхайн хорт хавдар үүсэх эрсдлийг 50 хувиар, сонсголын мэдрэлийн хоргүй хавдар үүсэх эрсдлийг 4 дахин нэмэгдүүлдэг гэсэн судалгааны үр дүн гарсан.

Бага насны хүүхдээ саатуулах гэж гар утас, таблет өгөх нь  тухайн зүйлд дасч яваандаа хамааралтай болох суурь эрсдэлийг үүсгэдэг

Дэлгэцээс хараат болсон хүүхдүүдийг энэ байдлаас нь салгах гэж чамгүй хугацаа зарцуулах байх. Танайд ийм оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд ямар эмчилгээ хийдэг вэ? Дахих магадлал хэр өндөр вэ?

-Манай төвд хандаж хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд бид нэн түрүүнд ганцаарчилсан болон бүлгийн, мөн танин мэдэхүйн сэтгэл засал эмчилгээг  эмийн эмчилгээтэй хавсарч хийдэг. Дэлгэцийн хамааралд өртөөд хэдий хугацаа өнгөрсөн байна төдий хугацааны сэтгэл засал эмчилгээ шаардана гэж ойлгоход болно. Тиймээс хэвтээд гарсан хүүхдүүд үргэлжлүүлэн сэтгэл засал эмчилгээгээ мэргэжлийн сэтгэл зүйчээр гадуур хийлгэх хэрэгтэй байдаг. Тэгсэн цагт үр дүн эерэг гарах боломжтой юм. 

Эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэлгүй орхисноос хүүхэд ахин тоглох байдал нэлээд түгээмэл байна. Хүүхэд гэртээ харихад эцэг эх нь  гэрт аливаа төрлийн дэлгэцийг хэрэглэх хэрэглээндээ анхааран, хүүхдийн цахим тоглоом тоглох, зурагт үзэх хүслийг төрүүлсэн зүйл үзүүлж харуулахгүй байх хэрэгтэй. Эцэг эхчүүд  өөрсдөө байнга утсаараа юм үзэж эсвэл тоглоом тоглох, зурагтаа байнга асаалттай байлган үзээд  байвал хүүхэд тэр бүх үйлдлийг даган дуурайна. Мөн эцэг эхчүүдийн дунд гаргадаг нийтлэг алдаа бол бага насны хүүхдээ саатуулах гэж гар утас, таблет өгдөг явдал юм. Ингэснээр хүүхэд тухайн зүйлд дасч яваандаа хамааралтай болох суурь эрсдэлийг маш бага насанд нь тавиад байна гэсэн үг.

“Дэлгэцийн донтолт”-ыг олон улсын практикт хэрхэн эмчилдэг юм бол? Манай улс энэ өвчний   эмчилгээний арга барилын хувьд хэр хэмжээнд яваа вэ? 

-Энэ эмгэгийг эмчлэхэд олон улсад ч манай улсад ч ялгаагүй сэтгэл засал эмчилгээний олон төрөл зүйлээс хувь хүнд нь тохируулан авч хэрэглэж байгаа. Манай төвийн хувьд бусад улсын дэвшилтэт сайн туршлагыг судлан эмчилгээндээ ашиглаж байна. Жишээлбэл: хамааралтай болсон хүүхдэд  насанд нь тохирсон танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл заслыг хийнэ. Хавсраад сэтгэц, бие махбодод илэрч буй шинж тэмдэгт тохируулан эмийн эмчилгээг хийдэг. Мөн гэр бүлийн сэтгэл засал эмчилгээг хөгжүүлэх нь чухал байна. Учир нь энэхүү эмгэг нь дан ганц хүүхдийн асуудал бус гэр бүлийн асуудал юм.

                       Мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандсанаар тухайн хүний донтолт гүнзгийрэхээс сэргийлнэ

Ер нь элдэв төрлийн донтолт нь хувь хүний сэтгэл зүйгээ жолоодох чадвартай ихээхэн хамааралтай байж таарна. Донтолт гэдгийг манайхан өвчин гэдгээр хүлээн авч мэргэжлийн эмчид хандах тал дээр тун учир дутагдалтай, мэдээлэл муутай байх шиг санагддаг?

 -Ер нь аливаа зүйлд донтсон хүн өөрийгөө “би донтой” гэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Би донтоогүй, би зүгээр л хааяа хэрэглэдэг, бусад хүмүүсийн адил л... гэх мэтээр тайлбарладаг. Донтсон гэдгээ мэдэж хүлээн зөвшөөрсөн хүн эмчилгээнд сайн үр дүн өгөх магадлал их гэдгийг онцолмоор байна. Мэдээж хүн бүр аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэлээ гээд донтоод байдаггүй. Энэ нь хувь хүний сэтгэцийн онцлог  хэв шинжээс, мөн хүмүүжлээс хамаардаг. 

Өв тэгш, элэг бүтэн гэр бүлд, анхаарал халамж сайтай, дотно харилцаан  дунд өссөн хүн элдэв зүйлийн хамааралд өртөх нь бага. Сүүлийн үед донтох эмгэгийн тухай мэдээлэл их  түгээж байгаатай холбоотой манай төвд хандах хүмүүсийн тоо жилээс жилд ихэсч байгаа статистик мэдээ гарсан. Мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандсанаар тухайн хүний донтолт гүнзгийрэхээс сэргийлэх төдийгүй эмчилгээний хугацаанд ч нааштайгаар нөлөөлнө. Алдаад ирэхээрээ засрах байлгүй гэж орхиж болохгүй. Тэгэх тусам донтох эмгэг нь улам гүнзгийрэн наанадаа санхүүгийн хохирол цаашлаад эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэл нь нэмэгдэнэ гэдгийг сайн ойлгох нь чухал.

Эцэг эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын хэв маяг хүүхдүүдэд ихээхэн нөлөөлдөг гэдэг утгаараа та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Дээр хэлсэнчлэн элэг бүтэн өв тэгш гэр бүлд, анхаарал халамж сайтай, дотно харилцаан дунд өссөн хүн элдэв зүйлийн хамааралд өртөх нь бага байдаг. Учир нь тийм орчинд өссөн хүүхэд сэтгэлзүйн хувьд зөв төлөвшин өөрийгөө хэн гэдгээ мэддэг, юу хүсч байгаагаа ойлгосон байдаг. Тэд өсвөр насны хямралд өртсөн ч хямралаа тайван даван туулж, асуудал гарсан ч гэр бүлийнхнийхээ тусламжтай даван гардаг. Ингэхээр гэр бүлийн харилцаа их чухал гэдгийг хэлэх гээд байгаа юм. 

Хүүхэдтэйгээ нээлттэй чөлөөтэй, хамгийн дотны найз нь, туслагч нь гэдгийг мэдрүүлсэн харилцаа л хүүхдийг элдэв сөрөг зүйлд өртөхөөс урьдчилан сэргийлнэ. Мөн хүүхэд эцэг эхээ  харж үлгэр дуурайлал авч байдаг гэдгийг сайн санаж эцэг эхчүүд үг үйлдэл бүртээ ил далд аль ч үед анхаарах хэрэгтэй юм. Хүүхэддээ нэг өөр сургааль хэлээд өөрсдөө тэрнээсээ эсрэг үйлдэл үзүүлээд байвал тэд аль нь зөв болохыг ойлгохоо байж эргэлзэн тээнэгэлзэж, сүүлдээ эцэг эхдээ итгэхээ байдаг. Иймд ээж аав нар хүүхдээ ямар хүн болгомоор байна тэр хүн нь өөрсдөө байх ёстой.

Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн дунд ч компьютер тоглоом тоглож донтох, үүнээс үүдэн ажил амьдралаа алдах харамсалтай тохиолдол нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг. Донтох эмгэг нь ямар төрлийн зан төлөвтэй хүмүүст түгээмэл анзаарагддаг вэ? 

-Оюутан байхдаа олон цагаар тоглодог байсан хүн хэсэг завсарлаад аав болж гэр бүл зохиосныхоо дараа  дахин донтолтонд орж тоглоомноос салж чадахгүй болоод ирсэн тохиолдол бий. Насанд хүрэгчдийн хувьд компьютер тоглоомноос гадна покер гэх мэт мөрийтэй тоглоомонд донтох байдал ч их байдаг. Мөрийтэй тоглоомонд донтсон хүн хожсон ч хожигдсон ч  одоо болъё  гэж өөртөө хяналт тавих чадвараа алдсан байдаг учир улам их тоглон амьдралаа алдах явдал нь бусад төрлийн донгоос богино хугацаанд явагддагаараа хоруу чанар ихтэй дон юм.
Донтох эмгэгтэй болоход нөлөөлдөг олон шалтгаан бий.Түүний нэг нь хувь хүний сэтгэлзүйн онцлог юм. 

Архин дээр жишээ авч ярихад бие хүний сэтгэцийн чанарын онцлог болох темперамент нь архинд донтох өвчин үүсэхэд нөлөөлдөг эсэх дээр эрдэмтэд янз бүрийн байр суурьтай байдаг юм билээ. Зарим нь холерик болон меланхолик хэв шинжүүд архинд донтоход давамгай нөлөө үзүүлдэг гэж тогтоосон байдаг. Манай нэгэн эмчийн судалгаанд Бие хүний суурь сэтгэл түгшилттэй хүмүүст архи уух, архинд хамааралтай болох тохиолдол илүү байгааг  тогтоосон байдаг. Хамгийн гол нь гэр бүлийн зөв хүмүүжил, төлөвшил л хүүхдийг аливаа муу зуршилд автахааргүй, уруу таталтанд “үгүй” гэж хэлж чаддаг, өөрийн гэсэн бодолтой хүн болгож чадна гэдгийг хэлмээр байна.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө