2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хүүхдийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн: Хятадууд хүүхдээ урамшуулан хүмүүжүүлдэг, монголчууд загнах шүүмжлэх нь давамгай

— Б.Уранбилэг   2017 оны 09 сарын 13

Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн Оношилгоо, зөвлөгөөний албаны дарга, сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Шанхайн East China Их сургуулийг хүүхдийн сэтгэл судлаачаар магистр зэрэгтэй төгсчээ.     

          Эцгийн оролцоо их байх тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгддэг

Яагаад хүүхдийн сэтгэл зүйг дагнан судлах болов?

-Ихэнх хүнд өвчтэй хүмүүс сэтгэл зүйгээрээ эхэлж өвчлөөд, дараа нь бие махбодь нь өвддөг талаар олж мэдээд сэтгэл зүйч болохоор зориг шулуудсан. Энэ мэргэжлийг анх эзэмшээд, гүнзгийрүүлээд судалж байхад ихэнх хүмүүсийн сэтгэл зүйн зовлон шаналал нь бага насны үеэс нь эхлэлтэй, хүүхэд ахуй насандаа авсан гүн хямрал эсвэл хэт их хөөрөл зэргээ сайтар гадагшлуулж чадаагүйгээс үүдэлтэй болохыг олж мэдээд хүүхдийн сэтгэл зүйч болохоор шийдсэн юм.

Та Шанхайд мэргэжил эзэмшсэн гэсэн. Магистрын судалгааны ажлын гол дэвшүүлсэн санаа юу байв?

Монгол, Хятад 12 насны хүүхдийн өөрийгөө ухамсарлах түвшинд эцэг эхийн хүмүүжлийн арга барил хэрхэн нөлөөлж буйг харьцуулан судалсан. Энэхүү судалгаанд Монгол 624 Хятад 557 хүүхэд хамрагдсан. Судалгааны үр дүн их сонирхолтой ололтоор дүүрэн байсан. Жишээ нь судалгааны нэг асуулт болох  “та сайн хүн мөн үү” гэсэн асуултанд Хятад хүүхдүүдийн дийлэнх нь “тийм” гэж хариулсан бол Монгол хүүхдийн 54.7 хувь нь “үгүй” гэж хариулсан. Энэ үзүүлэлт  намайг их гайхашруулсан л даа. Үүнд юу нөлөөлсөн байх вэ гэж олон зүйлсийг харьцуулан судлахад Хятад эцэг эхчүүд хүүхдээ урамшуулан хүмүүжүүлдэг, хэр барагтай бол загнаад байдаггүй. Тэгээд ч ганц хүүхэдтэй болох хууль хэрэгждэг тул ямар эцэг эх ганц хүүхдээ шүүмжлэх билээ, эцэг эхийн хувьд хүүхэд нь хамгийн шилдэг мэт санагддаг, байнга урмын үгээр тэтгэж хүмүүжүүлдэг байх магадлалтай. Харин Монгол эцэг эхчүүд хүүхдээ хэр бараг урамшуулдаггүй, гавьяа байгуулсан ч  ач холбогдол бага өгч байгаа мэт харагддаг, харин эсрэгээрээ алдаа гаргах бүрт нь  шийтгэж эсвэл шүүмжилж загнадаг нь нөлөөлсөн байх гэсэн таамаглал үүссэн. Ер нь хараад байхад манай Монгол хүмүүсийн сэтгэл зүйн нэг онцлог нь тийм ч нялуун дотно биш, ахуй амьдралын хэв маягтай нь холбоотой болов уу. Гэхдээ энэ байдал нь хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжинд тун муугаар нөлөөлдөг болохыг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

Үүнээс гадна Хятадад хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн оролцоо ижил тэгш байдаг, манайд эх нь хүүхдийн хүмүүжилд түлхүү оролцдог болохоор хүүхдүүд ааваасаа илүү их анхаарал шаардаж, хамгийн сайхан мэдрэмж гэвэл аав “намайг магтах үе” болон “надтай хамт цагийг өнгөрөөх нь сайхан байдаг” гэсэн хариултуудаас хүмүүжлийн арга барилд эцгийн оролцоо хүүхдийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарсан. 

Хүүхдийн сэтгэл зүйгээр мэргэшсэн хүний хувьд энэ чиглэлийн судалгаа манайд ямар түвшинд байдаг гэж хардаг вэ?

-Ерөнхийдөө жил бүр маш олон хүүхдийн судалгаа  улсын хэмжээнд хийгдэж байгаа ч яг мэргэжлийн түвшинд нарийн дүн шинжилгээ хийсэн нь тун ховор байна. Магадгүй энэ бүхэн нь мэргэжлийн судлаачид бага бэлтгэдэгтэй холбоотой ч байж болох юм. Миний хувьд би өөрөө сэтгэл зүйчээр төгссөн болохоор судалгааны нарийн зүйлсийг судлаач хүний түвшинд гаргаж чадахгүй болов уу гэж бодож байна. Мэргэжлийн судлаач хүн дээд тооны өндөр мэдлэгтэй байхаас гадна   аливаа зүйлсийн хоорондын холбоог нягтлан дүн шинжилгээ хийх өндөр чадвартай, тусгай програмуудыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Энэ их мэдлэгийг олж авахын тулд дор хаяж хоёр жил дан ганц судалгаагаар дагнасан байдаг. Гадны оронд судалгааны чиглэл сайн  хөгжсөн байдаг тул найдвартай чанар болон баталгаат чанар нь өндрөөр үнэлэгддэг, гэвч Монголд аливаа судалгааны үр дүнг танилцуулахдаа эдгээр чанаруудыг тун бага дурьддаг мэт санагдсан.  Түүнчлэн Монголд нарийн мэргэжлийг эзэмшүүлэх тогтолцоо нь сул байгаа мэт анзаарагддаг. Хүүхдийн сэтгэл зүйч гэхээр онолын хүрээнд бага насны хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйч,  өсвөр насны хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйч , сургуулийн сэтгэл зүйч, хүүхдийн сэтгэц судлаач, засалч гэхчлэн олон төрлөөр задарч гадны жишиг мэргэшсэн байдаг.

Монголчууд хүүхэд хүмүүжүүлэх өөрсдийн арга ухаантай ард түмэн. Уламжлалаас гадна орчин үеийн шинэ ололтуудаас бид юуг олж авах ёстой вэ?

- Монголчууд хүүхдийг хүмүүжлүүлэх нарийн арга ухаантай. Уламжлалт хүмүүжлийн арга барил магадгүй их ерөнхийлөн хүмүүжүүлдэг арга байж болох юм, яг  хүүхдээ ингэж өсгө, тэгэж хүмүүжүүл гэж нарийн хэлээгүй ч уламжлалт арга ухаан ихэнхдээ зүйр үгээр тайлбарлагдаж амьдралд хэрэгждэг. Энэ нь хүүхдээ хүмүүжүүлэхэд амьдралаас хол, хэрхэн хэрэгжүүлэхийг алхамчилж заагаагүй мэт байдаг нь ойлгомжгүй санагддаг байх, гэвч зүйр үгийг орчин үеийн судалгаа шинжилгээтэй хослуулвал төгс барилдлагыг олох юм шиг санагддаг.

Монгол эцэг эхчүүд хүүхдийг 0-3 нас хүртэл нь “хаан” мэт өсгө гэж хэлдэг, үүний нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй ч бид бүгд амьдралд хэрэгжүүлж байдаг. Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийн өөрийгөө ухамсарлах түвшинд 0-3 нас нь гол нөлөө үзүүлдэг үе шат болж өгдөг, хүүхэд ямар хүн болж өсөх нь 0-3 насанд шийдвэрлэгддэг байна. Энэ насанд томчууд болон нийгмийн нөлөөлөл бага байснаар хүүхдийн биеэ даах чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварт сайн нөлөөтэйг сэтгэл судлаачид судалж гаргасан

  Гэр бүлийн хүчирхийлэлд өссөн хүүхэд  өөрөө хүчирхийлэгч эсвэл хүчинд автагч болох     магадлал ихтэй

Гэр бүл салалт улам л ихсэж байна гэсэн статистик бий. Салалт хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гол шалтгаан нь юу вэ?

-Австралийн Засгийн газар гэр бүлийн тогтвортой байдал хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг  талаар хүүхдүүдээс зурган сэтгэл зүйн сорил авчээ. Судалгааны үр дүн нь хүүхэд зургаар өөрийн амьдралын хамгийн аз жаргалтай мөчөө илэрхийлсэн нь хүүхэд эцэг эхтэйгээ хамт байх мөчүүдийг зурсанаар илэрч, хүүхдүүд эцэг эхтэй байхдаа л хамгийн аз жаргалтай, хамгийн тайван байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Үүнээс улбаалаад Австрали улсад гэр бүлийн тогтвортой сан байгуулагдаж жил бүр тогтвортой гэр бүлүүдийг урамшуулдаг байна. Энэ нь улсын хүн амын хөгжилд маш том дэвшил, ялануяа хүүхдийн сурлага тогтвортой байх, хүүхдийг төлөвшсөн иргэн болж хүмүүжүүлэхэд гол хүчин зүйл болсон гэж судлаачид үзсэн байдаг. Үүнээс дүгнэхэд  гэр бүлийн тогтвортой байдал зөвхөн хүүхдийн хүмүүжилд нөлөөллөөд зогсохгүй улс орны тайван байдал, хөгжилд ч нөлөөлж байгаа хамгийн бага нэгж юм. Гэр бүл салалт нь зөвхөн Монгол улсад тулгамдсан асуудал болоод байгаа юм биш дэлхий нийтийн асуудал болж байна.

Нөгөө талаас хүүхдээ өнчрүүлэхгүй гээд гэр бүлийн асуудлаа тэвчээд амьдардаг эмэгтэйчүүд байдаг. Ийм эрүүл биш уур амьсгалд өссөн хүүхэд бас л хүмүүжлийн доголдолтой болж таарна?

-Мэдээж хэрэг гэр бүлийн хүчирхийлэл их байдаг гэр бүлүүд яах хэрэгтэй вэ гэсэн асуулт урган гарах байх, энэ нь хувь хүний хүмүүжлийн шууд тусгал тул гэр бүлийн хүчирхийлэлд өссөн хүүхэд ирээдүйд өөрөө хүчирхийлэгч эсвэл хүчинд автагч болох нь хамгийн их магадлалтай байдаг. 

Манай боловсролын тогтолцоонд нэг дутагдалтай тал байна. Бид хүүхдэд  маш олон онолын мэдлэг заагаад байдаг ч, амьдралд тулгарах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сайн заадаггүй, жишээ нь нөхөн үржихүйн хичээлийг зөвхөн бие физиологи талаас нь заагаад, анатомийн хичээл болгож хувиргадаг. Энэ хичээлээр эрэгтэй хүүхэд бүр эцэг болдог, эмэгтэй хүүхэд бүр эх хүн болдог, амьдралын насан туршийн боловсрол, маш хариуцлагатай зүйл байдаг гэдгийг тайлбарладаггүй. Мэдээж хэрэг түүнээс гадна хүүхэд бүр өөрийн болон эсрэг хүйсийн онцлогийг мэдэх шаардлагатай ч заалгүй орхидог, түүнээс гадна сэтгэл зүйн боловсрол, нийгэмшлийн боловсролыг бага заадаг нь их харамсалтай, бас эмгэнэлтэй. Энэ бүгдийг заагаагүйгээс болж эрэгтэй, эмэгтэй хүүхэд жирэмслэлтээс хэрхэн зөв өөрийгөө хамгаалах, эрсдэлтэй алхмаас хэрхэн гарахаа мэдээгүй эрт жирэмслэлт, эрт гэрлэлт, эрт салалт үүсч дунд нь хүүхэд хохирч үлддэг, энэ нь хэзээ ч тасардаггүй тойргийг үүсгэж хүн амын хөгжлийг доройтуулсаар л байна. Гэр бүл салалтыг багасгаж, хүүхдийг зөв иргэн болгон хүмүүжүүлье гэвэл боловсролын системд нэмж сэтгэл зүйн боловсролыг олгодог болох хэрэгтэй.

Өсвөр насны хүүхдүүдтэйгээ учир зүйгээ ололцоход эцэг эхчүүд юун  дээр голчлон алддаг бол?

-Захирангуй байдлаар хандсанаар хамгийн түрүүнд алдаа үүсч эхэлдэг. Бага насны хүүхдийн хувьд захирангуй хандахад айж эмээдэг. Яагаад айж байна вэ гэхээр би хайртай хүнээ гомдоочихлоо, уурлуулчихлаа тийм учраас би буруу зүйл хийлээ гэх сөрөг мэдрэмжийг өөртөө бий болгож, өөртөө итгэх итгэл бусадтай харилцах харилцаанд нь доголдол үүсдэг. Харин өсвөр насны хүүхэдтэй захирангуй харилцахаар энэ нь бага насны хүүхдэд үйлчилддэг шиг нөлөө үзүүлэхээ больчихдог, айлгасан ч  тоохоо больчихдог. Яагаад вэ гэхээр өсвөр насанд хүүхдийн тэмүүлэл, сэтгэл хөдлөлийн байдал хамгийн өндөр байдаг үе нь юм. Өсвөр насныхны бие физиологийн өөрчлөлтөөс хамаараад тархинд очиж байгаа стресс буюу дарамт маш их байдаг учраас сэтгэл зүй нь байнгын тогтворгүй байдаг. Энэ нь эцэг эхтэйгээ хамгийн их сөргөлдөх шалтгаан болдог ба нэг талаараа өөрийгөө том хүн болсоноор мэдрэх, нөгөө талаараа амьдралын туршлага бага тул алдаж эндэх, эрсдэлтэй үйлдэл хийх нь ихэсдэг.

Өсвөр насандаа  хүүхдүүд эсрэг хүйстнээ сонирхож эхэлдэг, аав болон ээжээрээ эсрэг хүйстнээ төсөөлчихдөг. Аавыгаа харж охид ирээдүйн нөхрөө юмуу ирээдүйн үерхэх найз залуугаа сонгодог. Эрэгтэй хүүхэд ч гэсэн ээжээрээ төсөөлж ирээдүйн найз охин эсвэл ирээдүйн эхнэрээ сонирхдог байх хандлагатай.

                       Хүүхдээ сайн хүн болгоё гэвэл өөрсдөө л үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй

 Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд мэдээж ялгаа бий. Юуг анхаарууштай вэ?

-Эрэгтэй, эмэгтэй хүүхэд чинь угаасаа л өөр зан характертай болохоор хүмүүжүүлэхдээ ямар арга барил хэрэглэх вэ гэдэг нь өргөн утгатай болчихож байгаа юм. Ер нь хүүхдийг  хувь хүн гэдэг талаас нь бодож хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүн бүр өөрийн онцлогтой. Охидын онцлог бол арай зөөлөн хэл яриагаар ойлгуулж болдог. Эрэгтэй хүүхдүүд бол үйлдлээр хүлээж аваад байдаг. Хажууд нь аав нь муу үлгэр дуурайлал үзүүлээд байвал эрэгтэй хүүхэд шууд тэрийг ингэж болдог юм байна, яагаад гэвэл аав бид хоёр адилхан эрэгтэй учраас би аав шиг байвал зүгээр юм байна гэж хүлээж авдаг. Эмэгтэй хүүхдүүд ээжийгээ дуурайгаад, ээж ингэж болж байвал би ингэж болох юм байна гэж шууд үлгэр дуурайллыг тусгаж авдаг болохоор эрэгтэй хүүхэдтэй айлд аавууд сайн үлгэр дуурайлал үзүүлдэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүүхэдтэй бол ээжүүд охиныгоо ямар байлгамаар байна яг л тэр зүйлсийг үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй. Тэгэж байж таны хүүхэд таны хүсээд байгаа хүүхэд, бие хүн болон хүмүүжнэ.

Интернэт, фэйсбүүк хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, гэр бүлд амьд харилцаа байхгүй болж байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Компьютер, зурагтыг бид бүр мөсөн хязгаарлаж, мэдээлэл авахыг нь хааж чадахгүй нь бол ойлгомжтой. Тэр зүйлд донтуулахгүй өдөрт 2-3 цаг л үзэхэд хангалттай. Хязгаар зааж түүнийгээ “чамайг хязгаарлаагүй, чи яг энэ хугацаанд үзэж, хийх гэж байгаа зүйлээ хийх хэрэгтэй” гэдгийг нь ойлгуулж байх хэрэгтэй. Хүмүүжлийн хувьд асуудал үүсч байна гэдгийг томчууд бид харж байгаа ч хүүхдүүд өөрсдийгөө хэзээ ч асуудалтай байна гэж боддоггүй. Хүүхдүүд өөрсдийгөө аль болох магтуулахыг хүсдэг. Магтах, урам зориг өгөх, аливаа нэг зүйл буруу хийсэн бол тэр зүйлийг аль болох тайлбарлаж хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Бид харин эсрэгээрээ асуудал үүслээ гэхэд шийтгэнэ тэгэхээр айна гэж бодоод айх мэдрэмж  дээр нь тулгуурлаж хүмүүжүүлээд байдаг, тийм мэдрэмжүүдийг өгч байгаагаа хүмүүжүүлж байна гэж ойлгоод байдаг . Энэ айдас гэдэг зүйл өөрөө сайхан мэдрэмж биш шүү дээ. Энэ нь цаана буглаж цаашдаа байн байн бачуурдаг өвчин болж хувирч магадгүй.Эсрэгээрээ урамшуулаад, тайлбарлаад, учир зүйг нь олоод хэлээд байх юм бол энэ бүх хүндрэлтэй асуудал биш.

Айдастай, нэг тийм зориггүй, хулчгар ч гэдэг юм уу хүүхдүүдийг яаж өөрчлөх вэ?

- Гэдсэнд байхад ээж нь тэр айдсыг өөрөө мэдэрдэг байсан ч юм уу, эсвэл багадаа ямар нэг зүйлээс их цочоод ямар нэгэн байдлаар блоклогдсон мэдрэмж нь арилаагүй хүүхдүүд айдастай байдаг.

Тэр блокийг яаж арилгадаг юм бол?

- Сэтгэл зүйчтэй уулзуулаад тайлбарлуулаад ерөнхийдөө гаргана. Энэ нь өөрөө их нарийн зүйл байдаг. Удаан хугацаанд үүссэн блок бол гаргахад их хэцүү. Ер нь ийм хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа урамшуулж, байнгын чи чадна, энэ зүйлийг хийж болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ер нь ингэхэд эцэг эхээс хүүхэд хүмүүжүүлэхэд маш их тэвчээр шаардагддаг. Гэхдээ манай Монголчууд ер нь их яаруу хүмүүс, ямар нэг юмны хурданд их дуртай. Бие өвдлөө гэхэд эм уугаад л шууд ходоодны шархгүй болсон байх ёстой гэж боддог. Тэрэнтэй яг ижилхэн сэтгэл зүйч биднээс шаарддаг зүйл хүртэл яг тийм байдаг. Энэ нь эргээд маш их сөрөг нөлөөллийг дагуулж байдгийг мэддэггүй. Маш хурдан энэ хүүхдийг тийм болгоод өгөөч гэж шаарддаг. Олон жил хуримталж, хэдэн жилээр буглаад явсан тэр мэдрэмжүүдийг бид нарыг гурав дөрвөн удаагийн уулзалтаар тайлж тайтгаруул, хэвийн байдалд оруул гээд байх сонин байдаг л даа. Тэдгээрт цаг хугацаа, маш их тэвчээр ижилхэн шаардагдана. Тэрийг сайн ойлгож, эцэг эхчүүд өөрсдөө тэвчээртэй байх хэрэгтэй болдог. Ер нь маш их тэвчээрийг шалгасан зүйл бол хүүхэд өөрөө байдаг.

Бэлэн юман дээр өссөн, гараа хумхих дуртай хүүхэд олширсоор. Хүүхдэд яаж хөдөлмөрч зан суулгаж өгөх вэ?

-Та хажууд нь өөрөө хөдөлмөрч байвал заавал тэр зүйлийг суулгах гэж хичээх шаардлага байдаггүй. Тэр хүүхэд аяндаа өөрөө хийж эхэлдэг. Энэ хүн хөдлөөд юм хийгээд байна, би бас босоод юм хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрдөг . Хариуцлага гэсэн зүйлийг маш сайнаар ойлгуулах хэрэгтэй. Чи хувцсаа буулгасан бол өөрөө эвхэх хэрэгтэй, ингэж хийх ёстой гэдгийг багаас нь суулгаж өгөх чухал. Сэтгэл судлаач Ватсон  “та хүүхдээ хэн болгохыг хүснэ би тэр хүссэн хүнийг тань хүмүүжлээр бий болгож чадна” гэж хэлсэн байдаг. Хүүхэд бол томчууд бидний бяцхан тусгал, та юу хийнэ яг тэрийг тань дуурайна. Тиймээс та хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийг хүсч байвал та өөрөө сайн хүн ямар байхыг үлгэрлэн үзүүлээрэй.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө