2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ЭМЧИЙН ӨРӨӨ

Т.Золжаргал: Далавч хальс буюу нүдний мах өөхийг хүчээр дардаг дусаалгууд нь ургалтыг улам нэмэгдүүлдэг

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 02

Нүдэнд ургасан мах өөхийг дусаалга дусаагаад арилгачихдаг гэж ойлгодог хүмүүс олон. Зарим нь харагдах байдлаас нь ичиж санаа зовдог ч эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр хэрхэн эмчлэх талаар төдийлөн мэддэггүй. Энэ нь нэг төрлийн нүдний өвчин бөгөөд хараа, нүдний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй аж. Тиймээс уг өвчний шалтгаан, арга хэмжээ авахгүй явах нь ямар хүндрэл үүсгэдэг, хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө хүргэхээр  “Тусгал” нүд, мэс заслын эмнэлгийн нүдний эмч, ахлах зэргийн эмч Т.Золжаргалтай ярилцлаа. 

Нүдэнд мах, өөх шиг зүйл үүсэх шалтгаануудыг та хэлж өгөөч? 

Эхлээд нэршлийг зөвөөр тайлбарлах нь зүйтэй. Хүмүүс нүдний өөхлөлт, махлалт гэж харагдах байдлаар нь яриад байдаг нь буруу л даа. Мах, өөх ургахыг Pterygium буюу далавч хальс ургах эмгэг гэдэг. Энэ бол нүдний нэг төрлийн өвчин юм. 

Далавч хальс ургах өвчний гол шалтгаан нь нарны хэт ягаан туяа. Дэлхийн бөмбөрцгийн экаваторт ойртох тусам элбэг тохиолддог өвчин гэж хэлж болно. Нарны хэт ягаан туяа нь далавч хальс ургалтыг идэвхжүүлдэг. Мөн хуурай уур амьсгал нөлөөлнө.

Тоос шороо ихтэй, гадаа орчинд ажилладаг хүмүүст энэ өвчин элбэг тохиолддог бөгөөд залуу, настай хүмүүст ихээр ажиглагддаг. Монгол орны хувьд малчид, тариаланчид, салхи шороо ихтэй, нар хурц тусдаг говийн аймгуудын хүмүүст илүү тохиолдох хандлагатай.

Далавч хальс (мах өөх) ургах үед тухайн хүнд ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг илрэх үү?  

Далавч хальс ургалт нь удаан явагддаг болохоор хүмүүс жаахан улайсан, жаахан шарласан байгаагаа төдийлөн тоодоггүй. Эхэн үедээ зовуурь байдаггүй учраас ажиглаад явдаг.  Дөнгөж л нүд улайж, мах ургаж эхлэх үеэс нь хиймэл нулимс дусаах, нүдээ улам сайн хамгаалах зайлшгүй шаардлагатай. Ургалт нь нэмэгдэх тусам нүд хуурайших, хорсох, загатнах, нулимс гоожих, улайх зэрэг хуурайшилт болон үрэвслийн  зовуурь илэрдэг.  

Бага зэрэг ургасан байхад нь хүмүүс хайлуулдаг, нүдийг цайруулж гялалзуулах дусаалга гэх мэт зүйлс хэрэглээд байдаг. Хайлуулж болдог юм уу? 

Нэгэнт бий болсон мах өөхийг хайлуулах ямар ч боломжгүй. Хайлуулж алга болгодог эм дусаалга гэж байхгүй. 

Хүмүүс судас нарийсгадаг солонгос, япон зэрэг орны янз бүрийн дусаалга дусааж хүчээр цайрсан байгааг нь хараад хайлуулсан гэж андуурдаг. Эдгээр дусаалга нүдний судсыг маш хүчтэй нарийсгаж  нүдийг цагаан харагдуулдаг. Элдэв дусаалга дур мэдэн хэрэглэх нь шинж тэмдгийг хүчээр намдааж буй л хэрэг. 

Судас нарийсгадаг дусаалганууд нь орц найрлага, нөөшлөгч бодис зэргээсээ шалтгаалж нүдний хурайшилтыг улам ихэсгэнэ. 

Улмаар нүдний мах, өөх нь арилах биш нэмэгдэж, нүдний хамгаалалтыг сулруулснаар нүдний бусад өвчинд өртөмтгий болгох эрсдэлтэй. 

Бага зэрэг өөх ургасан байх үед хараанд айхтар сөрөг нөлөөгүй учраас ямар нэгэн мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Зарим хүмүүс гоо сайхны талаас онцгүй харагддаг болохоор авхуулмаар байна гэж ханддаг. Үнэхээр шаардлагатай тохиолдолд мэс заслын аргаар авч болно.

Харин нүдний эвэрлэг бүрхүүл рүү давж ургаад эхэлсэн тохиолдолд мэс заслын аргаар авдаг. Хараанд нөлөөлөөгүй, зовуурь багатай, гоо сайхны талаас хүндээ төвөг учруулаагүй бол аль болох оролдох гэлгүй нүдээ хамгаалах, чийгшүүлэх байдлаар л нэмэгдэхээс нь сэргийлэх арга хэмжээ авна.

Ямар тохиолдолд хараанд нөлөөлдөг вэ. Далавч хальс буюу ургасан мах, өөхийг авхуулахгүй яваад байвал цаашид үүсэх хүндрэл нь юу вэ?

Жижиг өөхнүүд эвэрлэг бүрхүүл рүү давж ургаад байдаггүй учраас хараанд нөлөөлөх нь бага. Харин мах ургасан үед нүдний салст бүрхүүл дэх холбогч эдийн ургалт нь эвэрлэг бүрхүүл рүү давж ургадаг.

Эвэрлэг бүрхүүл хараанд маш чухал үүрэгтэй учраас мах давж ургах нь эвэрлэг бүрхүүлийн хэвийн байдлыг алдаглуулж шилний өөрчлөлт /хараа муудах/ үүсгэдэг. Энэ тохиолдолд мэс заслын аргаар авах шаардлагатай.

Мөн өөх мах эвэрлэг бүрхүүл рүү давж ургах нь нүдний толигор гөлгөр гадаргууг алдагдуулж нүдийг чийглэж байдаг нулимс нүдэнд тогтох хугацаа багассанаар хуурайшилт ихсэж, цаашлаад өөх мах нь улам л нэмэгдэхэд хүргэдэг.

Мэс заслын эмчилгээний дараа дахин ургах эрсдэлтэй юу? 

Дахилт нь өвчний үе шат, мэс заслын арга техник, мэс заслын дараах тухайн хүний хэр гам дэглэм хадгалсан зэргээс шалтгаална. Нүдний салст бүрхүүлийн холбогч эдийн ургалт хурдацтай явагддаг учраас дахиж мах, өөх ургах эрсдэл байсаар л байдаг.  

Хэрэв мэс заслын дараа тухайн хүн ямар нэгэн бактери вирусийн халдвар авах, ханиад томуу хүрэх, өнөөх тоос шороотой орчиндоо удаан хугацаагаар ажиллах, наранд нүдээ хамгаалахгүй явах, хуурайшилт нь ихсэх зэргээр гам алдсан тохиолдолд дахин ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс эмчилгээ хийлгээд болчихсон гэж бодохгүйгээр цаашид нүдээ үргэлж хамгаалах хэрэгтэй.

Далавч хальс (мах өөх) авах мэс засал эмчилгээ хэрхэн хийгддэг вэ?

Нүдний гадна талын салст бүрхүүлд хийгддэг учраас ямар нэг унтуулга, нойрсуулах шаардлагагүй. Олон цагаар үргэлжилдэггүй, хөнгөн жижиг мэс засалдаа ордог.  

Мэс засал хийхдээ нүдний эрүүл салстаас авах болон амнион бүрхүүлээр мах авсан хэсгийг нөхөж оёдог. Энэ нь оёдолтой, оёдолгүй янз бүрийн аргаар хийгдэнэ. Мэс засал эмчилгээний явцад болон дараа нь ургалтыг удаашруулж багасгадаг, дахилтыг бууруулдаг эм дусаалгуудыг давхар хэрэглэнэ. Гэхдээ зөвхөн эмчийн заавраар.

Нүдээ хуурайшихаас хамгаалж, чийгшүүлэх хэрэгтэй гэж та хэлсэн. Хиймэл нулимс, дусаалга зэргийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө өгөөч? 

Нүдэнд мах, өөх ургахаас сэргийлэх хамгийн энгийн арга бол нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилийг гадуур явахдаа зүүж хэвших. Мөн хуурайшилт их явагдах нь өвчин үүсэх, далавч хальс (мах өөх)  ургалтыг нэмэгдүүлэх шалтгаан болдог учраас нүдээ байнга чийгшүүлэх шаардлагатай. Чийгшүүлэх гэдэг нь хиймэл нулимс хэрэглэхийг хэлж байгаа. 

Монгол орны уур амьсгал нүдний хуурайшилтад нэлээдгүй нөлөөлдөг. Бүгд л мэдэх байх.  Бас агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Цахим, дэлгэцийн хэрэглээ бол хязгаарлахын аргагүй их болсон.  Эдгээр нь нүдний хуурайшилт, далавч хальс ургалтыг нэмэгдүүлдэг.

Дэлгэц удаан хугацаагаар ширтэхдээ хүн нүдээ цөөхөн цавчилдаг. Гэтэл нүдний аних, цавчих хөдөлгөөн нь нулимсыг тарааж, нүдийг чийглэх үүрэгтэй. Энэ байдал хангагдахгүй утас дэлгэц рүү удаан ширтэхээр нүд хатна. 

Олон цаг дэлгэцтэй орчинд ажилладаг бол нүдээ ойр ойрхон цавчилж  аньж амрааж байх шаардлагатай.  

Мөн хиймэл нулимсыг хуурайшилтын зэргээс шалтгаалж эмчийн заавраар дусаана. Хиймэл нулимс нь нүдний нулимстай адил найрлагатай байдаг учраас ямар нэгэн гаж нөлөөгүй. Ховор тохиолдолд нөөшлөгч бодисоос харшилдаг хүмүүс бий. Бусдаар бол хиймэл нулимсыг удаан хэрэглэж болдог. Усан суурьтай шингэн нулимсыг эмийн сангуудаас эмчийн жоргүй авч өдөр тутамдаа хэрэглэж болно. Хуурайшилт нь их бол өтгөн, тосон суурьтай, гел хэлбэрийн хиймэл нулимсыг эмчдээ үзүүлж байгаад сонгон хэрэглэх нь зүйтэй.

Харин  нүд цайруулдаг дусаалгануудыг удаан хэрэглэж болохгүй. Энэ нь бусад үрэвсэлт өвчинд өртөмтгий болох, шинж тэмдгийг бүдэгрүүлэх  зэрэг муу талтай. Мөн эсрэг заалттай хүмүүс ч их байдаг. Тиймээс энэ төрлийн дусаалганы оронд хиймэл нулимсаа хэрэглээрэй гэж зөвлөе. Түүнчлэн нүдний хуурайшилт тухайн хүний бие махбодын өөр бусад олон өвчнөөс шалтгаалдаг учраас тэр бүрийг эмчлэх шаардлагатай.

Ер нь нүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт ямар давтамжтай үзүүлэх хэрэгтэй вэ? Хүмүүс шил тааруулах гэж л нүдээ үзүүлээд байдаг? 

Нүдний үзлэг гэхээр зөвхөн шил тааруулж зүүгээд болоо гэж ойлгож болохгүй. Нүдний эмнэлэгт бус шилний газарт үзүүлсэнгээ болчихлоо гэж боддог. Энэ бол урьдчилан сэргийлэх, эсвэл нүдний өвчинг бүрэн оношлох үзлэг биш юм.

Нүд маш нарийн эрхтэн учраас жилдээ ядаж 1-2 удаа нүдний эмнэлэгт нүдний угаа дурандуулж оношлуулж байх хэрэгтэй. Эмч үзээд эрүүл байвал дахиад хэзээ үзүүлэх, даралттай, эсвэл өөр өвчний шинж илэрсэн байвал улиралдлаа нэг гэх зэргээр үзлэгийн давтамжийг хэлж өгдөг.

Хасах шил тааруулж зүүдэг хүмүүс нүдний угаа дурандуулахгүй яваад байдаг. Гэтэл нүдний угт торон бүрхүүлд урагдах цоорох өөрчлөлт гарах нь бий. Үүнийгээ мэдэхгүй явсаар хараагаа алдах, мэс заслын эмчилгээ шаардлагатай болох тохиолдол ч гарна. Тиймээс зургаан сард нэг удаа нүднийхээ угийг дурандуулж, үзүүлж хэвших хэрэгтэй.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө