2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.

ADHD нь ямар төрлийн өвчин эмгэг болохийг эхлээд хэлж өгөөч? 

ADHD буюу хэт хөдөлгөөнт, анхаарал дутмагшил нь хэт хөдөлгөөнтөх, анхаарал сулрах болон сэтгэл хөдлөл тогтворгүй байх, хэт их хөөрөх догдлох, эсэргээрээ гуних байдлаар богино хугацаанд сэтгэл хөөрөх шинж тэмдэг илэрдэг сэтгэцийн эмгэг өөрчлөлт юм. Энэ байдлаа өөрөө хянах боломжгүй, зан үйлээр илэрдэг учраас олон улсын өвчний ангилалд "эмгэг" гэж үздэг.

Бусад сэтгэцийн эмгэгтэй харьцуулахад хэт хөдөлгөөнт, анхаарал дутмагшил бага насанд буюу ихэвчлэн 5-6 насанд оношлогддог.

5,6 наснаас өмнө ADHD-тэй байж магадгүй гэж мэдэх боломжтой юу? 

Хүүхэд хэдэн насанд ямар чадваруудад суралцдаг талаарх нас насны хөгжил бий. Гэтэл тухайн насны хөгжлөөсөө арай их, илүү хөдөлгөөнтэй байх зэргээр ажиглагдана. ADHD эмгэгтэй байж болзошгүйг сургуульд орсон үеэс нь тодорхой мэдэх боломжтой.

Учир нь сургуулийн орчинд хүүхэд нийгмийн дэг журамд дасан зохицох хэрэгтэй болдог. Харин ADHD-тэй хүүхэд сургуулийн дэг журамд баригдан суралцахад бэрхшээл үүсдэг. Тухайлбал, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, мэдээллийг бүрэн хүлээн авч боловсруулах чадвар нь сул байх, сурлагын хоцрогдолд орох зэрэг. Үүнээс үүдэлтэй тухайн хүүхэд ангийнхантайгаа нийцэхгүй, дасан зохицож чадахгүй байх болон бусад сөрөг үр дагаврууд гарч эхэлснээр мэддэг.

Ямар шалтгаан, хүчин зүйлсийн нөлөөгөөр ийм эмгэг үүсдэг юм бэ? 

Олон улсын судалгаануудаас харахад одоог хүртэл яг ийм шалтгаантай гэж нарийн тодорхойлоогүй байгаа. Гэхдээ дараах хэд хэдэн шалтгаанууд нөлөөлж байна гэж үздэг. Үүнд: 

  • Генетик буюу удамшил – Эцэг эхийн аль нэг нь уг эмгэгтэй тохиолдолд хүүхэд тухайн оношоор оношлогдох магадлал нь 8 дахин илүү байдаг.
  • Биологийн  хүчин зүйл – Жирэмсний үеийн хорт зуршил, архи тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хооллолт, харшилдаг эм тарианы хэрэглээ, төрөх үеийн хүндрэл, хордлого гэх мэт хүчин зүйлс эмгэг үүсэхэд нөлөөлдөг.
  • Сэтгэл зүйн хүчин зүйлс – Гэр бүлийн орчин, харилцаа хандлага, эцэг эх хүүхдийн дундах зөрчил, хүүхэд хүмүүжүүлэх арга барил болоод бие махбод, сэтгэл зүйн хүчирхийлэл нь хүүхдэд уг сэтгэцийн эмгэг үүсгэх нэг шалтгаан болдог.
  • Амин дэмийн дутагдал – Эрдэмтдийн судалгаагаар, амин дэмийн дутагдлаас үүдэлтэйгээр буюу хүүхдийн тархи, биеийн хөгжилд чухал нөлөөтэй омега-3, төмөр, магни гэх мэт витамин, эрдэс шим тэжээлийг хангалттай авч чадаагүйгээс үүдэн уг эмгэг үүсэх нэг хүчил зүйл болдог гэж үзсэн байдаг.

Дээрх хүчин зүйлсүүдийн энэ нь илүү их нөлөөлдөг гэсэн нотолгоо судлагаа байхгүй. Аль аль нь л  нөлөөлж болно гэдгийг энд тодотгъё.

Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнт эмгэгийн тархалт ямар байдаг вэ? Хэр түгээмэл тохиолддог бол? 

Хүйсийн хувьд хөвгүүдэд хоёр дахин их тохиолддог. Уг эмгэгээр оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх хувийг хөвгүүд эзэлж байна. Мөн сургуулийн насны суралцагчдын 4-28 хувь нь ADHD-тэй  гэх олон улсын судалгаа бий.

Практиктаас харахад, одоогоос 7-8 жилийн өмнө ADHD эмгэгийн тархалт, оношлогдох байдал харьцангуй бага байсан бол ковидын дараах жилүүдэд ихсэх хандлага ажиглагдаж байна. Үүнд, дэлгэцийн хэрэглээ, гэр бүлийн харилцаа уур амьсгал нөлөөлж байж болно. 

Амьд харилцаа үүсгэхээс илүүтэйгээр хүүхэд дэлгэц, виртуал орчинд их цагийг өнгөрүүлж байгаатай холбоотойгоор ADHD эмгэгийн шинж тэмдэг түгээмэл илрэх болсон.

Шинж тэмдгийг ялган таних боломжтой юу? Хөдөлгөөн ихтэй, цовоо сэргэлэн хүүхэд бүрийг үймүүлэгч эсвэл ADHD-тэй гэхгүй байх. Ямар шинж тэмдгүүд хэр хугацаанд илэрч байвал ADHD эмгэг гэж үзэх вэ? 

6 настай хүүхдийн анхаарал төвлөрөх дундаж хугацаа 5-10 минут байдаг. Анхаарал дутмагшилтай хүүхэд нэг зүйл дээр удаан төвлөрөх чадвар нь үүнээс бага байдаг. Тиймээс сургуульд орох үед энэ байдал илүү тод илэрнэ. 6 наснаас өмнө хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа 5 минутаас ч богино байдаг учраас төдийлөн анзаарагдахгүй.  Тэгэхээр дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

  • Сургуульд суралцаж эхлэх үед 30, 40 минутын хичээлийн үйл явцад ADHD-тэй хүүхдийн анхаарал төвлөрөхгүй байх, нэг зүйл хийж байгаад дуусгалгүй дараагийн зүйл рүү шилжих.
  • Дараагийн нэг шинж нь хэт хөдөлгөөнтэй байдал ажиглагдана. Тогтворгүй, маш хөдөлгөөнтэй, юм руу авирч үсрэх зэргээр байнгын ямар нэг хөдөлгөөн хийдэг.
  • Сэтгэл зүйн хувьд тогтворгүй. ADHD эмгэгтэй хүүхэд дийлэнхдээ хөөрлийн байдалтай байдаг. Баярласан, догдолсон, маш их эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, цовоо сэргэлэн байдал түгээмэл. Тэгээд хэсэг хугацааны дараа гэнэт гуних, уурлах, бухимдах шинж илэрдэг. Өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг ойлгохгүй, удирдаж чадахгүй байгаатай холбоотойгоор цухалдах, уурлах байдал үүсэж эхэлдэг.

Эдгээр шинж тэмдгүүд тасралтгүй илрэх үү. Намжмал үе болон сэдрэлийн  байдаг уу? 

ADHD эмгэгтэй хүүхэд дийлэнх цаг хугацаанд тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй байдаг. Зарим тохиолдолд улирлын чанартай, хэт стресстэй үед улам ихэсдэг. Жишээлбэл, шинэ сургуульд орох, шилжилт хөдөлгөөн хийх үед стресст өртдөг.

Хүүхэд стресст өртөх, шинэ орчин нөхцөлд дасан зохицох хэвийн хугацаа нь нэг долоо хоногоос дөрвөн долоо хоног үргэлжилдэг бол ADHD эмгэгтэй хүүхдэд дасан зохицоход илүү их хугацаа шаардагддаг. Дасан зохицоход бэрхшээлтэй, уур уцаартай, түрэмгийн зан байдал илэрнэ.

Сэдрээх хүчин зүйлсэд өөр юу юу нөлөөлдөг вэ? 

Гэнэтийн стрессүүд, уй гашуу, сэтгэл зүйн гэмтэл, осол аваар, хүүхдэд тохироогүй сургалтын арга барил зэрэг нь ADHD эмгэгийн шинж тэмдгийг улам даамжруулдаг. 

Зарим сургалт, дугуйлан хүүхдийг өөртөө итгэлтэй болгох гэж байна гээд загнаж, зандрах, тулгах байдлаар заах гээд байдаг талтай. Эргээд энэ төрлийн эмгэгтэй хүүхдэд хурцадмал байдлыг бий болгож сэдрээх хүчин зүйл болдог. Тиймээс хүмүүжил, заах арга барилдаа анхаарах нь чухал юм.

ADHD-тэй гэж оношлогдсон ч засал эмчилгээ хийлгэхгүй бол цаашид ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарах уу? 

ADHD эмгэгтэй хүүхэд зан төлвийн хувьд бусад хүүхдүүдтэй дасан зохицож харилцаа үүсгэх тал дээр хүндрэл үүсдэг. Сэтгэл зүйн байдлаа ойлгохгүй, хянаж чадаггүй учраас бусдын сэтгэл хөдлөлийн байдлыг ч мөн анзаарч зохистой хариу үйлдэл үзүүлэх нь сул. Тиймээс бусадтай нийцэж, найзалж нөхөрлөж чаддаггүй. Бусадтай харилцах бүрд маргаан, гомдол тасрахгүй. Энэ байдлыг нь хүмүүс харилцааны асуудалтай хүүхэд л гэж ойлгох талтай байдаг.

Цаашлаад сурах үйл явцын хүндрэл бэрхшээл, сурлагын хоцрогдол, сэтгэл зүйн асуудлууд үүсэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, өөртөө итгэлгүй болох зэргээр олон хүндрэл гарна. Нийгмийн харилцаанд орж бусадтай харилцаж чадахгүй байдал нь эргээд өөрийгөө үнэлэх үнэлэмжид ийн сөргөөр нөлөөлдөг.

Өсвөр насанд хүрэхдээ хорт зуршил, мансууруулах бодис хэрэглэх байдалд татагдах эрсдэл үүсдэг. Насанд хүрэх үед харилцааны асуудлууд, танин мэдэхүйн процесс, суралцах үйл явц доголдож байгаагийн хэрээр амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө.

ADHD эмгэгтэй гэх оношийг хэн хэрхэн гаргадаг вэ? 

Хэрэв таны хүүхдэд ADHD эмгэгийн дээр дурдсан шинж тэмдгүүд тодорхой хэмжээнд үргэлжилж байгаа бол зайлшгүй мэргэжилтэнд хандаж оношлуулах хэрэгтэй. Эхний ээлжид сургуулийн сэтгэл зүйч, харьяа дүүргийн сэтгэцийн эмчид хандана.

Сэтгэл зүйн тест авах, хөгжлийн үнэлгээнүүдийг хийх, тухайн насан дахь чадвар дадлууд нь байгаа эсэхийг үнэлэх, эцэг эхийн асуумж авч сэтгэцийн эмч онош тавьдаг. Оношлогдсон тохиолдолд цаашдаа тогтмол сэтгэцийн эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Эмийн эмчилгээ, танин мэдэхүй зан үйлийн сэтгэл засал, арт терапи, элсэн болон тоглоомын засал эмчилгээг хослуулан хийдэг. 

Засал эмчилгээний үр дүнд хүүхэд өөрийн сэтгэл зүйн байдлаа анзаарч, удирдаж сурдаг. Нийгэмд дасан зохицох чадваруудыг сайжруулах, дэмжлэг олгох, сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байхад нь засал эмчилгээ тусалдаг.  

Эмчийн хяналтад явахаас гадна сургуулийн орчин, гэр бүлийн зүгээс анхаарах зүйлс нь юу вэ? 

Цаг алдахгүй оношлуулснаар хүүхдийн хөгжилд шаардлагатай мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлж, хүүхэд цаашид хэвийн ажиллах амьдрах боломж нөхцөлөөр хангагдана.

Багш нар энэ эмгэгийн талаар ойлголтгүй байж болно. Тэгвэл бид ийм онош тавьсан, ийм онцлогтой хүүхэдтэй хэрхэн ажиллах зөвлөгөө, зөвлөмж өгч хамтран ажилдаг. Хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, багш хамтран ажиллаж байж л үр дүнд хүрдэг гэдгийг ойлгох нь чухал.

Боловсролын яамнаас багш нарыг чадавхжуулах, сэтгэл зүйн мэдлэг боловсрол олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа тул сүүлийн үед нэлээн мэдээлэлтэй болсон. Үүнээс гадна ЕБС-д орон тооны сэтгэл зүйч ажиллаж байгаа учраас багш нарт энэ талын мэдлэг, мэдээлэл, зөвлөмж өгөх чиглэлээр хамтран ажиллаж, багш нар анги танхимд байгаа хүүхдүүдээ эрт анзаарч эцэг эхэд нь хүргэх, хамтдаа шийдэлд хүрэх, тусламж авах боломжтой болж байгаа.

Эрт илрүүлснээр ямар ач холбогдолтой вэ? Хэвийн сурч, ажиллаж амьдрах боломжтой юу?

Бүрэн эдгэрэхгүй ч гэсэн хэдий эрт илрүүлнэ  тэр хэмжээгээр өөрийгөө хянаад зохицуулаад явах чадвар нь сайжирна.

Энэ чадварыг аль болох эрт эзэмшсэнээр амьдралын чанарт нь сайнаар нөлөөлнө. Тиймээс хүүхдийнхээ онцлог, шинж тэмдгүүдийг анзаарч эрт оношлуулах хэрэгтэй.

ADHD эмгэгтэй хүүхэдтэй яаж хандаж харилцвал өөрийгөө ойлгож, хөгжихөд нь дэмжлэг болох вэ? 

Юуны өмнө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд ялгаварлан гадуурхалд өртөх байдал их. Тиймээс үе тэнгийнхэн нь хүлээн зөвшөөрч багтаа оруулаад тохирохуйц дэжлэг үзүүлбэл хамтдаа суралцаад хөгжих бүрэн боломжтой. Жишээлбэл, өөрт нь тохирсон анхаарал сарнихгүй байх орчныг анги танхимдаа бүрдүүлэх. Хамгийн урд суулгах байдлаар орчны тохиргоо хийж ажиллах хэрэгтэй.

Хэт хөдөлгөөнтэй байдал нь өөрт нь төдийгүй эргэн тойрны хүүхдүүдийнхээ анхаарал төвлөрөхөд нөлөөлөх гээд байвал үүнийг нь яаж зохицуулж болох талаар хамтдаа ярилцаж шийдэх нь зөв. Мөн хэт удаан хугацаанд нэг дор сууж, их даалгавар өгөлгүй 10 минут хичээл хийгээд 20 минут завсарлах байдлаар онцлогт нь тохируулсан арга барилыг олох хэрэгтэй. 

Танай ангид ADHD-тэй хүүхэд байгаа бол тухайн эмгэгийн талаар эхлээд зөв мэдээлэл авч, арга барилаа багахан өөрчлөхөд түүнд том дэмжлэг болно.

Гэр бүлийн орчинд тайван тогтвортой, сэтгэл зүйн эерэг таатай уур амьсгалыг бүрдүүлээрэй. Хүчилсэн, зандарсан харилцаа улам л даамжруулдаг. Өдрийн дэглэмийг мөрдөх. Нэг зүйлийг эхлүүлээд дуусгаж чаддаггүй учраас тухайн байдлыг нь тогтвортой бүрэн хийлгэж дуусгахын тулд өдрийн дэглэм эерэгээр нөлөөлнө. Сэтгэл хөдлөлөө тэмдэглэх боломжоор хангах, ямар нэг зүйлийг хэт нуршуу урт биш богино оновчтой үгээр тайлбарлаж өгөх нь үр дүнтэй.

Сэтгэлийн хөөрөл, эрч хүч ихтэй байх нь бас давуу тал болох ч боломжтой юм шиг. Ямар байдлаар хөгжүүлбэл давуу тал болгож болох вэ?

Яг үнэн. Энэ төрлийн хүүхдүүд маш их энергитэй байдаг. Тиймээс энергийг нь зөв зохистой гадагшлуулж сургахад нь дэмжлэг үзүүлж ямар нэг спортоор хичээллүүлэх хэрэгтэй.

Таеквондо зэрэг техниктэй спорт өөрийн гэсэн дүрэм журамтай учраас ADHD-тэй хүүхдийг энергиэ зөв зохистой гаргаж сурахад нь сайнаар нөлөөлдөг. Тиймээс хүүхдийнхээ сонирхолд тулгуурлан спорт, дугуйланд хамруулснаар сэтгэл зүйгээ хянаж сурахад нь тусалж чадна.

Урлагийн болон элсэн засал зэрэг эмчилгээнүүдийн онцлог, үр дүнгийн талаар та хэлж өгөөч? 

Урлагийн сэтгэл засал нь урлагийн олон төрлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан сэтгэл зүйн тусламж үзүүлдэг хэлбэр бөгөөд тайвшрах, өөрийгөө мэдрэх, анзаарах, үүн дээрээ тулгуурлаад ярилцаж өөрийгөө илэрхийлж сурахад тусалдаг. Тиймээс гэрийн нөхцөлд баримлын шавар, зургийн хэрэглэгдэхүүн ашиглаад хамтдаа зураг зурж болно. Заавал гоё эсвэл ямар нэг утга учиртай зурах албагүй. Зүгээр л өөрийнхөө зурмаар байгаа зүйлийг зурах түүгээр дамжуулан ярилцах нь чухал юм.  

Танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл заслын арга нь хамгийн түгээмэл, өндөр үр дүнтэй аргуудын нэг.

Бүрэн эдгэрдэггүй учир хүлээн зөвшөөрөх, дасан зохицох, өөрт нь тохирсон арга барилаа олох нь чухал гэдгийг таны ярианаас мэдэж авлаа. Тэгэхээр насан туршдаа хэрэгжүүлэх амьдралын хэв маяг нь юу байх вэ? 

Чухал гэсэн гурван зүйлийг дурдъя.

  • Өдрийн дэглэмийг тогтмол мөрдөх,
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн байнга хийж энергиэ зөв зарцуулж сурах,
  • Шим тэжээлээр баялаг эрүүл хоол хүнсээр хангах.

Байнгын эмчийн хяналтад явах ёстой хэдий ч тухайн хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаалан давтамж хугацаа нь харилцан адилгүй. ADHD эмгэгийн үед эмийн эмчилгээ заавал хийгддэг тул эмийн гаж нөлөө, тун хэмжээг хүүхдийн онцлогт тохируулан эмчийн тогтмол хяналтад уулган, эмчлэх шаардлагатай байдаг.

Төгсгөлд нь хэлэхэд уг эмгэгээр оношлогдсон насанд хүрэгчид маань тогтмол сэтгэл засалд явж сэтгэл зүйгээ тогтвортой тэнцвэртэй тайван байлгаж чадваас хүүхэд ч мөн тайван тогтвортой байхад нөлөөлөх юм шүү.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө