2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ЭМЧИЙН ӨРӨӨ

Цусны хавдар: Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголдоо эхлүүлэхээр бэлтгэл ажил явагдаж байна

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 16

Цусны хавдар, эрсдэлт хүчин зүйлс, шинж тэмдэг, оношилгоо эмчилгээний талаар УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга АУ-ны доктор, Дотрын тэргүүлэх эмч С.Мядагсүрэн дараах зөвлөгөөг өглөө. 

Цус ба цусны эс

Цус бусад эрхтнийг бодвол өвөрмөц. Бусад эрхтэн шиг нэг газраа байшрдаггүй, байнгын хөдөлгөөнд оршдог. Гаднаас нь харахад шингэн улаан зүйл харагддаг боловч цус нь дотроо сийвэн, дүрст элемент гэсэн үндсэн хоёр хэсгээс тогтддог. Сийвэн 50 гаруй хувийг, дүрс элемент 45 хувийг эзэлдэг. Дүрст элемент нь дотроо мөн олон төрлийн эсүүдтэй. Үүнээс үндсэн гурван эсийг нь ялгах юм бол улаан эс, цагаан эс, ялтас эс. Тухайн эс бүр нь өөрийн гэсэн үүрэгтэй. Тухайлбал, Ялтас эс цус гоожуулахгүй байх, улаан эс цус багадуулахгүй байх, цагаан эс дотроо арваад төрлийн цагаан эстэй бөгөөд хүний дархлаа тогтолцооны урвалд оролцдог.

Цусны эс 5-6 үе шатыг дамжиж байж бие гүйцсэн эс болдог. Хамгийн анхны үүсэл нь хэмт ясанд буюу гавал, хавирга, өвчүү, сүүжний дэлбээ яс, далны ясанд бүх эсийг үүсгэдэг үүдэл эс байдаг. 

Цусны хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

Цусыг үүсгэж буй эсийн гажигшил явагдаж байна гэсэн үг. Үүнд хүргэдэг хэд хэдэн шалтгаан бий. Өвдсөн хүнд та яг ийм шалтгаанаар өвдсөн гэж шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ судлаачид судалж үзээд хэд хэдэн нөлөөлдөг хүчин зүйл байна гэж үзсэн. Үүнд:

  • Физикийн хүчин зүйл: Цацраг туяа
  • Химийн бодисууд: Бүхий л химийн бодис. Ахуйдаа хэрэглэдэг болон эмийн бодисууд. Тэр дундаа хавдрыг эмчилдэг эмийн бодисууд ордог. Ходоодны, элэгний хавдар ч юм уу ямар нэгэн өөр төрлийн хавдраар өвдөж байгаад химийн эмчилгээ хийлгэсний улмаас дараагийн эсийн гажигшил үүсэх эх суурь болдог.
  • Биологийн хүчин зүйл: Нян, вирус, мөөгөнцрийн бүх төрлийн халдварууд. Илүү хоруу чанартай нь виситамегала вирусын халдвар. Энэ вирусын халдварын дараа үүсэх магадлал өндөр байдаг.
  • Удамшил: Генийн гажиг, удамшлын өвчин.
  • Яс үндэс, нас хүйс гэх мэт бусад нөлөөлөх хүчин зүйл хэд хэд байдаг. Эдгээрээс болж эс хэвийн биш эс болж хувирдаг. 

Эрүүл эс 2, 4... гээд аажим хуваагддаг байхад аль ч хавдрын үед эсийн онцлог нь маш богино хугацаанд геометрийн прогрессоор ямар ч зохицуулагагүйгээр өсөж үрждэг нь гол хүндрэл.

Цусны хавдрын ангилал

Цусны хавдрыг цочмог, архаг гэж үндсэн хоёр хэлбэрт ангилна. Цочмог хавдрыг дотор нь эсийн хэлбэрээс шалтгаалаад мөн олон ангилдаг. Эсийн хэлбэрээсээ, боловсрох үе шатаасаа хамаарна. Хэдий чинээ эрт үе шатыг хамарсан байна төдий чинээ хавдар илүү хоруу чанартай, цочмог, хурц, шинж тэмдэг тод, давшингуй явагддаг. 

Цусны хавдрын олон ангилал байдаг. АНУ, ДЭМБ, Франц, Британийн ангилал гэж байна. Монголд ФАБ буюу Франц, Америк, Британийн ангиллыг илүүтэй ашиглаж байгаа.

Хүний биеийн онцлог аль хэлбэрийн хавдраар өвдөх эсэхэд маш их нөлөөлдөг. Тухайн хүний удамшлын, генийн мэдээлэл гэж бий. Аль нэгэн өвчнөөр өвдөх магадлалтай хүмүүс байна. Тийм хүмүүсд дээр хэлсэн хүчин зүйлс нөлөөлөх юм бол хавдрыг илүү богино хугацаанд үүсгэх магадлал нэмэгддэг.  Гэхдээ хүн бүхэнд эдгээр хүчин зүйл үүсгэх үү гэвэл үгүй. Зарим вирусын халдвараар дэлхийн хүн амын 95 хувь нь өвдсөн байдаг. Ихэнхдээ бага насандаа өвдөөд эдгэрчихсэн. Тиймээс вирусын халдвар авсан  хүн бүхнийх хавдарт шилжих шалтгаан болж байна уу гэвэл үгүй. Хувь хүний онцлог, амьдралын хэв маяг гээд олон зүйл зэрэгцэн нөлөөлнө.

Цусны хавдрын үед илрэх шинж тэмдэг

Цусны хавдрын онцгойлсон шинж тэмдэг ер нь бага. Ихэвчлэн дараах шинж илэрдэг. Үүнд:

  • Хавдар-хордлогын хам шинж – Маш их хавдрын эс үүсэж байгаа. Тэр хэмжээгээр задарч байгаа. Тиймээс хордлогод их орж ядарч, сульддаг. Бүх хавдартай хүний хамгийн тод шинж нь энэ. Энэ хам шинжийн үед шалтгаангүй турдаг.
  • Диспепсийн хам шинж – Хоолонд дургүй болох, огих, бөөлжих
  • Халдварт өртөмтгийн хам шинж – Цусны цагаан эс гол дархлааг хариуцдаг. Гэтэл энэ эс хавдрын эс болоод хувирсан үед дархлаагаа дэмжихгүй, маш амархан халдварт өртөмтгий болдог.  Вирус, нян, мөөгөнцрийн гээд бүх халдвараар маш амархан өвддөг. Эрүүл хүн харьцангуй дархлаа сайн учраас зарим халдварыг дархлаагаараа тусахгүй даваад өнгөрдөг.
  • В хам шинж – Цусны архаг хавдруудын үед илэрч болно. Шалтгаангүй турах, шөнө оройн цагаар маш их хөлрөх, халдвар аваагүй байж халуурах гэсэн үндсэн гурван шинж илэрдэг.
  • Цус багадах - Улаан эс буураад ирэхээр цус багадалтын шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Үүний улмаас толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, нүд бүрэлзэх, нойрмоглох, хөдөлмөрийн чадвар буурах, зүрх дэлсэх, амьсгаадах, арьс салст цайрах шинж тэмдэг илэрнэ.
  • Цусархаг хам шинж – Цусархаг тууралтууд эсвэл жижиг цэгчилсэн улаан цусархаг тууралт гарч болно. Ямар ч өвчин эмзэглэлгүй, загатнахгүй. Эсвэл цохиод хөхөрсөн юм шиг тууралт үүсээд эдгэхдээ өнгө нь хувирч байгаад ямар ч үлдэцгүй арилчихдаг. /доор зургаар/
  • Аль ч газраас цус алдаж болно – Хамраас, умай үтрээгээр, хоол боловсруулах замаар гэх мэт хаанаас ч хамаагүй цус алдах шинж илэрнэ.
  • Цус хурах шинж – Нүдэнд цус хурах, тархинд харвалт үүсэх гэх мэт. Мэдрэлийн өвчний үеийн тархины харвалтад нэг судас харвалаа гэхэд хэсэг хугацаанд цус алдаж байгаад зогсдог. Гэтэл хавдрын үед аль нь ч гэхгүй бүх судсаас цус алдах боломжтой. Ялтас эсийн тоо хэвийн хэмжээнд очихоос нааш тогтдоггүй.
  • Элэг, дэлүү томрох
  • Тунгалгийн булчирхай томрох
  • Лейкемийн нэвчдэс – Хавдрын эс цусан дотор эргэлдэж, бүх биеэр эргэлдэж байдаг учраас аль нэг эрхтэнд очоод хавдрын эс хуримтлагдаж болно. Үүнээс шалтгаалж тэр эрхтэн системийн талаас өөрчлөлт илэрдэг.

Эдгээр шинж тэмдгүүдээс аль нэг нь илрэх юм бол эмчид хандаж шинжилгээ өгөх шаардлагатай. Мэдээж өөр ийм шинжүүд илрэх өвчин олон. Толгой эргэх, зүрхээр өвддөг өөр эмгэг байж болно. Эдгээрийг ялгуулахын тулд л эмчид хандах хэрэгтэй юм.

Иргэдийн буруу хандлага  

Тааж эмчилгээ хийх боломжгүй. Хөхрөлтийн цаана цусны өвчин эсвэл өөр өвчин ч байж болно. Тиймээс бусад өвчнүүдээс ялгуулж оношоо тодруулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр системтэй эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Таамгаар нэг хүнд таарсан эмчилгээ өөрт чинь таарна гэж бодоод эмчилгээ хийлгэж болохгүй.

Оношилгоо

Дээрх шинж тэмдэг илэрсэн бол нарийвчилсан лабораторийн шинжилгээ хийж тодруулдаг. Үүнд:

  • Захын судасны дэлгэрэнгүй шинжилгээ - Эсийн хэлбэр хэмжээг харна.
  • Захын цусны түрхэц
  • Ясны хэмийн эсийн болон эдийн шинжилгээ
  • Иммунофенотип
  • Цитогенетик, молекул генетик
  • Эс, эдийн шинжилгээ гэх мэт нарийн шинжилгээ хийж байж оношоо тавьдаг.

Цусны хавдрын тохиолдол, тархалт

Сүүлийн таван жилийн судалгаагаар цусны хавдар элбэгшиж байна. Таван жилийн өмнө цусны хурц хавдартай хүн жилд 30 гаруй оношлогддог байсан. Одоо 60 орчим хүн цусны хурц хавдраар шинээр оношлогдож байна. Цусны архаг хавдар жилдээ 100 гаруй шинэ тохиолдол оношлогдож байна. Жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэлээ гэхдээ насны хувьд залуужаад байна гэж ойлгож болохгүй. Аль ч насны хүнд тохиолддог. 

Цусны хавдрын үе шат хүндрэл нь ямар байдаг вэ? 

Цусны цочмог хавдарт онолын хувьд эхэн үе, ид үе, төгсгөлийн үе гэж бичигдсэн байдаг боловч дийлэнх тохиолдолд эхэн үед нь барьж авч чаддаггүй. Учир нь эхэн үед шинж тэмдэг бага явагддаг. Жаахан ядарч сульдаж, хэвлийгээр цанхайхаар ажлын ачлаалалтай холбож бодоод төдийлөн анзаарахгүй өнгөрүүлчихдөг талтай. 

Ихэнх хүн цусны цочмог хавдрын ид үедээ оношлогддог. Цочмог хавдар нь маш богино хугацаанд буюу хэдхэн сарын дотор үүсээд, шинж тэмдэг маш тод илэрдэг. 

Цусны архаг хавдрын тухайд харин үе шат яригддаг. 1-4 үе шатанд хуваадаг. Дийлэнх нь 3,4-р үе шатандаа оношлогддог. Үе шатаас хамаарч эмчилгээ төдийлөн өөрчлөгдөхгүй. Зарим хэлбэрийн үед 1,2-р шатанд туяа эмчилгээ, мэс засал хийдэг бол 3,4-р шатанд хими эмчилгээ хийдэг. Дийлэнх тохиолдолд хими эмчилгээ хийдэг.

Урьдчилан сэргийлэлт

Шууд ингэж сэргийлнэ гэж хэлэхэд хэцүү. Ходоодны хавдар, элэгний хавдраас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж болно. Цусны хавдрын үед яг тийм тодорхой урьдчилан сэргийлэлт оноод хэлэх боломжгүй. Мэдээж амьдралын эрүүл хэв маяг өвчлөхгүй байхад маш их дөхөм болно.

Хамгийн гол анхаарах зүйл нь жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт л орж хэвших. Цусны хавдрын тухайд эрт илрүүлэх аргыг л аль болох эрэлхийлэх нь чухал байдаг. Ядаж эрт барьж авах боломжтой. 

Эмчилгээ

Эмчлэгдэхгүй гэсэн үг биш. Цусны салбар нь олон улсад залуу салбар. Эмчилгээнүүд нь ид судлагдаад явж буй. Цусны хавдрын үндсэн тогтолцоо, системийн онцлог нь өөрөө бүх биеэр эргэлдэж байдаг учраас бусад эрхтний хавдар шиг мэс залсаар авах, тайраад бүрэн эмчлэх боломжгүй. Ялангуяа хурц хавдрын үед хэцүү. Хамгийн их сонгогддог эмчилгээ нь хими эмчилгээ. Үүгээр өвчнийг намжмал байдалд оруулж, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийхийг зорьж байгаа. 

Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь хоёр янз. Эхнийх нь өөрөөс нь өөрт нь үүдэл эс авч суулгадаг. Ихэвчлэн архаг хавдартай өвчтөнд хийдэг. Хурц хавдартай хүнд сайжралыг батжуулах зорилгоор хийдэг. Өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг монголд 2014 оноос хойш хийж эхэлсэн. Өнөөдөр 27 дахь өвчтөнийхөө үүдэл эсийг шүүгээд байж байна.

Дараагийнх нь донороос үүдэл эс өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ. Энэ эмчилгээг монгол улсдаа эхлүүлэх гээд бэлтгэл ажил явагдаж байгаа. Цус маш өвөрмөц эрхтэн гэж хэлсэн. Хүрэлцэхгүй эрхтэн гэж байхгүй. Тиймээс донорын тохиргоо гэдэг маш чухал. Донор маш сайн тохирсон байж үүдэл шилжүүлэн суулгавал дараагийн хүндрэл гарах магадлал буурдаг. Хүндрэл гарахгүй гэж хэлэхгүй. Хэчнээн 100 хувийн тохироотой донор байсан ч дараа нь эзэн биеийн эсрэг урвал явагдах магадлал өндөр байдаг. ОУ-ын судалгаагаар өвчтөнүүдийн 50-иад хувьд ийм урвал явагддаг.

Үүдэл эсийг хаанаас авдаг вэ?

Үүдэл эсийн үндсэн гурван эх үүсвэр бий. Захын цуснаас, ясны хэмээс, хүйн цуснаас авдаг. Одоо бид өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлж байгаа тохиолдолд өвчтөний захын цуснаас үүдэл эс аван шилжүүлж байгаа.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө