2025/06/10. Мягмар гараг Дугаар: #3400

НОГООН ХУУДАС

50 орчим тн шатахуун, аюултай хог хаягдал Хөвсгөл нуурт тархаж бохирдохоос сэргийлж чадлаа

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 05

Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон  экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж байв.

Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах санаачлага гарган, ажлыг нь эхлүүлж байсан юм.

1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг 2021 онд татан гаргасан нь энэ ажиллагааны эхлэл байлаа. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд гүйцэтгэх технологийн карт боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарсан нь  Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ажиллагаа өндөрлөж, татан гаргасан машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.

Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын томилгоот бүрэлдэхүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн ажлын хэсэг Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11  автомашин, техникийг татан гаргалаа. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нуурт тархаж бохирдохоос сэргийлж чаджээ.

Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч  бохирдуулах байжээ. Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо.

Орон нутагт хүлээлгэн өгч тээврийн хэрэгсэл, техникүүд энэ ажиллагаанд оролцсон хүмүүсийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг илэрхийлэхийн зэрэгцээ Хөвсгөл нуураа хайрлаж, хамгаалахын утга учрыг иргэдэд сануулж байх ёстойг тэмдэглэлээ.

Цаашид байгаль эх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагад даалгалаа. 

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг нуур юм. Мөн манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг бөгөөд ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Явган алхалтын зам, маршрутыг тодорхойлох, зам чиглэл гаргахад хамтран ажиллана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын явган алхалтын холбоо Монгол улсад явган алхалтаар дамжуулан иргэдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох, байгаль хамгааллын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 05

Санал болгох

Судалгаа: 10 хүмүүжигч хүүхэд тутмын 8 нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй байв

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн суурь судалгаагаар гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй зарим хүчин зүйлс нь сургуулийн завсардал байсан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн 36.7% нь сургууль завсардсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

Ирэх оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгасан

Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   20 цагийн өмнө