2024/05/08. Лхагва гараг Дугаар: #3002

ЭМЧИЙН ӨРӨӨ

АУ-ны доктор Н.Нансалмаа: Төрсний дараах эхний хоёр сард бэлгийн дур хүсэл буурах нь хэвийн

— Ч. Баяржаргал   2022 оны 01 сарын 07

Жирэмслэх, төрөх үйл явц нь эмэгтэй хүний бие махбод, сэтгэлзүй, амьдралд гарч буй томоохон өөрчлөлтүүдийн нэг. Гэвч эдгээр өөрчлөлт тодорхой хугацаанд үргэлжлээд эргээд хэвийн байдалдаа ордог. Хүүхэд төрүүлэх, асрах, өөртөө анхаарах, гэр бүлийн харилцаагаа авч явах нь эмэгтэйчүүдээс нэлээдгүй хүч хөдөлмөр шаарддаг. Ялангуяа төрсний дараа бэлгийн харилцаагаа яаж халуун дулаанаар үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал тулгардаг. Төрөөд удаагүй байгаа ээжүүд, эмэгтэйчүүдэд тулгардаг энэ асуудлын талаар илүү нээлттэй мэдээлэл хүргэхээр бид  “Төрсний дараах бэлгийн амьдрал” сэдвээр  “Адам” андрологи, урологийн эмнэлгийн их эмч, АУ-ны доктор Н.Нансалмаатай ярилцлаа.

Төрсний дараа бие махбодод ямар өөрчлөлтүүд гардаг вэ. Энэ нь бэлгийн дур хүсэл, харилцаанд яаж нөлөөлдөг вэ?  

Дөнгөж төрсний дараа, тэр дундаа анх удаа ээж болж байгаа эмэгтэйчүүдэд бие махбод төдийгүй сэтгэл зүйн хувьд маш их өөрчлөлт гарч, нэгэн шинэ амьдрал эхэлдэг. Ээж болох, дөнгөж төрсөн хүүхдээ хараад үүсч буй эх үрийн холбоо нь сэтгэлзүйн хувьд нандин холбоо юм. Төрсний дараах сэтгэлзүйн өөрчлөлт нь ихэнх эмэгтэйд хүндээр тусдаг. Түүнчлэн бие махбодод дааврын өөрчлөлтүүд явагддаг. Эхний 7 хоногт хөхний сүү ялгарч эхэлдэг бөгөөд пролактин даавар нь хөхний сүү ялгарлыг зохицуулж байдаг. Энэ дааврын хэмжээ өндөр байх нь эстероген буюу өндгөвчнөөс ялгардаг бэлгийн дур сонирхлыг хэвийн байлгах үүрэгтэй дааврыг дарангуйлдаг. Үүнтэй холбоотойгоор төрсний дараа бэлгийн сонирхол буурдаг.

Жирэмслэлтийн үед бүхэл бүтэн шинэ цусны эргэлт үүсч, хүүхдийг тэжээх шинэ тогтолцоо үүсч бий болдог. Төрөх процесс нь өөрөө амаргүй. Сүүлийн жилүүдэд манай улсад төрж буй эмэгтэйчүүдийн 30-40 хувь нь  Кесар мэс заслаар төрж байна. Хагалгааны дараах шарх эдгэрэхэд дорж 2-4  долоо хоног болно. Шархгүй, өөрөөрөө төрсөн үед ч  үтрээ, умай, бэлгийн уруул, төрөх замд гарсан өөрчлөлтүүд эргэж хэвэндээ ортол мөн адил 3-4 долоо хоног шаардлагатай. Мөн  хүүхдээ  шөнө хөхүүлэх, бүтэн нойртой хонодоггүй, амраагүй байх зэрэг нь шинэ төрсөн эхийн бие махбодыг ядраадаг. Тиймээс дөнгөж төрсний дараах энэхүү сэтгэлзүй, даавар, бие махбодын өөрчлөлт нь бэлгийн харилцаанд бэлэн биш байгаагийн шалтгаан юм.

Эдгээр өөрчлөлт явагдаад хэвийн байдалдаа орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ. Үзлэгт орох шаардлагатай юу? Ямар тохиолдол асуудал даамжирч байна гэж үзэх вэ?

Төрсний дараах үеийн өрхийн эмчийн хяналт бий. Хэрэв хэвийн биш төрсөн бол байсан бол эмчдээ хянуулах хугацаа гэж байгаа. Төрөлт нь физиологийн хэвийн процесс юм.  Нөхөн үржихүйн эд эрхтнүүд  буцаж  хэвэндээ ортол  тухайн хүний биеийн онцлогоос  хамааран 6-8 долоо хоног болдог гэж үздэг. 

Анагаах ухааны талаас, дөнгөж төрсний  дараах 5-6 долоо хоногт дотно харьцаанд ороход халдвар авах эрсдэл өндөртэй, бэлгийн дур сонирхол эрс буурдаг.  Эрэгтэй хүн ч мөн адил нялх үрээ хараад бэлгийн сонирхол нь буурдаг. Мөн эрэгтэй хүн дөнгөж аав болсон байх үед окситоцин дааврын ялгаруулалт ихсэж тестостероны хэмжээ буурдаг. Нэг ёсондоо төрсний дараах сар гаруйн хугацаанд хэн хэн нь бие, сэтгэлзүйн хувьд бэлэн биш байдаг гэсэн үг. Гэхдээ мэдээж энэ түр хугацаанд үргэлжилнэ.

Зарим эмэгтэйчүүд төрсний дараа хагас жилээс дээш хугацаанд дотно харилцаанд ороогүй байх нь элбэг.  Бэлгийн дур сонирхол төрөхгүй удаан үргэлжлээд байгаа нь юутай холбоотой вэ? 

  • Хөхний сүүний даавар өндөр буюу сүү сайтай байх,
  • Хоёрдугаарт, биеийн юм ирээгүй байхад эмэгтэй хүнд бэлгийн сонирхол нь хожуу сэргэж болно.

Нөгөө талаас бие махбодын өөрчлөлт хэвийн болсон боловч эстероген бага учраас үтрээний чийгшил бага байдаг нь бэлгийн харьцаанд ороход эмэгтэйн таашаал авах байдалд нь нөлөөлдөг. Ийм үед чийгшүүлэгч гель хэрэглэж болно. Мэдээж дөнгөж төрсний дараах 5-6 долоо хоногт бэлгийн харьцаанд орохгүй тэвчих нь зөв. Тэр хугацаанд эрэгтэй нь гар хангалга хийж болно. 

Эхнэрээ  маш сайн ойлгож, сайн амрааж, хүүхдээ өсгөж бойжуулахад тусалж дэмжиж чадвал тэр хэрээр дотно харилцаагаа хурдан сэргээж чадна. 

Бүл нэмж байгаа учраас хэн хэнийгээ ойлгож туслах нь маш чухал. Ялангуяа нөхрүүд гэр орны ахуйн ажил, хүүхдээ асрах, эхнэрийнхээ нойргүйдлийн асуудалд анхаарч, шөнө хүүхдээ хөхүүлэхэд нь туслах зэргээр харилцаандаа анхаарахыг зөвлөе.

Эрэгтэй эмэгтэй хүний бие физиологийн онцлогоос шалтгаалан бэлгийн дур хүсэл төрөх хугацаа өөр байдаг. Нөхөр магадгүй гар хангалга хийж болох ч эхнэр энэ байдлыг нь ойлгохгүй, гомдох, эвгүй санагдах байдал үүсдэг талаар эмэгтэйчүүд ярьдаг. Энэ байдлыг хэрхэн ойлголцох вэ? 

Эрэгтэй эмэгтэй хүний сексийн дур хүсэл харилцан адилгүй гэдэг нь харьцангуй ойлголт. Дөнгөж төрсөн эмэгтэйтэй харьцуулахад эрэгтэйчүүдэд бэлгийн дур хүслийн хандлага мэдээж өөр байна. Энэ асуудалд бие биенээ маш сайн ойлголцох  нь чухал. Гар хангалга хийхэд гомдох зүйл огт үгүй. Харин ч эсэргээрээ гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орох, халдвар авах зэргээр эрсдэл үүсгэхгүй байгааг нь ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн ч бас гар хангалга хийж болно шүү дээ. Энэ бол буруу юм уу,  гаж  муухай зүйл биш. Тэр ч бүү хэл эмэгтэйчүүдийн 20-30 хувь нь бэлгийн харьцаанд орохын өмнө, заримдаа харилцааны дундуур гар хангалга хийх нь хэвийн л зүйл байдаг. 

Нөгөөтэйгүүр эрэгтэй хүн бэлгийн харьцаанд орохгүй удах нь бие махбодод өөрчлөлт өгөөд мууддаг зүйл байхгүй. Нэг бол нойрон дундаа үрийн шингэн нь гадагшилдаг. Гадагшлахгүй байлаа гэхэд буцаад шимэгддэг болохоос биш заавал гаргах ёстой, удаан бэлгийн харьцаанд ороогүйгээс өвчин үүсэх гэх зүйл байхгүй гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

Анхлан болон олон төрсөн эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн амьдрал, бие махбодод нь ямар өөрчлөл гардаг бол? 

Төрсөн эмэгтэйчүүдийн сэтгэл гутралд ордог нэг шалтгаан нь бие махбодын өөрчлөлт байдаг. Эмэгтэй хүн маш гайхамшигтай гэдэгтэй маргашгүй. Биеэсээ бие хувааж, хүүхэд бий болгоод, түүнийг тэжээх цусны эргэлттэй бүхэл бүтэн систем үүсч байна. Мөн хөхний хэмжээ томорч, бие махбодод өөхний хэмжээ ихсэх зэрэг өөрчлөлт гардаг ч энэ бүхэн эргээд хэвэндээ ордог. Хөхүүл юм чинь их идэх ёстой гэдэг ойлголтоос үүдэн буруу хооллолт нэмэгдсэнээр таргалалт нь үлдчихдэг. Жингийн илүүдлээс болоод төрөлтийн дараах сэтгэл гутрал элбэг үүсэх хандлагатай. Тиймээс зөв хооллолт маш чухал. 

Жирэмслэлт гэдэг нь их идэх гэдэг утгаасаа илүүтэй тэжээллэг, уураг, аминдэм, витаминлаг, нүүрс ус нь тохирсон хэмжээнд хооллодог байхыг хэлнэ. 

Мөн нойроо маш сайн авах ёстой. Хүүхдээ уйлах болгонд хөхийг нь өгөөд амлуулаад байх нь яг л тийм хэмнэлд оруулчих талтай. Тиймээс эхнээс нь хүүхдээ шөнө дор хаяж 5-6 цаг унтуулаад сургачихвал аяндаа түүнд нь дасдаг. Ээжид ч бас шөнө нойроо авах сайн талтай.

Бэлгийн харилцаа гэр бүлд ер нь хэр чухал юм бэ. Яагаад анхаарах ёстой вэ. Хүүхэд мэдээж чухал. Гэвч энэ нь дотно харилцаагаа хойш нь тавих хэрэгтэй гэсэн үг мөн үү? 

Гэр бүлийн уур амьсгал, тогтвортой байдалд хосуудын бэлгийн харилцаа маш чухал нөлөөтэй. Гэвч эмэгтэй хүний хувьд төрөлтийн үеийн өөрчлөлтийг даван туулахад тодорхой хугацаа шаардлагатай байдаг учир эрчүүд аль болох хүлээцтэй байж, сайн ойлгож туслах хэрэгтэй. Төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүдийн хувьд дахиад жирэмсэн болчих вий дээ гэх айдас байдаг учраас бэлгийн харьцаанд орохоос татгалздаг. Биеийн юм нь ирээгүй байгаа ч жирэмсэн болох тохиолдол бий. Гэхдээ хөхний сүү хангалттай сайн  байгаа бол биеийн юм иртэл жирэмслэхгүй байх магадлал өндөр гэж үздэг. Тиймээс хөхүүл байх үеийн жирэмснээс хамгаалах аргуудаас хэрэглэж болно. Магадгүй үтрээгээр бэлгийн харьцаанд орж болохгүй байгаа бол бие биенээ энхрийлэх бусад аргуудыг хэрэгжүүлж болно. 

Эмэгтэйгээ ойлгох ёстой гэдэгтэй адил эрэгтэйгээ ч мөн ойлгох хэрэгтэй. Эрэгтэй нь 1,2 сар тэвчиж болох ч бэлгийн дур хүсэл нь хэвээр байгаа, хайр энхрийлэл хүссээр байдаг. Тиймээс бие биенээ илж таалах зэрэг бусад аргууд нь  харилцаагаа дотно байлгаж, стрессийг багасгаж өгдөг.  Ер нь бэлгийн харилцааны талаар хосууд хэр нээлттэй байгаагаас хамаарч цаашид харилцаагаа хэрхэн авч явах нь шалтгаална. Хүүхэд чухал боловч хосууд дотно харилцаагаа хаяж орхиж болохгүй, бие биенийхээ сэтгэл санааг дэмжиж ойлгох нь чухал. 

Хүүхэд тээж төрүүлэх, асрах, хажуугаар нь өөртөө анхаарах, дотно харилцаагаа мөн зохицуулах гээд эмэгтэй хүнд энэ бүхэн дарамт болох тал бас байдаг байх. Яаж аль болох хөнгөхнөөр хүлээж авч даван туулах вэ? 

Гэр бүлийн харилцаа гэдэг харилцан бие биенээ хүндэтгэж байж оршдог. Түүнээс биш хэн нэг нь давамгай байх гэсэн үг биш л дээ. Эмэгтэй хүнийг дээдлэх, хүүхдээ хайрлах нь нэн тэргүүний чухал асуудал мөн. Гэхдээ бэлгийн харилцаанаас үүсдэг аз жаргалын даавар, таашаал мэдрэмж, нөхрийн аз жаргалтай байдал нь эргээд эхнэр хүүхдээ хайрлахад сайнаар нөлөөлдөг. Тиймээс бэлгийн амьдралаа тодорхой хэмжээнд орхигдуулахгүй л байхыг хичээх хэрэгтэй.

Төрсний дараа хосууд бэлгийн харилцаандаа ямар арга хэрэгслийг хэрэглэвэл хэн хэн нь сэтгэл ханамжтай байхад туслах вэ? 

Бэлгийн харилцаанд туслах зүйлс буюу секс тоглоом зэрэг нь маш чухал тусламж болдог. Бэлгийн дуршил буурчихсан байх үед хүрэлцэх байдлаар бэлгийн мэдрэмжийг сэргээдэг. Жишээлбэл, тос гель, хэлүү өдөөгч, массажны төхөөрөмж болон эрэгтэй хүнд туслах хэрэгслүүд нь чухал үүрэгтэй. Ийм туслах зүйлсийг хэрэглэж дадах нь гэр бүлийн харилцаагаа сонирхолтой, дотно байдлаа хадгалах, гэр бүлээс гадуурх харилцаанаас сэргийлэх, илүү нээлттэй болж нэг нэгнээ ойлгох зэргээр өөр шатанд хүргэх ач холбогдолтой. Сеск тоглоом зөвхөн ганц бие хүнд зориулсан зүйл биш. Харин анхаарах зүйл нь хүнд дамжуулж хэрэглэхгүй, хэрэглэснийхээ дараа сайтар угааж цэвэрлэх, сайн материалаар хийгдсэн эсэхийг шалгаж авч, зөв зохистой хадгалах хэрэгтэй.

 Удаан хугацаанд бэлгийн дур хүсэл нь сэргэхгүй байвал юутай холбоотой вэ? Хаана хандах вэ?

Зарим тохиолдолд бамбай булчирхайн эсвэл бусад дааврын өөрчлөлт байж болно. Төрсний дараах жингийн илүүдэлтэй холбоотойгоор бамбайн дааврын дутагдал үүсэх тохиолдол байдаг бөгөөд үүнээс болж бэлгийн дур сонирхол өөрчлөгдөж болдог.

Бас сэтгэлзүйн асуудал, сэтгэл гутралтай холбоотой. “Эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл буурах” гэж бие даасан бүлэг асуудал байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх шаардлагатай.  Төрсний дараа бие махбод эргээд хэвэндээ орохгүй, бэлгийн дур хүсэл төрөхгүй удвал заавал нарийн шинжилгээ хийлгэх ёстой.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

О.Хэрлэн: Эндометриозтой хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байна

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааны 20 хувийг дангаар эзэлж буй “Эндометриоз” өвчний талаар “Юнимед Интернэйшнл” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв, мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засал, эмэгтэйчүүдийн эмч О.Хэрлэнтэй... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 06

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 29

Санал болгох

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Ухаалаг самбар, хяналтын камертай автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө