Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улс БНСУ-тай хамтран ажиллана.
Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээний төсөл”-ийг эхлүүлээд байна. KOICA буюу БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжих уг төслөөр Монголын эрүүл мэндийн даатгалын санхүүгийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулна.

Төслийн нээлтийн үйл ажиллагаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт болж, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ, KOICA болон БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын дарга Рю Сук Ён нар төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, талуудын үүрэг оролцоог тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурав.
Төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын шимтгэл, орлого бүрдүүлэлт, санхүүжилт, төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгохоос гадна эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж, үйлчилгээ худалдан авах, тэдгээртэй гэрээ байгуулах тогтолцоог сайжруулахад анхаарна.

Мөн БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны туршлагад тулгуурлан Монгол Улсын онцлог, хэрэгцээнд нийцсэн санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг хөгжүүлэх, мэргэшсэн хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, даатгалын сангийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний худалдан авалтыг илүү оновчтой болгох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77