Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (UNFCCC COP31) болж байна.
Тус бага хурлын хүрээнд зохион байгуулсан Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) дарга Б.Батцэцэг оролцож, үг хэллээ.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй харилцан уялдаатай сорилтууд болохыг онцолж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс орнуудын хүчин чармайлтыг нэгтгэх, Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Мөн UNCCD COP17-ын даргын хувьд бага хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Энэ хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд танилцуулсан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежмент”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ыг дэмжиж, хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.

Үүний дараа COP31-ийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар Улаанбаатар хотноо зохион байгуулсан UNCCD COP17-ын үр дүн, бага хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, Монгол Улс даргалагч орны хувьд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцоллоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс UNCCD COP17-ын даргын хувьд 2028 он хүртэлх бүрэн эрхийн хугацаандаа цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бага хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг ахиулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77