2022/07/06. Лхагва гараг Дугаар: #2330

ЭМЧИЙН ӨРӨӨ

Н.Тайван: Нойр булчирхайн архаг үрэвсэл нь явсаар хорт хавдар үүсгэдэг

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 22

Нойр булчирхайн өвчлөл, нойр булчирхайн хавдрын эмчилгээний талаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Н.Тайвантай ярилцлаа. 

Нойр булчирхайн ямар өөрчлөлт, өвчлөл нь нойр булчирхайн хавдарт хүргэдэг вэ? 

Нойр булчирхай нь олон төрлийн шүүрэл ялгаруулдаг, олон булчирхайлаг эсээс тогтдог. Гадаад болон дотоод шүүрлийн үйл ажиллагаатай. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь өсөлтийн гормон, сахрын зохицуулга гэх мэт үйл ажиллагаанд оролцдог бол гадаад шүүрэл нь хоол боловсруулалтад оролцдог.

Гадаад шүүрлийн шүүрлийг нарийн гэдэс рүү, дотоод шүүрлийн шүүрлийг цусанд гаргадаг. Энэ бүх эсүүдээс үүссэн хортой болон хоргүй хавдар бий. Нойр булчирхайн ихэнх хавдрууд хортой хавдарт шилждэг. Гадаад шүүрлийн эсүүд хэтэрхий их ажилласнаас болж туйлдаа хүрч гэмтэх буюу үрэвсдэг. Нойр булчирхайн архаг үрэвсэл нь явсаар хорт хавдар үүсгэдэг.

Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсгэх шалтгаан нь тэгвэл юу вэ? Цөсний чулуу нойр булчирхайн өвчлөлтэй хэр хамааралтай вэ? 

Нойр булчирхайн нарийн гэдэс рүү нээгддэг суваг нь элэгнээс гарч буй цөсний сувагтай хамт нээгддэг. Ингэхдээ суваг нь гурван янзаар нээгдэх бөгөөд үүнээс хамаарч цөсний чулуун нь нойр булчирхайг үрэвсүүлж байна уу гэдэг асуудал яригдана.

Цөсний хүүдийндээ чулуутай болгон нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болоход нөлөөлөхгүй.

Ямар тохиолдолд цөсний чулуунаас шалтгаалж нойр булчирхай гэмтдэг вэ?

Цөс, нойр булчирхайн суваг нэг газар нээгддэг. Энэ нийлсэн салаан дээр нь чулуу тээгэлчих юм бол нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэнэ. Нойр булчирхай цочирно гэдэг нь хоол хайлуулах үйл ажиллагаатай эрхтэн өөрөө өөрийгөө хайлуулж байна гэсэн үг. Үүнийг нойр булчирхайн цочмог үхжилт үрэвсэл гэх бөгөөд цөсний чулуунаас шалтгаалсан нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслийн үед тавилан хүнд.

Хоргүй хавдар нь хортой хавдарт шилжих шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс нь юу вэ?

Нойр булчирхайн хорт хавдрын гол шалтгаан нь тамхи, архи, амьдралын буруу хэв маяг. 

Үүнээс гадна хувь хүний биеийн онцлог, удамшил мөн нөлөөлнө. Сүүлийн үеийн судалгаагаар хар тамхины бэлдмэлүүд нь нойр булчирхайн хавдар болох том шалтгаан болж байна. Энэ талын судалгаа одоо ч хийгдсээр байгаа.

Нойр булчирхайн хавдрын шинж тэмдэг 

Хэвлийн аюулхай орчим өвдөх, шарлах ногоорох, турах, ядрах нь нойр булчирхайн хавдрын үндсэн шинж тэмдэг. Харин хэвлийгээр ороож бүсэлж өвдөх нь нойр булчирхайн цочмог үрэвсэл эсвэл архаг үрэвсэл сэдэрч буйн шинж.

Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, өвддөг гээд л яваад байдаг. Гэтэл хавдар болох эрсдэлтэй гэж байна. Цаг хугацааны хувьд хэзээ аюултай нөхцөл үүсэх вэ?

Хэдийд ч хавдар болох эрсдэлтэй. Тэдэн жилийн дараа эсвэл тэдэн сарын дараа гэж хэлэх боломжгүй. Өвчтөн хэдэн настай гэхээсээ илүү суурь өөрчлөлт хэзээ үүссэн бэ гэдэг нь чухал. Манайд гэхэд 25 настай охин, 75 настай хүн нойр булчирхайн хавдрын хагалгаанд орж байна. Нас хүйснээс төдийлөн хамаарахгүй гэдгийг эндээс харж болохоор.

Ер нь нойр булчирхайн хавдар ямар үе шатандаа оношлогдож байна вэ? Хавдрын оношилгоог хэрхэн хийж байна? 

Нойр булчирхайн хавдар илрүүлэх үндсэн оношилгоо нь компьютер. ЭХО-ны үзлэгээр нойр булчирхайг үзэж оношлох нь тийм ч оновчтой, үр дүнтэй биш. ЭХО-ны хүчин чадал, эмчийн ур чадвар зэргээс хамаардаг.

Дээр хэлсэн нойр булчирхайн хавдрын шинж тэмдэг хүндээр илэрч яаралтайгаар эмнэлэгт ирсэн бол ялган оношилгоог MRCP хийж тодруулдаг. Үүний дараа дахиад шалтгааныг нь нарийн тодруулахын тулд хэвлийн хөндийн тодосгогчтой компьютер болон хэвлийн хөндийн тодосгогчтой MRI хийнэ. Ингээд шалтгаан тодорхой болох үед хагалгаа хийнэ.

Хэрэв оношилгоогоор цөсний чулуу байвал эхлээд цөсний сувгаа сэтгүүрдэж доторх саадыг авч биеийн байдал тогтвортой байвал хэд хоногийн дараа цөсний хүүдийг нь дурангаар авна. Энэ нь цөсний сувгийн чулууны стандарт эмчилгээ. Хавдрын тухайд шарлалтыг буулгаж, сувгаа сэтгүүрдэж хуримтлагдсан цөсийг гаргана. Энэ бол зөвхөн тухайн өвчтөнд үзүүлж буй түргэн тусламжийн арга хэмжээ. Манайд нойр булчирхайн хавдрын ялган оношилгоо, бүх эмчилгээ үйлчилгээ хийгдэж байгаа.

Нойр булчирхайн хавдрын үндсэн эмчилгээ нь юу вэ?

Яаралтай арга хэмжээ авсны дараа эдийн шинжилгээ авна. Ходоодыг дотор талаас нь нэвт хатгаж эдийн шинжилгээ авдаг. Нойр булчирхай нь олон эрхтний цаана байрладаг учраас тэр бүх эрхтнийг нэвт хатгах тусам эрхтэн гэмтэх аюултай. Тиймээс зөвхөн ходоодны ар ханыг хатгаж шинжилгээ авдаг.

Эдийн шинжилгээгээр хортой хавдар гэж оношлогдвол хими эмчилгээ хийж хавдрын хэмжээг багасах арга хэмжээ авна. Хими эмчилгээгээр хавдар нэмж томроогүй, дахиж үсэрхийлээгүй байх ёстой. Үүний дараа хагалгаа хийх боломжтой гэж үзвэл хагалгаа хийнэ. Энэ бол нойр булчирхайн хавдрын эмчилгээний үндсэн зарчим. Ямар эмийг ямар журмаар хэдэн курс явах уу, хагалгаан дээр ямар багаж, техник хэрэглэх үү гэдгээр л ялгаатай болохоос үндсэн энэ чиг, заавар өөрчлөгддөггүй. Харин шинээр эмийн эмчилгээний сонголт өргөн болсон, сайн эмнүүд гарсан зэрэг эмчилгээний үр дүнд эерэг нөлөө үзүүлэх боломж нь нэмэгдсэн.

Нойр булчирхайн хавдрын эмчилгээний үр дүн юунаас шалтгаалах вэ?

Хавдрын байрлал, үе шатаас хамаарна. Хамгийн гол нь тухайн хүний биеийн байдал чухал. Ихэнхдээ хавдрын гүн хордлоготой, биеийн байдал хүнд үедээ оногшлогддог болохоор том хагалгааны асуудал ярихад хүндрэлтэй. Нөгөөтэйгүүр, хагалгаа өөрөө хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа нойр булчирхайн толгой хэсгийн хавдар. Нойр булчирхайн толгой хэсгийн хавдрын хагалгааны үед нарийн гэдсийг нойр булчирхайн толгой хэсэгтэй, цөсний ерөнхий сувагтай нь тайрдаг. Тайрагдсан бүх эрхтэнд шүүрэл явах замыг нь нээж нарийн гэдсийг залгадаг. Нойр булчирхайг өөр эрхтэнтэй залгаж байна гэдэг нь өөрөө эрсдэл байсаар байна гэсэн үг. Аль нэг залгаас тавигдах юм бол түүгээр явах шингэн хэвлий рүү шууд асгарна.

Нойр булчирхайг анатомоор нь толгой, хүзүү, их бие, сүүл гэсэн дөрвөн хэсэгт хуваадаг. Нойр булчирхайн их бие, сүүл хэсгийн хавдруудын үед нойр булчирхайн хавдар бүдүүн гэдэс рүү нэвчиж ургах магадлал өндөр байдаг. Харин толгой хэсэг болон хүзүү хэсгийн хавдруудын үед нарийн гэдэс, чацархайн артер болон венийн судас руу нэвчиж ургах магадлал өндөр. Чацархайн артер, венийн судас нь нарийн, бүдүүн гэдсийг цусаар хангадаг гол судсууд учраас амь насанд шууд заналхийлдэг.

Танай эмнэлэгт нойр булчирхайн хавдрын хагалгаа хийгдэж байгаа гэсэн? 

Он гарснаас хойш элэг цөс нойр булчирхайн хортой хавдрын 60 гаруй хагалгаа хийсэн байна. Үүнээс нойр булчирхайн 10 орчим хагалгаа. Тэдгээрийн 7 хагалгаа нь нойр булчирхайн толгой хэсгийг тайрах хагалгаа байсан. Өнгөрсөн жил манай эмнэлэг анх удаа толгой хэсгийг тайрах Випплийн хагалгааг дурангаар хийсэн. Өвчтөний бүх эмчилгээ нь дуусаж, бүрэн эдгэрсэн таатай мэдээтэй.

Манай зөвлөх эмчээр гавьяат эмч Ц.Нармандах, тасгийн эрхлэгчээр Н.Алтанчимэг, элэг цөс нойр булчирхайн хагалгааны багт Б.Ган-Эрдэнэ болон миний бие ажиллаж байна.

Хагалгааны үе шат, ачааллаас хамаарч хавдрын хагалгаанд 2-3 долоо хоногийн хугацаанд орох боломжтой байгаа.

Мөн манай тасагт бамбай булчирхай, хөх, уушги, улаан хоолой, ходоод бүдүүн гэдэс, элэг цөс нойр булчирхайн замын хортой болон хоргүй хавдрын хагалганууд хийж байна.

Дурангаар хийх, нээлттэй хагалгаа хийхийн ялгаа нь юу вэ? Ямар тохиолдолд дурангаар хийдэг вэ? 

Хавдрын байрлал, үе шат, хувь хүний онцлогоос хамаарна. Мөн эмчийн ур чадвар чухал. Дурангийн хагалгааг хийхийн тулд хэд хэдэн газар жижигхэн цоолж зүслэг хийдэг. Тухайн хүнийг эрүүл болгохдоо амьдралын чанарыг аль болох хэвийн байлгахад анхаардаг.  Энэ талаас нь авч үзвэл дурангийн хагалгаа хүндээ хүндрэл багатай. Гэлээ гэхдээ өөрсдийн ур чадвараас хэтэрсэн хагалгаа хийх нь эрсдэлтэй. Тиймээс хагалгааны дараах хүндрэл гаргахгүй байх нь чухал байдаг. Шаардлагатай тохиолдолд дурангийн хагалгаанаас нээлттэй хагалгаа руу шилжих нь бий.

Нойр булчирхайн хавдрын эмчилгээнд гарсан дэвшил нь юу байна. Олон улсад ямар эмчилгээ хийж байгаа бол?

Манай эмнэлэг дурангийн хагалгааг нэвтрүүлснээр энэ төрлийн хагалгаа хийдэг эмнэлгүүдээс нэг шат ахисан гэж хэлж болно. Удахгүй робот хагалгааг нэвтрүүлэх гэж байна. Гадаадын орнуудад роботоор хагалгаа хийх нь түгээмэл байдаг. Гол давуу тал нь бусад эмч нарыг орлуулах чадвартай. Зөвхөн оператор өөрөө хагалгаа хийдэг. Мэдээж эмчийн ур чадвараас хамаарч хагалгааны цаг янз бүр байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Цусны хавдар: Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголдоо эхлүүлэхээр бэлтгэл ажил явагдаж байна

Цусны хавдар, эрсдэлт хүчин зүйлс, шинж тэмдэг, оношилгоо эмчилгээний талаар УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга АУ-ны доктор, Дотрын тэргүүлэх эмч С.Мядагсүрэн дараах зөвлөгөөг өглөө. Цус ба цусны эсЦус бусад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 16

Нярайн шарлалт: Амьдралын хоёр дахь хоногоос шарлалт илрээд 7-14 хоногийн хугацаанд дуусч байвал хэвийн

Нярайн шарлалт гэж юу болох, физиологийн нярайн шарлалт хэрхэн явагддаг,  анхаарах зүйлсийн талаар ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг дараах зөвлөгөөг өглөө. Хүүхэд төрснөөс хойш 28 хүртэлх хоногийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 15

Санал болгох

Наадмаар зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   9 цагийн өмнө

Нимбэгтэй ус уухын ЗУРГААН АЧ ТУС

Нимбэгтэй ус уухын ач тусыг хоол зүйч болон мэргэжлийн эмч нар өндрөөр үнэлэх болжээ. Энэ ид шидтэй ундааг долоо хоног дараалж ууснаар таны эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё.Нэг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   10 цагийн өмнө