2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ЭМЧИЙН ӨРӨӨ

АУ-ны доктор Н.Нансалмаа: Шодойн хөвчрөлийн хямрал нэг сараас дээш хугацаанд үргэлжилж байвал зүрх судасны асуудалдаа анхаар

— Ч.Баяржаргал   2022 оны 03 сарын 03

Хангалттай хэмжээнд хөвчрөхгүй байх, бэлгийн амьдралдаа сэтгэл дундуур байх нь таны амьдралд болон бие махбодид ямар сөрөг нөлөөтэй вэ. Эрчүүдийнхээ эрүүл мэндийн боловсролд зориулж "Бэлгийн сулрал буюу хөвчрөлтийн асуудал" сэдвээр "Адам" андролог, урологийн эмнэлгийн эмч, АУ-ны доктор Н.Нансалмаатай ярилцлаа.   

Бэлгийн сулралыг ярихаас өмнө эхлээд хэвийн бэлгийн амьдралын талаар та хэлж өгөөч?  

Бэлгийн амьдрал гэдэг биологийн амьд эд эс болох амьтан, хүний бие махбодын нөхөн үржихүйн арга хэлбэр юм. Бэлгийн бойжил гүйцэж бэлгийн идэвхтэй амьдарлын насанд явагддаг хүний амьдралын салшгүй процесс.

Эрчүүдийн бэлгийн сулрал гэх ойлголтод: 

  • Насанд хүрсэн эрэгтэй хүний хувьд тогтмол бэлгийн харьцаанд орох нь хэвийн байхад ингэж чадахгүй, таагүй байдал нь сар болон түүнээс дээш хугацаанд үргэлжлэх. 
  • Шодой хөвчирсөн байдлаа хангалттай удаан хугацаанд хадгалж чадахгүй байх
  • Үрийн шингэн хэт хурдан гадагшлах эсвэл үрийн шингэн гадагшлахгүй удах, бүр огт гарах байх гэх мэт олон төрлийн эмгэгүүдийг нийтэд нь хамруулж ярьдаг.

Эдгээрийг бүр нарийн задлаад ярих юм бол шодой үтрээнд ороод байх хугацаа дунджаар 1-2 минут хүрж байна уу гэдэг асуудал яригдана.

Эрэгтэй хүний хурьцлын хугацаа дунджаар 2-3 минут байвал хэвийн гэж үздэг. 

Насанд хүрсэн хүний бэлгийн амьдралын давтамж 20-45 орчим насанд идэвхтэй байгаад түүнээс цааш аажимдаа буурдаг. Гэхдээ жилд маш бага хувиар буурдаг бөгөөд бусад нөлөөлөх хүчин зүйлсийн улмаас бэлгийн амьдралын өөрчлөлт эрт гарахыг эмгэг гэж үздэг. 

Бэлгийн сулрал буюу хөвчрөлтийн асуудал нь эрэгтэй хүн бүрийн амьдралд тохиолдож болох асуудал. 

Ялангуяа залуу хүмүүст бие махбодын биш сэтгэлзүйн шалтгаантай, түр зуурын хямралын асуудал түгээмэл тохиолддог. Харин 40-өөс дээш насанд эрүүл мэндийн асуудлаас хамаарсан хөвчрөлтийн асуудал гардаг.

Залуусын хувьд таагүй бэлгийн амьдралын туршлага тохиолдоход дараагийн бэлгийн харьцаанд орохдоо бүтэлгүйтлээ бодож, эмзэглэж, тархиндаа голомт болгоод байх тусам дараагийн удаа дахин бүтэлгүйтэх үндэс болох талтай. Тиймээс түр зуурын асуудал хэнд ч тохиолдож болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэлзүйд нөлөөлөх хүчин зүйлс гэдэгт хосуудын хоорондын харилцаа, гэр бүлийн орчин нөхцөл, ажлын стресс, уй гашуу тохиолдох, эдийн засгийн хямрал нь бэлгийн амьдралд нөлөөлдөг. Эдгээр сэтгэлзүйн шалтгаант хямралтай холбоотой хөвчрөлтийн асуудал нэг сараас дээш хугацаанд тогтмол үргэлжилж байвал заавал эмчид хандах ёстой. 

Нэр томьёоны хувьд "бэлгийн сулрал", "хөвчрөлтийн хямрал" гэх мэт яригдаад байгаа. Аль нь зөв бэ?

2010 оноос хойш "бэлгийн сулрал" гэдэг нэр томьёоноос татгалзах талаар Олон улсын секс судлалын экспертүүдийн нийгэмлэгээс гаргасан шийдвэр байдаг. Бэлгийн сулрал гэдгийг "шодойн хөвчрөлтийн хямрал", "шодойн хөвчрөх үйл ажиллагааны алдагдал" гэх зэргээр нэрлэх нь оновчтой гэж үзэж байгаа. 

Хөвчрөлтийн асуудал зөвхөн тэр нэг хэсгийн асуудал биш юм байх. Юунаас болж өөрчлөлт ордог вэ?

Хүмүүсийн дунд түгээмэл нэг буруу ойлголт нь эрэгтэй хүний шодой булчинлаг гэж боддог. Шодойнд хялгасан судастай гурван цилиндр, хөндийлөг биеүд байдаг. Өөрөөр хэлбэл, судасны эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал бол шодойн хөвчрөлт юм.

2010 оноос хойш дэлхий даяар ярьж буй гол асуудал нь эрэгтэй хүний зүрх судасны эрүүл мэндийн асуудал шодойн хөвчрөлттэй шууд холбоотой гэж тайлбарлаж байна. Хэрэв даралт ихсдэг, цусан дахь өөх тосны хэмжээ өндөр, чихрийн шижин өвчинтэй олон жил болсон, тамхи татдаг, зарим төрлийн судас хатууруулах үйлчилгээтэй, эсвэл судасны цус дүүргэх, тэлэгдэх процесст нөлөөлдөг эмүүдийг удаан хугацаагаар хэргэлдэг бол хөвчрөлд сөрөг нөлөөтэй.

Эрүүл судастай байна гэдэг бэлгийн амьдрал сайн байна гэсэн үг.

Гэтэл дэлхий даяар эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчлөл болоод байна. Манай улсад ч мөн зүрх судас, хавдар, гэнэтийн осол гэмтэл нь эрэгчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанууд болж байгаа. Зүрх судасны өвчний зүрхний шигдээсээ л ойлгож болохгүй. Тархины судасны харвалт бол бүр хожуу шатны хүндрэл.

Хэрэв та хөвчрөлтийн асуудалтай болоод нэг сараас дээш  хугацаанд үргэлжилж байвал зүрх судасны асуудлаа нэн түрүүнд анхаараачээ гэсэн дохио юм.

Хүний бие организм бүх эд эрхтнүүдийн хоорондын уялдаа холбоотой явдаг учраас нэг эрхтнийг нь салгаад тусад нь ярьж эмчилнэ гэж байхгүй. 

Мөн насжилтын процесс хөвчрөлтийн асуудалд нөлөөлдөг. Наснаас хамаарсан бэлгийн дааврын өөрчлөлт нь биологийн жам ёсны боловч буруу амьдралын хэвшилтэй, илүүдэл жинтэй, зөв хооллодоггүй, хэтэрхий их махан хоол, нүүрс ус ихтэй, давс амтлагч ихтэй хоол иддэг бол судасны эмгэгүүдийг үүсгэх хүчин зүйл болно. Судасны эмгэг асуудал нь эргээд бэлгийн амьдрал, хөвчрөлттэй холбогдоно. Эцсийн үр дүндээ наснаасаа эрт хөгшрөх процессийг түргэсгэж байгаа хэрэг.

Хангалттай удаан хугацаанд хөвчрөхгүй байх эмгэг гэж ярьсан. Ер нь шодойн хөвчрөлтийн хангалттай хугацаа гэж юуг хэлдэг вэ? 

Үтрээн дотор байх шодойн хөвчирсөн байдлаа хадгалах хугацаа нь олон улсын нийгэмлэгийн зөвлөмжөөр 3-5 минут бол хэвийн хугацаа, дунджаар 2-3 минутыг хэвийн бэлгийн харьцаанд тооцогддог гэж үздэг. 

Зарим хүмүүс 2,3 минутыг хэт хурдан дур тавьдаг гэж боддог ч энэ нь хэвийн үргэлжлэх хугацаа юм. Гэхдээ бэлгийн амьдрал гэдэг зөвхөн шодой үтрээнд байх хугацаа биш. Сексийн харьцаанд бэлтгэх үе, оршил хэсэг, өрнөл, хурьцлын үе, тайвширлын үе шатууд бий. Энэ бүгд нийлж байж тааламжтай, амжилттай бэлгийн харьцаа болно. Оршилгүй, өрнөл байхгүй, төгсгөл байхгүй секс хийх нь хэн хэндээ сэтгэлзүйн хувьд таагүй байдал үүсгэдэг. Мөн эрэгтэй эмэгтэй хүний сексийн оргил үедээ хүрэх хугацаа нь өөр өөр. Геометрийн дүрсээр үүнийг гаргасан байдаг. Жишээ нь, эрэгтэй хүнийх богино хугацаанд сэрлийн дээд хэмжээндээ хүрээд, үргэлжлэх хугацаа нь 2-5 минут байж байгаад огцом буудаг бол эмэгтэй хүнийх аажим удаан эхлээд сэрлийн дээд цэгтээ байх, үргэлжлэх хугацаа нь эрэгтэй хүнээс удаан байдаг. Энэ сэрлийн мэдрэмжийн өндөр байх цэгийг аль алиндаа тааламжтайгаар давхцуулж чадвал илүү амжилттай сайхан харьцаа болно гэсэн үг. Эрэгтэй нь сэрлийн дээд хугацаа нь богинохон юм чинь гээд шууд дуусгачихвал эмэгтэй нь сэтгэл ханамжгүй үлдэх талтай. Энэ бүхнийг бэлгийн боловсрол талаас нь бага наснаас нь зөв зааж, хэлж, мэдлэг олгох хэрэгтэй. 

Хөвчрөлтийн хямралд хүргээд байгаа гол хүчин зүйлс, шалтгаанууд юу вэ?

  1. Хооллолт
  2. Давсны хэрэглээ
  3. Тамхи татах
  4. Цусан дахь сахарын хэмжээ, өөх тосны хэмжээ өндөр байх
  5. Цөөхөн тохиолдолд дотоод шүүрлийн талаас бамбайн өвчин, өнчин тархины эмгэгийн улмаас үүсдэг.
  6. Эмийн шалтгаантай. Зарим төрлийн харшлын эм, цацлагууд. Зарим төрлийн ходоодны шүүрэл багасгадаг эм, даралт буулгадаг зарим эм, өөх тос бууруулах зарим бүлгийн эмүүд.
  7. Хоол боловсруулах замын эмгэгүүд тэр дундаа элэг, бөөрний эмгэг
  8. Хүнд шатандаа орсон архаг өвчлөлүүд. Элэгний архаг хатуурал, бөөрний архаг дутагдал, зүрхний дутагдал, хавдрын туяа эмчилгээ
  9. Осол гэмтэл зэсэн шалтгааны улмаас хөвчрөлтийн хямрал үүсдэг. 

Түүнчлэн хөвчрөлтийн асуудал аажим эхлэх, огцом гэнэт эхлэх байдлаараа ялгаатай байж болно. .

Хөвчрөлтийн асуудал үүсэж буйг ямар шинж тэмдгүүдээр эрт мэдэх боломжтой вэ? 

Хөвчрөлтийг хэвийн байгаа эсэхийг үздэг олон улсын стандарт 5 асуумж байдаг. Үүнд:

  1. Та бэлгийн амьдралдаа сэтгэл ханамжтай байж чадаж байна уу?
  2. Шодой хөвчрөх процесс таны хүссэн хангалттай хэмжээнд байна уу?
  3. Үрийн шингэн гадагшлахаас өмнө таны шодойн хөвчирсөн байдал алдагдаж байна уу?
  4. Хөвчирсөн байдлаа та өөрөө хадгалж чадах уу? 
  5. Барих чадвар хэр байна вэ? гэсэн асуумжаар 0-5 баллаар дүгнэж тодорхойлох боломжтой. 

Хөвчрөлтийн асуудал тулгарсан үед хүмүүс дур мэдэж янз бүрийн ургамал, амьтны гаралтай эмнүүд хэрэглэдэг. Хүн бүр адилхан организмтай биш шүү дээ. Илэрч буй шинж тэмдэг нь адилхлан байж болох ч хүн бүрийн биеийн хүлээж авах байдал өөр учраас эмчид үзүүлж  байж зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Магадгүй зарим хүнд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. 

Бэлгийн дур хүсэл төрөхгүй байх нь юутай холбоотой вэ? 

Бэлгийн даавар буюу бэлгийн дур хүслийг хэвийн байлгадаг тестостерон даавартай холбоотой. Бэлгийн даавар бол үрийн шингэн биш. Энэ хоёрыг андуурдаг хүмүүс байдаг.

Тестостерон 95 хувь нь төмсөгнөөс, 5 хувь нь бөөрний дээд булчирхайнаас ялгардаг бөгөөд эрэгтэй хүний эршүүд шинжийг нөхцөлдүүлдэг гол даавар. Энэ даавар багасах нь бэлгийн дур хүслийг бууруулдаг. 

Эршүүд шинж гэдэгт булчинлаг байх, дуу хоолой бүдүүн байх зэргийг хэлж байгаа.Тестостерон нь ясны солилцоо, ясны сийрэгжилт үүсэхээс сэргийлдэг, нойрны асуудал, сэтгэл санааны асуудлуудыг зохицуулдаг маш олон төрлийн ач холбогдолтой.

Тестостероны хэмжээ буурах шалтгаан нь юу вэ? 

Хүний бэлгийн амьдрал нойртой салшгүй холбоотой. Олон хоног нойр дутуу, нойргүй явчихлаар бэлгийн амьдрал мууддаг нь хүний гүн нойронд ялгарч байдаг мелатонин бодистой тестостероны ялгаралт шууд хамааралтай байдаг явдал юм. Мелатонын ялгаралт тестостероны хэмжээ багассан хүнд дагаад багасдаг учраас нойргүйдэл үүсдэг. Тестостерон багасахаар эрэгтэй хүн хэвлий хэсгээрээ таргалах, хөхний хэмжээ томрох зэргээр эмэгтэйлэг болж эхэлдэг. Цаашлаад унтаж чадахгүй, ууртай уцаартай, эршүүд шинж багасан яншаа болж эхэлдэг нь ийм учиртай. Эдгээрийг илрүүлдэг асуумжууд, шинжилгээнүүд бий. 

45-аас дээш насанд жилдээ нэг удаа тестостероны хэмжээгээ хэмжүүлж байх ёстой. Ингэж хэмжүүлэхдээ дуртай цагтаа эмнэлэгт очихгүй. Шинжилгээ өгөхийн өмнөх шөнө сайн унтаж амарсан байх шаардлагатай бөгөөд өглөөний 11 цагаас өмнө очиж өгөх хэрэгтэй. Гэх мэт хувийн бэлтгэл байдлаа хангана. 

Бэлгийн харьцаанд орсны дараа заримдаа үрийн шингэний хэмжээ өөрчлөгдөх, бага ялгарах байдал нь юутай холбоотой вэ? 

Үрийн шингэний хэмжээ 2-5 мл байх ёстой. Үрийн шингэн багасах эмгэг байдаг. Багасгах эмийн бодисууд ч байна. Бүр үрийн шингэн огт гарахгүй байх болон буруу чиглэлд гарах эмгэгүүд байдаг.

Түрүү булчирхайны голын хэсэгт олон жижиг сувганцар, үрийн товгор байдаг бөгөөд тэндээс үрийн шингэн цацагддаг. Тэнд үрийн шингэн хэмнэлтэй хөдөлгөөний явцад шахагдаад цацагддаг гэсэн үг. Гэтэл нөхөн үржихүйн үрийн шингэн үүсгэдэг эд эрхтнүүд болох үрийн цэврүү, түрүү булчирхай, төмсөгний үйл ажиллагаанд асуудал үүсэх, БХЗӨ-үүд, зарим эмийн бодисуудын нөлөө, түрүү булчирхайн үрэвсэл, чихрийн шижин өвчин, насны онцлог зэргээс шалтгаалж үрийн шингэний хэмжээ багасдаг. Ялангуяа чихрийн шижин өвчин үрийн шингэний хэмжээг маш их өөрчилдөг.

Зарим эмийн бодис үрийн шингэнийг гадагшаа биш дотогшоо давсаг руу буцааж цацах тохиолдол ч бий. Энэ тохиолдолд бэлгийн харьцааны дараа шээлгээд үрийн шингэн байгаа эсэхийг ялгаж шинжлэх арга байдаг. Мөн үрийн шингэн ялгаралт хэт хурдан эсвэл хэт удаан байх асуудал бас яригддаг.

Бэлгийн харьцаанд ороод 20 минутаас дээш хугацаанд үрийн шингэн гадагшлахгүй бол эмгэг гэж үздэг. 

Үрийн шингэн гадагшлахгүй байх нь ихэнхдээ эмийн болон сэтгэлзүй, түрүү булчирхайн үрэвслийн шалтгаантай байдаг. Тухайн үрэвслийг нь эмчлэхээр буцаад хэвэндээ ордог.

Ойр ойрхон бэлгийн харьцаанд орохоор үрийн шингэний хэмжээ багасгадаг гэж яриад байдаг? 

Үрийн шингэний боловсрох хугацаа гэж байдаг. Энэ хугацаа наснаас болон идэж байгаа хоол хүнсний найрлага, давтамжаас хамаарна. Өөр нэг ойлголт нь үрийн шингэн гарч байгаа боловч түүн доторх үр тогтоох чадвар бүгд адилхан байхгүй. Жишээлбэл, хэт их ойрхон бэлгийн харьцаанд орвол үрийн шингэн доторх эр бэлгийн эсийн тоо буюу үр тогтоох чадварын хэмжээ бэлгийн харьцаанд өнжөөд орж байгаа үеэс арай бага байх жишээтэй. Олон хоног бэлгийн харьцаанд ороогүй үед үрийн шингэний хэмжээ хэвээрээ байх боловч эр бэлгийн эсийн тоо хэт олон байж болно. Эр бэлгийн эс чанартай байна уу, хөдөлгөөн ямар байна гэдгийг үзэхийн тулд эмч нарийн зааж өгдөг.  

Виаграгийн төрлийн эмийг эмийн сангуудаар чөлөөтэй зардаг. Хүмүүс бэлгийн амьдралаа дэмжих зорилгоор энэ төрлийн эмийг дураараа хэрэглэх хандлага бас байна. Энэ эмийн хэрэглээ бэлгийн амьдралд хэр нөлөөтэй вэ?

Хэрэглэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ хэрэглэхэд анхаарах эсрэг заалт гэж бий. Зарим зүрхний эмүүдтэй хамт хэрэглэж болдоггүй.  Харин эмчилгээний зорилгоор эсвэл бэлгийн харьцаанд орохоос өмнө тухайн үедээ хэрэглэж болдог. Виаграгийн бүлгийн маш олон эм байдаг учраас тухайн хүндээ таарах, таарахгүй янз бүр. Хөвчрөлт дэмждэг эдгээр эмүүд нь нөгөө хялгасан судаснуудыг цусаар дүүргэж өгдөг. Үүнээс хамаарч хамар битүүрэх, нүд улайх, толгой өвдөх шинж тэмдэг илрэхээр даралт ихсээд байна гэж буруу ойлгох талтай. Эмч ямар тунгаар зөвлөсөн тэр хэмжээгээр л уух нь зүйтэй. 

Хулхи эмүүд ч маш их орж ирсэн. Дэлхий даяар үйлдвэрээс нь хамгийн дээд тал нь 100 мг тун байна гээд заачихсан байхад л 1000мг гээд биччихсэн зарж байх жишээтэй. Энэ бүлгийн эмүүд дэлхий дээр хамгийн их хуурамчаар зарагддаг учраас эмчийн бичгээр эмийн сангаас өөрт тохирох тунгаар сайн чанартайг нь уух хэрэгтэй.

Гар хангалга байнга хийх, порнограф үзэх нь хөвчрөлт, бэлгийн дур хүсэлд хэрхэн нөлөөлдөг вэ? Байнга гар хангалга хийх нь сайн муу гээд байдаг?

Гар хангалга ихээр хийдэг хүмүүст ердийн буюу жам ёсны бэлгийн харьцаанд орох үед мэдрэг чанар нь өөрчлөгдсөн байдагтай холбоотойгоор зарим хүмүүст хэт хурдан дур тавих асуудал гардаг. Сэрэл өдөөх порно зураг дүрс үзэх нь мэдээж сэрэл үүсгэх процессийг дэмжиж өгч байгаа нэг арга. Гэвч зөвхөн тийм л зүйлээс таашаал авдаг гэх "болзолт рефлекс" тархинд үүсгэх талтай. Тийм биш бол үзэхэд буруу зүйл байхгүй.

Олон жил тамхи татсан ч муудсан юмгүй гэж хүмүүс ярьдаг. Тамхи, махны хэт хэрэглээ, бусад хорт зуршил хөвчрөлтөд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тамхи судас хатууруулдаг. Үүнийг бараг хүн бүр л мэддэг. Хатуурсан судас нь маш энгийнээр хэлэх юм бол цус орж ирэхэд тэлэгдэх чадваргүй хатуу шаланк шиг болчихдог. Цусны саадгүй урсгалын механизм алдагдагдах нь шууд утгаараа шодой хөвчирсөн байдлаа хурдан алддаг гэсэн үг.

Олон жил тамхи татаж байгаа хүний хувьд тамхи татдаггүй байсан бол түүнээс илүү бэлгийн амьдралтай байх байсан. Мөн бэлгийн амьдралынх нь оргил үе нь 5, 10 жилийн өмнө буурна. Тамхи татдаггүй байсан бол 7 хоногт 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог байсан бол тамхи татсанаар энэ давтамж холддог болох жишээний.

Нөгөөтэйгүүр мамхи цусанд байгаа хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж, улаан эсийн тоог нэмэгдүүлдэг учраас бүлэн үүсч судас бөглөрөх, шигдээс, харвалт гэх мэт өвчний шалтгаан болдог.

Ер нь бэлгийн амьдрал яагаад идэвхтэй сайн байлгах ёстой юм бэ гэдгээ мэдэх нь чухал байх?

Бэлгийн амьдралдаа таатай туршлагагүй байх нь гэр бүл зохиосны дараа бэлгийн харьцаанд муугаар нөлөөлнө. Цаашлаад асуудлын шийдлээ олохын тулд буруу арга зам хайх буюу хуурах, архи тамхи хорт зуршилтай болох, уур бухимдалтай болох зэргээр маш олон сөрөг нөлөө үзүүлдэг.

Эрэгтэй хүн бэлгийн амьдралаасаа өөртөө итгэлтэй байх, сэтгэл ханамж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг мэдэрдэг. Бэлгийн амьдрал нь бүтэлгүйтээд ирэхээр ихэнхдээ ууртай, уцаартай болно. Түүнийгээ гаргаж хэлэхгүй дотогшоо улам хуримтлуулсаар эргээд эрүүл мэндэд нь стрессийн шалтгаант өвчлөлүүд үүсэх эрсдэл болдог. Мөн сэтгэлзүйн шалтгаант өвчлөлийн шинж тэмдгүүд бие махбодод даралт ихсэх, ходоод хоол боловсруулах замын өвчлөл үүсгэх зэргээр илэрдэг. 

Хөвчрөлтийн асуудал нь маш олон шалтгаантай аж. Ер нь голлох ямар эмчилгээ хийгдэг вэ? 

Ихэнхдээ хөнгөнөөс нь эмийн эмчилгээ эхэлдэг. Гэхдээ тухайн хүний нас, хавсарсан өвчин шалтгаан зэргээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа, эмчилгээний сонголтууд хүн бүрд харилцан адилгүй. Зарим тохиолдолд хөвчрөлтийг дэмжих эмийг дааврын эмтэй хавсарч хэрэглэдэг. Сүүлийн үеийн шинжлэх ухааны арга гэвэл шодойд нь суулгац хийж байна. Мөн бэлгийн харьцаанд орохын өмнө шодойд тарилга хийх, түрхдэг шахдаг гель хэрэглэх гэх мэт олон арга бий. Ихэнх нь монголд хийгдэх боломжтой  эмчилгээнүүд. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   15 цагийн өмнө

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө