"Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын алба болон ЭМЯ, СЭМҮТ хамтран зохион байгуулж донтолтыг хэрхэн үр дүнтэй эмчлэх талаар санал солилцсон юм.
Энэ үеэр, "Optimal Med" эмнэлгийн ерөнхий эмч, “Мондем” төвийн эмчилгээ эрхэлсэн дарга О.Бямбадорж "Хар тамхи, мансууруулах бодисын донтолттой иргэдэд үзүүлж буй оношилгоо эмчилгээ"-ний үр дүнгийн талаар дараах илтгэлийг тавив.
Хар тамхи нь хүний уураг тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг ургамлын болон химийн гаралтай мансууруулах бодис юм. Мансууруулах төрлийн бодис нь байгальд зэрлэгээр ургадаг бөгөөд түүхий эдийг химийн урвалд оруулж синтетик хэлбэрт оруулж ..... /нэр дурдсанг далдлав/ гэх мэт хар тамхийг гаргаж авдаг.
Донтолтын "Мондем" төв хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч, донтогч хүмүүсд оношилгоо эмчилгээг дараах байдлаар хийж байгаа аж.
Донтолтын асуудал нь далд хэлбэртэй явагддаг учраас хүн бүр өөрийн хүсэлтээр эмнэлгийн тусламж аваад байдаггүй. Гэсэн хэдий ч Мондем донтолтын төвд одоогоор 41 мансууруулах бодисын донтолттой өвчтөн хандаж эмчлүүлж байна.
Мансууруулах бодисын хэрэглээг дараах оношилгооны аргуудаар оношилдог. Үүнд:
Эмчилгээний хамгийн чухал асуудал нь бие болон сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг зэрэг эмчилж байж үр дүнтэй гэсэн судалгааны үр дүн байдаг. Энэ судалгааг үндэслэн тус төв эмчилгээг урт хугацаанд хийжээ.
Мансууруулах бодист донтсон өвчтөнүүд 14-36 насныхан байсан бөгөөд 41 өвчтөнд дараах эмчилгээнүүдийг хамтарсан байдлаар хийжээ. Мондем донтолтын төвд хандсан хамгийн залуу үйлчлүүлэгч нь 13 настай охин байсан байна. Хэрэглээний асуудал нь жил орчим үргэлжилсэн, энгийн бодис биш хүнд хэлбэрийн бодисын хэрэглээтэй байжээ.
Эмнэлэгт дунджаар 2 сарын хугацаанд хэвтэн эмчлүүлж дараа нь нөхөн сэргээх эмчилгээнд ч хамрагдсан байна. Үүнд,
- Хордлого тайлах 10-14 хоног
- Үечилсэн хордлого тайлах эмчилгээ 28 дахь хоногоос эхэлж хийсэн
- Эмийн эмчилгээ
- Ганцаарчилсан сэтгэл засал
- Бүлгийн сэтгэл засал
- Танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл засал буюу CBT
- 12 алхамт эмчилгээ
Энэ дундаас CBT буюу танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл засал хамгийн чухал эмчилгээний төрөл бөгөөд маш амжилттай явуулж байна.
Үргэлжлүүлэн нөхөн сэргээх эмчилгээг (хөгжим, зураг, ном, тоглоом г.м) голон төрлийн эмчилгээг үйлчлүүлэгчдэдээ үзүүлжээ.
Мансууруулах бодисын төрлүүд дундаас морфины хэрэглээ манайд нэлээдгүй өндөр хувийг эзэлдэг бөгөөд маш төвөгтэй байдал руу шилжиж байгааг илтгэлдээ дурдсан. Мондем төвд гэхэд 4 тохиолдол эмчилгээнд хамрагдсан. Эхний гурван донтогчийн эмчилгээний үр дүн сайн. Нийтдээ зургаан сараас дээш хугацаанд эмчилгээнд хамрагдаж буй хоёр донтолттой өвчтөн байна.
Мансууруулах бодисын хэрэглээний төрөл зүйл нь манай улсад жил тутам нэмэгдэж байгаа бөгөөд үүний дотор зомби хар тамхи гэж нэрэглэгддэг бодис байгаа нь анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон. Уг бодис биеийн хэмийг +40 хэм рүү хүргэж, солиорлын байдалд оруулдаг. Мондем төвд ийм төрлийн донтогч хоёр гар нь хөлдсөн байдалтай хандсан байна. Олон төрлийн мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа учраас ямар нэг хяналт, зохицуулалт шаардлагатайг мөн дурдсан.
Мансууруулах бодист донтогчийн эмчилгээний үр дүнг эмнэлэгт хэвтсэн болон эмнэлгээс гараад 6 сар хүртэлх хугацаагаар тооцоолжээ. Учир нь хүний тархины эрүүлжилт, зан төлвийн өөрчлөлтүүд нь энэ хугацаанд үзэгдэж эхэлдэг. Нөхөн сэргээх төв дээрээ хангалттай хэмжээний мэдээлэл авч боловсруулан, эмчилгээндээ хамрагдсан эсэхээс шалтгаалж 6 сарын хугацаанд донтолтоо эхний байдлаар үр дүнтэй эмчилж байгаа гэж үзжээ. Дэлхийн бусад улс оронд мөн ийм хугацаагаар тооцдог байна. Донтолт нь архаг өвчин учраас бүрэн эмчилж эдгэрнэ гэж ярихгүй.
Нийт 41 өвчтөний 29 нь буюу 70.7 хувьд нь эмчилгээний үр дүн гарсан. 29.3 хувь буюу 12 нь дахилт үүссэн.
Дахилт үүссэн хүмүүстэйгээ ч мөн ажиллаж байгаа. Эмчилгээний үр дүн сайн гарна гэсэн итгэлтэйгээр үргэлжилж байна. Хүмүүстэйгээ хяналтын уулзалт, бүлгийн уулзалт хийсээр байгааг илтгэлийн төгсгөлд хэллээ.
Эмчилгээг хэсэг явуулаад үр дүн хангалтгүй гэж хэлэх эрт. Үргэлжлүүлээд эмчилгээгээ хийсээр байх хэрэгтэй. Баталгаажуулах хугацаа нь ойролцоогоор 3 жилийн хугацаанд үргэлжилнэ гэлээ.
Урт хугацааны эмчилгээнд тулгардаг нэг асуудал нь санхүүжилт байдаг. Тус төв өөрсдийн боломжит хүрээнд 6 сарын хугацаанд идэвхтэй хяналт хийдэг. Үүнд тест, бүлгийн уулзалт гэх мэт засал эмчилгээнүүдийг бие даан шийдэж байгаа аж.
Саяхныг хүртэл эмчилгээний асуудал монголд явагддаггүй гэж ярьдаг байсан бол Мондем төв үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 20 сарын хугацаатай 41 хүн дээр үр дүнг харуулжээ. Цаашид донтолтоосоо салах хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хуваалцлаа.
Тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа нэгэн өвчтөний өдрийн тэмдэглэлээс хуваалцсаныг хүргэж байна.
Эмчлүүлэгч иргэн "Э" 2024 оны 12 сарын 13-ны тэмдэглэл
Амьдралын амтыг мэдэрч чадахгүй, шалгууруудаас зугтаж болохгүй. Бусадтай өөрийгөө бүү харьцуул хүн болгон өөрийн цаг үедээ хэцүү бүхнийг туулаад тэмцэж ирсэн. Бид ч чадна шүү дээ. Хичээвэл үр дүнгээ заавал өгнө. Хэний ч мэдэхгүй хүч чадал бидний дотор хүнд байдаг. Хүсэх л юм бол, Хичээх л юм бол бүгдийг чадна. Хэн нэгэн надаас илүү байж болох ч минийх шиг түүх тэдэнд байхгүй учир хэн юу гэх нь надад хамаагүй.
Хаа нэг амьдралд тохиох
Сэтгэл савлуулсан чичиргээг чи мэднэ л биз дээ?
Хамгийн гол нь тэр үед л сөхөрч болохгүй
Ийм хөдөлгөөн чичиргээний араас л
Энгэрт тань харийн өвс соёолж мэднэ шүү.
Мөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэгдлээс: